МҮХАҮТ даварсаар даварсаар да ламын ширээн дээр гарах нь уу

2021 онд орших уу, эс орших уу хэмээн яригдаж байсан МҮХАҮТ өнөөдөр төрийн тогоо руу өнгийж, даварсаар даварсаар да ламын ширээн дээр гэгч болов. Учир юу гэвээс МҮХАҮТ экспортын бүтээгдэхүүн гаргадаг компаниудад гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байсаар хоёр жил орчим чирэгдэл учруулж, бараа бүтээгдэхүүний экспортыг зогсоожээ.

Тодруулбал, самрын бизнес эрхлэгчид экспортын үнэ өртөг шингээж бэлтгэсэн 2000 гаруй тонн бүтээгдэхүүнээ МҮХАҮТ-ын тодорхой тайлбаргүй, гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байгаагаас үүдэн одоог хүртэл гаргаж чадаагүй таг гацаачихсан.
Ковидын үед хил гааль хаалттай тул экспорттой холбоотой асуудал хэсэгтээ нам жим байв. Бас тэр үед (2020 онд) МҮХАҮТ эдийн засгаа хөгжүүлэх нэрээр салбарын кластер байгуулсан. Энэ хүртэлх бүх үйл ажиллагаа ёстой л бизнес эрхлэгчдээ дэмжиж байсан хэмээн аж ахуйн нэгж байгууллага болон бусад хүмүүс ч ам сайтай байдаг. Кластерийн дэргэд сан байгуулж самрын бизнес эрхлэгчдээс бүтээгдэхүүний нэг кг тутамд 3000 төгрөг санд хураалгахыг шаардсан ч бизнес эрхлэгчид эсэргүүцсэн.
Тиймээс тэр үеийн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бичиг илгээснээр 2021 оны 1-р сарын 19-нд аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдээ дэмжиж экспортын бараа бүтээгдэхүүнийг нь гаргах тал дээр сануулга өгч, татан буулгах ч боломжтойг анхааруулсан байдаг. Ингэж асуудал түр намжив. Гэтэл саяхнаас дахиад л гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байгаагаас үүдэн самрын экспортод ахиад л асуудал үүсэв.
Хэдэн мянган тонн бараа экспортолж эх орондоо валют оруулж ирэхийн тулд аж ахуйн нэг байгууллага, бизнес эрхлэгчид дотоодын татвар, татаас хангалттай төлдөг. Зарим нь дийлэхгүй дампуурдаг.
Гаалийн мэдээллээр 2020 онд 20 мянган тонн ястай самар боловсруулж экспортолжээ. Самрын бизнес эрхлэгчид 1 кг ястай самрыг нутгийн иргэдээс 10 мянган төгрөгөөр худалдаж авсан байна. Нийт 200 тэрбум төгрөг гэсэн үг. Нэг кг тутамд тухайн орон нутагт нь ойн нөөц ашигласны төлбөр болгож 800 төгрөг төлдөг нийт 16 тэрбум төгрөг. Самраа цайруулж яснаас нь салгасны дараа 14 мянган тонн самраа экспортоор гаргахад тэмдэгтийн хураамж БОАЖЯ-нд нэг кг тутамд 3000 төгрөг төлдөг нийт 42 тэрбум төгрөг. Ингээд 20 мянган тонн самар цайруулж гаргахын тулд улсдаа 260 орчим тэрбум төгрөгийн хураамж, татаас төлдөг гэсэн үг. Мэдээж боловсруулах, цайруулах, эрүүл мэндийн шаардлага хангах зэрэг олон процессийн үнийн дүнг тооцоогүй. Гэтэл бизнес эрхлдэгчдээ дэмжих ёстой, зорилго, алсын хараагаа умартан танхим нь дахин татаас татвал улсын төсвийн ихэнхийг бүрдүүлдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн нуруу авагдаж, дампуурал зарлахад хүрнэ. Бүр ингээд ч зогсохгүй БОАЖЯ-наас олгодог тэмдэгтийн хураамжийг өөртөө авахыг санаархаж ХЗДХЯ руу хоёр ч удаа бичиг явуулсан ч Х.Нямбаатар сайдын гарын үсэгтэй товчхондоо “Үгүй” гэсэн хариуг авсан. Тэрбээр “Хуш модны самрын боловсруулсан идээг гадаадад гаргах зөвшөөрөл олгох үүргийг шилжүүлэх” асуудлаар тусгайлан олгосон заалт байхгүй тул БОАЖ-ын сайдаас ирүүлсэн тогтоолын төслийг дэмжих боломжгүй” гэсэн хариу өгч. Х.Нямбаатар сайд танд бизнес эрхлэгчдийн өмнөөс алга ташиж, талархая. Одоо ч бас энэ байр сууриндаа баттай зогсоно гэдэгт итгэж байна.
Саяхнаас экспорт сэргэж бараа, бүтээгдэхүүнээ гаргая гэтэл өнөөх гарал үүслийн гэрчилгээгээ бас л олгоогүй аж.
Бизнес эрхлэгчид нь цаад талынхаа худалдан авах компани, хөрөнгө оруулагчидтай холбогдож авах боломжтой арга чарга хайж, манжуураар ч болтугай дамжуулаад авахаар тохироод гаргах гэтэл өнөөх л гарал үүслийн гэрчилгээн дээр дахиад л асуудал.
Улс орнууд хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх нь хүндрэлтэй байгаа энэ үед гаднынхан авъя гэвэл алгаа ташаад л өгч байх ёстой атал дотооддоо нэгнээ хааж боож, боломжоо өөрсдөө үгүй хийдэг ийм улс орон дэлхий дээр хэд байгаа бол. Өөрийн талаас шалтгаалж экспортын бүтээгдэхүүнээ түгжих нь адгийн тэнэгт ч “тэнэг” санагдахгүй гэж үү.
Ийм ил тод үйлдлээс ямар нэг томоос том ашиг сонирхлын зөрчил үнэртэхгүй байна уу.
Үүнийгээ МҮХАҮТ бизнес эрхлэгчдэд илүү хялбар болгох гэсэн шийдэл хэмээн тайлбарласан байгаа юм. Мөн бизнес эрхлэгчдийг далд эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байгаа хэмээж хяналт шалгалт хүртэл оруулсан гэнэ.
МҮХАҮТ-ын Алсын хараа “ҮТ нь бизнесийн амжилтын ТАЛБАР байж, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд манлайлахад ХӨТӨЧ нь болно” гэж бүр талбар, хөтөч гэдэг үгийг томоор бичсэн байгаа. Зорилго нь “МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна” гэсэн байна. Үргэлжлүүлээд үнэт зүйл, стратегийн зорилтууд, чанарын бодлого гээд яг л аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийг дэмжих үг мөнөөс мөн.
Гэтэл өнөөдөр бүр эсрэгээрээ хэдэн татвар төлөгч бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хааж боогоод ч зогсохгүй төрийн байгууллагын үйл ажиллагааг булаацалдаж гар бариад бугуй гэгчээр бүр илүүг хүсэж БОАЖЯ-наас Хуш модны самрын боловсруулсан идээг гадаадад гаргах зөвшөөрөл олгох эрхийг нь авахаар уйгагүй ажиллаж байгаа бололтой. Зарим бизнес эрхлэгчдийг хэдэн хоног түр хүлээ гэсэн яриа ч гарсан байна. Хэдэн хоногт яг ямар асуудлыг шийдүүлчихээд хэрэгтэй бичгийг нь өгөх гэж байгаа юм бол. Бас энэ хугацаанд хоёрхон компанид гарал үүслийн гэрчилгээ олгож самраа гаргасан талаар мэдээлэл бий. Ямар учраас бүгдэд нь биш хоёрт нь л олгов гэх мэт эргэлзээтэй асуулт олон байна.
МҮХАҮТ зорилго, чиглэл, алсын хараагаа дахин нэг уншиж чиг үүргээ ухамсарламаар байна. Төрийн тогоо руу өнгийхгүй өөрийнхөө үүрэгт ажлыг яг өмнөх шигээ л үргэлжлүүлбэл ямар ч асуудал байхгүй. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Та ч бас өөрийнхөө бичсэн мэндчилгээний үгсийг ахин нэг уншихыг хүсье. Тэнд бичсэнээр бол бизнес эрхлэгчдэд ямар ч саад, төвөг учруулахгүйгээр бараа, бүтээгдэхүүнээ экспортлоод гадаад худалдаагаа нэмэгдүүлэх боломж байна гэж харлаа. Төр нь төрийнхөө ажлыг, ТББ нь төрийн бусийнхаа ажлыг хийвэл бидний явах зам чулуу багатай байх болно.

Эх сурвалж: newspress.mn

+ There are no comments

Add yours