Хэнтий аймагт нөхөн сонгууль болно

2020 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос парламентад сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, олонхийн санал аваад буй.

Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн парламент дахь төлөөлөл нэгээр цөөрч байгаа юм. Тэгэхээр Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах хуулийн зохицуулалт үүсэж буй.

Хэн Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн гараан дээр зогсох нь одоогоор тодорхойгүй байгаа ч Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуультай цуг болж магадгүй.

Эргэн сануулахад УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хотын дарга болсон билээ. Тиймээс УИХ-ын 28-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон.

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу СХД-ийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөртэй хамтатгахаар төлөвлөж байсан ч тус хоёр сонгууль хоёр өөр хуулиар зохицуулагддаг учир санал авах өдрийг өөрчлөх шийдвэр гаргасан. Үүн дагуу СХД-ийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд товлосон.

Үүнээс харвал намар саарал ордонд их, багагүй л хөдөлгөөн орох бололтой.

+ There are no comments

Add yours