Зэвсэг агссан япончууд 1939 онд Халх гол орчимд Монголын хилээр цөмрөн орж ирсэн нь үнэн. Орос, Монголын дайчид исгэрэх сум, илд барьсан япончуудтай тулалдаж, халуун амиа алдан, бүлээн цусаа урсгасан нь ч үнэн. Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах гэж мөр зэрэгцэн тулалдсан монгол, орос хөвгүүд энэ газрын шорооноо үүрд үлдсэн нь ч үнэн. Миний, чиний өвөө нар 1945 онд япончуудыг эх газраас хөөх гэж Манжуур хүртэл тулалдаж, элсэн толгодын дунд эцсийн амьсгалаа татаж байсан нь ч үнэн.
Олзны япон цэргүүдийг туугаад харьж явахдаа юу үзэж туулснаа, тамхиа хувааж татсан орос залуу ганцхан мөчийн дараа бөмбөгдөлтөнд өртөн амиа алдсаныг, шархадсан монгол цэргийг үүрэн хоёр км газар мөлхөж ирсэн орос хөвгүүний тухай…буурал аавынхаа хуучилсан олон дурсамжийг сонсож өссөн бага нас минь ч үнэн юм. Хэрэв япончууд Монголын нутагт гүн цөмөрсөн бол бидний ээж, эмээ нар их наран улсын цэргүүдэд хүчирхийлүүлж амиа алдсан хятад эмэгтэйчүүдийн тавиланг туулах байв. Японы арми Дорнодыг бүтнээр нь эзэлсний дараа оросууд хэдэн онгоц нисгэчихээд Монгол дахь улс төрийн барьцаа лавшруулж болох л байв. Энэ тулааныг юу ч гэж мушгин гуйвуулсан, ямраар ч тайлбарлаж харлуулсан нэг л үнэн бий. Тэр бол Монголыг эзлэх гэж санаархсан япончуудыг эсрэг Монгол, Орос хоёр орон хамтдаа боссон, ялсан, эх орны минь тусгаар тогтнолыг авч үлдсэн гэдэг ганц л үнэн. Оросууд Монголд тусалсныхаа төлөө “Орос хөвгүүдийн амиа зольсон энэ бүс нутаг одоо манайх шүү” гэж тулгаагүй. Монголын нутгийг хамгаалах гэж яваад эргэж ирээгүй хөвгүүдийнхээ амийг орос ээжүүд биднээс нэхээгүй.
Нулимсаа элгэндээ шингээж, өнчрөлөө зүрхэндээ нуусан. Энэ хар даа. 80 жилийн дараа сайхан хөвгүүдийнх нь шарил алгын чинээ хайрцагт хоёр гурваараа багтаж, хүн ёсоор хөдөөлүүлэх боломж ирж байна, гашуун боловч энэ үнэн. Арчиж чадахгүй, алчихаж боломгүй үнэн. Ганц л үнэнийг гэрчилсэн гайхамшигт ялалтын 80 жилийн ой тохиож байна. Хамтдаа авчирсан ялалтыг хамтдаа тэмдэглэж байна. Үүнийг самраачид элдвээр гуйвуулж, “Оросын онгоц Монголыг хүчирхийллээ, өө зүгээр л бага ястнуудаа явуулчихаж, Орост манайх жилд 2,0 тэрбумын орлого оруулдаг, тийм сүрхий юм бол Путин манайд цахилгаан станц бариад өгчих л дөө, Хүрэлсүхийн хообийны өдрүүд эхэллээ, Баттулга Пу ахаас юм гуйж зөвшөөрүүлж чадахгүй л дээ” гэхчлэн жинхэнэ утгаар нь энэ ялалтын, энэ баярын агуулгыг юу ч биш болгох гэж оролдож байна.
Япончууд Монголыг эзлэх гээгүй, Ар Өвөр Монголыг нэгтгэх гэсэн нь оросуудад таалагдаагүй ч гэх шиг. Ар, Өвөр Монголыг нэгтгэчихээд аз жаргал ерөөгөөд арал руугаа буцах байсан гэвэл би л лав итгэхгүй. Настай намбатай, сэтгүүлч нэртэй сайн дурынхан ч хошуу нэмж, хор хутгаж явна. Самарна гэж юу болохыг, аливаа юмны үнэ цэнэ агуулгыг алдагдуулна гэж юу болохыг, монголчуудыг түүхгүй, бахархалгүй болгох хор хэрхэн цацдагийг харж авцгаа. Тэдний үсэргэсэн шүлс Халх голд цусаа урсгаж, ясаа тавьсан цэрэг эрсийн амь нас, алдагдах дөхсөн тусгаар тогтнолыг маань будаж, бузарлаж байна. Зүгээр л хар. Монголчуудыг хэрхэн самарч, хэрхэн үнэт зүйлгүй болгож буй технологийг Халх голын ялалтыг тэмдэглэж буй энэ өдрүүдээс хар! Энэ технологи Монгол даяар, бүх салбарт, алхам тутамд хэрэгжээд удаж буйг бод.
Монголын Бүх цэргийн дуу бүжгийн чуулга хятад дуу хоорлон дуулж байхад дуугараагүй нөхдүүд ялалтын баяраа монголчуудтай хамт тэмдэглэх гэж ирсэн нисгэгчдийг хэрхэн хэн ч биш болгож байгааг хар. Самраач гэдэг бүхэл бүтэн төлбөртэй давхаргынхан байдгийг мэдэж, тархи, зүрх, мэдлэг оюун, түүхээ хамгаалах дархлааг өөртөө суулга. Тэгээд Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд Шерметовын нисэх буудлын хоцрогдсон хүнд суртал ямар хамаатайг надад хэлээд өг! Тэгж ярьвал хоёр хөршийнхөө хил дээр, эсвэл тэр улсад байтугай эх орондоо ч сурч амьдарч байхдаа үеийнхэндээ, атаман ах эгч нарт дээрэлхүүлж байгаагүй хэн байдаг юм. Гэвч, хувийн өш хонзон болоод хандлагаа хурууныхаа завсар нууж сур, бага шалтгаанаар их түүхээ бүү гутаа!
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
