МЭНДЧИЛГЭЭ

            Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчид, оюутан залуус, сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орхон аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа “Эрдмийн баяр”-ын өдөр, 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, эрдэм номын их үйлсэд тань амжилт хүсэн мэндчилье.
     Орон нутгийн бие даасан байдал, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал боловсролын салбараа байнга бодлогынхоо цөмд байлгаж, дэмжин ажилладаг билээ. Энэ хичээлийн жилд 38 цэцэрлэгт 8658 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, нэгдүгээр ангид 2381 хүүхэд элсэн орж, ерөнхий боловсролын 24 бүрэн дунд сургуульд 21850 сурагч суралцана. Мөн их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 1220 оюутан залуус маань суралцан мэдлэг мэргэжилдээ улам ихийг сурч, эрдэмтэн судлаачдын маань бүтээл туурвил, эрдэм судлалын ажил нь амжилттай байна гэдэгт итгэл төгс байна.
      Боловсролын салбарын оюунлаг бүтээлч, эвсэг хамт олон, Орхон аймгийнхаа хөгжлийн манлайлагчид байгаад тань талархаж, хүүхэд багачууд, оюутан залуус маань эрүүл саруул, хөгжил баясалтай, сурч мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, багш, эрдэмтэн судлаачид маань амжилт бүтээл арвинтай байхыг хүсэн ерөөе.
                               ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН                                                                                                    ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА

+ There are no comments

Add yours