СЕХ: Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаярын оролцох эрх нээлттэй

Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэнтийн нөхөн сонгууль ирэх зургаадугаар сарын 30-нд болно. Уг сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор буюу энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт, өргөдлөө гаргах ёстой. Өөрөөр хэлбэл энэ Баасан гарагт дуусгавар болох юм.

 

Энэ үеэр СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэлэхдээ, “2019 оны хоёрдугаар сарын 02-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хоёрдугаар сарын 10-ний өдрөөс товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 30-ны өдөр болгон тогтоосон. Энэ нь сонгуулийн тухай хуулинд зааснаар хавар зургадугаар сарын сүүлийн ням гараг, намар аравдугаар сарын эхний ням гараг гэсний дагуу ийнхүү товлосон. СЕХ 2018 онд нөхөн сонгууль товлон зарлах тухай албан бичгээ УИХ-д өргөн барьж байсан. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэнээс үүдэн нөхөн сонгууль хойшлогдож байсан.

Дээд шүүхэд нийт 31 нам бүртгэлтэй байгаагаас 27 намд нь СЕХ-ноос зөвлөмж хүргүүлсэн. Сонгуульд нэр дэвшигч болон, оролцогч намын сонгуулийн зардлын дээд хэмжээг 120 хоногийн өмнөөс Аудитын ерөнхий газраас тогтоож өгөх ёстой байдаг. Сонгуулийн дүнгээ шууд дамжуулахаар төлөвлөж байгаа” гэв. Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Сонгууль зохион байгуулахад хэдий хэмжээний зардал шаардагдаж байна вэ?

-Нөхөн сонгуулийн зардлыг УИХ хоёрдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар баталсан. Тодруулбал, 287,6 сая төгрөгөөр батлагдсан зардлаар зохион байгуулна. Үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 гаруй сая төгрөг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэр дээр, 8,3 сая төгрөг нь ЦЕГ-т буюу цагдаагийн хамгаалалтад зориулагдах юм.

-Сонгуулийн ирц бүрдүүлэх тал дээр СЕХ хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. Нөхөн сонгуульд нийт сонгогчдын хэдэн хувь нь санал өгснөөр хүчин төгөлдөр болох вэ?

-Сонгууль Хэнтий аймгийн төв буюу Хэрлэн сум, Мөрөн сум, Жаргалтхаан сумдад нийт 21 хэсэгт санал хураалт явагдана. Нийт 500 гаруй хүн ажиллах тооцоо байгаа. Ирцийн хувьд, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 17,450 гаруй сонгогч байгаа гэсэн мэдээллийг өгсөн. 2016 онд тус тойрогт ирц 80 хувьтай байсан. Сонгуулийн тухай хуулийн дагуу “50 дээр нэмэх нь нэг” гэсэн дүрмээр явагдана.

-Шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс хааж эхлэх вэ?

-УИХ-ын тогтоол албан ёсоор хүргэгдээгүй байна. Энэ долоо хоногт хүргэгдэх байх. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор хоёроос гурван хоног үлдээд байна. Тогтоол хүргүүлсний дараа УБЕГ-аас шилжилт хөдөлгөөнийг зогсооно.

-Нийт 14 нам сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлж, бүртгүүлсэн хэвээрээ юу?

-Хамгийн сүүлийн нам нэгдүгээр сарын 29-ний өдөр бүртгэгдсэн. Хуулиаараа 180 хоногийн өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцох эрх нээгддэг. Тэгэхээр 180 хоног нэгдүгээр сарын 01-нээр тасалбар болж байгаа учир Гэр хороолол хөгжлийн нам болон бусад хоёр нам оролцох боломжгүй болж байгаа. Иргэний зориг-Ногоон нам санхүүгийн тайлангаа албан ёсоор СЕХ-нд гаргаагүй учир мөн хасагдаж байгаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрх нээлттэй юу?

-Шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн учраас нэр дэвших эрх нь нээлттэй. Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө явагдаж, нэр дэвшүүлэх ажиллагаа тав хоногийн дотор дуусна. Нэр дэвшигчийн үнэмлэхийг 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 08-нд олгож эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 18 хоногийн хугацаанд хуулийн дагуу явагдана.

Өнгөрсөн аравдугаар сард Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 14 нам тус сонгуульд оролцохоо мэдэгдэж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүсэлтээ ирүүлжээ. Тухайлбал,

1. Ардчилсан Нам

2. Монгол Ардын Хувьсгалт Нам

3. Хөдөлмөрийн Үндэсний Нам

4. Дэлхийн Монголчууд Нам

5. Үнэн Ба Зөв Нам

6. Монгол Ардын Нам

7. Монголын Ногоон Нам

8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

9. Монгол Үндэсний Ардчилсан Нам

10. Зон Олны Нам

11. Монгол Консерватив Нам

12. Иргэний Зориг-Ногоон Нам

13. Ард Түмнээ Хайрлая Нам

14. Бүгд Найрамдах Нам

+ There are no comments

Add yours