40 гишүүний гарын үсэг нь хаана байна?

Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хуулийг өнгөрсөн долоо хоногт парламент ногоон гэрлээр баталлаа. Энэ нь УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь чөлөөлөх санал гаргавал түүнийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн агуулгатай хуулийн төсөл байв. Гишүүдийн 87.8 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдлаа. Ийнхүү парламент дургүйгээ хүрвэл ангийн даргаа хэзээ ч хэдэн ч удаа аваад хаячих хуультай болов.

Энэхүү хуулийн төслийг Ерөнхийлөгч улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг намжаахаар санаачилсан гэдгээ илэрхийлсэн. Хууль энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Одоо хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах, ямар 38 гишүүн гарын үсгээ зурж, хэзээ хуулийн төсөл өргөн барихаас УИХ-ын дарга М.Энхболд огцрох асуудал яригдана. Мөн УИХ-ын дараагийн дарга хэн байх вэ гэдэг тохироо, яриа ч улс төрийн хүрээнд ид яригдах юм.

УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төсөл батлагдахтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн бланк дээр гишүүдээр гарын цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл гарч байлаа. Парламент дахь У.Хүрэлсүхийн талынхан уг асуудал дээр нэгдмэл байр суурьтай байгаа. Ирэх баасан гаригт саналаа өргөн мэдүүлэх. Улмаар намрын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр ярилцсан бололтой.

Гэхдээ гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх албан ёсны тайлбар өгөөгүй байгаа.

УИХ дахь АН-ын бүлэг бас нэг талд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэд УИХ-ыг тараах асуудлаар чуулганы үүдэнд самбар байрлуулан гарын үсэг цуглуулж буй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн, Д.Хаянхярваа нар гарын үсэг зурж уг тогтоолын төслийг дэмжиж буй гишүүдийн тоо 14 боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Төрийн тогтвортой байдал алдагдаж, байнгын үйл ажиллагаа тасалдаж байгаа учраас би УИХ тарахыг дэмжиж гарын үсгээ зурлаа гэв.

Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хувь хүнийг өөрчилснөөр, тухайн нөхцөл байдалд тааруулж өөрчилснөөр өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Ирэх 30 жилийн бодлого дээрээ тулгуурлаж Үндсэн хууль болон бусад хуульд өөрчлөлт оруулах ёстой” гэлээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Гадаад орнуудын жишгийг бид их ярьдаг. Киргизийн Үндсэн хуульд спикертэй холбоотой заалтыг маш нарийн заасан байдаг. Манай Үндсэн хуульд ийм заалт байхгүй. Зөвхөн УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуулиар зохицуулсан байдаг.

УИХ-ын дарга АТГ-ын даргыг томилдог мэт ойлголт иргэдийн дунд бий болсон. Тиймээс гишүүд хуулиа уншиж яримаар байгаа юм. Мөн хууль тогтоох дээд байгууллага гэж их л ярих юм. Доод байгууллага гэж байхгүй учир дээд байгууллага гэж яримааргүй байна. Хууль тогтоох ганцхан байгууллагатай.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Хууль санаачлах эрх бүхий субъектээс оруулж ирсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хууль хэрэгтэй, хэрэггүй гэж зарим гишүүн хөндөж байна. УИХ-ын удирдлагыг гишүүдийн олонхоор чөлөөлдөг хуулийн тогтолцоо байх ёстой. УИХ-ын даргыг чөлөөлснөөр төрийн дархлаа суларна гэсэн яриа гарах боллоо. УИХ-ын дарга нь институц мэт ажиллах болсон. Ингэлээ гээд төрийн дархлаа суларна гэж байхгүй гэж байв.

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Инновацийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлав. Мөн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаарх Шадар сайд Ө.Энхтүвшингийн мэдээллийг сонсож, баасан гаригийн хуралдаан өндөрлөсөн юм.

+ There are no comments

Add yours