2019 онд дэлхий дахинд болох ОНЦЛОХ үйл явдлууд

Энэ онд дэлхийн дахинд ихээхэн хүлээлт үүсгэж буй үйл явдлуудыг Британий Guardian сайт мэдээлжээ. Ингээд 2019 онд биднийг ямар үйл явдлууд хүлээж буйг сонирхъё.

Нэгдүгээр сар

Бразилын шинэ Ерөнхийлөгч 

2019 оны нэгдүгээр сарын 1-нд Бразилын шинэ Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ тус улсын нийслэл Бразилиа хотноо боллоо. Хэт барууны үзэлт намаас нэр дэвшин ялалт байгуулсан түүнийг “Бразилын Трамп” хэмээн нэрийджээ.

Perihelion

Нэгдүгээр сарын 3-ны өглөөний 5:19 цагт дэлхий наранд хамгийн ойр цэгт хүрнэ.

Алтан бөмбөрцөг

Нэгдүгээр сарын 6-нд өнгөрсөн жилийн шилдэг дэлгэцийн кино болон телевизийн нэвтрүүлгүүдийг шалгаруулна.

Европын Төв банкны уулзалт

Нэгдүгээр сарын 24-нд Европын Төв банк энэ оны эхний уулзалтаа хийнэ. Олон хүн энэхүү уулзалтаас зээлийн хүүг өсгөх урт хугацааны бодлогыг зогсоох шийдвэр гарахыг хүлээж буй.

Хоёрдугаар сар

Астероид ойртоно

2002 онд одон орон судлаачдын илрүүлсэн NT7 нэртэй астероид хоёрдугаар сарын 1-нд дэлхийтэй ойрхон өнгөрөх төлөвтэй байна. NASA-гийн мэдээлснээр уг астероид нь дэлхийтэй мөргөлдөх магадлал маш бага ажээ.

Лондон загварын долоо хоног

Их Британийн хувцас загвар зохион бүтээгчдийн шилдэг бүтээлүүд хоёрдугаар сарын 15-нд тайзнаа амилна.

Гуравдугаар сар

 

НҮБ-ын Байгаль орчны чуулган

Хүрээлэн буй орчны асуудлаарх НҮБ-ын IV чуулган 2019 оны гувардугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Кений нийслэл Найроби дахь НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн төв байранд зохиогдох юм. Тус чуулган нь “Хүрээлэн буй орчинд тулгарч байгаа бэрхшээлүүдийг давах инновацийн шийдлийг олж, урт хугацаанд тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх” гэсэн уриан дор зохиогдох юм байна.

Брексит

Их Британийг Европын Холбооноос салгах тохиролцоонд урьдчилсан байдлаар хүрээд байгаа билээ. Хэрэв тохиролцоо хүлээн зөвшөөрөгдвөл Лиссабоны гэрээний 50 дугаар зүйлийн дагуу гуравдугаар сарын 29-ний 11 цагт Их Британи Улс Европын холбооноос гарна.

Украины Ерөнхийлөгчийн сонгууль

2018 оны 12 дугаар сарын 31-нд Украинд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг гуравдугаар сарын 31-нд товлосон учраас энэ удаагийн сонгуулийн кампанит ажил шинэ он гарахаас яг нэг хоногийн өмнө эхэлсэн юм. Шинжээчдийн тооцоолж байгаагаар, гуравдугаар сарын ерөнхийлөгчийн сонгуульд урьд өмнө байгаагүй олон хүн нэр дэвших аж.

Дөрөвдүгээр сар

Индонезийн сонгууль

Дөрөвдүгээр сарын 17-нд дэлхийн хамгийн олон муслим хүн амтай орон болох Индонези улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно.

Хаан ширээгээ шилжүүлнэ

Дөрөвдүгээр сарын 30-нд Япон Улсын эзэн хаан Акихито хаан ширээнээс буух ёслол болно. Түүний дурсгалд зориулан хөшөө босгож буй. Өдгөө 85 настай эзэн хаан “Нас дээр гарч, эрүүл мэнд доройтсон учир төрийн үйл хэрэгт оролцож чадахгүй боллоо” гэсэн шалтгаанаар сэнтийнээсээ бууж байгаа юм.

Тавдугаар сар

Мэт Гала

Мэт Гала жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гарагийн үдэш Нью Йорк хотын Урлаг, Хувцас загварын хүрээлэнгийн музейд хандив цуглуулах зорилгоор зохиогддог байна. Энэ жил тавдугаар сарын 6-нд болохоор товлогджээ.

Премьер лигийн дүн

Английн Премьер Лигийн тэмцээний улирлын үр дүн тавдугаар сарын 12-нд тодрох юм байна.

Европын парламентын сонгууль

Их Британи Европын холбооноос гарсны дараах анхны парламентын сонгууль тавдугаар сарын 23-нд болохоор товлогджээ. Тус сонгуульд Европын холбооны 27 гишүүн орон оролцох аж.

Испанийн орон нутгийн сонгууль

Испаничууд тавдугаар сарын 26-нд сонгууль явуулахаар товложээ. Хамгийн сонирхол татаж буй явдал нь, Францын ерөнхий сайд асан Мануэл Валл Испанийн нэгэн хотын даргад нэр дэвшиж байгаа юм.

Зургаадугаар сар

UEFA Аваргуудын лигийн финал

Энэ бол Европын Хөлбөмбөгийн Холбооны гишүүн орнуудын багуудын дунд жил болгоны 9-р сараас дараа жилийн 5-р сар хүртэл зохиогддог олон улсын тэмцээн юм. Тус тэмцээнд өөрийн улсын дээд лигтээ дээгүүр байр эзэлсэн багууд л оролцдог тул дэлхий даяар сонирхон үздэг билээ. Тус тэмцээний түрүү баг нь Дэлхийн Цомд өрсөлдөх эрхийг олж авдаг. Энэ жилийн финал зургаадугаар сарын 1-нд Мадрид дахь  Ванда Метрополито цэнгэлдэх хүрээлэнд болно.

Тяньаньмэний талбайд болсон хядлагын 30 жил

БНХАУ-ын Бээжин хотын төвд буюу Тяньаньмэний талбайд  1989 оны зургадугаар сарын 4-ний өдөр Хятадын арми ардчиллыг шаардаж, бослого хөдөлгөөн өрнүүлсэн олон мянган оюутан залуусыг зэвсгийн хүчээр хөнөөсөн билээ. Хятадын арми талбайд танк оруулж, үүр цайхаас өмнө цугласан бүх босогчдыг хядаж устгасан гэдэг. 2019 онд энэхүү үйл явдлын 30 жилийн ой тохиож байна.

“D” өдөр

1944 оны зургадугаар сарын 6-ны өдөр “D day” хэмээн түүхэнд үлдсэн. Францын Нормандад дэлхийн II дайны шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн хэмээн түүхчид үздэг. Холбоотнуудын 150 мянган дайчин, 5,000 хөлөг онгоц, 50,000 танк, 11,000 орчим нисэх онгоц бүхий бүрэлдэхүүн Нормандад цугласан байв.

Үр дүн нь холбоотнууд нацист Германыг ялсан ч аль аль нь олон сая иргэнийхээ амийг золиослосон юм. Энэхүү түүхэн үйл явдлын 75 жилийн ой 2019 онд тохиож байна.

G20

Зургаадугаар сарын 28-нд Япон улс дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Долоодугаар сар

Уимблдон

Талбайн теннисний хамгийн нэр хүнд бүхий Их Дуулга тэмцээний нэг болох Уимблдон тэмцээн долоодугаар сарын 1-нд эхэлнэ. Энэ жилийн тэмцээн шинэ дүрмээр зохиогдох юм байна.

Наймдугаар сар

Элсэлт

Наймдугаар сарын 15-нд дэлхийн их, дээд сургуулиуд 2019 оны хичээлийн жилд элсэн суралцаж буй оюутнуудын тоог зарлана.

Есдүгээр сар

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ой

Дэлхийн II дайн 1939 оны есдүгээр сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм. Үүнээс хоёр хоногийн дараа Франц, Их Британи улсууд нацист Германд дайн зарлажээ. Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. 2019 онд дайн эхэлсний 80 жилийн ой тохиож буй юм.

Регбигийн ДАШТ

Ес дэхь удаагийн регбигийн ДАШТ нь есдүгээр сарын 20-нд Япон улсад эхлэх товтой байгаа юм. Энэ бол Азид зохиогдож буй анхны тохиолдол гэнэ.

Аравдугаар сар

Билл Косбигийн эсрэг иргэний хэрэг

Жүди Хат АНУ-ын жүжигчин Билл Косбиг хүчингийн хэргээр шүүхэд өгчээ. Энэ хэргийн шүүх хурал аравдугаар сарын 7-нд болно.

Канадын сонгууль

Аравдугаар сарын 21-нд Канад улсын парламентын сонгууль явагдана.

Аргентины сонгууль

Аравдугаар сарын 27-нд сонгогчид шинэ парламентын гишүүдийг сонгох санал хураалт явуулна.

Украины сонгууль

Аравдугаар сарын 27-нд Украинчууд мөн парламентын гишүүдээ сонгоно.

Европын Комиссын шинэ Ерөнхийлөгч

Аравдугаар сарын 31-нд Европын Комиссын тэргүүн Жан Клод Юнкер суудлаа өгнө.

Арваннэгдүгээр сар

Вэнэсуэлийн эсрэг хориг дуусна

Николас Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоны дараа АНУ тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тэгвэл Европын Холбооноос арваннэгдүгээр сарын 11-нд  уг хоригийг дуусгавар болгохыг зөвшөөрчээ.

Арванхоёрдугаар сар

Нобелийн шагнал

Нэрт зохион бүтээгч Альфред Бернхард Нобель /1833-1896/ физик, хими, анагаах ухаан, физиолог болон утга зохиолын салбарт олгодог энэхүү шагналыг анх үндэслэсэн юм. Энэ оны Нобелийн шагналыг арванхоёрдугаар сарын 10-нд гардуулах юм байна.

Оддын дайн IX

“Оддын дайн” цувралын ес дэх хэсэг 2019 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Америкийн бүх кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийхээр болжээ.

+ There are no comments

Add yours