Хотын дарга С.Батболдын ХОЁР ЖИЛД хийсэн ЕСӨН ОНЦЛОХ ажил

Хотын дарга С.Батболд нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн барьсныхаа дараа буюу өчигдөр  огцрох хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцууллаа. Тэрбээр нийслэлийн төсвийг батлуулсныхаа дараа, тодруулбал ирэх сарын 10-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2016 оны долдугаар сарын 06-ны өдөр захирамж гаргаж, С.Батболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилсон байдаг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар /2018.11.01/нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц болон 2019 оны Улаанбаатар хотын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцсэн билээ. Хуралдаан хоёр өдөр үргэлжилж, арваннэгдүгээр сарын 02-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын багт дүн тавьсан. Ингэхдээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2017-2018 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэлийн биелэлтийг “Хангалттай” гэж НИТХ үзсэн юм. Гэвч тэрбээр ийнхүү өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргалаа.

Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд түүний удирдсан багийн нийслэлд хийсэн дорвитой ажлуудыг онцолж байна.

-ӨРГҮЙ УЛААНБААТАР-


Нийслэлийн өмнөх удирдлага 2012-2016 онд концессын олон төсөл хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод концессын 80 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байсан. Хэдий нийслэлийн эдийн засаг хүнд байсан ч хотын удирдлагын баг өмнөө тавьсан зорилтоо биелүүлэн, төсвийн орлогоо давуулан биелүүлж, аж ахуйн нэгжүүдэд концессын эргэн төлөлтийг хийснээр Улаанбаатар хот өргүй болжээ.

– ТАВИН ЖИЛИЙН ДАРААХ ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ –


Урин дулааны цагт нийслэл хотын иргэдийг амьсгалахад хэцүүхэн үнэр танараараа давчдуулах болсон төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байжээ. Үе үеийн Хотын дарга нарын толгойны өвчин болсон шинэ цэвэрлэх байгууламжийн ажил Хотын дарга С.Батболдын үед шийдэгдэх болсон нь нийслэлчүүдийн хувьд хамгийн сайн мэдээ байв. БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл” нь 300 сая ам.долларын өртөгтэй юм. Хоногт 250 мянган метр.куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн, дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай ажээ. Нийслэлчүүд төв цэвэрлэх байгууламжаа 2020 онд хүлээж авна.

– ДЭД ТӨВҮҮДИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ –


Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ стратегийн хүрээнд “Сервис центр буюу Дэд төв” байгуулах төслийг  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд амжилттай хэрэгжүүлж, 200 өрх айл хашаандаа  халуун, хүйтэн устай холбогдоод байна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэнээр орон сууцны цогцолбор хороолол байгуулах ажил эрчимтэй өрнөж эхлээд байгаа юм. Нийслэл хотыг нэг төвтэй хотоос олон төвтэй хот болгох бодлогын хүрээнд найман шинэ дэд төв байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр иргэд дунджаар 60 сая төгрөгөөр амины орон сууцанд амьдрах орчин бүрдэх юм.  Сануулахад, энэ сарын 14-нд “Баянхошуу дэд төв”-ийг түшиглэн барьсан 240 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ.

– БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: ЦЭЦЭРЛЭГ 56, СУРГУУЛЬ 26 –


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барьж, сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлнэ”, “Хороо бүрд цэцэрлэг байгуулж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшнийг 85 хувьд хүргэнэ” гэж тусгасан байдаг. Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Цахим бүртгэл” нэвтрүүлж, цэцэрлэг, сургуулийн 100 гаруй обьект барьж байгуулах ажлын газрыг 97 хувь чөлөөлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Нийслэл хотод 2017 онд ЗУРГААН СУРГУУЛЬ, ДӨРВӨН СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ ашиглалтанд орсон бол төрийн өмчийн ДОЛООН ЦЭЦЭРЛЭГ, ЕСӨН ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН барилга баригдсан байна. Харин 2018 онд 48 ЦЭЦЭРЛЭГ, 27 ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ, 20 СУРГУУЛЬ, 34 СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ баригдаж эхэлсэн байна.

– ШИНЭ ГҮҮР, ШИНЭ АВТО ЗАМУУД –


Дэд бүтцийн салбарт авто замын томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. 2018 онд Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр 191 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ. Түүнээс томоохныг дурдвал, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, Замын Цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих, Туул гол дээгүүрх Баянзүрх, Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих зэрэг томоохон төслүүдийг амжилттай эхлүүлж, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийг эхлүүлэх бэлтгэл ажил хангаад байна. Мөн Гадна тойруугийн 4-р хэсэг болох Дарь эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн шинэ 3 км авто зам, Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 км авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил, үүнд Алтан-Өлгийн цайз захаас хойш өгсөх 850 м авто замын засвар шинэчлэлтийн ажлын амжилттай хэрэгжүүлжээ.

– БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ  ХОЛБООТОЙ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН  АЖЛУУД –


Улаанбаатар хот–Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын ажилд зориулж замын трасст өртсөн 108 нэгж талбараас дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарыг 92.1 сая төгрөгийн нөхөн олговор олгож, газар чөлөөлсөн байна. Үлдсэн нэг талбарыг байршил шилжүүлэх, талбайн хэмжээг хасч шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар-Налайх-Чойрын 20.9 км авто замын ажил эхлэхтэй холбогдуулан замын трасст өртсөн зөвшөөрөлгүй 38 нэгж талбар, 60 сурталчилгааны самбарыг албадан чөлөөлж, өмчлөх эрхтэй 62 нэгж талбарыг нөхөн олговоргүй чөлөөлсөн байна.

– ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 17 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ –


Эрүүл мэндийн салбарт “Шүд, эрүү нүүрний эмнэлэг” шинээр ашиглалтад оруулж, дүүргүүдийн эмнэлгийг яаралтай тусламжийн мэс заслын тасагтай болгоод зогсохгүй өрхийн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, Сонгинохайрхан дүүрэгт “Жишиг дүүргийн эмнэлэг” барьж байгаа аж. Хавдартай хүмүүс ХСҮТ-д очиж дугаарлах бус дүүргийн эмнэлэгтээ үзүүлээд явах бололцоог бүрдүүлжээ. Мөн улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн гадаа 350, ХСҮТ-ын гадаа 250, ГССҮТ-ийн гадаа автомашины зогсоол, онгоцны талбай, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг гадаа машины зогсоол байгуулж, нийт улс, нийслэл, дүүргийн тодотголтой 18 эмнэлгийн гадна талбайг тохижуулжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлийн эрүүл мэндийн салбарт  17 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

– ЗАМ ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ХОЁР ЖИЛ ДАРААЛАН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛААР НЭРЛЭГДЛЭЭ –


Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжаар Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Энэхүү захирамжийн хүрээнд Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах  үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах газрын  зөрчил арилгах ажлууд зохион байгуулагдсан.

Дээрх ажлын хүрээнд Нийслэлээс нийт 129 байршилд явган хүний зам, авто зам хаасан, орц гарц, авто машины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектуудыг /ТҮЦ, контейнэр, павьлион/ чөлөөлөх ажил хийгдэж байгаагаас 2017 онд 78 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Мөн Газрын зөрчил арилгах арга хэмжээтэй уялдан иргэдийн зүгээс “Зам Чөлөөл“ уриалга явагдаж 80 байршилд орц гарц чөлөөлүүлэх хүсэлт ирүүлснээс 2017 онд 37 байршилд  газар чөлөөлөх ажил хийгдсэн байна.

2017 оны онцлох ажлаар тодорсон зам чөлөөлөлтийн ажил 2018 онд илүү өргөжин хэрэгжсэн билээ. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000 м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар “Вантрейд” ХХК-д эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Мөн СХД-ийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах “Цамбагаравын балгас” гэгдэх байшинг явган хүний зам талбайг хааж, хууль зөрчин баригдсан учраас чөлөөлсөн юм. “Явган зам” аяны хамгийн дуулиантай нь өнгөрөгч аравдугаар сарын 16-нд “Туушин” зочид буудлын явган хүний зам хааж барьсан зам болон, шатыг буулгаж газрыг чөлөөлсөн нь юм. Мөн “Авзага” ХХК-ийн явган хүний зам дээр барьсан хашаа, Чойжин ламын сүм музейн барилга болон хашаа, Өргөө амаржих газар орчмын явган хүний замд тулгаж барьсан хашаанууд,  “Өгөөж” ХХК-ийн урд барьсан хашаа зэрэг нийт таван байршил, Баянзүрх дүүрэгт “Натур” худалдааны төвөөс нарны замруу холбогдох зам дагуу явган хүний замд тулгаж барьсан зургаан хашаа,  Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд явган хүний зам дээр байрлуулсан зөөврийн граж зэрэг байршлыг чөлөөлжээ.

– ШИНЭ ЯАРМАГ ТӨВ –


Нийслэл хотын төв Бага тойруу, Их тойрууд бүх их дээд сургууль, засаг захиргааны байгууллага байдаг тул төвлөрөл энэ цэгтээ бий болж, үүнээс улбаалсан хүндрэлүүд улам ихсэх болсон. Энэ төвлөрлийг сааруулахын тулд нийслэлээс олон арга хэмжээ авч байна. Иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг ойртуулж зургаан буудал, Дүнжингарав, Мишээл, Драгонд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан. Улаанбаатар хотыг задлахын тулд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Яармаг, Сонсголон зэрэг дэд төв байгуулж байна. Үүний зэрэгцээ төвлөрлийг сааруулахад хот өөрөө үлгэр  жишээ болох ёстой хэмээн хотын захиргааг 2019 онд Яармаг руу нүүлгэхээр шийдсэн. Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлэх хотын удирдлагын шийдвэрийг Засгийн газар болон НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжсэн билээ. Яармагийн хувьд хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, шинээр гүүр баригдаж байгаа зэрэг боломж нөхцөл бүрдсэн газар. Тиймээс 2019 онд Хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээ нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна хэмээн үзжээ.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

+ There are no comments

Add yours