Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мэтагро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа.
“М-Си Эс групп“-ийн хөрөнгө оруулалттай “Мэтагро” ХХК 2021 онд байгуулагдсан. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чандганы талд 5,000 толгой үхэр бордох аж ахуй, евро стандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, 10 мянга гаруй га талбайд ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолбор байгуулжээ.
Өдөрт 76 бод төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нь мал төхөөрөх, бэлтгэх, боловсруулах, савлах хүртэлх шат, дамжлага бүртээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, антибиотик болон вакцины үлдэгдэлгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан “Primeat” бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг.
Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 340 орчим малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалдаж аваад байна.
Худалдаж авсан үхрээ өөрийн талбайд ургуулсан улаан буудай, арвай, гич, эрдэнэ шиш, овьёос зэрэг үр тариа болон даршны холимог тэжээлээр 150 хоног бордож, үхрийн махыг гантиглуулах арга, технологи нутагшуулжээ.
“М-Си-Эс групп” өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ цогцолборыг байгуулсан. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 22 тэрбум төгрөгийн зээл авч, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн тухай “Мэтагро” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Солонго танилцууллаа.
Цогцолборыг бүтээн байгуулахын тулд дотоод гадаадын 680 орчим аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 100 гаруй тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авсан байна. Мөн 200 гаруй хүн байнгын ажлын байртай болсны 60 гаруй нь орон нутгийн иргэд юм.


Гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагтаа экспортлогч орон болох зорилтод хувь нэмэр оруулж байгаа “М-Си-Эс групп”, “Мэтагро” ХХК-ийн хамт олон, орон нутгийн захиргаа, малчид болон бусад бүх аж ахуйн нэгж, иргэдэд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
“М-Си-Эс групп”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон. Хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборын үр шимийг малчид, хэрэглэгчид хүртэхийн зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл кластер хэлбэрээр дагаж хөгжих бүрэн боломжтой” гэлээ. Цаашид монгол махыг дэлхийн брэнд болгохын төлөө төр, хувийн хэвшил бүх талаар хамтран зүтгэхийг уриаллаа.
“Мэтагро” ХХК мөн 144 хүний багтаамжтай, иж бүрэн тохижилт бүхий ажилчдын хотхон байгуулсан байна. Тариалангийн талбайнхаа эргэн тойрон 80 км ойн зурвас байгуулж, 20 мянган улиас, нэг сая хайлаас, тус бүр 200 мянган бургас, шар хуайс тарьж ургуулахаар төлөвлөжээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн томоохон үйлдвэр ашиглалтад оржээ.


More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...