Европын холбоо өнгөрсөн долоо хоногт цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтын журмыг сулруулж, вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчдад хилээ нээх шийдвэрийг танилцуулсан байна. Европын холбооны гишүүн 27 улсын Элчин сайд нар гадаадаас жуулчин хүлээн авах журмыг баталжээ.
Дээрх журмын дагуу Европын холбоо зөвхөн “Covid-19” халдварын тархалт багатай, вирусийн мутацилагдсан хувилбарууд бүртгэгдээгүй орноос зорчин ирсэн, вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчдыг хүлээн авахаар болсон байна. Энэ журмын дагуу АНУ-ын иргэд Европын холбооны улс руу одоогоор нэвтрэх боломжгүй болж байгаа юм.
Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Вигандын мэдэгдсэнээр тус зөвлөлөөс ЕХ-ны гишүүн 27 улсад зөвхөн Европын эмийн агентлагаас зөвшөөрөгдсөн вакцинд хамрагдсан иргэдийг нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан гэв.
Өөрөөр хэлбэл энэ нь Орос болон Хятад вакцинд хамрагдсан иргэд одоогоор Европын холбооны орнуудад зорчих боломжгүй гэсэн үг юм. Европын холбоо одоогийн байдлаар АНУ-ын “Pfizer/BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson” болон Их Британийн “AstraZeneca” вакцинд зөвшөөрөл олгоод байгаа билээ.
Европын эмийн агентлаг одоогоор ОХУ-ын “Sputnik-V”, БНХАУ-ын “SinoVac”, АНУ-ын “Novavax” болон Германы “CureVac” вакцинд зөвшөөрөл олгохоор, судалгааны ажлыг үргэлжлүүлж байгаа юм.
Харин Хятадын “Sinopharm” компани өөрсдийн бүтээсэн вакцинаа Европын эмийн агентлагаас зөвшөөрөл авах ажил эхлүүлээгүй байгаа аж. Монгол Улсын хувьд иргэдийн дийлэнх нь “Sinopharm”-ийн вакцинд хамрагдсан билээ. Иймд “Sinopharm”-ийн вакцин тариулсан Монголчууд Европын холбооны орнуудад ойрын хугацаанд зорчих эсэх асуудал эргэлзээтэй болж байна. Хятадын “Sinopharm” компанийн “Вероцелл” вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж байгаа юм. Харин ОХУ-ын “Sputnik V” вакциныг дэлхийн 60 орчим улс бүртгэн зөвшөөрөл олгожээ.
Гэхдээ Европын холбоо халдварын тархалт багатай орнуудаас зорчин ирэх жуулчдад вакцинд зайлшгүй хамрагдсан байх шаардлагыг тавихгүй байхаар хэлэлцэж байгаа гэв.
Тухайлбал, тус холбоо одоогоор халдварын тархалт хамгийн бага орнууд болох Австрали, Шинэ Зеланд, Израил, Руанда, Тайланд, Сингапур, Өмнөд Солонгос болон БНХАУ-аас зорчин ирсэн иргэдийг тодорхой шаардлагын хүрээнд чөлөөтэй нэвтрэхийг зөвшөөрөөд байна.
Түүнчлэн халдварын аюулгүй бүсэд тооцогдох орнуудын жагсаалтыг ойрын хугацаанд өргөжүүлэхээ мэдэгджээ.
Энэхүү жагсаалтыг Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллагын зөвлөмжөөр чиглүүлэх бөгөөд халдварын аюулгүй бүсийг тодорхойлохдоо тухайн улсад сүүлийн 14 хоногт өдөрт дунджаар 100 мянган хүн ам тутамд “Covid-19”-ийн халдварын 25-аас илүүгүй тохиолдол бүртгэгдсэн байх, нийт шинжилгээнээс илрэх эерэг сорьцын хувь болон вирусийн мутацилагдсан хувилбарын тархалт бүртгэгдээгүй байх гэх гол шалгуур үзүүлэлтүүдийг тавьж байгаа аж.
Мөн 72 цагийн дотор ПСР шинжилгээний сөрөг хариу гарсан бол вакцин хийлгэсэн эцэг эхийн хамт хүүхдүүдийг заавал вакцин хийлгэхийг шаардалгүй хил нэвтрүүлэх юм байна.
Эх сурвалж: news.mn
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
