“Карантин 14” фэйсбүүк хуудас нэрээ сольж, Ерөнхий сайд болон МАН-ын нэр дэвшигчийг дэмжих суваг болжээ

Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч, өдөрт 1000-аас дээш тохиолдол бүртгэгдсэний улмаас IV сарын 10-ны өдрөөс эхлэн хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн.

Хөл хорионы туршид иргэдийг гэртээ байхыг уриалж Карантин-14, Мэдээллийн урсгал гэх тв контент, нэвтрүүлгүүдийг зургаан телевиз шууд эфирээр гарган, бусад сошиал сувгуудаар цацсан билээ.

Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс ямар нэг улс төрийн нам, засгийн газраас санхүүжилт аваагүй гэж мэдэгдсэн “Карантин 14” нэвтрүүлгийн фэйсбүүк хуудас нэрээ сольж Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагааг таниулдаг суваг болон хувирчээ.

Дөрөвдүгээр сарын 14-нд нээгдсэн “Карантин 14” шоу нэвтрүүлгийн фэйсбүүк хуудас нэрээ сольж, тавдугаар сарын 11-нд “Vision 2050” болгожээ.

Нэрээ сольсноосоо хойш 45333 лайк, 64751 дагагчтай энэхүү хуудас нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа 2050” номын талаарх мэдээллийг хүргэж, Ерөнхий сайдын яриаг таслан оруулж, одоогоор МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжсэн агуулгыг нийтэд түгээх болжээ.

+ There are no comments

Add yours