Европын холбоо өнгөрсөн долоо хоногт цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтын журмыг сулруулж, вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчдад хилээ нээх шийдвэрийг танилцуулсан байна. Европын холбооны гишүүн 27 улсын Элчин сайд нар гадаадаас жуулчин хүлээн авах журмыг баталжээ.
Дээрх журмын дагуу Европын холбоо зөвхөн “Covid-19” халдварын тархалт багатай, вирусийн мутацилагдсан хувилбарууд бүртгэгдээгүй орноос зорчин ирсэн, вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчдыг хүлээн авахаар болсон байна. Энэ журмын дагуу АНУ-ын иргэд Европын холбооны улс руу одоогоор нэвтрэх боломжгүй болж байгаа юм.
Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Вигандын мэдэгдсэнээр тус зөвлөлөөс ЕХ-ны гишүүн 27 улсад зөвхөн Европын эмийн агентлагаас зөвшөөрөгдсөн вакцинд хамрагдсан иргэдийг нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан гэв.
Өөрөөр хэлбэл энэ нь Орос болон Хятад вакцинд хамрагдсан иргэд одоогоор Европын холбооны орнуудад зорчих боломжгүй гэсэн үг юм. Европын холбоо одоогийн байдлаар АНУ-ын “Pfizer/BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson” болон Их Британийн “AstraZeneca” вакцинд зөвшөөрөл олгоод байгаа билээ.
Европын эмийн агентлаг одоогоор ОХУ-ын “Sputnik-V”, БНХАУ-ын “SinoVac”, АНУ-ын “Novavax” болон Германы “CureVac” вакцинд зөвшөөрөл олгохоор, судалгааны ажлыг үргэлжлүүлж байгаа юм.
Харин Хятадын “Sinopharm” компани өөрсдийн бүтээсэн вакцинаа Европын эмийн агентлагаас зөвшөөрөл авах ажил эхлүүлээгүй байгаа аж. Монгол Улсын хувьд иргэдийн дийлэнх нь “Sinopharm”-ийн вакцинд хамрагдсан билээ. Иймд “Sinopharm”-ийн вакцин тариулсан Монголчууд Европын холбооны орнуудад ойрын хугацаанд зорчих эсэх асуудал эргэлзээтэй болж байна. Хятадын “Sinopharm” компанийн “Вероцелл” вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж байгаа юм. Харин ОХУ-ын “Sputnik V” вакциныг дэлхийн 60 орчим улс бүртгэн зөвшөөрөл олгожээ.
Гэхдээ Европын холбоо халдварын тархалт багатай орнуудаас зорчин ирэх жуулчдад вакцинд зайлшгүй хамрагдсан байх шаардлагыг тавихгүй байхаар хэлэлцэж байгаа гэв.
Тухайлбал, тус холбоо одоогоор халдварын тархалт хамгийн бага орнууд болох Австрали, Шинэ Зеланд, Израил, Руанда, Тайланд, Сингапур, Өмнөд Солонгос болон БНХАУ-аас зорчин ирсэн иргэдийг тодорхой шаардлагын хүрээнд чөлөөтэй нэвтрэхийг зөвшөөрөөд байна.
Түүнчлэн халдварын аюулгүй бүсэд тооцогдох орнуудын жагсаалтыг ойрын хугацаанд өргөжүүлэхээ мэдэгджээ.
Энэхүү жагсаалтыг Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллагын зөвлөмжөөр чиглүүлэх бөгөөд халдварын аюулгүй бүсийг тодорхойлохдоо тухайн улсад сүүлийн 14 хоногт өдөрт дунджаар 100 мянган хүн ам тутамд “Covid-19”-ийн халдварын 25-аас илүүгүй тохиолдол бүртгэгдсэн байх, нийт шинжилгээнээс илрэх эерэг сорьцын хувь болон вирусийн мутацилагдсан хувилбарын тархалт бүртгэгдээгүй байх гэх гол шалгуур үзүүлэлтүүдийг тавьж байгаа аж.
Мөн 72 цагийн дотор ПСР шинжилгээний сөрөг хариу гарсан бол вакцин хийлгэсэн эцэг эхийн хамт хүүхдүүдийг заавал вакцин хийлгэхийг шаардалгүй хил нэвтрүүлэх юм байна.
Эх сурвалж: news.mn
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
