Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, ирэх онд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, төсвийн зарлагын реформыг хийж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувьтай байхаар тооцож төсөлд тусгасныг онцоллоо.
Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс төсвийн орлогыг бодитой төлөвлөсөн эсэх, хил гаалиар нэвтрүүлж байгаа нүүрсний хэмжээг зөв тооцсон талаар илүүтэй тодруулж байв. Түүнчлэн хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний талаар болон ипотекийн зээлд улсын төсвөөс хөрөнгө төсөвлөсөн эсэх, холбогдох журамд өөрчлөлт оруулж баталсаныг лавлаж байлаа.
2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа орлогоо сайтар судалж байж, зарлагаа тэр хэмжээгээр тооцох зорилготой ажилласан. Уул уурхайн салбараас бүрдүүлэх орлогын хувьд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ бидний тооцоолсноос доош байвал төсвийн орлогод эрсдэл үүсэх тал байгааг Сангийн сайд хариултдаа онцлов.
Мөн тэрбээр, 2019 онд 43 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон бөгөөд ингэхдээ хил, гаалийн хяналтыг сайжруулах асуудалд анхаарч төсвийн орлогыг бүрдүүлэхийн төлөө чармайж ажиллана гэж байлаа. Тухайлбал, экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэх замаар төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлж татварыг бүрэн хураах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гаалийн шинэчлэлийг 2019 оноос хэрэгжүүлэхээр болжээ.
Гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр Монгол Улс газрын баялгаас татвараа бүрэн авах, улмаар бүтээгдэхүүний сорьцын шинжилгээг хилээр орох, гарах тухай бүр хийж экспорт импортоос олох орлогоо бүрэн хураадаг болно. Үүний тулд хилийн боомтууд дээр эрдэс бүтээгдэхүүн, газрын тос, автобензин, дизель түлшний төрөлжсөн, орчин үеийн лабораториудыг 2019 оноос үе шаттай байгуулж, лабораторийн техник, тоног төхөөрөмж, хүчин чадлыг шинэчлэх ажлыг эхлүүлэх аж. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, 2018 онд Засгийн газар арилжааны банкуудаас зээл авахыг зогсоож, өндөр хүүтэй, хугацаа богинотой гурван их наяд төгрөгийн зээлийг төлсөн. Иймд арилжааны банкууд энэ хэрийн хөрөнгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулж, зээл олгосон. Харин хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох УИХ-ын тогтоол нэгэнт гарсан тул, одоогоор хүсэлт гаргасан хүүхдийн судалгааг хүлээн авч, дүнгээ нэгтгэх ажил хийж байна гэж байлаа.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Засгийн газраас 2019 онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өмнө нь нэг ч төгрөг улсын төсвөөс төсөвлөдөггүй байсан бол ирэх жил 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мэт ядуурлыг бууруулах олон арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2016 онд ажилгүйдэл 10 хувьтай байсан бол 2018 онд 7,7 хувь болж буурсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банктай хамтран зургаан дэд төв байгуулж нийслэлийн төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсныг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан дурдаад, нийслэлийн Баянхошуу, Дамбардаржаа хэсэгт орон сууц барих дэд бүтцийн ажлуудыг эхлүүлээд байгааг дурдав. Мөн ипотекийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмыг боловсруулаад Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал авахаар хүргүүлээд байгаагаа хариултдаа онцоллоо.
2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд улсын төсвөөс 115 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
