Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.22) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, тус зөвлөлийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, шүүх болон шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлыг тусгасан. Үүнээс хойш 2022 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа шүүхийн багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлаар батлуулж байснаа дурдаад тухайн үед хэлэлцүүлэг тасралтгүй 17 цаг үргэлжилж, хамгийн удаан хуралдаж, шүүхийн багц хуулийг хэлэлцэн баталж байсныг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагууд тус тусын чиг үүргээ хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хамтран ажиллах нь чухал. Төрийн эрх мэдэл ард түмнээс эх ундаргатай. Тиймдээ ч төрийн мөн чанар нь ард иргэдийн итгэлийг хүлээсэн байхад оршино хэмээлээ.
Үргэлжлүүлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсанаас хойш таван жил өнгөрч буй учраас Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийж, нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа нэн даруй Улсын Их Хуралд ирүүлэх, Хууль зүйн байнгын хороо хамтран ажиллах шаардлагатай гэлээ. Энэ хүрээнд шүүхийн шинэтгэлийн асуудал нь дан ганц шүүх эрх мэдлийн асуудал бус, энэ шинэтгэлийг гүнзгийрүүлэх, бататгахад Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг төрийн байгууллагууд ямар оролцоотой байх нь 2024 онд батлагдсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д тусгагдсаныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа дурдав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, ажиллах орчин, эрх зүйн орчны шинэтгэлийн үр дүн, тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Улсын Их Хурлын дарга болон уулзалтад оролцсон гишүүдийн асуултад хариулт өгч, нээлттэй санал солилцлоо.
Энэ үеэр шүүхийн багц хууль хэрэгжсэнээс хойш ажиглагдаж буй ахиц дэвшлийг тодотгож байв. Тухайлбал, хэрэг хуваарилалтыг гаднын нөлөөгүйгээр шийдвэрлэж, иргэдийн оролцоог хангаж, шүүх хурлыг дуу, дүрсний бичлэгтэйгээр олон нийтэд хүргэдэг болсон, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар тойм бичиж нээлттэйгээр байршуулдаг болсноос гадна дагнасан шүүх тэр дундаа хялбар ажиллагааны шүүх байгуулагдсанаар бага үнийн дүнтэй хэргүүдийг шийдвэрлэх хугацааны хурд нэмэгдсэн зэрэг ахиц, дэвшил гарсан байна.
Харин цаашдаа шүүхийн үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийн бодлогыг оновчтой болгох, шүүхийн үйлчилгээний орчин нөхцөлийг эргэн харж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухайд хийх зэрэг тулгамдсан асуудлууд байгааг танилцуулж байлаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 4 шүүх түрээсийн байранд, 3 шүүх байргүй, 4 шүүх, прокурорын байгууллагатай хамт нэг байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн хуульд хэрэг хянан шалгах ажиллагааны цахим платформыг үүсгэх тухай тусгасан ч кибер аюулгүй байдлыг хангах дата төвийг байгуулахтай холбоотой эрх зүйн зарим зохицуулалт дутагдаж байгааг хөндөв.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, шүүхийн шинэтгэлийг бататган бэхжүүлэхэд парламентын түвшинд юуг анхаарах, хэрэгжилтийг хариуцаж байгаагийн Шүүхийн ерөнхий зөвлөл юунд төвлөрөх талаар байр суурь сонсох, ойлголцол бий болгох нь энэхүү уулзалтын ач холбогдол болохыг тэмдэглэсэн. Мөн шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ тайлагнал, хариуцлагын зохистой тэнцвэрийг бий болгоход чиглэгдсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний төлөөлөл дутуу байгааг Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авч шийдвэрлэх болно хэмээгээд Улсын Их Хурлын даргын хувьд шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхэд шаардлагатай эрх зүйн бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
