Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нарын албаны хүн угтаж авлаа.


Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Парламентын дарга, Ерөнхий сайд нар бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцохоор төлөвлөж байна.
Айлчлалын хүрээнд талууд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.



Казахстан нь 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласан. 20 гаруй сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт ордог, манай улстай адил далайд гарцгүй.
Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 7 жил болгосон. Ерөнхийлөгч К.Токаев мөн онд 7 жилээр дахин сонгогдсон.


Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 300 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 14,700 ам.доллар.
Эдийн засгийн гол салбар нь байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан.
Газрын тосны хэмжээгээр дэлхийд 12, чулуун нүүрс 9, уран, вольфрам 1, хром, фосфор 2, тугалга, молибдены нөөцөөр 4 дүгээр байрт ордог.


Казахстаны гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 144 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 80 тэрбум, импорт 65 тэрбум ам.доллар болсон.
Хар болон өнгөт метал, хүдрийн түүхий эд, түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн экспортолж, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор авдаг юм байна.
Манай хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар давсан нь 2024 онтой харьцуулахад 7.2 хувиар өссөн гэсэн үг юм.
Манай улс Казахстанд хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, хивсэнцэр, транзит автомашин нийлүүлж, гурилан бүтээгдэхүүн, чихэр, жимс, цагаан будаа, тамхи, коньяк зэргийг авдаг.
Казахстаны 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 74 аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байна.
2025 онд Казахстанаас 24 мянга гаруй хүн манай улсад, манай мөн тооны иргэн Казахстанд зорчсон. Казахстаны 575 иргэн манай улсад оршин суух эрхтэй бол тус улсад манай 4,000 гаруй иргэн оршин суух эрхтэй юм.
2019 оноос хойш Казахстаны Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 25 монгол оюутан суралцдаг болсон.
2024-2025 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшинд 11 оюутан, 2025-2026 оны хичээлийн жилд 22 оюутан элсэн суралцаж байна.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
