Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа.
Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа.
Ерөнхийлөгч дүүргийн иргэдэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн байдал, санаачилсан хууль, түүний дотор чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр улс орон, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, чадамжийг сайжруулах нь төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэлээ.
“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг хэллээ.
Үүнд Налайх дүүргийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолж, талархал илэрхийллээ.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байгааг дурдлаа.
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 4,000 тн буюу 330 сая ам.долларт хүрч, гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 550 мянган хос гутлаар нэмэгдсэнийг хэллээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаагийн 10 гаруй нь Налайх дүүргийнх юм.

Эдгээр хүүхдүүд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.
Налайх дүүрэгт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тухайлбал төсвийн 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 79 Мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, хувийн хэвшлийнхэн 50 Мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц барих гэж байна.
7,850 га талбайд байгуулсан “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик, хөнгөн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болох юм.
Налайхын үйлдвэр технологийн паркад 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8 үйлдвэр, барилга ашиглалтад орж, иргэдийг ажлын байраар хангаж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ашиг орлого, аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал сайжрах, ажлын байр бий болох, байгаль орчноо хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр хэллээ.
Налайх дүүрэг цаашид аж үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, иргэдэд ээлтэй жишиг хот болохыг зорьж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд байхдаа Улиастайн гүүрээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг бүрэн шинэчилсэнд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүүргийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриаллаа.
Тэрбээр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Засаг даргын Тамгын газрын Боловсролын хэлтсийн дарга асан, Үндэсний Техникийн их сургуулийн Эрчим хүч, тээврийн сургуулийн багш, техникийн ухааны доктор, дэд профессор Содномпилийн Гэлэгжамцад Гавьяат багш, “Нэмүүнтөгс” сувиллын үүсгэн байгуулагч, захирал, тэргүүлэх зэргийн их эмч Лхагважавын Өлзийбуянд Хүний гавьяат эмч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төв аймагт ажиллана.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
