Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ.
“Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриатай энэ их хурлаар анхдугаар их хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, цаашдын бодлого, зорилт, стратегиа боловсруулан тодорхойлох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлын нээлтэд оролцон, эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудад амжилт хүсэн ерөөлөө.
Анхдугаар их хурлын “Хандлагаа өөрчилье” уриа тодорхой хэмжээнд биеллээ олж, улс орон шинжлэх ухаанд тулгуурлан хөгжих учиртайг төр, засгаас эхлээд бүх нийтээр ойлгон, шинжлэх ухаанд хандах хандлагад томоохон өөрчлөлт гарч байгааг тэмдэглэлээ.
Цаашид хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Төсвийн санхүүжилтийг нь нэмэх, санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох, Шинжлэх ухаан, технологийн санг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх, шинжлэх ухааны салбарт Үндэсний баялгийн сангаас хөрөнгө төвлөрүүлэх зэрэг цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ.
Гадаад бодлогын салшгүй нэг хэсэг нь боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацын харилцаа, хамтын ажиллагаа юм.
Шинжлэх ухаан, технологийн гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд идэвх зүтгэл, санал, санаачилгатай ажиллах ёстойг тэмдэглэлээ.
Мөн олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, судалгааг эрчимтэй хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хилийн чанадад байгаа эрдэмтэн, судлаачдаа сургалт, судалгааны ажилд зайнаас татан оролцуулах нь чухал байгааг хэллээ.
Эрдэмтэн, судлаачид нийгмээ соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр олон нийтийг хамарсан, өргөн цар хүрээтэй нөлөөллийн ажил хийж байхыг уриаллаа.
Таван жилийн өмнө зохион байгуулсан анхдугаар их хурлаар шинжлэх ухааны салбарынхан тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, гарц, гаргалгааг хэлэлцэн, УИХ, Засгийн газар, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодод хандан зөвлөмж гаргасан юм.
Тус их хурлаас гаргасан зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан 379 дүгээр тогтоол амжилттай хэрэгжиж байна.
УИХ өнөөдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Үүний дүнд Урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх олон зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдлээ.
Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалт ид өрнөж, лабораторийн зориулалт бүхий гурван гол объектыг энэ онд ашиглалтад оруулна.
Нэгдсэн цогцолборыг түшиглэн салбар дундын судалгааны томоохон төвүүд байгуулж, судалгаа-үйлдвэрлэл-инновацын нэгдэл бүхий дэд бүтэц болгон өргөжүүлэн хөгжүүлэх юм.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
