E-Mongolia систем албан ёсоор нээгдсэнээсээ хойш буюу 2020 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл 86 байгууллагын 1200 гаруй үйлчилгээг цахимжуулж, нийт 1.7 сая хэрэглэгчтэй болоод байна. Сард дунджаар 400 мянган хүн ашиглаж буй тус системийн 3.0 хувилбарыг “И-Монгол Академи” улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ) -аас өнгөрсөн оны тавдугаар сард олон нийтэд танилцуулж, шинэ үйлчилгээнүүдээ хүргэж эхэлсэн бол өнгөрсөн гуравдугаар  сард эмийн жорын мэдээлэл солилцох боломжийг хангуулж E-Mongolia систем дээр нэвтрүүлээд байгаа билээ. Ингээд тус УТҮГ -ын гүйцэтгэх захирал Б.Мягмарнарантай ярилцлаа.  

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт 19 дэх жилдээ ажиллаж буй тэрбээр өмнө нь “М-Си-Эс Электроникс” компанид ахлах инженер хүртэл дэвшин ажиллаж байгаад Харилцаа холбоо Зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын даргын албыг тус тус хашжээ. Улмаар Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын Бодлогын газрын дарга, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирлаар томилогдон ажилласан байна.

Тун саяхан танай баг Эстони улс руу томилолтоор яваад ирлээ. Цахим шилжилтээрээ тэргүүлэгч Европын энэ улсыг зорьсон шалтгаан, амжуулсан ажлуудынхаа талаар бидэнтэй хуваалцана уу? 

Монгол Улс “Нээлттэй засаглалын түншлэл” (Open Government Partnership) олон улсын байгууллагын гишүүнээр элсээд удаагүй байна. Нийт 75 гишүүн улстай уг байгууллага аливаа улс орны засаглалыг нээлттэй, ил тод болгох, ард иргэдийн оролцоог идэвхжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гишүүн орнуудынхаа дунд нэгдсэн чуулганыг тогтмол зохион байгуулдаг нь энэ жил Эстони улсад болсон бөгөөд манай улсаас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй баг очиж оролцсон. Энэ үеэр өөрсдийн баримталдаг үндсэн зарчимд нийцсэн, яг одоо тухайн газар орон, бүс нутагт идэвхтэй хэрэгжүүлж буй шилдэг төслүүдийг онцолж, хүндэт өргөмжлөл олгосны дунд E-Mongolia төсөл багтсан. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Засгийн газрын таван “Ш” ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөл болон манай E-Mongolia төслийг санал болгосноос манай систем ийнхүү шалгараад байна. 

Мөн энэ үеэр айлчлалын баг тус улсад зохиогдсон Digital Summit арга хэмжээнд оролцож, цахим шилжилтээр тэргүүлж яваа Эстонийн зарим байгууллагаар зочилж туршлага судалсан. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тус улсын Ерөнхий сайд болон парламентын даргатай уулзсан бол “И-Монгол Академи” -ийн хувьд Мэдээлэл технологийн төв, Архивын газар, e-Governance Academy -ийн төлөөлөлтэй уулзсан. Өнөөдөр Эстони улс төрийн үйлчилгээгээ 99 хувь цахимжуулж чадсан байна. Ердөө гуравхан үйлчилгээ л цахимжаагүй үлдсэн нь гэрлэлт, салалт, эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээ байгаа юм. 

Өнгөрсөн тавдугаар сард E-Mongolia 3.0 хувилбарыг олон нийтэд танилцуулсан. Ингэснээр ямар давуу тал, шинэчлэлүүд бий болсон бэ? 

Манай хамт олон E-Mongolia системийн дэд бүтцийг тасралтгүй сайжруулж, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг нь хангаж ажилладаг. Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 25 -нд шинэ үйлчилгээнүүд бүхий E-Mongolia 3.0 хувилбарыг олон нийтэд танилцуулсан. Тухайлбал, иргэний төрд буй мэдээллүүдийг системд холбосноос гадна ухаалаг чатботтой болсон. Нэг үгээр, иргэн үйлчилгээ авахын тулд заавал E-Mongolia системд хандах бус манай ухаалаг чатбот руу холбогдох хүсэлтээ бичиж, тухайн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн. Дээр нь гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтын хугацаа дуусах дөхсөн бол урьдчилан сонордуулга очих функц бүхий системийг нэвтрүүлээд байна. Мөн тухайн хэрэглэгчийн нэр дээр бүртгэлтэй авто тээврийн хэрэгсэл Улаанбаатарыг тойрон байрласан зургаан товчооны аль нэгээр нэвтэрсэн тохиолдолд цаг, минутын нарийвчлалтай нэхэмжлэх илгээх зэрэг шинэчлэл ч багтсан. Сонордуулгыг хэрэглэгч E-Mongolia системтэй холбосон өөрийн хувийн сошиал медиа хаяг, и-мэйл, мессенжерээр ч авах боломжтой. 

Цахим хөгжлийн багц хууль батлагдсан нь E-Mongolia системийн үйл ажиллагаа болон танай баг хамт олны ажил урагшлахад хэрхэн нөлөөлсөн бэ?

2021 оны арван хоёрдугаар сард Цахим хөгжлийн багц хууль хэмээх дөрвөн хууль батлагдсан. Эдгээр хуульд бидний хөгжүүлэх ёстой үндсэн болон дэмжих системийг маш тодорхой тусгаж, зааж өгсөн байдаг. Мөн хувь хүний мэдээлэлд хандах, аюулгүй байдлыг хамгаалах нөхцөлийг илүү тодорхой болгосон. Өмнө нь иргэний мэдээлэлд хэн хандаж байгаа нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байна гэсэн санал хүсэлт, гомдол их ирдэг байсан бол шинэ хуульд энэ бүхнийг тодорхой зааж өгснөөр мэдээлэл хариуцагч байгууллага тухайн иргэний мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан тохиолдолд зөвшөөрөл авах, заавал мэдэгдэл хүргүүлэх зэрэг заалтыг тусгасан байдаг. Нэг үгээр, Цахим хөгжлийн багц хууль батлагдсан нь Монгол улсын цахим шилжилт болон бидний хувьд томоохон давуу талыг бий болгосон. 

Өнөөдрийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан иргэд, хувийн хэвшил нийт 44 сая үйлчилгээг цахимаар авсан байна. Энэ нь 881 тэрбум төгрөгийн шууд болон шууд бус зардал, 70 сая цагийг иргэнээс хэмнэж чадсан гэсэн үг. Эдгээр үзүүлэлт бол бидний ажлын үр дүн, бахархал.  

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа” урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулахдаа “Цахим үндэстэн” болох стратегийн зорилгыг багтаасан байдаг. Үүнтэй E-Mongolia -ийн үйл ажиллагааны чиглэл хэрхэн уялдаж байгаа вэ. Та бүхэн олон нийтийн цахим ур чадварын тэгш бус байдал, мэдээллийн хүртээмжийн ялгаатай байдлыг бууруулах чиглэлээр ямар алхмууд хэрэгжүүлж байна вэ?  

Одоогоор E-Mongolia систем 1.7 сая хэрэглэгчтэй. Монголын насанд хүрсэн иргэдийн 74 хувь нь манай системийг ашиглаж байна. Харин үлдсэн 26 хувийг судалж үзэхэд нэгт, технологийн ур чадвар багатай, өндөр настай иргэд, хоёрт, интернэтийн сүлжээ, ухаалаг гар утасны хэрэглээ хязгаарлагдмал байдлаас үүдэн цахимаар шууд үйлчилгээ авах боломжгүй орон нутгийн голдуу иргэд, гуравт, гадаадад амьдарч буй монголчууд байгаа нь судалгаагаар тодорхой болсон. Гадаад дахь монголчуудын хувьд өөрийн нэр дээр гар утасны дугааргүй учраас нэг удаагийн кодоор нэвтэрч чадахгүй байх, эсвэл цахим гарын үсгээ аваагүй зэрэг шалтгаанаар E-Mongolia -г ашиглаж чадахгүй байгаа тул энэ чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. 

Цахим шилжилтийг хурдасгаж, цахим үндэстэн болно гэдэг нь бид нэг үйлчилгээг хөгжүүлж цахимжуулснаар бий болчихгүй. Үүний цаана иргэдийн бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх шаардлага бий. Тиймээс бид технологийг өөрийн хэрэглээний түвшинд бүрэн ашиглаж дадсан иргэдийг бэлдэх зорилготой. Энэ ч үүднээс манай байгууллагат Цахим ур чадварын газар гэж тусдаа бий. Уг газрын хамт олон маань мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх үүднээс иргэд, төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд зэрэг тодорхой бүлэгт чиглэсэн зорилтот сургалтуудыг зохион байгуулдаг. 

Энэ жилийн тухайд бид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Бүх нийтийн Цахим ур чадварыг сайжруулах” Үндэсний аяныг гурван жилийн хугацаатай зохион байгуулах санаачилгыг гаргаж, ажил хэрэг болгохоор явж байна. Хэрэв энэ санаачилга хэрэгжиж эхэлбэл гурван жилийн хугацаанд бид Монгол Улсын иргэд, тэр дундаа төрийн албан хаагчид, E-Mongolia ашиглах нь харьцангуй бага байдаг ахлах ангийн сурагчид, залуучуудад чиглэсэн үйлчилгээнүүд хөгжүүлэхээс гадна сургалт, контентуудыг түлхүү хийхээр төлөвлөж байна. 

Ер нь цахим шилжилтийн хамрах хүрээ, нэвтрүүлсэн байдлаараа манай улс дэлхийд ямар түвшинд яваа вэ?  

НҮБ -аас хоёр жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс” -ийг танилцуулдаг. 2022 онд Монгол Улс 191 улсаас 74-т эрэмбэлэгдсэн нь 2020 оныхоос даруй 18 байр ахисан үзүүлэлт. Ирэх жил бид уг байраа дахин ахиулна гэсэн итгэл үнэмшилтэй ажиллаж байна. Монголчуудын хувьд цахим бичиг үсэг тайлагдсан байдал 45 хувь буюу хангалтгүй түвшинд байгаа. Тэгэхээр энэ чиглэлд цаашид анхаарч ажиллана. 

Манай улсын 22-оос доош насны залуучуудын 27 хувь нь л E-Mongolia системийг ашигладаг гэсэн судалгаа бий. Магадгүй энэ насныхан дунд төрийн үйлчилгээ авах шаардлага харьцангуй бага байдаг нь ийм үзүүлэлтэд хөтөлсөн болов уу. Тиймээс E-Mongolia -г огт ашиглахгүй байгаа залуучуудад системийнхээ онцлогийг таниулах, хэрэглээг нь өсгөх үүднээс оюутнуудад зориулан тусгай булан үүсгэж, үйлчилгээнүүд нэмэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна. Учир нь өнөөдөр Монголд 10-17 насны 500 мянган хүүхэд байгаа нь 6-7 жилийн дараа E-Mongolia системийн хэрэглэгчид болж шууд орж ирнэ. Энэ утгаараа бид залуучуудад чиглэсэн үйлчилгээ, аппликэйшн хөгжүүлж, цаашид E-Mongolia ашиглаж дадсан, бичиг баримтаа биетээр авч явдаггүй залуу үеийг бүтээхийг зорьж байна.  

E-Mongolia системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд ямар шат дараатай алхмууд өрнөсөн бэ?  

Өнгөрсөн хугацаанд зөвхөн E-Mongolia гэсэн ганц төсөл л хэрэгжсэн бус, үүний цаана технологийн суурь дэд бүтцийг байгуулах ажил олон жил өрнөсөн. Монгол Улсын газар нутгийн хэмжээ 1.56 сая км.кв буюу асар өргөн уудам учраас алслагдмал аймаг, сумдыг холбосон шилэн кабелийн үндэсний сүлжээг байгуулахад багагүй хугацаа, хөрөнгө мөнгийг зарцуулсан байдаг. Ингэж явсаар Засгийн газраас санаачилсан бүх аймгийг холбох шилэн кабелийн сүлжээний төсөл 2013 онд амжилттай хэрэгжиж дууссан. Энэ ажил эхэлсэн хугацааг тооцвол 2006 оноос яригдана. Ингээд мөн ондоо буюу 2013 онд энэхүү суурь дэд бүтэц дээ тулгуурлан төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж, ТҮЦ машинаар лавлагаа авах анхны үйлчилгээг нэвтрүүлсэн бол 2018 онд “Үндэсний дата төв” төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг бий болгосон. Үүнээс жилийн дараа танилт, нэвтрэлтийн нэгдсэн систем ДАН -г хөгжүүлж нэвтрүүлсэн зэрэг шат дараатай алхам нь өнөөдрийн E-Mongolia системийн үндэс суурь болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүлэн оролцсон идэвхтэй санаачилгын үр дүнд үе үеийн шилдэг инженер, техникийн ажилтнуудын хүчээр E-Mongolia -ийн суурь дэд бүтэц бүрэлдсэн байдаг. 

Иргэд өөрийн хувийн мэдээллээ E-Mongolia системээс олж үзэх боломжтой гэдэг утгаараа энд их хэмжээний дата цугларч байна гэж ойлгодог. Тиймээс E-Mongolia систем мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж буй нь хүмүүсийн анхаарлыг татах болсон? 

Мэдээллийн аюулгүй байдлын хувьд манай байгууллага хэн нэгний мэдээллийг өөрийн мэдээллийн сан, систем дээрээ огт хадгалдаггүй. Харин иргэдэд E-Mongolia системээр дамжуулан тухайн мэдээлэл хариуцагч байгууллагын мэдээллийн сангаас өөрийн хүсэлтийн дагуу мэдээллээ татаж үзэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, мэдээллийн сангийн найдвартай, аюулгүй, бүрэн бүтэн ажиллагааг тухайн мэдээлэл хариуцагч байгууллага өөрөө хариуцдаг гэсэн үг.  

Яг үүнтэй холбоотой хүүхдийн мөнгөний асуудал үүсэж, E-Mongolia дахь иргэдийн мэдээлэл буруу зөрүү, алдаатай байна гэсэн шуугиан дэгдсэн. Гэтэл бодитоор шалгаад үзэхэд, иргэдийн өөрсдийн тоомжиргүй хандлагаас болж хаягийн шилжилт хийгээгүй гэх мэт байдлаас үүдэн мэдээлэл хариуцагч байгууллагад бүртгэгдсэн мэдээлэл нь зөрсөн асуудал үүссэн байсан. Тиймээс бид энэ үл ойлголцлыг залруулах үүднээс “Үндэсний дата төв” тэргүүтэй мэдээлэл хариуцагч байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, мэдээллийн найдвартай, аюулгүй байдлыг хангахыг зорьж байна. 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард та бүхэн E-Business системийг олон нийтэд танилцуулсан. Бизнес эрхлэгчдэд зориулан төрийн үйлчилгээг ингэж цахим хэлбэрээр, нэг дороос хүргэж эхэлснээр процессыг хялбарчлахаас гадна авлига, хүнд суртлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад ямар бэрхшээл тулгарч байна вэ? 

“И-Монгол Академи” УТҮГ -аас бизнес эрхлэгч хүн бүрд зориулсан E-Business платформыг энэ оны дөрөвдүгээр сарын 6 -нд албан ёсоор нээсэн. Үүний үр дүнд, хуулийн этгээд үүсгэн байгуулахаас эхлээд татан буулгах хүртэлх үе шатуудыг цахимжуулж, бүх төрлийн зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. E-Mongolia бол иргэн, төр хоорондын харилцаанд зориулагдсан систем. Харин E-Business -ийг хувийн хэвшил ба төрийн харилцаанд зориулан хөгжүүлснээрээ ялгаатай. Нэг үгээр, бид нэг платформыг иргэн болон хуулийн этгээд үйлчилгээ авах байдлаар хоёр ангилж, илүү ойлгомжтой, цэгцтэй, төвлөрсөн байдлаар үйлчилгээ авах нөхцөлийг бий болгосон. 

E-Business системийн тухайд аливаа хуулийн этгээдтэй холбоотой үйлчилгээг авахад хүнээс хамаарсан байдлыг аль болох багасгах чиглэлээр бид ажиллаж байна. Жишээлбэл, компани байгуулахын тулд нэр сонгох, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх, тамга захиалах, Татварын ерөнхий газарт бүртгүүлэх, данс нээлгэх гэх зэрэг зургаан шатлалт үйлчилгээг авах шаардлагатай болдог. Үүнээс бид төрөөс хамаарч буй нэр сонгох, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх гэсэн процессыг анх удаа цахимжуулсан. Мөн цөөнгүй салбарын хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг нэгтгэн цахимжуулж, цаашид цахим хэлбэрт бүрэн шилжүүлэхээр ажиллаж байна. Харин иргэд E-Business системд нэвтэрч, өөрийн компанитай холбоотой лавлагаа, мэдээлэл, татварын мэдээллийг шууд авах боломжтой. 

“И-Монгол Академи” УТҮГ -ын хувьд цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? 

Бид хиймэл оюунд тулгуурлан хувь хүн бүрийн онцлогт тохирсон үйлчилгээг хөгжүүлж, илүү проактив, шинэлэг бүтээгдэхүүн санал болгохыг зорьж байна. Нэг ёсондоо, тухайн үйлчилгээг зөвхөн цахим хэлбэрээр хүргээд орхих бус төрд байгаа иргэний мэдээллээр дамжуулж хувь иргэнд зориулсан үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ер нь олон үйлчилгээ цахимжуулах гэхээс илүү иргэн бүрд хүрсэн үйлчилгээг санал болгох нь бидний зорилго. Мөн ойрын хугацаанд бид 2023 оны Засгийн газрын 233 дугаар тогтоолтой холбогдуулан бүх тусгай зөвшөөрлийг цахимжуулж, нэгдсэн сан бүрдүүлэхээр төлөвлөсөн. Товчоор, маш их цаас, процесс шаарддаг ажлыг цахим болгох төслийг Засгийн газартай хамтран цаашид ч хэрэгжүүлнэ гэсэн үг. Энэ тухайд Цахим хөгжил, харилцаа холбооны яам маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой төр оролцохгүй, зөвхөн хувийн хэвшлийн байгууллагууд хариуцан хөгжүүлэх 32 үйлчилгээний жагсаалтыг Засгийн газраас тун саяхан баталсан.  

Энэ бүхнээс гадна “И-Монгол Академи” УТҮГ -ын хийхээр төлөвлөж буй хамгийн том ажил бол дээр дурдсан бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх үндэсний аяныг зохион байгуулах. Уг аяны хүрээнд бид нэгт, орон нутгийн иргэд, хоёрт, төрийн албан хаагчид, гуравт, багш нар, дөрөвт, ахлах ангийн сурагчид, тавд, бидний орон нутгийн хэмжээнд бэлтгэх сургагч багш нар, зургаад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн зорилтот бүлгүүдэд хүрч ажиллахаар төлөвлөсөн. Энэ ажлыг манай УТҮГ -ын бүх нийтийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлээр ажилладаг сургалтын нэгж дээр төвлөрөх юм. Энэ аян амжилттай хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрч байж бид цахим үндэстнийг төлөвшүүлж бэлдэнэ. Цаашлаад цахим үндэстэнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ гэсэн алсын хараатай ажиллаж байна. 

+ There are no comments

Add yours