Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: “Тендерчин” Х.Болорчулуун

 УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.

Парламентад 2012 оноос хойш гурвантаа улиран сонгогдсон гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай холбоотой “адал явдал” үргэлжилсээр байна. Тэр бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан зээл авсан гишүүдийн нэг. Тэрбээр эрх мэдлээ ашиглан “Дорнод гурил” ХХК-даа 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсныг хуулийн байгууллагаас 2021 онд тогтоосон юм. Тухайн үед тэрбээр уг компаниа 100 хувь эзэмшдэг байжээ. Одоо эзэмшлийн хувь нь тав болж буурсан сурагтай. У.Хүрэлсүх МАН-ын дарга байхдаа албан тушаалаа ашиглан дээрх сангаас зээл авсан гишүүдийг сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй гэж амласан. Гэвч Х.Болорчулууны хэргийг шалгаж дуусаагүй, эцэслэн тогтоогоогүй байсан учраас ямар нэг саадгүйгээр нэр дэвшсэн аж. Тендерийн будилаан, ЖДҮХС- тай нэр холбогдоод байхад нь л дорнодынхон түүнийг дахин сонгосон байгаа юм. 

Хувьдаа гурилын үйлдвэртэй, хүнсний салбарын бизнес эрхэлдэг энэ гишүүн 2019 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болсон. Байнгын хорооны даргаар томилоход нь ч иргэд эсэргүүцэж байв. Гэтэл 2022 оны аравдугаар сарын 30-нд тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар томилогдон дэвших нь тэр. Ичих булчирхайгүй, улс төрч хүний ёс зүйгүй ийм хүнийг Ерөнхий сайд хүмүүсийн шүүмжлэлийг үл харгалзан сайдаар томилсон юм. Мань эрийг сайд болмогц гурилын үнэ 50 хувиар өссөн нь тохиолдол уу, түүний “явуулга” уу гэсэн эргэлзээ бий. Бид хардах эрхтэй. 

Тэрбээр “Дорнод гурил”-аас гадна “Дорнод газар”, “Саруул өргөө констракшн” ХХК-тай нэр холбогддог. “Дорнод газар” ХХК нь сайдын төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ, “Саруул өргөө констракшн” ХХК нь дүү Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэнгийнх гэнэ. Дүү нарынх нь уг хоёр компани 2018 оноос хойш төрөөс нийт 20.9 тэрбум төгрөгийн тендер авсан тухай eguur.mn сайтад өнгөрсөн долоодугаар сард мэдээлжээ. “Дорнод газар” ХХК 2018 оноос хойш нийт 17 тендерт шалгарч найм, “Саруул өргөө констракшн” ХХК 11 тендерт ялж 12.9 тэрбум төгрөг авсан тухай уг сайтын нийтлэлд бичсэн байна. Мөн иргэн О.Цэрэнтогтох энэ сарын 9-нд ХХААХҮ-ийн сайдын булхайг илчилсэн баримтуудыг АТГ-т өгч шалгуулахаар болсноо мэдээлж байв. Тэгвэл энэ сарын 17-нд сэтгүүлч Х.Ган-Ялалт мөн Х.Болорчулуун сайдтай холбоотой хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрбээр өнгөрсөн 7-8 сарын турш сайдтай холбоотой баримт, мэдээлэл цуглуулсан аж. Ингээд “Х.Болорчулуун хамаарал бүхий компаниудаараа дамжуулан 94.9 тэрбум төгрөг төрөөс авсан байж болзошгүй. Энэ тухай мэдээллийг холбогдох байгууллагад өгч шалгуулна” хэмээн мэдэгджээ. 

“Дорнод газар” нь голдуу цахилгаан, эрчим хүчний, “Саруул өргөө констракшн” нь барилгын салбарын ажил гүйцэтгэх тендер “авдаг” юм байна. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар найз. “10 хувийн” хочтой Ц.Даваасүрэн гишүүнийг Эрчим хүчний сайдаар ажилласан 2017-2020 онд “Дорнод газар” ХХК таван удаа энэ салбарын ажил гүйцэтгэх 1.5 тэрбум төгрөгийн тендерт ялж байжээ. Мөн Дорнод аймгийн Чойбалсан хот дахь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ажил гүйцэтгэх хэд хэдэн гэрээг уг компанитай хийсэн аж. Уг ТӨХК-ийн захирал нь Х.Болорчулуун сайдын худ гэнэ. Нэг компани байнга тендерт ялдаг “азтай” байх боломжгүй. Тэгэхээр сайдын найз нөхөд, хамаатан садангийн “тус дэм”-ээр хамаарал бүхий компаниуд нь төрийн ажлыг хамдаг гэж хардахаас аргагүй. УИХ-ын гишүүн, сайдын хамаарал бүхий компаниуд нь эрчим хүч, хүнс, барилгын салбарын тендерүүдэд байнга ялж, ялангуяа Дорнод аймгийг “атгачихсан” байгаа нь яавч хэвийн санагдахгүй нь. Эдгээр компани тендерт хууль ёсны дагуу оролцож, ялсан уу, “дээрээс” нөлөөлсөн үү гэдгийг хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоох биз ээ. 

Х.Болорчулууныг “тендерчин” гэж зүгээр ч нэг хочлоогүй нь энэ бүхнээс харагдаж байна. Эрх мэдэл, албан тушаалаа хувийн бизнестээ ашиглах нь ёс зүйгүй, бас увайгүй үйлдлийн тод жишээ.

Ийм нөхцөлд төрийн өндөр сэнтий рүү ойртуулах нь байтугай улс төрийн хүрээнээс явуулах учиртай. Гэвч манайд тэгэх тусам нь эрх мэдлийг нь нэмж, дэвшүүлдэг “гаж” жишиг үйлчилдэг. Нам нь ёс зүйгүй гишүүнийхээ толгойг ингэж илж, хамгаалдаг юм байж. Харин сонгогчид хэрсүү байж, түүнд хариуцлага тооцох учиртай. Дорнодчууд Х.Болорчулуундаа “хайртай” юм бол бүсчилсэн тойрогт багтах бусад аймгийнхан эрх ашгийн зөрчилтэй түүнийг улс төрөөс холдуулж өгье.

Эх сурвалж: unuudur.mn

+ There are no comments

Add yours