Бүлэглэлийн эсрэг мөс зүссэн шалтгаан…

Өнгөрсөн хоногуудад улс төрийн намуудаас АН яах ч аргагүй олны анхаарлын төвд байв. Аргагүй ч үгүй байх, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг дотроо жийлцсэн АН-ыг хэзээ нэгдэж нам гэсэн статусаа хадгалсан ажлуудаа эхлүүлэх бол хэмээн хүлээсэн хүлээлт нийгэмд үүсээд удаж буй. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд нэг намын хэт сонирхолгүй улс төр, эрх мэдлийн тэнцвэргүй байдал зэргээс үүдэлтэй МАН-д нөлөөлөхүйц хүчтэй сөрөг хүчнийг өөрийн эрхгүй үгүйлэх болсон энэ цаг үед АН-д өрнөсөн бүхнийг чих тавин чагнаж, амьсгал даран хүлээх нь аргагүй юм. Тэгвэл ийм нэгэн хүлээлтийн дор АНд өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явц буюу нам дагасан бүлэглэл амилсан зураглалыг зурах гэж оролдьё. 

Улс төрийн нөлөө бүхий нам гэгдэх статусаа хадгалж, сөрөг хүчин шиг сөрөг хүчин байгаасай хэмээн хүсдэг олон монголчуудын хүслээр Ардчилсан нам хэмээх томоохон айл өрхөө татаж, үүдээ нээсээр даруй 30 жилийг үдэж. Энэ 30 жилийн 20 гаруйд нь угсарсан сүлжээ буюу  улс төр эдийн засгийн бүлэглэлийн тооцоололгүй дүр болж нэгэн этгээд орж ирсэн нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байв. Гайхаж байна уу, Ардчилсан намын дотоодод үүссэн асуудлыг хөндөж байгаа атлаа Монгол Ардын намын даргыг тэгээд зогсохгүй Монгол Улсын Ерөнхий сайдыг ярихаар… Монголын улс төрд мөс зүсэж 20 гаруй жил угсарсан сүлжээ дундуур өөрийн жимээ гаргаж орж ирээд зогсохгүй хоёр жилийн турш хүмүүсийн шүдний өвчин болж түр зуурын шокын байдалд оруулсан гол “гэм буруутан” Л.Оюун-Эрдэнэ бол жинхэнэ гэнэтийн цохилт, сэхээ авахад хэцүү даваа болсон нь чимээгүй үнэн юм. Тэр яаж ингэж чадав??? 

Учиггүй зүү байдаггүй, учиргүй амьдрал хөвөрдөггүй гэдэг биз дээ. Нам хэрсэн “бүлэглэл” хэрхэн үүсэж, бас хэрхэн батаждаг юм бэ? Энэ бүх асуултын хариуг нэхэж, үүссэн асуудлын араас хэсэгхээн хөвөрдөөд үзвэл яасан юм??? 

Магадгүй жаахан амьсгаа аваад бүлэглэлд алдсан боломж, алдаагаа засах тооцоог цаг алдалгүй бодож, эхнээсээ хэрэгжүүлж эхэлсэн болон одоо ямар шатандаа явааг нэхэн санацгааж болно биз дээ??

1. Ардчилсан нам 2020 оны сонгуульд нүдээ аниад С.Эрдэнэ дээр бооцоо тавихаас өөр аргагүй хэмээн үзэж, олонхиороо түрж нөхөр дээр бооцоо тавьсан. Мэдээж үр дүн нь алдаа гэдгийг нотолж сонгуульд АН “утаа” болсон. 

2. Сөрөг хүчин болох Ардчилсан намыг авах алхам эхлэв. Бүлэглэлийнхэн маш хүчтэйгээр намын даргад С.Баярцогтыг зүтгүүлсэн боловч бүлэглэлийн тооцоонд тухайн үед байгаагүй Л.Гантөмөр гарч ирээд тооцоо будилуулж дарга болчихов. Үнэндээ,  Л.Гантөмөрийг мэдээлэл удаж, саармагжиж очдог “хөдөөнийхөн” буюу орон нутгийнхан дэмжсэнээр ялалт байгуулж Ардчилсан намын дарга болсон. Харин “бүлэглэл” алдаагаа маш хурдан засаж Л.Гантөмөрийг Солонгост урин уулзалт зохион байгуулж бүлэглэлийн танхимд нь элсүүлж, үүрэг чиглэлээ өгч баталгаажуулав. Бүлэглэлийн мөн чанар “өмнөх алдаагаа давтахгүй байх зөвхөн өөрсдийн хүмүүсээр хоёр намыг хэрүүлж аль нам ялсан ч бүлэглэл олонхи болох замыг сонгох” юм. Мэдээж, эрх мэдэл албан тушаалтай байхыг хүссэн хэн ч энэ мэхэнд орно, /за элсэж гэж ч болох юм/ ингэснээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хувь тэнцүүлэх буюу иргэдээс санал авахгүй бүлэглэлийн гишүүд шууд сонгогдох боломж бүрдэнэ гэсэн үг. Товчхондоо “бүлэглэл” УИХ-д  40-өөд хүнтэй байхад сөрөг хүчинтэй нийлээд ямар ч Засгийг унагаах боломж бүрдэнэ. /  УИХ-ын гишүүн 76 эсвэл 126 байсан ч ялгаагүй гэсэн үг/

3. “Бүлэглэл”-ийн хувьд нэгэнт УИХ-д 40-өөс доошгүй хүнтэй болохын тулд Ардчилсан нам дээр бүх боломжоо гаргаж тултал ашиглахын тулд тус намыг 100 хувь “бүлэглэл”-ийнх болгох шат дараалсан ажиллагааг эхлүүлсэн байдаг. Үүнд, ҮБХ буюу шийдвэр гаргах бүтэцэд олонхи болох. Мөн жагсаалтад орох буюу бүлэглэлийн эрх ашиг хангах гишүүн болох эхний 18 орчим  хүнийг жагсаах үзүүлэлт болох  дэд дарга, УТЗ зэргээр Ардчилсан намын удирдах бүрэлдэхүүнд оруулах.  Үүнийг тэд маш сайн хийж чадсан учир Ардчилсан намын дэд дарга, УТЗ-д монголын ард түмэнд ад үзэгдсэн ч захын нэгэн таних гэдэг шалгуураар 60 насны босгоо хэдийнэ алхсан Амаржаргал, Эрдэнэбат болон Ганболд, Баярцогтыг намын удирлага руу оруулж ирэн ирэх 2024 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтаа тодорхойлов.

Үнэндээ, Ардчилсан намд хөдөөнийхөн буюу бүлэглэлд хамааралгүй өөрсдийгөө “Гантөмөрийн баг” гэж хөөрсөн хүмүүсийг хүчгүйдүүлэх, цөөнх болгохын тулд С.Эрдэнийн хамаарал бүхий 90 орчим нөхдийг дүрэм зөрчин ҮБХ болгосон нь Л.Гантөмөрийн Ардчилсан нам 392+92 =484 орчим ҮБХ гишүүнтэй болж “өөрсдийгөө олонхи” гэж хөөрцөглөсөн “хөдөөнийхөн” цөөнхийн цөөнх болж асуудал шийдэхэд маш амар болчихов. Ингэж “хөдөөнийхөн” буюу Л.Гантөмөрийг намын дарга болгоход гол хүч болсон нөхдүүд намын ерөнхий нарийн бичгийн даргыг авах гэж шахалт үзүүлж эхлэнгүүт “бүлэглэл”-ийнхэн яаралтай арга хэмжээ авч, хөөрцөглүүлж хүчгүйдүүлэх замаар эхний алхамыг амжилттай хэрэгжүүлж, С.Баярцогтыг дэмжсэн 123+90=213 “бүлэглэл”-ийг дэмжсэнээр намын үндсэн баг бүрдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам олонх болсноор Л.Гантөмөрт Их хурлын даргын албан тушаал амалж, С.Баярцогтыг Ерөнхий сайд болгох тохироог амжилттай хийж, санаачилгыг буюу бүх удирдлагыг С.Баярцогт хэрэгжүүлж явахаар тохирсон “бүлэглэл”-ийнхэн Ардчилсан намын тэргүүн дэд дарга, генсек гэдэг гол тоглогчоор С.Баярцогтыг томилох бүх нөхцөл бүрдэж асуудал шийдэгдсэн юм. 

 4. Монгол Улсын Ерөнхийлөгчид “үе үеэрээ, үнээ тугал хамтдаа” гэсээр урд хождын сайхан бүхнийг хаман ярьсаар очсон С.Баярцогт “МАН-ыг дунд нь хагалах” 01-ийн нэр дор “бүлэглэл”-ийн гишүүдийг тойрог, жагсаалтад оруулах хорыг хийхдээ, мэдээж зүгээр орхиогүйн учралаар 01 болон 03-ын хооронд удаан хугацаанд гүйлгэсэн “хар муур” амжилттай болж,  01 “бүлэглэл”-ийн талд баталгаа болж, хөдлөх бэлтгэл бүрэн хангагдсанаар үүнээс хойш “бүлэглэл” ялах, “бүлэглэл” амилах бүх нөхцөл алхам алхамаар биежиж асуудалгүй болсон гэсэн үг. 

 5. 2024 оны сонгуульд “бүлэглэл” ялахын тулд “бүлэглэл” биш нэр нөлөө бүхий нөлөөллийг бий болгохын тулд жагсаалт гаргаж, ямар нэгэн байдлаар худалдан авах зэрэг бүхий л аргаар Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хаан банкны боломжоор мэдээлэл санхүүг бэхжүүлж ирэх сонгуулийн бэлтгэл ажлыг эхлүүлэв. 

6.  Одоо “бүлэглэл” сэргэх, амилах ард түмний боломжийг хулгайлсан 20 жил шигээ нэгдэж, хүчтэй байх төрийн эрхийг барих хугацаа дөхсөн энэ үед “бүлэглэл” нэртэй бөөгнөрлөөс салах цаг болоод буйг сануулж, сэхээрүүлж бичихээс өөр арга үгүй мэт…

Үргэлжлэл бий…

+ There are no comments

Add yours