Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өчигдөр орсон борооны дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хийх ажлын талаар хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Долоодугаар сарын 23-нд орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа усанд өртсөн. 54 дэд өртөөнд холбогдсон 14 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 53 дэд өртөөний 11 мянга хэрэглэгчийн цахилгааныг сэргээлээ. Нэг дэд өртөөний 4036 хэрэглэгчийн цахилгааныг зоорийн давхрын усыг соруулж дуусахаар холбоно. Нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс Шуурхай штабыг байгуулж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж буй. Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Налайх дүүргийн 66 хорооны байршилд нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн 693 ажилтан, алба хаагч 105 техниктэй үүрэг гүйцэтгэж байна хэмээлээ.
Үерийн улмаас зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулж байна. 52 байрны зоорийн давхрын усны хэмжээ бага тул иргэд, СӨХ хамтран усыг зөөжээ.
Геодези, усны барилга, байгууламжийн газар Нарны гүүр, Алтай хотхон, Замын цагдаагийн газар, Энхтайваны гүүр, Гэгээнтний уулзвар, 19-р хорооллын арын зам, 120 мянгат орчим, Вокзал зэрэг байршлуудын зам талбайд тогтсон 686 тн усыг машинаар, 11 мянган шоо метр усыг зөөврийн насосоор тус тус соруулсан. Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар Баянмонгол хороолол, Сэлбэ хотхонд орон сууцны подвалийн усыг соруулах ажлыг 267 хүн 21 техниктэй хийж байна.
Мөн Налайх дүүргийн орчимд усанд боогдсон 11 тээврийн хэрэгсэл, 59 иргэнийг аюулгүй газар гаргажээ.
Долдугаар сарын 24-ний 08:00 цагийн ажиглалтын мэдээг өмнөх өдрийн мөн үеийнхтэй харьцуулахад Сэлбэ, Тэрэлж зэрэг голын усны түвшин 1-3 см нэмэгдэж, Сэлбэ гол Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 8 см давсан бол Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 45 см нэмэгдэж, үерийн түвшинг 18 см давлаа.
Онцгойгийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өнөөдөр, маргааш түр зуурын аадар бороо орно гэсэн мэдээлэл бий. Мөн өмнө нь ус тогтдоггүй байсан байршилд ус тогтож байгаагийн шалтгаан нөхцөлийг тодруулах шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа.
Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Тоног төхөөрөмж, хүн хүч горимын дагуу ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Өчигдөр 203 мянган шоо метр ус ирсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүд шороотой усаа шууд бохирын шугам руу хийж байгаа нь хүндрэл учруулж байна” гэлээ.
Хотын дарга ажлаа шуурхай зохион байгуулж, бэлэн байдалд бэлтгэл ажлыг хангаж, мөн зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхээр газар ухсан зөрчлийг арилгах зэрэг үүрэг, чиглэл өгсөн юм.
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
