2022 оны хөдөлмөрийн аваргууд шагналаа гардан авчээ

Дэд бүтэц /эрчим хүч, уул уурхай, дулаан цахилгаан, зам, тээвэр, харилцаа холбоо, шуудан үйлчилгээ, барилга угсралт, хот тохижилт, ус хангамж, сувагжуулалт/-ийн салбарын хөдөлмөрийн аваргаар Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын зам талбайн үйлчлэгч Даваажавын Мөнхөө шалгарлаа. Д.Мөнхөө нь улсад 32 жил үүнээс хот тохижилтын салбарт нийт 9 жил ажиллаж байна. Нийтийн үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллахдаа өдөр тутам нийтийн эзэмшлийн 8726 м2 зам талбайн бункерийн хог хаягдал, арчилгаа тордолгоо, цас мөсийг цэвэрлэдэг.

No photo description available.Хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах /цагдаа, онцгой байдал, шүүх, прокурор, цэрэг, шүүхийн шийдвэр, шүүхийн шинжилгээ/ салбарын хөдөлмөрийн аваргаар Цагдан хорих байрын дарга Сэр-Одын Отгонбат шалгарлаа. Цагдан хорих байранд сүүлийн 3 жилийн байдлаар хоригдол хохирогдогчийн өрөөний чийглэг, дулаан, хоолны илчлэгийг мэргэжлийн байгууллагаар шалгуулахад улирал тутам стандартын шаардлагад нийцсэн дүгнэлт гарсан. 9 удаагийн хяналт шалгалтын ажлыг явуулсан. Хоригдол, хохирогдогч нарын зүгээс орголт, гэмт хэрэг зөрчил, зүй бус нас баралт сүүлийн 3 жилд гараагүй.

No photo description available.Санхүү, эдийн засгийн салбарын хөдөлмөрийн аваргаар Цээл сумын санхүүгийн албаны дарга Маньбадарын Дадьмаа шалгарлаа. М.Дадьмаа тус байгууллагад тасралтгүй 36 жил ажилласан бөгөөд жил бүрийн сумын төсвийн орлогыг 104,8-126,7 хувиар давуулан биелүүлж ажилласан. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, төсвийг зохистой удирдан өр, авлагагүй ажиллаж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг дагаж мөрдөн, өр авлага гаргалгүй, орон нутгийн төсвийг 38 сая төгрөгөөр хэмнэж ажилласан.

Боловсрол /сургуулийн өмнөх боловсрол, суурь боловсрол, бүрэн дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, их дээд сургуулийн багш нар/-ын салбарын хөдөлмөрийн аваргаар Дэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгч Гунгаагийн Цэрэнжав шалгарлаа. Г.Цэрэнжав боловсролын салбарт номын санчаас эхлүүлэн бага, дунд ангийн багш, мэргэжилтэн, эрхлэгч зэргээр бүх шатанд ажилласан. 2022 онд Улсын хэмжээнд зохион байгуулагдсан багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 4 түвшинд үнэлэгдсэн. Мөн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр улсын түвшинд 1-р түвшинд шалгаран хамт олноороо 21,3 сая төгрөгөөр шагнагдсан. Хувилбарт сургалтаар малчин өрхийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж илтгэлээр аймагт тэргүүлж, БШУЯ-наас гаргасан сайн үйл ажиллагааны туршлага номд бичигдэж, талархал хүлээсэн. Багшийн хөгжил дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Шинэ санаа, тэргүүн туршлага өдөрлөгт” 3-5 насны хүүхдийг солонгын өнгө ашиглан хөгжим тоглуулж сургах аргачлалаараа тэргүүн байр эзэлж 800,000 төгрөг, нөүтбүүкээр шагнуулсан.

Соёл урлаг, спорт, хэвлэл мэдээлллийн салбарын хөдөлмөрийн аваргаар Орон нутгийг судлах музейн мэдээллийн санч Очирхуягийн Нэргүй шалгарлаа. Ч.Нэргүй нь түүх соёлын үл хөдлөх 1200 дурсгал газрын 5849 дурсгал, түүх соёлын хөдлөх 4251, дэсийн 4248 дурсгал, соёлын биет бус өвийн 649 өвлөн уламжлагчийн бүртгэл судалгааг улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд дамжуулсан байгаа нь аймаг орон нутгийн соёлын өвийн бүртгэлд судалгааны гол тулгуур болж байна. Тонхил сумын нутагт хүн чулуун хөшөөг нээж илрүүлэн эртний хүн чулуу өгүүллэг бичсэн нь судлаачдын анхаарлыг татан, судалгааны багт ажиллаж, Монгол нутагт олдоод байгаа чемерчук чулууны тоог 2-оор нэмэгдүүлж 4 болгож археологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан.

Спортын салбарын хөдөлмөрийн аваргаар Бугат сумын харьяат, Аварга лицей сургуулийн оюутан Дашнямын Гантөгс шалгарлаа. Д.Гантөгс нь “Жиү Жицү”-ийн МУ-ын аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр, БНСУ-д болсон өсвөрийн Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа 5-р байр, Жүдо бөхийн МУ-ын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын нэрэмжит тэмцээнд 2-р байр, 2022 онд МУ-ын Залуучуудын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд 1-р байр эзэлж, “Залуучуудын аварга” болсон амжилт үзүүлсэн.

Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аваргаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ц.Пүрэвсүрэн шалгарлаа. Ц.Пүрэвсүрэн нь 2022 онд 1217 хүнд эрүүл мэндийн анхан шатны болон нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг үзүүлэхийн хамт, амбулаторийн үзлэгээр 3035 жирэмсэн эхчүүдэд ургийн эхо хийн эмнэлзүйн зөвлөгөө өгч ажилласнаар 7 ургийн гажигтай эхийг эрт оношилж, 7 ихэр болон 4 үр шилжүүлсэн жирэмсэн, 3 ихэс түрүүлэлт, эх барихын ужиг дурдатгалтай, олон жирэмслэлт бүхий ээжүүдийг амжилттай хянаж, 2 тохиолдол умайн хүзүүний дутмагшил оношилж, 150 кесар хагалгааны 58, эмэгтэйчүүдийн хагалгааны 28-ыг тус тус хийж, 213 эхийг амжилттай төрүүлсэн.

Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн аваргаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын тариалангийн үйлдвэрлэл, техник технологи хариуцсан мэргэжилтэн Буудайн Гайтав шалгарлаа. Б.Гайтав нь Койка олон улсын байгууллагаас БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан “Ухаалаг хөдөө аж ахуй” сургалтад суралцаж ухаалаг хүлэмжийн аж ахуй байгуулах 3 сая долларын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан. Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ТЭЗҮ-г боловсруулахад эрдэмтдийн багтай нягт хамтран ажилласан. 33 жил тасралтгүй хөдөө аж ахуйн салбарт ажиллаж өөрийн хувь нэмрийг оруулсан.

Төрийн захиргааны салбарын хөдөлмөрийн аваргаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч Тэрбиш Энхцэцэг шалгарлаа. Т.Энхцэцэг төрийн захиргааны албанд 30 жил тогтвор суурьшилтай ажиллаж, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийг сайжруулах, төсвийн орлогын төлөвлөгөө биелүүлэх, төрийн сангийн тогтолцоог төлөвшүүлэх, хяналтыг сайжруулан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, санхүүгийн зөрчилгүй ажиллах талаар идэвх санаачилгатай ажиллаж байна.

Нийтийн хоол, худалдаа, ахуйн үйлчилгээний салбарын хөдөлмөрийн аваргаар Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн тогооч Түгжчомбын Алтантуяа шалгарлаа. Т.Алтантуяа нь дотуур байрны болон сурагчдын аюулгүй байдлыг хангаж өрөө байрны тохижилт болон тэдний боловсролыг дээшлүүлэх гарын авлага материалыг бэлтгэж, багш нартай хамтран зөвлөгөө өгч ажиллахаас гадна өдөр бүр 198 сурагчдад хоолоор үйлчлэн, багш, эцэг эхчүүдээр амталгаа хийлгэн үнэлүүлдэг. Боловсролын салбарын инноваци шингэсэн шилдэг бүтээл-2022 үзэсгэлэнд үдийн хоол хөтөлбөрөөр тэргүүн байр эзэлсэн

+ There are no comments

Add yours