Засаг дарга О.Амгаланбаатар цээл сумд ажиллажээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2023.01.29-ний өдөр Цээл сумд ажиллаж, малчдад “Алтайн малчдын түншлэл-88” төслийн талаар танилцуулга мэдээлэл хийж, санал солилцлоо.

Мөн тус сумаас багийн малчдаа төлөөлөн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирсэн малчид явсан ажлаа тайлагнан, танилцуулга мэдээлэл хийж:

“Үйлдвэр байгуулж, үйлдвэрийн эзэн болсноор бид өөрсдөө хамгийн том нийлүүлэгчид байх тул малаа эрүүлжүүлж, чанаржуулах, ноос ноолуур арьс бэлтгэхдээ бохирдол, гэмтэл багатай байлгах тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй юм.” хэмээн онцолсон юм.

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар:

“Хэн нэгэн эрх мэдэлтэн ирж үйлдвэр байгуулж өгч, бидний амьдрал ахуйг дээшлүүлнэ гэж хүлээж суулгүй 8000 малчид маань нэгдэж үйлдвэртэй болох шийдэлд хүрсэн нь бидний өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэж байна. Хамтрал, нэгдэл, хоршооны сайн жишгүүд дээр тулгуурлаж, үйлдвэртэй болох нь малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг нэмэгдүүлж, малчдын амьдрал ахуй сайжрах, ажлын байр нэмэгдэх, цаашлаад аймаг орон нутаг хөгжих хамгийн зөв зүйтэй шийдэл юм. Малчид маань нэгдэж, үйлдвэр байгуулах энэхүү ажилд та бүхний гаргасан хөрөнгө дээр нэмж, Монгол Улсын Засгийн газар, ЖДҮ-г дэмжих зээл, Улс, Орон нутгийн төсөв гэх мэтчилэн төрөл бүрийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэх мэтчилэн бид хийж чадах бүх зүйлээ хийх болно.Гол нь та бүхний санаа зорилго нэгдэх нь чухал юм.” Хэмээн мэдэгдлээ.

+ There are no comments

Add yours