Сэтгүүлч Х.Ган-Ялалт: Сэтгүүлч баримтыг олон нийтэд гаргаж тавилаа, одоо хууль хяналтын байгууллага ажиллах ёстой

Сэтгүүлч Х.Ган-Ялалт: Сэтгүүлч баримтыг олон нийтэд гаргаж тавилаа, одоо хууль хяналтын байгууллага ажиллах ёстой

Т.Аюурсайхан гишүүнтэй хамаарал бүхий асуудлаар Парламент телевизэд өгсөн ярилцлагыг хэсэгчлэн буулгасныг эндээс уншина уу.

Та захиалгатайгаар Засгийн газар тэр дундаа Т.Аюурсайхан гишүүн рүү дайралт хийж байгаа юм уу?

1-р сарын 16-нд хэвлэлийн хурал хийж холбогдох материалуудыг ТЕГ, ЦЕГ-т өгөхөөр ТЕГ-ын гадаа хийсэн. Би Т.Аюурсайхан гишүүнийг гүтгээгүй. Энэ сүлжээ, холбоосоор нүүрсний хэрэгт холбогдсон байж болзошгүй байна аа гээд тухайн баримтуудыг хүлээлгэн өгсөн. Одоо энэ асуудлыг ТЕГ, ЦЕГ, АТГ гээд гурван байгууллага нь шалгах ёстой. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн менежментийн баг нэрээр орж ирсэн хүмүүсийн ес нь Т.Аюурсайхан гишүүнтэй тодорхой хэмжээгээр хамааралтай байгаа нь эхлээд анхаарал татсан юм. Би гишүүнийг гүтгээгүй, хойноос нь хөөж элдээгүй, өөр элдэв өс хонзон байхгүй. Нүүрсний хулгайтай холбоотой материалыг өнгөрсөн оны зургаадугаар сараас эхэлж хөөцөлдсөн. 2022 оны зургаадугаар сард манай сэтгүүлч Ханги-Мандалын боомт дээр очоод сурвалжилга хийж ирээд Хятадын “Ти Ти Энд Ти Си” ХХК нь БНХАУ-ын төрийн өмчит “Норинко” компанитай хамааралтай юм байна. Энэ компанийн доор 12 компани байдгаас тэд нь энд ажиллаж байна. Тэгээд хилийн бүсээс ердөө 12 км газар дотор ийм үйл ажиллагаа явуулж байна. Тэнд иргэд, Монгол Улс гэж байхгүй болсон байна. Энэ асуудлыг цааш нь судалъя гэж энэ ажил эхэлсэн. “Норинко” группийг судлаад явж байтал оффтэйк гэрээ ороод ирсэн.

Т.Аюурсайхан гишүүн Эрдэнэс Тавантолгойн менежментийн багтай ямар ч холбоогүй гэсэн. Би МОХ-ны гишүүн биш байгаагүй гэхдээ Б.Ганхуягийг танина аа гэсэн?

Би Т.Аюурсайхан гишүүний масс.мн дээр өгсөн яриаг харсан. Бүгдийг нь үгүйсгэсэн байна лээ. Ер нь үйлдэл дээрээ баригдсан хулгайч ч би аваагүй л гэдэг. Уг нь намайг ярья гээд дуудаад байхад надтай нүүр тулаад ярилцчихвал гоё байхгүй юу. Гэхдээ “Норинко” групп, нүүрс гээд судлаад явахад ганц Т.Аюурсайхан гишүүн биш түүний цаана дахиад гурван УИХ-ын гишүүн, нэг сайд байгаа шүү.

Шалгагдаж байгаа, яллагдагчаар татагдсан их хурлын гишүүд байхад яагаад онцгойлоод Т.Аюурсайхан гишүүнийг сугалсан юм бэ?

Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор 17 холбогдогчийн нэрсийг зарлахад Т.Аюурсайхан гишүүний нэрийг яагаад зарласангүй вэ гэдэг асуултаас эхэлсэн. Ш.Раднаасэд гишүүн Т.Аюурсайханы туслах, зөвлөхүүд нь баривчлагдсан биз дээ гээд АТГ-ын гадаа бачуураад орилсныг хараад нэгдүгээрт, цаг нь болсон. Хоёрдугаарт, үүнээс удвал Т.Аюурсайхан гишүүнтэй холбоотой материал бүдгэрээд алга болох юм байна гэж харсан. Шударга таван гишүүний дөрөв нь албан тушаалд очоод амаа хамхиад алга болсон, Чингэлтэй дүүргийн нэг гишүүн нь үлдсэн. Би ч тэр үед түүнийг супер гэж хүндэлж байсан. Гэтэл сүүлд нь энэ хүн яагаад ХНХ-ын сайд болчхов гэж гайхсан. Тэгээд тэр угшлыг нь гаргаад ирсэн. “ЭТТ” ХК-ийн менежментийн баг гээд ийм баг оруулчихсан хүн албан тушаалаар яах юм бэ.

Баттулгын Ганхуяг. “ЭТТ” ХК-ийн захирал, МАН-ын шинэчлэлийн хорооны гишүүн. Найзууд. 2016 оны сонгуулийн дараа “ЭТТ” ХК-ийн дэд захирал, 2018 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон хүн. Түүнийг гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш томилогдсон менежментийн багт нь Баатарын Отгонжаргал “ЭТТ” ХК-ийн худалдан авалтын албаны дарга, ерөнхий аудитор. Худалдан авалтын албаны дарга нь ерөнхий аудитор байж болох уу? Б.Отгонжаргал нь Т.Аюурсайхан гишүүний туслах, зөвлөх, найз, хамаатан, сонгуульд нэр дэвшихэд нь цалингаасаа таван сая төгрөг хандивласан. Бүр сонгуульд нь штабын даргаар ажиллаж байсан ийм хүн. “ЭТТ” ХК-ийн худалдан авалтын газрын даргаар нь бас л МАН-ын шинэчлэлийн хорооны гишүүн М.Бат-Эрдэнэ гэж залуу томилогдсон байгаа юм. Дараа нь Б.Ганхуягтай гэр бүлийн найзууд, “ЭТТ” ХК-ийн борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга, МАН-ын шинэчлэлийн хорооны гишүүн Алтангэрэлийн Чинзориг гээд хүн орж ирнэ. Чинзоригийн эхнэр Гүнсэнгийн Оюун нь гадаад худалдаа, аялал жуулчлал, хэвлэлийн эх бэлтгэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бүүк Чэйн” гэдэг компанитай. Х.Нурлат “ЭТТ” ХК-ийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, МАН-ын шинэчлэлийн хорооны гишүүн, Засгийн газрын БЭТ томилогдсон байхад Элгэн компанийн данс руу 2.9 тэрбум төгрөг шилжүүлэх гэж байгаад баригдсан үйлдэлдээ тус компанийн худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, ерөнхий нягтлан Алтанцэцэг нарын дөрвөн хүн халагдсан. “ЭТТ” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч Алтанцэцэг өмнө нь МОХ-ны нягтлангаар ажиллаж байсан.

“ЭТТ” ХК-ийн уул уурхайн газрын дарга, МАН-ын шинэчлэлийн хорооны гишүүн Б.Мөнхбаатар гээд энэ хүмүүс бүгдээрээ чөлөөлөгдчихсөн байгаа. Энэ хүмүүс шууд Б.Ганхуягийн удирдлага дор ажиллаж байсан учраас нөлөөлөл байна аа гэж үзэж байгаа. 

Гэхдээ Т.Аюурсайхан гишүүн МОХ-той ямар ч холбоогүй гэдгээ хэлсэн.

Миний гаргаж тавьсан бүхэн эцсийн байдлаар тогтоогдсон нотолгоо биш. Нэг нь гаргасан материалаа хамгаална, нөгөөх нь явж байгаа мэдээллийг үгүйсгэхээс өөр арга байхгүй. Би цуглуулсан материалаа нотлох шаардлагагүй, ТЕГ, ЦЕГ гээд албаныхан нь тэр нотолгоогоо олоод шалгаж, тогтоох ёстой.

“ЭТТ” ХК дээр ийм хамаарал байж магадгүй нь гэж хардаж байгаа юм байна. Норинко групп дээр яаж холбогдож байгаа юм бэ?

“Норинко” группийг Хятадын төрийн өмчит групп гэж мэдээлсэн. Гэтэл яг судлаад үзэхээр “Норинко” группийн 60 хувийг нь Хятадын төрийн өмчит хоёр компани хувааж эзэмшдэг. Үлдсэн 40 хувийг нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг болохоор төрийн өмчит компани гэхэд эргэлзээтэй болж байгаа юм. Нүүрсний сонсгол дээр эдийн засагч Чимэддорж гэдэг хүн “Норинко” төрийн өмчит компани биш гэдгийг хэлсэн. “Норинко интернэйшнл кооперэйшн” ХХК групп Хятадын Шинжааны хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй. Монголд төлөөлж байгаа “Норинко Монголиа” гээд компани нь 1.1 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй. Тэгтэл манай Монголд 1.5 тэрбум ам.долларын тендерт орчихсон. Компанийнхаа зах зээлийн үнэлгээнээс давсан тендерт орчихсон. 2020-2022 онд “Норинко” Монголд орж ирээд Засгийн газартай оффтэйк гэрээ байгуулсан.

“Ти Ти Си Энд Ти” компаниар дамжуулаад Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж байна. Хонгконг дахь охин компаниараа дамжуулан нүүрс худалдан авч байна. Энэ компани монголын нэг ч компани оруулалгүй туслан гүйцэтгэгчээр зөвхөн өөрсдийн компаниа оруулж ирдэг. Туслан гүйцэтгэгч 12 компани байгаа. 11-р сарын 25-нд “Пид транс”, “Ди Жи Кэй ложистик”, “Ти Ти Си Энд Ти”, “Говь круз” гэх дөрвөн компани нь Хятад захирлаа өөрчилж, Монгол Улсын иргэн Амарбаясгалангийн Солонго, Шагдарсүрэнгийн Цэрэнпил гэдэг хоёр хүн дээр шууд шилжүүлчихсэн.

Энэ хүмүүсийг тэгээд яаж холбоод байгаа юм бэ?

2020 оны 5-р сарын 15-нд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд гэж байгаад Т.Аюурсайхан гишүүний бичсэн жиргээ байдаг. “ҮАБЗ-д өгөх чиг үүрэгтэйгээр 2019-2020 онд ҮАБЗ-ийн байнгын бүрэлдэхүүнд орж ажиллаа. Энэ өндөр хариуцлагыг дааж, нэр төртэйгөөр биелүүлэхийн тулд өөрийгөө маш их сорьж дайчилж ажиллаа. Улс орон, ард иргэдийнхээ хувь заяатай холбоотой хамгийн нарийн чухал шийдвэрийг гаргахад гар бие оролцож ажилласнаа нандигнан эрхэмлэх болно” гэж жиргэсэн. 2019, 2020 онд оффтэйк гэрээ байгуулагдсан. ҮАБЗ-д хэдхэн хүн байдаг. Асуудал дээр санал өгөөд явсан хүмүүс гар бие оролцоно оо доо, тэд санал оюунаа чилээж ээ гэдэг энэ утгууд дээр орж ирсэн. Тэгэхээр оффтэйк гэрээн дээр нөлөөлсөн хүмүүсийн нэрс дотор Т.Аюурсайхан гарцаагүй ороод ирж байгаа юм. Бид хардах эрхийнхээ хүрээнд энэ бүхнийг цуглуулсан. Бусдыг нь цагдаагийн байгууллага нь шалгаад тогтоох байх. Мөн үүн дээр хүчтэй орж ирдэг “Нормаунт” гээд компани байгаа. “Ти Ти Жи Би Си Өү” гээд компанийн Монгол талын захирал нь Э.Оюутцэцэн гээд ороод ирнэ. Э.Оюутцэцэнгийн эцэг нь Ц.Энхболд гээд Уул уурхайн хүрээлэнгийн дэд захирал гээд нүүрс, алтад ойр бүх албан тушаалыг хашиж байсан хүний хүүхэд нь Хятадын нүүрсний компаниуд дээр хувьцаа эзэмшигчээр ороод ирнэ.

Хүмүүс “Глоб Интернэшнл” ТББ-ыг холбож оруулж ирлээ гээд дайрсан. Би ч бас 2004 оноос хойш сэтгүүлч хийхдээ “Глоб Интернэшнл” гэж байгууллагын тусыг хоёр удаа авсан. Наранжаргал гэж өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байсан.

Т.Аюурсайхан гишүүн ээжийгээ “Шинэ Эхлэл” компанид ажиллаж байхад нь л нэг, хоёр удаа очсон гэсэн. Ягаан, цэнхэр тасалбараар ажиллаж байсан компанийнхаа хувьцааг авсан юм байна лээ, надад хамааралгүй гэсэн тайлбарыг өгсөн.

Т.Аюурсайхан гишүүний ээж М.Саранхүү 1995 онд “Шинэ Эхлэл” компанийг байгуулсан байдаг. 2018 оныг хүртэл түүний нэр байсан, тэгээд өөрчлүүлсэн. Сэтгүүлчид тэрийг нь гаргаад ирэхэд миний гарын үсгийг хуурамчаар зурсан, одоо энэ бүртгэлээ засах байх гэж мэдээлэл хийсэн. Энэ тухайд иргэний бүртгэлийн төвөөс тодруулахад хэн нэгнийг компани дээрээ бүртгүүлэхэд ядаж регистрийн дугаар нь хэрэгтэй. Ийм байхад Т.Аюурсайхан гишүүний зөвшөөрөлгүйгээр компани байгуулах ямар ч боломжгүй, түүнийг компани дээрээ бүртгүүлэх боломжгүй гэдгийг хэлж байгаа юм. 2019 онд Т.Аюурсайхан гишүүн өөрийгөө хасуулчихсан “Шинэ Эхлэл” ХХК нь 2019 оноос “Шинэ Эхлэл Түм” гэсэн нэртэй болсон. “Шинэ Эхлэл Түм” компанийнх нь хувьцаа эзэмшигчээр Ж.Мягмар, М.Түмэнжаргал гэх ойрын хамаатнууд нь яваад эхэлсэн. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь өөрчлөгдөөд байхаар нь дахиад шалгая гээд 1-р сарын 6-нд үзэхэд “Шинэ Эхлэл Түм” ХК-ийн захирал нь Г.Баяраа гэдэг хүн болчихсон байгаа юм. Хятадууд шиг бүртгэлээ цэвэрлэдэг хүн бол Т.Аюурсайхан гишүүн шүү. Т.Аюурсайхан гишүүн маш сайн цэвэрлэдэг, бид маш сайн ухдаг. Энүүгээрээ л бид өнөөдөр яг тэнцсэн. Яг үнэндээ энэ материалуудыг өгөхөд хүчний байгууллагууд ч намайг хардсан. Чи бүр тусгай ажиллагааны хүрээнд ажилласан байна гэсэн. Уг нь цахим мэдээллийн орчинд хайлт хийгээд, хүмүүсээс нь тодруулаад мэдчих боломжтой.

Х.Ган-Ялалт гэж хүн хэдэн оноос сэтгүүлзүйд орсон бэ?

Би 2002 оноос сэтгүүлчээр ажиллаж байгаа. Яг намайг эрэн сурвалжлах сэтгүүлзүй рүү шуналыг маань татсан хүн бол Жаргал гэж эрэн сурвалжлах сэтгүүлч эгч байдаг. Бас Долгорын Цэнджав мундаг. Миний сэтгүүлзүйн багш бол Ж.Батбаатар багш. Би МУБИС-ийг төгссөн. Сэтгүүлчээр ажиллаад хориод жил болсон байна. Энэ дундуур цагдаагийн хэвлэл, мэдээллийн албанд ажиллаж үзсэн. Дүүргийн хэвлэлийн албыг хариуцаж ажиллаж үзсэн. Улс төрд, төрийн тусгай албанд ажиллаж үзсэн гэсэн үг. Одоо бол сэтгүүлч мөрдөгч, яллагч, шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч бүгдийнх нь ажлыг хийдэг болчихсон байгаа байхгүй юу.  Хойноос нь хөөж элдээд л, ярилцлага аваад л, чи энийг хийсэн биз дээ гэж дайраад л байдаг болсон. Сэтгүүлзүй тэгж өөрчлөгдсөн. Тэгэхээр сэтгүүлзүйн хүрээнд би энэ хүртэл нь гаргая гээд ажилласан, энэнээс хойш шалгаж, тогтоох ёстой нь хууль хяналтын байгууллага. Гэхдээ нэг хэргийг гурван газар шалгахгүй. Тийм болохоор дундаа шидэгдэнэ. Бүх материалаа гурав хувилаад гурван газар өгчихөөр дундаа шидэгдээд алга болчих болохоор үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал гэдгээр нь нүүрстэй холбогдоод ороод ирэхээр нь энэ хэргийг нь тагнуулд нь өгье. Албан тушаалаа ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн үү тэрийг нь АТГ нь шалгаг. Гэмт хэргийн шинж чанартай юу, нийгмийн хэв журмыг зөрчсөн үү эргээд тэр нь улсын аюулгүй байдалд нөлөөлсөн үү гэдгийг цагдаа нь шалгаг гээд гурав хуваарилж материалаа хүлээлгэн өгсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс цааш хөгжье гэвэл нүүрс, зэс дагасан мафийг ил болгохоос өөр сонголтгүй

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс цааш хөгжье гэвэл нүүрс, зэс дагасан мафийг ил болгохоос өөр сонголтгүй

Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Түүний хувьд ХНХ-ын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын...