Нүүрс тойрсон дуулиан-1

“Алдагдсан” мөргөцөгийн мөрөөр…

Манай сурвалжлах баг найман сараас хойш нүүрсний гэх тодотголтой нүүрстэй холбоотой асуудлын мөрөөр хөөж, баримт цуглуулж, эх сурвалжтай уулзах зэрэг ажлыг тасралтгүй хийсээр буй билээ.

Нүүрсний хулгай… гэх сэдэв хөндөгдөж, улс төрчдийн анхаарлыг татаж, ээлж дараалан энэ талаар ярьж эхлэхээс өмнө бид Дорноговь аймгийн нутагт байрлах Ханги боомт дээрээс анхны сурвалжилгаа эхлүүлж байв.  Ингэж эхлүүлсэн ажил маань өнөөдрийг хүртэл зогсоогүй явсаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд оршдог Тавантолгойн нүүрсний уурхай дээр ирсэн нь учиртай.

…Тавантолгой ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах MV-0287 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай Эрдэнэс тавантолгой компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай баруун, зүүн, хойд талаараа хиллэдэг бөгөөд Тавантолгой компани нь 2021-2014 онд өөрийн тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайн хилийг хэтрүүлэн Эрдэнэс тавантолгой компанийн ашиглалтын талбайн дөрөвдүгээр давхаргын 4-а, 4-б болон 5-р давхаргаас нүүрс олборлосон нь тогтоогдож байгаа. Гэвч тусгай мэдлэг бүхий шинжээчдийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүдээр тус компани нь нүүрс тээврийн болон хөрс тээврийн уурхайн замыг байгуулахын тулд зэргэлдээ талбай руу зайлшгүй байдлаар хэтэрч нүүрс олборлосон тогтоогдсон. Уг үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй ба ашиглалтын талбайн хил давж олборлосон нүүрсийг буцаан авах асуудлаар хоёр тал харилцан тохиролцож, гэрээ байгуулсан бөгөөд дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн маргаан болох нь нотлогдсон…  хэмээн үргэлжилсэн Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-нд 255 дугаартай тогтоолоос үүдэлтэй.

Тавантолгой ХК-ийн 51 хувийг орон нутаг, 16.9 хувийг “Шандас импекс” компани, 19.9 хувийг “Ажнай” корпораци, 12.4 хувийг бусад хувь хүн, компаниуд эзэмшдэг. Ухаж байгаа үндсэн талбайнаасаа бусдаар  зүүн, хойд, баруун, зүг тойроод Эрдэнэс Тавантолгой буюу орон нутгийн Тавантолгойн нүүрсний орд газарт байрлах Тавантолгой хариуцлагатай компанийн хувьд өнөөдөр улс төрчдийн эрх баригч намын “толгойн өвчин” болтлоо шаналгасан байгаа зүйл нь ердөө л маш бага талбайд, маш бага хүчээр маш ашигтай ажиллаж байгаа байдал нь юм. Энэ ч утгаараа сүүлийн өдрүүдэд сошиал сүлжээнд “мөргөцөг алга болчихсон”, “уулыг тэр чигээр нь хулгайлчихсан” мэтээр их ярих, бичих болж, учрыг ухаараагүй иргэд “алга болсон уулаа нэхэж байна” хэмээн хашхиралдаж, ар хударгаар нь эрх баригч намын зүгээс “нүүрсний хулгайч” хэмээн нэр томьёо гаргаж ирэн… ёстой л юу болчихов гэмээр хөөрцөглөж, дуу шуу болоод буй. Даяараа, дамаараа давлагаалсан энэ хэд хоногт алсын бодолтой, холын нүүдэлтэй хоржин улс төрчдийн хөлд мөрөөрөө ажлаа хийж байгаа уурхайчид, жолооч нар нэрвэгдэж, улсаас хамаарахгүй төсвөө бүрдүүлж, амар жимэр ахуй хонхортоо амьдардаг нэгэн сум, аймгийн асуудал тэнгэрт тулж, газарт багтахаа больтлоо олны анхаарлын төвд орж ирэв.

Ёстой л хөлтэй нь гүйж, хөлгүй нь мөлхтөл анхаарал татсан энэ бүхний эцэст “Мөргөцөг гэж юу юм бол? Үнэхээр алга болчихсон юм уу?” гэсэн асуудлын мөрөөр бид ч бас явсан, энэ эрлийн үзүүр ийнхүү “алга болсон” хэмээн дуулиан дэгдээсэн гэх мөргөцөг дээр ирж сурвалжлахад хүргэв, хэвлэл мэдээллийнхнийг…

Тавантолгой хариуцлагатай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бидний эрэл сурал болж ирсэн Мөргөцөг Эрдэнэс Тавантолгой компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай баруун, зүүн хойд талаараа хиллэж оршдог юм байна. Өөрөөр хэлбэл улс төрчдийн алга болсон хэмээн шоудаж, олны анхаарлыг татаад байгаа Мөргөцөг нь хоёр компани өөрсдийн эзэмшил бүс нутагтаа нүүрсний олборлолтоо хийх явцад хоёр талаас нь үүссэн хилийн зурвас шиг хана үүсгэсэн зурвас газар байв.

Газар дээр нь ирээд, учрыг нь лавлах зуур ойлгосон зүйлээ маш энгийн үгээр хөрвүүлэхэд, “энэ ханыг нураахгүй бол машин техник, хүн дарагдах нуралт үүсэх гэх мэт аюултай учир улсын комиссын дүгнэлт гарч компаниуд тохиролцон комисс гарган акт хийж нураалт хийж. Ийм нөхцөлд тэсэлгээ хийдэг нь олборлолт хийж байгаа газрыг талх шиг зүсээд авах боломжгүй учир хөрш компанийн бүсэд орших талбай руу орж ажиллах хэрэг гардаг гэнэ. Ингэснээр нөгөө компанийн мэдлийн газарт компанийн техник орж, олборлолт хийдэг аж. Ийм нөхцөлд хоёр компаниас ажлын хэсэг гаргаж ажиллаж гэрээ акт хийж гэрээний дагуу тухайн газраас гарсан нүүрсийг чанар хэмжээгээр буцаан өгдөг гэнэ”. Ийм л зүйл болж. Бүх л газар болдог л ажиллагаа гэсэн үг. Мэдээж энэ бүхнийг тухайн үед болсон бүх процессын зураг бичлэг, гаргасан акт гэрээ мөн нийслэлийн прокурорын газар прокурорын тогтоол гаргасныг  та бүхэн харж байна.  2019 оны долоодугаар сарын 3-нд хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх хэлтсээс 2020 ны зургаадугаар сарын 22-нд 102А тогтоолыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэргийн шинжгүй иргэний эрх зүйн маргаан болох нь нотлогдсон гэж тогтоол нь биднийг мөн “угтав”.

Тавантолгой ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженер П.Мөнхтуул, хамгийн том андуурал бол манай хоёр уурхайн нэр гарахаар хоёр уурхайг нэг гэж ойлгодог. Угтаа Эрдэнэс Таван толгой 100 хувь төрийн өмчит компани. Харин Тавантолгой компанийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмч, 49 хувийг нь дэлхийн 23 орны 2300 гаруй хүн хувьцааг нь эзэмшдэг. Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг уурхай. Манай уурхай 277 га талбайд 200 орчим сая тонн нүүрсний нөөцтөй харин Эрдэнэс Тавантолгой компани 10 мянган орчим га талбайд  долоон тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй. Ийм тэнгэр газар шиг зөрүүтэй хоёр уурхайг нэг мэтээр ойлгож болохгүй хэмээсэн. Тавантолгой ХК нь 200 гаруй хүн ажилладгаас 95 хувь нь нутгийн иргэд гэнэ. Энэ утгаараа уурхайчин бүрийн сэтгэлд нутгаа гэсэн хариуцлага нь өндөр байдаг. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус компанийн ТУЗ-ийн есөн гишүүний тав нь орон нутгийн төлөөлөл байдаг аж. Ингэж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу тухайн жилийн бизнес төлөвлөгөөгөө боловсруулан мөн хурлаар баталгаажуулж мөрдөж ажилладаг гэнэ.

Дашрамд хэлэхэд, Тавантолгойн уурхайн хувьцаа Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалдаг тул олон нийтэд нээлттэй ямар ч хүн хаанаас ч хүссэн мэдээллээ холбогдох сайтуудаас нь ороод харж болдог. Сүүлийн гурван жилийн хугацаанд Өмнөговь аймгийн төсөвт ногдол ашгаараа 153.6 тэрбум төгрөг, орон нутгийн татварт 110 тэрбум төгрөг, нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн хоёр жилд нүүрсний үнийн хөнгөлөлт, оюутны тэтгэлэг, ахмадуудад олгосон нүүрс, ковидын үеийн тусламж зэргээр дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан байх юм.

Энэ бүхнийг дурдсан учир нь өөрөөр хэлбэл газар дээрээ ч цаасан дээр ч эдүгээ зарим улс төрчдийн шоудаж олны анхааралд оруулаад байгаа мөргөцөг огт алга болоогүй. Тэнд хийх ёстой ажил хийгдэж, хийгдэх ёстой бүхэн ном дүрмийн дагуу явагдаж байна. Харин үүнийг бүгд л мэддэг ч бүр огт мэдэхийг хүсдэггүй, тэгээд үe үe гаргаж сэрдэг буланд шахаж улс төржүүлдэг бүлэглэл байдаг. Учир нь хувийн хувьцаат компани өөрөөсөө хулгай хийх боломжгүйн дээр мөнгө болж шаагих нүүрс л улс төрчдийг, эрх мэдэлтнүүдийг “зовоогоод” байгаа. Бага талбайд маш нямбай ажиллаж байгаа тэр их ашгийг төрийн нэрээр өөрийн болгож, баяжих хүсэлтэй тэр бүлэглэл, тэр бүлэглэлд маш их мөнгө, ашиг сонирхол байгаа ч бас нэмж олж улсыг эргүүлэх улс төр хийх л чухал болохоос бусад огт хамаагүй байдаг аж. Үүний нэг илрэл нь Засгийн газрын нэр бүхий гишүүд өөрийн хамаарал бүхий компаниудаа нүүрс тээвэрт шургуулсан байдгаас харж болохоор байгаа юм. Гэтэл нүүрс тээвэрлэлтэд ажиллаж байгаа 18 мянган машинаас зөвхөн 600 нь монголчуудынх.  2022 оны дөрөвдүгээр улиралд нийт 6000 ширхэг С зөвшөөрөл олгосноос 600 ширхгийг монгол компаниудад олгосон зэрэг дэндүү эмзэглэмээр тоо яригдаж байгаад тэд огт эмзэглэхгүй байгаа нь асуудлын цаана асуудал үүсээд байгаагийн баталгаа биш гэж үү…

Сэтгүүлч Х.Заяа

Үргэлжлэл бий…

+ There are no comments

Add yours