Төсвийн алдагдлыг 883 тэрбумаар буулгаж, алдагдалгүй төсөв баталдаг болох эхлэлийг тавив

Эдийн засгийг тогтворжуулж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх төсвийн төсөл гаргаж чадсан хэмээн 2023 оны төсвийн төслийг танилцуулахдаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон. Тэрбээр, 2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өнөөдөр өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдсан.  

Олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад үнийн өсөлт, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний хувьд амаргүй сорилт болж байна. Дэлхий даяар хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын улмаас сүүлийн 20-40 жил байгаагүй үнийн өндөр савалт үүсэж байна.  

Гэвч бид нэгдмэл бодлоготой байж чадвал цар тахлын хүндрэлийг давж чадсан шиг, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй энэхүү сорилтыг ч даван туулж чадна. 2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна хэмээсэн.  

Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ. 2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байгаа юм. 

 Засгийн газраас аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж, аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилт тавьж байгаа. Ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлэх, Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно хэмээн тооцсон байгаа.  

Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл тулгарсан ч хөрш орнуудтай Засгийн газрын хэмжээнд хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд гэж байгаад хариуцлагатайгаар мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ Засгийн газрын гишүүд төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлэхээ мөн онцолж, Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажил амжилттай хэрэгжүүлж, Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулахаар ажиллаж буй юм.  

Түүнчлэн Эрдэнэс Монгол компанийн бүтэц, үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулснаар нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтууд идэвхжиж, уул уурхайн шинэ төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах боломжууд нэмэгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгын асуудал бүрэн цэгцэрнэ хэмээн үзэж байгаа.  

Хамгийн гол нь сүүлийн үед эрс эсэргүүцэлтэй тулгарах болсон “хавтгайрсан халамж”-ийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлэх нь нэн чухал ажлын нэг байхаас аргагүй. Энэ утгаараа төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлэх, улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацаадаг байдлыг өөрчилж, шилжих төслүүдийн урсгал зардалд төсвийн дарамт үүсдэг байсан тогтолцоог халж, цаашид шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яам нэгдсэн байдлаар төлөвлөж, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу шилжихээр төлөвлөж буйг сая УИХ-д өргөн барьж, эдүгээ олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж байгаа 2023 оны төсвийн төслөөс бэлээхэн харж болохоор байгаа юм. 

Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарч, аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулсанаар эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломж бүхий гурав дахь том салбарт тооцогдож буй.  

Үүнээс гадна 2023 оны төсөвт Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлж, өнгөрсөн 20 жил түгжрэл гэдэг ерөнхий сэдэв ярьж, багагүй хэмжээний санхүүжилтийг зарцуулсан ч бодит үр дүн гараагүй нөхцөл байдлын судалгааг үндэслэж нийтийн тээврийн чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэн сайжруулж чадвал түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа гэдэг.  

Тиймээс энэ багц ажлын хүрээнд нийтийн тээврийн зогсоолын асуудлыг нийслэл, дүүргийн төсөвт тусгаж ажиллахыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгосон нь анхаарал татсан шинэ ажлын нэг болов. Мэдээж, хотын хэт төвлөрөл багассанаар дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудал нааштай үр дүн гарах нь дамжиггүй. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгасан, мөн орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэхээр тусгасан.  

Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн  зохион байгуулж, орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.  

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн гурван жил 90 хувиар, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэхээр тусгаж.  

Дашрамд дурдахад, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авдаг. Тиймээс энэ байдалд судалгаа хийж, цаашид аймаг бүрийн төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжиж, Ерөнхий сайдын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутаг төсвөө бие даан бүрдүүлэхэд нэн шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүдийг орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан шийдвэрлэх болно гэсэн.  

Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүлсэн. 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулж, олон жилийн турш тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж, ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсын хувьд Шинэ сэргэлтийн төсөв болж байна хэмээн харагдаж байгаа юм. 

Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр энэ жилийн төсөвт оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг хэмнэгдэх бол ирэх 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөгөөр хэмнэгдэх тооцоолол гарч байна.  

2022 оны төсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барив. Нэгэн зүйлийг сануулахад, төсвийн алдагдал гэдэг бол Засгийн газрын өр юм. Тиймээс цаашид төсвийн алдагдалгүй улс болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн сахилга баттай төр засаг энэ улсыг удирдах шаардлагатай гэсэн үг. 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх төсөв байх учиртайн шалтгаан энэ юм.  

Өөрөөр хэлбэл, экспортын орлого анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давав. Хөгжлийн банкны өрийг амжилттай төлүүлчихвэл ирэх жил Самурай бондын төлбөрөө төлж чадна гэсэн үг. Шинэ хөрөнгө оруулалт 0 байх анхны төсөв. Тодруулбал, Төрийн хэмнэлтийн хуулиар нэг их наяд төгрөг хэмнэж, нийтийн тээврийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Дагуул хотын хөгжүүлэлтийг эхлүүлж, төсвийн алдагдлыг 883 тэрбумаар буулгаж, алдагдалгүй төсөв баталдаг болох эхлэлийг тавьж байна гэсэн үг. Ингэж ирэх оны төсөвт урьд өмнө байгаагүй реформ хийгдэв. Уул уурхайн компаниудаас тухайн орон нутагт өгдөг хандив тусламжийг орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгож оруулж ирсэн нь 2023 оны төсвийн онцлох өөрчлөлтийн нэг юм. Учир нь Монгол Улсын түүхэнд ийм зохицуулалт, зохион байгуулалт өмнө нь хэзээ ч байсангүй.  

+ There are no comments

Add yours