​​​Хувьхан заяаны тохиол дор

​​​Бидэрийн Баярсайхан

​Арлааны Эрдэнэ-Очир бидэн хоёр хувьхан заяаны тохиолоор андалсан, нөхөрлөсөн хоёр юмсан. Би шүлэг бичиж эхлээд гурван жил болж байв. Тэр цагт  шүлэг ч гэж юу билээ, би ч гэж хэн билээ. Бас өөрийгөө голохгүй балчир шүлгүүдээ сонины редакц руу захидал бичиж явуулнаа. Нэгэнтээ аз таарч “Адуу хураах сайхан” гэдэг шүлэг 1989 оны хавар “Пионерийн үнэн” сонинд хэвлэгджээ. Хөл газар хүрэхгүй баярлаж байв. Тэр сонинд нэгэн хүүгийн шүлэг хамт хэвлэгдсэн нь Арлааны Эрдэнэ-Очирын “Хавар” байсан юм. Ингэж бид биесээ эчнээ мэддэг боллоо.

​Үнэн юм үнэнээрээ сайхан. 1991 онд МЗЭ-ийн дарга Д.Маам гуай байв. Улсын Бага Хурлын гишүүн болж байнгын парламентанд суух болсон тул Бавуугийн Лхагвасүрэн гуай даргын үүргийг орлон гүйцэтгэж, дэд дарга Ширсэдийн Цэнд-Аюуш гуай ажиллаж байлаа. Тэд нар зөвлөж санаачлаад өөрийн нэрийн дор УБИС-д нэгэн шинэ анги нээв. Монголын анхны өдрийн “Утга зохиолын анги” юм. Өмнө нь МУИС дээр Утга зохиолын орой анги гэж байсан юм билээ. Хичээлийн программ энэ тэрийг нь Ши.Цэнд-Аюуш гуай Орос  явж, Горькийн сургуулиас авчирч, монголын хөрсөнд тааруулан боловсруулсан байдаг. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн хаалга хаагдаж, монголд түүнтэй дүйцэхүйц сурууль нээсэн анхны туршилт нь манай анги юм. 

​Ингээд монгол орны дөрвөн зүгээс олон хүүхдийн материал МЗЭ дээр ирж, Б.Лхагвасүрэн гуай шалгалтын комиссын дарга, нарийн бичгийн дарга Ш.Цэнд-Аюуш гуай, гишүүдэд нь зохиолч Ж.Барамсай, Д.Норов, Ц.Доржготов, судлаач Х.Сампилдэндэв, багш Р.Чүлтэмсүрэн нар байв. Ингэж анхны 10 хүүхдийг тэд шигшиж, сонгож, гар дээрээ тосож авсан юм. Би бол их азтай хүн байгаа юм. Арлааны Эрдэнэ-Очир шиг цалгисан их  авьяастай биш, Баярхүүгийн Ичинхорлоо, Гомпилдоогийн Мөнхцэцэг шиг нэрд гараад “Болор цом”-д шуугиулаагүй, Хулганайн Тэргэл шиг дуу бичиж, тэр нь ХИТ болоогүй, Баяртогтохын Батрэгзэдмаа шиг Бавуугийн Лхагвасүрэнд тоогдоогүй, жирийн л нэг уран зохиолд дуртай, шүлэг зохиолоор өвчилсөн төдий хөдөөх хүү явлаа. 

​Хүнд хувьхан заяаны харгуй гэж байна. Хувьхан заяаны ерөөл, учрал, учиг шалтгаан, нөхөрлөх, алс холыг хамтдаа туулах хувь зохиол гэж байна. Арлааны Эрдэнэ-Очир бид хоёр бол тийм улс. Хичээл эхэлж, бид хоёр УБИС-ийн оюутны нэгдүгээр байрны 306 тоотод оров. Монгол хэлний ангийн Манлайн Амарсайхан гэдэг хүү, хожим нь ерөнхий техникийн ангиас Гөлгөөгийн Самбуу ам бүл нийлж бид дөрөв аятай сайхан амьдардаг байлаа. Нэг муу дүлий плиткатай. Орой 7 цагт тавьсан хоол шөнө 2 цагт буцална. Тэр плиткийг Эрдэнэ-Очир маань Ардын жүжигчин Лоолийн Жамсранжав гуайн гэрээс авчирч байсан санагдана. Миний найз тэр үедээ нэрд гарчихсан, Пунцагийн Бадарч гуайтай үе тэнгийн юм шиг хөгжиж наргиж, онигоо ярьдаг, Л.Жамсранжав гуайнхаар очдог, 13 дугаар хороололд байх Балжирын Догмидынд очиж хоол бууддаг, Шагдарсүрэнгийн Гүрбазартай наанатай цаанатай, Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга хоёр мань хүнийг сураглаж, ганц гожин юм өвөрлөн зорьж ирдэг  “их гар”-ын амьтан явлаа. Би бол Эрдэнэ-Очирын бараа бологч. Хаана л явна хамт л явна. “Дамбийжаагийн тоодгор” гэдэг шиг явлаа. 

​Хоол буцалтал шөнөжин шүлэг бичнэ ээ, бид хоёр. Дурласан, хайрласан, шохоорхсон охидынхоо нэрээр шүлэг бичдэг, түүнээ уншиж зугаацна. Хоол нэг муу юм шөнө болно. Залуу байж, ходоод дотор өвдөнө гэж мэдэх биш. Идчихээд унтаад өгнө. Харин өглөө мань эр босохгүй ээ. Би хөнжлийг нь угзчаад л, “Бос л доо. Хичээлдээ явъя” гэнэ. Өнөөх босохгүй. Би их муухай үгээр “лалар” гэж хараагаад хичээлдээ явна. Лалар гэж тийм муухай үг хаанаас ч сурсан юм. Юу ч гэсэн үг юм. Ахиж би тэр үгийг хэзээ ч хэлж байгаагүй. Өдөр хичээлээс ирэхэд манай хүн ногоон даавуу дээлээ нөмгөн нөмрөөд суучихсан шүлэг бичиж байдаг сан. Чухам тэр үед “Улаанбадрахын наадам”, “Ганган хар морь”, “Золтуяа” гэдэг бүлэг шүлгүүд, “Рашаан булгийн эхэн дээр гэзгээ норгож суухад чинь”, “Надаас аятайхан залуу гэрийн чинь ойр хүлээж”, “Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр” гэдэг шүлгүүд нь гарсан юм.  

​Манай хүн их янгууч. Өвчин их ярина. Нойр өвдөөд, зүрх өвдөөд л гэнэ. Хожим нь “Нойр булчирхайг Эрдэнэ-Очироос асуу, түрүү булчирхайг хэнээс ч асуу гэдэг билээ” гурван мөрт шог шүлэг гарсан юмдаг. Тэгээд Эрдэнэ-Очир 1991 оны намар цэргийн төв госпитальд хэвтэв ээ. Энхжаргал Дорноговиос ирчихсэн. Бид хоёр хоол хийж тролейбусаар явж зөөдөг байв. Тэгээд хэд хонож, Эрдэнэ-Очир эмнэлгээс гарлаа. Жагай явахдаа надад нэг захиа үлдээв, “Ээгийд өгөөрэй” гэв. Мань хүн эмнэлгээс гарсан өдрөө захидлаа задалж уншив. Царай нь гэрэлтэн цайрч, догдлон баярлаж, “Май унш” гэлээ. Энд хамгийн сайхан мөрүүд байв. Жагай бие давхар болжээ. Ингэж л Цагаан-Уул хүү эхийн хэвлийд олдож, хан хорвоогийн тэнгэр дор Арлааны Эрдэнэ-Очирын баярыг би хамт хуваалцаж явлаа. 1992 оны хавар 3 сард хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадам болов оо. Эрдэнэ-Очирын хайрын шүлгүүд ид гангарч байсан цаг. Түрүүлж, цагаан уул цэцгийн дүр бүхий чулуун цом гардаж авлаа. Аман хүзүүнд гайхамшигт найрагч Барнангийн Доржпалам орж байсан гээд бодохоор мөн ч зангарагтай наадам байсан юм шүү. Зун нь 1992 оны 7 сарын 27-нд Эрдэнэ-Очир хүүтэй болж, хүүдээ Цагаан-Уул гэдэг нэр өгсөн билээ. Дүүд нь Мөнх-Уул, багадаа Энх-Уул гэсэн нэр хайрласан юм. Говийн цувраа гурван бор уул шиг гурван сайхан хүү нь эцгийнхээ нэрийг өргөж явна даа.

​Гэнэтхэн л 1992 оны намар, барагцаагаар 12 сард манай хүний ааш олдохоо больж, харина, явна гээд зүг чиггүй зүтгээд сургуулиа орхиод Шанд руу буцчихлаа. Багш нартай таарамжгүй юм ч байсан л байх, өглөөд унтаад хичээлдээ явахгүйгээс болж асуудал ч гарсан л байх. Өөрийнхөө оронд надад Магваны Эрдэнэбатыг хань болгож үлдээсэн юм. Эрдэнэ- Очир бид хоёр яаж нийлдэг байсан, яаж хамт архи уудаг байсан, яаж хэлхээтэй хоёр адуу шиг явдаг байсан тэр замаар Магваны Эрдэнэбат бид хоёр 30 жил хазайлгүй явжээ. Хэдий нутаг руугаа явсан ч миний найз миний сэтгэлд хамгийн ойр хэвээрээ л байлаа. Эрка /М.Эрдэнэбат/ бид хоёр ярилцаад 1993 оны хавар Эрдэнэ-Очирыг эргэх гэж Дорноговь явав аа. Ганц ганц шил архитай. Би Эрдэнэ-Очирт нэг шил архи, Эрка тэгэхэд Дорноговьд ажиллаж байсан нагац ахдаа нэг шил архи авав. Билетний мөнгө хүрдэггүй, тэгэхээр нь Даланжаргалан дээр бууна гээд билет авчихдаг юм. Тэр болтол ч сайхан л явлаа л даа. Тэрнээс цааш яах вэ. Хөөгдөж буувал дээрэмдүүлнэ. Ядахдаа бид хоёр туулайчлах авьяас гэж таг хоёр юм аа. 

​Тэгтэл яасан гээч. Жишигийн Дорж гэж хилийн цэргийн тос даасан бор офицер, сайхан хошууч ах байв. Манай Эрдэнэ-Очиртой их ойр. Бид хоёр ямар салж байсан биш, Дорж ах намайг таньдаг байлаа. Сайхан шүлэг бичдэг юмсан. “Өө, миний дүү ингэж явах гэж дээ. Яруу найрагч ингэж ядрахгүй ээ хө. Ахынхаа купенд оч” гээд Эрка бид хоёрыг дагуулж явав. Купенд хэдэн халамцуу офицер явж байлаа. Дорж ах намайг танилцуулж, идүүлж уулгаж, архи хундагалав. Хээр хөдөө гандаж, хүний олонтой нөхөрлөж, аян замд явж сурсан эр улс сайхан юм билээ. Хоёр гурван шүлэг уншив. Тэд их таалж, хөөргөж явлаа. Билет шалгагч орж ирэв. Дорж ах бид хоёрын дутуу билетийг нөхөж авч өгөөд, тэгээд Шанд ордог юм. Эркаг нагац ах нь тосоод авчихлаа. Намайг Дорж ах хилийн цэргийн задгай машин дээр суулгаад Эрдэнэ-Очирынд хүргэж өглөө. Би бас их муу санаатай. Эрдэнэ-Очиртоо авсан ганц шил архиа халамцуу офицерүүдэд задлахгүй тэвчсээр найздаа авч очиж байгаам. Намайг хүргэж өгөөд, Дорж ах удалгүй явах болов. Би ганц шил гожингоо гаргаж барьтал Эрдэнэ-Очир дор нь ханзлав. Дорж ах их инээж, “Миний дүү бас л хатуу чанга гартай байна шүү. Ах нь Тамсагийн цэнхэр хязгаар явлаа. Тэнд 108 яруу нйарагчийн мод тарина. Та хоёр заавал очиж өөрсдийн нэртэй мод тариарай” гэсэн юмсан. Дорж ахтайгаа уулзсан сүүлчийн аялал тэр байж, Дорж ах минь зун нь бие барсан дуулдаж билээ. Миний хувьхан заяаны их анд Арлааны Эрдэнэ-Очир минь намайг олон хүнтэй уулзуулж, танилцуулж, аяны харгуйд дөрөө харшуулж явуулжээ. Эрдэнэ-Очирыг нутаг руугаа явснаас хойш над дээр Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ хоёр байнга ирнэ. Тэр хоёрыг дагаж би бас бэлчээрт хүрсэн хүн байгаа юм. Хүн байхын утга учрыг өөрсдөөрөө үлгэрлэсэн хоёр ах минь юм. 

​2002 онд би нутагтаа уран бүтээлийн тоглолтоо анх удаа зориглон хийв. Манай Гомбын Равдан ах их сайхан хүн шүү дээ. Өчүүхэн намайг гололгүй Архангай явж, миний уран бүтээлийн тоглолтыг хөтөлж өгч байв. Үеийн минь дөрвөн сайхан найрагч хамт явлаа. Цогдоржийн Бавуудорж, Арлааны Эрдэнэ-Очир, Чойжилсүрэнгийн Ууганбаяр, Баттөрийн  Мягмаржав. Цалгисан их авьяастай, барагдашгүй их паянтай андууд минь. Бидний онигоо гэдэг далай. Эрдэнэ-Очир илүү шооч. Хөөрхий муу дархад Мийгаагаа тайзан дээр ганц болгож тавина. Эхлэл нь ч яахав, Мийгаагаас болсон хэрэг. Нэгэн тоглолт дээр Мийгаа эхэлж тайзнаа гараад “Бидэр Баяраа бид хоёр бол уулын хөвгүүд, ямар муу Эрдэнэ-Очир шиг говийн гүрвэл биш”  маягийн юм хэлчихэв ээ. Удалгүй Эрдэнэ-Очирын ээлж болов. Манай хүн адууны шүд шиг том том шар шүдээ иржийлгэж байгаад ёжлонгуй ингэж ярив. “Монгол улсын начин гэж цол байна. Начнаа батлах гэж бөхчүүд улсын наадамд тав давах гэж байдгаараа хичээдэг. Харин манай Баттөрийн Мягмаржавыг бол Монгол улсын их хачин гэдэг юм ш дээ. Би найздаа хэлээд байгаам. Чи ХАЧИН-аа батлахын тулд олонтой газар зүгээр л яваад бай” гэж билээ. Тайз нүргэлсэн инээд цацарч, угийн бор хар хөрстэй Мийгаа маань улаан хүрэн болж чинэрч билээ. Ахиж тэгээд Эрдэнэ-Очирыг оролдож тайзан дээр элдэв юм яриагүй юм даг. За тэр аялалын тухай яривал, уртаас урт, баларсан түүх болно. Эрдэнэ-Очир манай суманд үлдэх шахсан, миний уран бүтээлийн тоглолт сүүлдээ Ууганбаярын тоглолт болж хувирсан, Равдан ах биднийг чулуу шидэж хөөсөн, дархад Мийгаа гуталгүй ирсэн, миний цагаан мах эргэж үхэхээ шахсан гээд паянгаа дэлгэвэл завхарсан юм болно. Танагтай,  паян багатай нь Бавуудорж л байсан байх.

​За тэгээд хүний амьдрал баян даа. Одоо ч хүн бүр Арлааны Эрдэнэ-Очирын ах байсан, найз байсан, дүү нь байсан, хүү нь байсан, амраг нь байсан гэх шахуу юм ярих болж. Нэг л их идэж ууж, архидаж, завхарч явснаа бичицгээх болж. Миний найз алдаатай, оноотой л эр хүн байсан. Алдаанд би зэмлэж ч явлаа, уучилж ч явлаа. Түүнийхээ гаргасан алдааг би бас давтаж, яах учраа олохгүй зүдэрч явахдаа нөхрөө ойлгож, дотроо энэлж шаналж л явлаа. 

​2015 онд би Монголын радиогийн захирал болов. Хамгийн түрүүнд бодогдсон хүн Эрдэнэ-Очир минь байлаа. МЗЭ-ийн хороон дээр Цог сэтгүүлийн эрхлэгч нэртэй, хийсэн юм багатай, уусан ажил ихтэй дуулдаад байсан юм. Тэгээд нэг уулзаад, “Миний өвгөөн хүрээд ир ээ. Би чамайг хүүхдүүдтэй адил мэдээнд гүйлгэхгүй. “Хоймор” гээд ярилцлагын нэвтрүүлэг хийлгэе. Амьд байгаа дээр нь энэ алтан үеийнхэн, мөнгөн үеийнхний дуу хоолой, дурсамжийг авч үлдэх хэрэгтэй байна” гэв. Манай хүн нэрэлхүү. Дуун дээр тэгье тэгье ч гэсэнгүй. Сураг тавиад байтал хүнд ярьж байна гэнэ шүү. “Баяраа ир гэсэн. Очдог юм билүү дээ” гэж. Ингэж миний нөхөр радиод ирлээ. Сайхан нэвтрүүлэг хийсэн дээ. Монголын томчуудыг Арлааны Эрдэнэ-Очир тулдаа л Монголын радиогийн студид авчирч чаддаг байсан. Хүмүүс чинь их өөдгүй шүү дээ. Радио чинь дүрсгүй билүү. Ах нь, эгч завгүй гэх нь их болсон цаг юм. Ардын уран зохиолч Б.Догмид, Арвай генерал, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, УГЗ Т.Эрдэнэ-Очир гээд миний мэдэхийн 40 гаруй маш сайхан дугаар бэлтгэж эфирт оруулаад,  үлдэх гурав дөрвөн цагийн түүхий материалыг нь алтан фондод хадгалсан байдаг юм. Ингэж би найзыгаа нэг баярлуулсан гэж л боддог. Сэтгэл санаа нь өөдрөг, их сайхан байсан юм шүү, Монголын радиод. Нэг өдөр жаахан охин Нархандаа хүзүүн дээрээ мордуулсан шиг завтай хүн манай өрөөгөөр орж ирж, би тавгийн чихэрнээс атгаж өгөөд явуулж билээ. “Манай гэрээс хамгийн хол ажилтай нь би шүү дээ хө” гэж шар шүдээ ил гарган инээж суусан сан. Тавдугаар сургуулийн ардхан, уул нь ойрхон л газар л даа. 

​2018 оны өвөл бид хоёр нэг ам мурийсан юм. Мэдээж ажлаас болоод л тэр шүү дээ. Говь-Алтайд “Болор цом” болж, манай хүн МЗЭ-ийн даргын хувиар, шүүгчийн хувиар явлаа. Ирдэггүй ээ. Хоёр ч нэвтрүүлэг нь тасарлаа. Фондноос хуучин нэвтрүүлгээс нь нөхөж өгөв. Тэгж тэгж 14 хоноод ирэв. Би Радиогийн захирал. Өнөөхдөө даргархав. “Чи арай хэтэрлээ. Хоёр нэвтрүүлэг тасаллаа” гэж уурлав. Мань хүн бас надад даргархав  “Би МЗЭ- ийн дарга. Энд ярихгүй тэнд ярина” шахуу юм хэлэв. Ингэж муудалцсан нь нэг ангийн, нэг тогооны хоёр бие биедээ тунирхсан л төдий юм байлаа. Бид хоёр муудалцаад хаа холдох билээ. Тэгээд цайрав. Хоёр сарын дараа л байх. Хавар юмсан.Оройхон, ажил тарахын үед би гаднаас орж ирж явтал Эрдэнэ-Очиртой таарав. Хэчнээн сайхан өнгөлөг, өөдрөг, итгэлтэй, гэрэлтсэн явав миний найз. “Маргааш Завхан явах боллоо. Ажлаа урьдчилж хийгээд өгчихсөн шүү. Төрийн шагналт Соронзонболд ахтай хийсэн ярилцлага бий. Соронзонболд чинь ямар мундаг юм бэ” гэв. Энэ бол бидний сүүлчийн уулзалт байсан юм даа. 

​Хувьхан заяагаар учирсан миний их анд минь дээ. Алдаа чинь алган дээрх шиг ил, онох чинь хүүхэд хөөрөх шиг ил, нөхөрлөсөндөө номхон тэмээ шиг тийм үнэнч анд минь. Их санах юм даа, чамайгаа, та нарыгаа. Хөөдөө Эрдэнэбаатарыгаа, Баттөрийн Мягмаржавыгаа, Чойжилсүрэнгийн Ууганбаярыгаа их санах юм, хувьхан заяаны нөхөд минь….

​​​​​2022.08.12

+ There are no comments

Add yours