Цаг нь ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлт

Монголчууд Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Бүх нийтээрээ амарч, өдрийн турш нэгэндээ баяр хүргэж найрлаад л Үндсэн хуулиа магтаад л бөх барилдаад л цэнгэн хөгжиж, амарч тэмдэглэдэг уламжлалтай. Гэтэл ингэж тэмдэглэдэг, шагшин магтдаг Үндсэн хуультай холбоотой төрийн хямрал сүүлийн арваад жилд удаа дараа гарсан байдаг. Тэр дундаа 1998-2000 онд Монголын төр Үндсэн хуулийн тодорхойгүй байдалтай холбоотой гүнзгий хямралд орсон тухай судлаачид хэлдэг. Сануулахад, 1998 оны аравдугаар сард Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч, огцорсон Ерөнхий сайд асан яахын аргагүй үүрэг гүйцэтгэгчээр үндсэн хугацаанаас илүү хугацаагаар ажиллаж байв. Учир нь Ерөнхий сайдыг томилохоор Ерөнхийлөгч болон УИХ дахь олонхийн бүлэг хоорондоо зөвшилцөж чадаагүйгээс үүдсэн энэ хямрал өнөөгийн улс төрд үүссэн мухардмал байдлын эхлэл болсоны хамгийн наад захын жишээ энэ байлаа. Тиймээс Үндсэн хууль болон зохих хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах, цаашилбал төрийн тогтолцооны хэлбэрийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарч ирээд байгаа нь хамгийн гол шалтгаан гэж хэлж болно.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэгчдийн дийлэнх нь одоогийн Үндсэн хуулийг Ардчилсан нийгэмд үйлчилж чадах сайн хууль гэж үздэг. Тэдний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь буруу, Ерөнхийлөгч хориг тавих нь зөв байр суурь хэмээн үздэг шалтгаан нь Засгийн газрууд ээлж дараалан солигдож, УИХ дахь олонхийн бүлэг ба Ерөнхийлөгчийн хооронд Ерөнхий сайдын асуудлаар зөрчил хурцдахаас эмээдэг гэсэн шалтгаанаар улс төрийн хурц шийдэл өнцөггүй, амиа хичээсэн хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл гэж хэлэхэд буруудахгүй юм. Харин Үндсэн хуулийг өөрчлөх үзлийг дэмжигчдийн хувьд хэдийгээр цар хүрээгээрээ хоёр хэсэгт хуваагддаг ч гэсэн “өөрчлөлт оруулахдаа зарим нэг зүйлд л өөрчлөлт оруулах буюу бага зэрэг өөрчлөхийг л дэмждэг” болон “Үндсэн хуульд нэлээд өөрчлөлт оруулах ёстой буюу 30-40 хувьд өөрчлөлт оруулах ёстой гэсэн үзэл санаатай олон нийт” зонхилно.
Энэ дашрамд сануулахад, УИХ-д суудалтай намууд 1999 оны 12 дугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад, улс төрийн намуудын зөвшилцлөлийг шинжээчид “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийснээр парламент болон Засгийн газрын болзошгүй хямралаас сэргийлэх боломжийг олгосон” гэж эерэг талаас нь дүгнэж байсан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн гол сөрөг тал нь “УИХ-ын гишүүдийн сахилга, ирцийн хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн” гэж үзэх нөгөө хэсэг бас байв. Харин өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх нь Монголын төрийг хямралаас гаргах арга зам мөн гэж шинжээчид болон иргэд санал нэгдээд буй. Учир нь өнгөрсөн хугацаанд нийгэмд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэл бий болсон байгаа юм. Гэтэл улс төрийн намууд үүнийг сайтар ажиглаж чадаагүйгээс Ерөнхийлөгч, Цэц зэрэг субъектуудын саналыг харгалзалгүй нэмэлт өөрчлөлтийг зөвхөн хоорондоо зөвшилцөн зүтгүүлсэн нь тэднийг сөрөг байр суурьтай болгоход хүрсэн нь харамсалтай.
Үндсэн хуульд хариуцлага, хяналт, тэнцэл, тогтвортой байдал зэрэг чиглэл баримтлан боловсруулсан нэмэлт, өөрчлөлт дэмжигдсэнээр монголын улс төр 30 жил шигдсэн шавраас гарах хамгийн зөв гарцыг бий болгож байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй юм. Тиймээс 2019 оны зургадугаар сарын 18-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн санал ямар байсныг эргэн сануулах нь өнөөдөр зүйд нийцэх үйлдэл хэмээн санав. МАН-ын 64 гишүүнээс 62 нь буюу Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн хоёроос бусад нь бүгд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж, гарын үсэг зурсан эл өдөр сөрөг хүчнийхэн “Ерөнхийлөгчийн саналыг аваагүй, хуулийн дагуу төслийг өргөн бариагүй” гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд оролцохгүй хэмээн мэдэгдэж чуулганы танхимыг орхиж байв.
Эл өдөр, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Монгол төрийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг зарчмын хувьд дэмжиж байна. Эрдэнэт, Дарханыг Засаг захиргааны нэгжийн тухай хуульд аймаг болон хот байна гэж оруулахаар болсон. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг оруулж ирэхдээ хотын тухай асуудлыг дахин өөрчилсөн байна. Улсын хэмжээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэж гуравхан хот байдаг. Эрдэнэтэд гэхэд л давхардсан бүтэцтэй 100 гаруй мянган хүн амтай сум хүртэл байдгаас төрийн үйлчилгээ нь иргэдэд хүрдэггүй зүйл байна. Амьдралд болохгүй байгаа зүйлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтөд томъёоллыг нь өөрчилж Дархан, Эрдэнэт хотын нэрийг оруулах шаардлагатай хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ажлын хэсгийнхэнд талархалтай хандаж байгаа хэдий ч энэхүү өөрчлөлтийг 100 хувь дэмжихэд учир дутагдалтай байна. Үнэндээ, зарим өөрчлөлтийг ойлгохгүй байгаа учраас гарын үсэг зурахад нэгдээгүй. Гэхдээ энэ чухал хуулийг өөрчилж, сайжруулаад явах байх гэж найдаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж байгаа. УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр дөрвөн гишүүнийг нь сайд болгочихно. Ингэж хоёрын хооронд үлдээх хэрэг байсан юм уу. Ингэхээр УИХ болон Засгийн газрын ажлыг зааглая гэсэн санаа хэрэгжихгүй болчихно шүү дээ. Одоогийн хуулиар Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа тайлагнана гэснийг байхгүй болгож байгаа нь зөв юм уу. Дараа нь УИХ яаж Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох юм бэ гэж асуулга тавьж байв.
Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг, 1991 онд нийт ард иргэдийн 30 хувь нь ядуу байна гэж байсан. Өнөөдөр мөн л адилхан 30 хувь нь ядуу хэвээр байна. Дээр нь шударга ёсны байдал бүр дордсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталснаар энэ байдал өөрчлөгдөх үү. Хүчтэй Ерөнхий сайдтай болох юм байна. Гэтэл нөгөө талдаа ард нийтээс сонгогдсон Ерөнхийлөгч хэвээр байх юм байна. Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох нь. Ингэхээр иргэд өөрсдийн тогтолцоог шууд сонгоно гэж одоогийн хуульд бий. Сонгуулийн тогтолцоог пропорцианаль гэж шууд оруулж болохгүй юу хэмээн гайхширч байхад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Би энэ хуулийг өргөн барихад гарын үсэг зурсан гишүүний нэг. 2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д 65 суудал өгсөн нь Үндсэн хуулийн үнэмлэхүй олонхий эрхийг өгсөн гэж ойлгож байгаа. Энэ бол ард түмний захиалга. Бид 27 жил суусан шавраасаа гарах хамгийн зөв гарц бол Үндсэн хуулийн өөрчлөлт гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд 15 удаа Засгийн газар байгуулагдаж, 300 сайд төрсөн байна. Гэтэл өнөөдрийнх шиг ийм их талцал хуваагдалтай үеийг мэдэхгүй юм. Монгол Улс 3.2 сая хүн амтай, 33 улс төрийн намтай. Сонгуулийн насны 2.5 сая хүний 500 мянга нь аль нэг намын харьяалалд байна. Дөрвөн хүн тутмын нэг нь улс төрийн намын гишүүн. Энэ бүх талцал хуваагдлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр арилгах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байсныг эргэн сануулахад буруудахгүй билээ.
Сэтгүүлч Д.Пүрэв

+ There are no comments

Add yours