Тошлой жимсний бутлаг мод

Тошлой жимсны бутлаг мод **манай оронд өргөн тархсан зэрлэгээр ургадаг бөгөөд Grossularia acicularis гэдэг Латин нэршилтэй бутлаг ургамал ба түүний үр жимсийг Монголоор тошлой гэх ба Англиар Gooseberry гэж хэлнэ. Монгол улс 1968 онд хэвлэгдсэн шуудангын 15 -н мөнгө гэсэн маркан дээр өргөст тошлойн зургийг хэвлэсэн байдаг.

Тошлой манай орны байгаль цаг уурт зохицон ургаж чадах тэсвэртэй, бут хэлбэрийн сөөг ургамал нилээд хэдэн аймгийн хадархуу газар зэрлэгээрээ ургадаг манай орны унаган ургамал юм. Түүнчлэн зэрлэг тошлойгоос гадна үхрийн нүд, улаалзгана нь мөн тошлойн овгийн ургамал бөгөөд манай орны Хангай, Хэнтий, Хөвсгөл, Хянган, Алтайн уулсаар шинэсэн ой, гацууран ба хусан ой, тэдгээрийн зах, ойн цоорхой, сөөгөн ширэнгэ, гол горхины эрэг, нуранги хад, асгатай газраар ургадаг манай орны унаган ургамлууд юм. Манайд импортоор авчирч нутагшуулсан нэлээд хэдэн сортын тошлой жимсний модны сорт байдаг бөгөөд аль ч сорт нь өөрөө хүйтэнд тэсвэртэй ургадаг жимсний төрөл учир Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицож ургах, өндөр ургац өгөх, үржих боломжтой гэдэг нь харагддаг.


**Тошлойн овгийн ургамлын төрөл нь дотроо *150 гаруй зүйл байдаг. Монгол оронд нэг зүйл нь буюу өргөст тошлой ургадаг ба 6 дугаар сард цэцэглэж чихэрлэг ногоон, шар, хүрэн улаан зэрэг сортоосоо хамаарсан өнгүүдтэй жимс нь 8-9-р сард боловсордог. Хүйтэнд сайн тэсвэртэй 1м орчим өндөр ургадаг жижиг бутлаг ургамал юм. Иш болон жимс нь өөрөө өргөстэй бөгөөд мөчирүүд нь жил бүр солигдож хорхой шавьжнаас өөрийгөө хамгаалах чадвар сайтай гэдгээрээ онцлог ургамал. Иш нь өргөсөөр бүрхэгдсэн ба навч нь гураваас таван дэлбээтэй үсэрхэг байна. Үндэс нь гололсон шулуун ба гүнд нэвтэрдэг учир хавар жимс жимсгэний бүх ургамлаас түрүүлж өсөлт нь эхэлнэ. Хавар эрт цэцэглэдэг цэцэгтэй бөгөөд хаврын салхи хяруунд цэцэг нь их өртдөг, сахлаг бутанд гүйцэд боловсорсон тошлой жимс нь тод судалтай ногоон, улаан хүрэн өнгөтэй, бөмбөг хэлбэрийн жимс ургадаг ба жимс шүүслэг чихэрлэг, содон сайхан үнэртэй, амтлаг жимстэй ба таримал нь сортоосоо хамаараад чихэрлэг, исэглэн амттай бөгөөд хэмжээ нь том байдаг. Нэг бут дундажаар сортоосоо хамаарч 2-5 кг үр жимсээ өгдөг бол манайд нутагшин ургаж байгаа зарим сортууд нэг бутнаасаа 7 кг хүртэл ургац авах тохиолдол байна. 1-2 настай суулгацаар тарихад 2-3 дахь жилээсээ үр жимсээ өгч эхэлнэ. Хаана ургаж байгаагаасаа хамаараад 5 ба 6 –р сард цэцэглэж, 7 ба 8-р сард жимс нь боловсорно. Амин дэм ба ач холбогдолын хувьд тошлой биологийн идэвхт бодис ихтэй ургамлын тоонд ордогоос гадна амин дэмийн чанараараа ч жимснүүд дотроо дээгүүрт ордог олон төрлийн ач холбогдолтой жимс юм. Тошлойны жимс нь баялаг найрлагатай ба найрлаганд 5-15% чихэрлэг бодис, органик хүчил, А, B1, B2, B3, B5, B6, E, ялангуяа C амин дэмээр баялаг төдийгүй бусад амин дэмийг агуулахын зэрэгцээ төмөр, зэс, манган, фосфор, цинк, кали зэргийг үлэмж агуулна. C амин дэмээр баялаг учир түүнийг эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэдэг, ялангуяа судас хатуурахаас сэргийлнэ. Хоолны шингэцийг сайжруулах, цусны даралт ихдэх, цус багадах, цус харвах, арьсны ба шархлаа өвчний үед жимс, чанамлыг идэж ууж хэрэглэнэ. Жимснээс бусад хэсгүүдэд берберин гэдэг алкалоид бий. Энэ нь цөс хөөх, хоолны шингэлтийг сайжруулах, цусны даралт ихэдхэд жимсийг нь арьс шарлахад чанамлыг ууж хэрэглэнэ. Ардын эмнэлэгт тошлойны хандыг цус төлжүүлэх, ходоодны өвчин намдаах, сүрьеэ өвчний эсрэг, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэдэг байсан. Хөрс бэлтгэл болон газар сонголтын хувьд тошлой нь хүйтэнд тэсвэртэй ба чийгсүү ургамал бөгөөд ус чийг нэлээд шаарддаг таримал учир чийглэг хөрстэй газрыг сонгож, хашааныхаа нөмөр хэсэгт тарина. Харин намгархаг хөрсөнд тохиромжгүй юм. Хөрсний гүний усны нэвчилт нь 1-1.5 метр байх хэрэгтэй. Тошлойг чийглэг бөгөөд ялзмагаар баялаг, хөнгөн элсэрхэг хөрсөнд тарьж болно. Хашаандаа тошлой тариалах талбайг зөв сонгох нь чухал бөгөөд салхинаас заавал нөмөрлөж байх нь хавар эрт хяруунд цэцэг нь цохиулахаас сэргийлж энэ нь цаашлаад жимсэлтэнд нөлөөлдөг, мөн навч мөчир нь хавар хайрагдахгүй байх нь цаашдын ургалтад нөлөөлөх учраас энгэр ээвэр, голлох шууд салхигүй, нөмөр газар сайн ургадаг. Тошлой суулгах тогоо нь 5050 см-ээс доошоо гүнзгий ухаж хөрсийн маш сийрэг байхаар бэлдэх нь үндэс хурдан тарж бэхжин ургалтанд нөлөөлдөг. Зөв бордож чадвал тошлойн хэвийн өсөлт хангагдаж, ургац нэмэгдэнэ. Энд бууц, багсармал бордоо онцгой үүрэгтэй. Ингээд тошлой тарихад зориулан ухсан нүхэнд ялзмагт шороонд малын бууц, хар шороо, элс зэргээр багсармал бэлдэж хийж өгөх бөгөөд эсвэл эрдэс бордоо, фосфор, суперфосфат, кали, азотын бордоог хийнэ. Суулгац бут суулгахаас 2-3 хоногийн өмнө нүхээ ухаж, хөрсөө бордож боловсруулах ба суулгах нүхийг 2.5х2 м зайтай, 50-50 см өргөнтэй, 50- 60 см гүн ухаж сийрэгжүүлж бордсон хөрсөд гүехэн суулгана.
**Тошлойны тарилт хийх хугацаа болон сонголтын хувьд **тошлойны суулгацыг заавал хавар намар гэлтгүй зун ч гэсэн хүйтэн сэрүүн бороотой өдөр хэдийд ч үндэсийг нь гэмтээж хатаахгүйгээр шилжүүлэн суулгаж болох боловч намар навч унасан болон хавар нахиа хөөхөөс өмнө суулгах нь хамгийн тохиромжтой. Учир нь намар өвлийн улиралд суулгацын үндсэнд шороо (хөрс) нягтран барилдаж бэхлэгдэх тул хавар эрт нахиалж амьдрах чадвар нь түргэн дээшилж ургалтын хугацаа нь алдагдахгүй. Хэрэв хавар тарих бол суулгацын нахианууд (гөлөг) хөөж томрохоос өмнө газар гэсэж эхлэмэгц талбайд шилжүүлэн суулгана. Өөрөөр хэлбэл манай орны ойт хээрийн бүсэд намар 9-р сарын дундаас газар хөлдөх хүртэл, хавар ханш нээсэнээс эхлэн нахиа хөөхөөс өмнө хүртэл тарьж болно. Ирээдүйн таримлын ургацын чанар суулгацаас хамаарах учир мод үржүүлэгийн газар болон өөрсдийн бэлтгэн гаргасан тошлойны суулгацын үндэсний систем, салаа мөчрүүд, иш үндэс сайн хөгжсөн хэсгийг сонгож авна. Үүнд 20-30 см урт, 2-3 салаалж салбарласан өтгөн үндэстэй 40-50 см урт, 2-4 салаа мөчиртэй, мөчир тус бүр 3-4 нахиатай бөгөөд нэг буюу хоёр настай суулгацыг суулгана. Харин тарих хугацааны суулгацын үндэсний системийг аль болохоор гэмтээхгүй шороотой ухаж авах ба үндэсийг хатаахгүй, наранд ил тавихгүй байх нь чухал бөгөөд суулгац өвчилж гэмтээгүй байх хэрэгтэй.
Тариалалт болон суулгахдаа суулгацын үндэс болон ишний хугарсан, хатсан өвчилсөн хэсгийг тасалж авна. Зузаан бээлий өмсөхгүй бол гар өргөсөнд нь хатгуулах гэмтэй. Тарих үедээ суулгацын үндсийг өтгөн шавар зуурмагт дүрж шавар наалдуулж тарихад шороотой түргэн авцалдаж үндэс сайн үүсч хөгжинө. Бут нь өөрөө маш өргөстэй тул хашааныхаа хүн явдаггүй хэсэгт эгнээ үүсгэн шуудуулж эсвэл тогоолж суулгац (бут) хоорондын зай хол байхаар тооцон тарих нь ургац хураах болон хоорондуур нь явахад амар байдаг. Мөн бут нь өөрөө жил ирэх бүр өтгөрч томордог тул ойр байвал сийрэгжүүлэлт болон үржүүлэгийн зорилгоор сэжмыг ухаж авахад төвөгтэй болдог учир тухайн сортын онцлогоос хамаарч дунджаар бут хооронд 2-2.5 м, эгнээ хоорондоо 2-3 м зайтайгаар шулуун шугам татан байрлуулж суулгана. Тошлойны суулгацыг бага зэрэг налуу буюу 45° хэмд, мөчрийн доод талын нахианд тултал суулгаж тойруулж шороогоор манаж булж өгвөл хожим хөрсөн доорх иш үндэснээс нэмэгдэл үндэс ишүүд үүсч яваандаа өтгөн бут ургана. Суулгац тарьсны дараа хөрсийг ханатал сайтар усална. Хур тунадас дутмаг үед усалгааг 5-6 хоногийн дараа дахин хийх ба худгийн шууд хүйтэн ус болохгүйг анхаарах хэрэгтэй. Бут хоорондын хөрсийг 10-15 см гүн сийрүүлэлтийг үе үе хийж өгнө.
**Тошлойны арчилгааны хувьд **чийг их шаарддаг таримал учир газрын хөрсийг байнга сийрэг бөгөөд усалгаа хийж, хог ургамлыг устгаж байх нь чухал. Тошлойны суулгацыг шилжүүлэн тарьснаас хойш хавраас намар хүртэл бут ба эгнээ хоорондын хөрсийг дээр дурдсанаар тармуураар тармаж сийрүүлж байна. Ер нь хөрс өрөмтөж чийг алдахаас сэргийлэх гол арга бол 3-4 хоног тутам нэг удаа жимсний бутыг тойруулан хөрсийг сийрүүлж зарим үед хөрсөн дээр малын хуучин хөх бууц эсвэл хомоол хийж, зэрлэг ургамлыг түүж устгана. Тошлойны бутын иш мөчрүүд ургалт эрчимтэй байх тусам жимсний гарц сайн байдаг. Иймд анх тарьсан үеэс эхлэн залуу бут эрчимтэй ургах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байдаг. Үүнд хөрсийг органик бууц, багсармал эрдэс бордоогоор бoрдож боловсруулж, хугацаанд нь бутанд таналт, тайралт хийж хэлбэржүүлэх, гарсан өвчин хортныг цаг алдалгүй устгаж цэвэрлэж байна. Тарьсан даруй анхны сард суулгацны үндэс төлжин үүсч амьдрах чадвар сайжирч эхэлнэ. Тошлойны шим тэжээлээр баялаг хөрсний сийрэг өнгөн давхаргад хавж ургах учир хөрс сийрүүлэлт хийхдээ 5-6 см гүн биш үндсийг болгоомжтой сийрүүлнэ. Тошлой 2-3 настайгаасаа эхлэн жимс өгч эхлэх учир 4-5 настайгаас эхлэн таналт тайралт хийж хэлбэржүүлэхгүй бол яваандаа жимс жижгэрч гарц нь буурч эхэлдэг.
**Усалгааны хувьд **тошлой зөвхөн усалгаатай нөхцөлд сайн ургаж өндөр ургац өгнө. Усалгааг ургамлын өсөлт ид явагдаж байх үед буюу цэцэглэх, жимслэх үед голчлон хийнэ. Үүнээс гадна усалгааг хураалтын дараа ч хийнэ. Анхны усалгааг нахиа задрахаас өмнө 4-р сарын сүүлч 5-р сарын эхээр, 2 дахь усалгааг цэцэглэлтээс өмнө 5-р сарын 10-15-ны үед, 3-р усалгааг үр тогтолтын үед, 4-р усалгааг жимс боловсорч эхлэхээс өмнө, 5 дахь усалгааг жимс хураахаас 7 хоногийн өмнө тус тус хийх боловч хур тунадас ховор гандуу, хөрс элсэрхэг бол цэцэглэлт үр тогтох жимс боловсрох үед бараг 7 хоногт нэг усалгаа хийхдээ хөрсний гүнд 30-40 см нэвчиж орохоор усална. Тошлойны бутыг услахдаа бутны ёроолыг тойруулан газрыг тогоо хэлбэртэй хонхойлж, мөн бут хооронд нарийхан суваг шуудуу татан холбож усаа урсгаж услах эсвэл нэг бутанд нэг удаа 2-3 хувин буюу 25л ус хийнэ. Гэвч тухайн үед Тошлойг услахдаа бутны нас, хур чийг, хур тунадас уналтын байдлыг харгалзан их бага хэмжээгээр услах хэрэгтэй. Намрын усалгааг 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр хөрсөнд 50-60 см гүн ус нэвтэртэл 2-3 удаа услах нь чухал байдаг. Тошлой 10-15 нас хүртлээ ургаж жимслэх боловч илүү сэжмүүдийг авахгүй болон таналт арчилгааг муу хийвэл үндэсний хөгжилт нахиалалт нь багасаж жимслэлт буурна. Иймд жил бүр хавар намрын улиралд тошлойны бутанд засалт хийж, малын нунтаг бууц, багсармал бордоо, эрдэс бордоогоор бордож байхын зэрэгцээ цэцэглэж жимслэж буй үед малын (адуу, үхэр, хонь) шар бууцны шингэн уусмалаар усалж өгвөл ургац сайжирна.
Таналт ба тайралтын хувьд анхны жил суулгац тарьснаас хойш мөчрийн нахиа задралтаас өмнө хавар 2-3 нахиа үлдээж үзүүрийг тайрна. 2 дахь жилд хамгийн сайн үндэслэж хөгжсөн 3-4 мөчрийг үлдээж бусдыг тайрна. Дараах жилүүдэд хөлдсөн гэмтсэн, өвчилсөн мөчрүүдийг цэвэрлэх замаар таналт хийх ба 4-өөс дээш настай бутанд засалт, таналт хийж хэлбэржүүлнэ. Тухайлбал 5 настай бутанд таналт хийж хэлбэржүүлэхэд гол мөчирүүдийг үлдээж шарлаж муудсан мөчирүүдийг жил бүр тайрч авна. Тэгэхдээ хэлбэр муутай, газраар налж ургасан, тахирлаж мушгирч ургасан, хугарч гэмтсэн мөчрүүдийг модны хайч буюу хурц хутгаар тайрна. Бутанд тайралт зөв хийж хэлбэршүүлбэл жимс томорч ургац сайжирна. Ийнхүү 5-6 настай бут янз бүрийн насны мөчрүүдээс ишнээс бүрэлдсэн байна. Цаашид жил бүр хатсан хугарч гэмтсэн турь муухан, жимс цөөхөн гардаг мөчрийг тайрч засал хийнэ. Тэрчлэн цөөхөн салаа мөчиртэй модыг 4 дахин богиносгон тайрна. 6-7 настайгаас хуучирч хөгширсөн мөчрүүдийг цөөлж, залуу мөчрүүдийг үлдээн залуужуулж байх нь чухал. Мөн газраар налж ургасан, тахирлаж мушгирч ургасан, гэмтсэн мөчрүүдийг доош нь дарж ишийг нь дагуулж газраа хонхойлж ишийг нь булж дээрээс нь шорооноосоо мултарахгүйгээр шороогоор манаж юм даруулсанаар мөчирөөр үндэслэж ургах боломжтой болдог ба бүрэн үндэслэсэн үед гол ишийг нь таслан салгаж шинэ бут үүсгэн салган авч өөр газар тарих боломжтой болдог.
Боломж болон хандлагын хувьд дотоодын нөөц бололцоог ашиглан Монгол орны үржил шимт хөрсөнд өөрийн гараар хараа хяналт дор ургуулсан амт чанар сайтай элдэв химийн бордоо болон хадгалалт хамгаалалтын зориулалттай ариутгалын бодис ороогүй экологийн цэвэр жимс жимсгэнэ болон хүнсний ногооны өргөн сонголттой бүтээгдэхүүнээр хүн амыг хангах, хүнсэнд хэрэглэж буй жимс, жимсгэнийн нэр төрлийг нэмэгдүүлэх, нутагших боломжтой өндөр ургац, амин дэмийн агууламж өндөртэй жимс жимсгэнийн шинэ сортуудыг судалж үйлдвэрлэл аж ахуй болон айл өрх бүр тариалах шаардлагатай байна. Нөгөө талаар тошлой, тэхийн шээг зэрэг нь өргөстэй иштэй байдаг чанарыг ашиглан амьд хашаа болон хамгаалалтын зориулалтаар тарьж болно. Иш, жимс нь өөрөө өргөстэй мөчирүүд нь жил бүр солигдож хорхой шавьжнаас өөрийгөө хамгаалах чадвар сайтай ургамал учир бусад мод бутнуудтай харьцуулахад өвчлөл маш бага байдаг гэдгээрээ онцлогтой. Тошлой жимсний нас гүйцсэн бутнуудтай нэг га талбайгаас 25-30 тн жимс хураан авах боломжтой хөлдөөн шинээр нь идэх ба жимсээр нь чанамал, цай, амттан, дарс, вино, жүүс зэргийг үйлдвэрлэх боломжтой.
**Айл бүр арван мод тарья санаачлагын хүрээнд **хэдий манай орны байгаль цаг уурт зохицсон унаган жимсний мод ч харьцангуй бусад жимсний моднуудтай харьцуулахад тошлой нь манайд аж ахуй болон айл өрхүүдэд бага тариалагдаж буй ховор бутлаг ургамал юм. Сайн сортуудыг дотооддоо үржүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй ба зэрлэг төрөл зүйлийг тарьмалжуулах асуудал бүр ч хязгаарлагдмал байдаг. Дотоодоо төдийгүй дэлхийн зах зээлд энэхүү жимс нь өндөр үнэлэгдэх ба манайд тариалахад байгаль цаг уурын хувьд нэн зохицсон байдаг зэргийг ашиглан аж ахуй үйлдвэрлэлийн зориулалтаар ихээр тариалан экспортод гаргаж болох үнэт таримал жимс юм. Тиймээс суулгасан газраа олон жил ургадаг амт сайтай, олон төрлийн ашиг тустай энэхүү жимсний ашигт чанарыг ойлгож Монгол орныхоо өнцөг булан бүрт “айл бүр арван мод таръя” санаачлагын хүрээнд тарьж, үр шимийг нь ашиглахыг зөвлөж байна. Тошлойн 10 бутнаас танай гэр бүлийн хэрэгцээг хангах жимс хураан авах боломжтой ба ханш нээсэн энэ үед хашааныхаа элдэв зэрлэг ургамал болон өнжсөн өвсөө цэвэрлэж, хашаандаа төлөвлөлт хийж, шинэ тарих моднуудынхаа талбайг бэлдээрэй. Айл бүр тошлой тарья.
“Айл бүр арван мод тарья”

+ There are no comments

Add yours