Аюулыг амиараа сануулаад буцсан хүүгийн үхэлд хэн ХАРИУЦЛАГА хүлээх вэ?

Хараа, хяналтгүй, хайхрамжгүй хүмүүсийн буруугаас гурван настай хүүхэд зүй бусаар хорвоог орхисонд нийгэм даяар харамсаж, хирдхийв. Аав, ээж, дүүтэйгээ аз жаргалтайхан инээж наадаж байсан жаахан хүүгийн аюулгүй байдал гэрийнх нь үүдэнд алдагдсан нь даанч харамсалтай. Ингэхэд, хүүхдийн амь насаа алдсан, гэрийнх нь үүдэнд аюулгүй байдал алдагдсанд хэн буруутай юм бэ? Үнэндээ дэндүү харамсалтай энэ хэрэгт дахиад гэм зэмгүй хүүхэд, хөгшид өртөхгүй байхын аргагүй нөхцөл байдалд байгаа учраас бид энэ тухай хатуу хариуцлага нэхэж багагүй хөөцөлдсөн ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ хүн олдсонгүй нь эмгэнэлтэй.  

Харамсалтайгаар амиа алдсан хүүд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Амттан аваад гэртээ орохоор явж байсан хүүгээ олон жилийн турш засагдахгүй эвдэрсэн харагддаг лифтний хаалга налж, долоон давхраас хонгил руу унаж амиа алдахыг харсан гэр бүлийнхэнд ямар байгаа бол? Яагаад  сар бүрийн хураамжаа цаг алдалгүй нэхдэг шигээ лифтнийхээ бүрэн бүтэн байдалд анхаарч, засвар үйлчилгээг нь хийсэнгүй вэ тэр СӨХ?

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 86 дугаар байрыг хариуцдаг “Хаан суудал” СӨХ-ны дарга нь Золбоо гэдэг хүн байх ёстой хэмээн оршин суугчид өгүүлж, тэнд явж байсан, тэнд л байгаа байх хэмээн зааж өгсөн ч тааралдсангүй. Харин уг байрны оршин суугч тэтгэврийн насны эмэгтэй “Хаан суудал” хэмээх том нэртэй даржин СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга гэнэ. Багагүй хөөцөлдөж, муур хулгана болсны эцэст нэрийг нь бичихгүй, зургийг нь дарахгүй, өөр хэнд ч өөрөөс нь авахгүй, цаашид танихгүй… гэх мэтээр баталгаа гаргаж өгсний эцэст тус СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, “байрныхаа сайн сайхны төлөө ажиллаж байсан. Ийм аймаар зүйл болно гэж төсөөлсөнгүй. СӨХ-ийн хуучин дарга нь 100 гаруй сая төгрөгийн өр тавиад ажлаа хаяад зугтаад алга болсон. Түүний тавьсан өрийг нь барагдуулах гэж одоогийн СӨХ-ны дарга иргэдээс орж ирж байгаа хамаг мөнгөө хамж өрөнд өгөөд эвдэрсэн лифтээ шуурхай засварлаж чадаагүй гэсэн. Мөнгө байхгүй учир эвдэрхий лифтийг засварлаж чадахгүй болохоор нүхийг бөглөж, хаах юм шиг байна лээ. Энэ лифт угаасаа засвар авахгүй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ лифтийг акталсан гэсэн. Тиймээс нүхийг нь бөглөхөөс өөр аргагүй юм билээ. СӨХ-ны зүгээс сэрэмжлүүлэг самбар байрлуулаагүй нь буруу. СӨХ-ны дарга маш завгүй, өглөөнөөс  хойш л цагдаад байцаалт өгөөд яваа харагдсан” хэмээн өгүүлсэн.

Хайхрамжгүй СӨХ-ны буруугаас халуун амь тасрав, төр дүлий, хайнга хэвээрээ…

Монголд тэр дундаа нийслэлд өдөрт хэдэн арваараа орон сууцны барилгууд ашиглалтад орж буй. Тухгүй амьдралаас зугтсан иргэд өөрсдийн халаасны хэмжээгээр төлж сонгосон орон сууцнуудад ч бас асуудал мундахгүй их. Үүний нэг нь өчигдөрхөн харамсалтайгаар амь насаа алдсан гуравхан настай охинд тохиолдсон хэрэг юм.

 “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ, лифт эрсдэлтэй байгууламж учраас СӨХ заавал мэргэжлийн лифтчин ажиллуулах, сар бүр үзлэг хийх хэрэгтэй хэмээн өнөөдөр хэвлэлээр мэдэгдэв. Тэрбээр энэ үгийг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны орон сууцны цахилгаан шатны хонгилд унаж нас барсан гурван настай охины хэргээс үүдэж өгүүлсэн. Мөн, манай байгууллага нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цахилгаан шатны ажилд хяналт тавьдаг. Мөн СӨХ-нуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр лифтнүүдэд засвар үйлчилгээ хийдэг. Өнөөдрийн байдлаар манай байгууллага 60 ААН-ийн 170 лифтэнд засвар, техникийн үйлчилгээ хийж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд 7000 гаруй лифт бий гэсэн тоо баримт байдаг. Манай байгууллага тэр олон лифтэнд засвар үйлчилгээ хийх боломжгүй бөгөөд зөвхөн гэрээт СӨХ-уудын лифтэнд засвар хийж байгаа. Лифт эрсдэлтэй байгууламж учраас СӨХ заавал мэргэжлийн лифтчин ажиллуулах, сар бүр үзлэг хийж байх хэрэгтэй. Хуульд зааснаар лифтийг ашиглагч байгууллага нь хариуцан эвдрэл гэмтлийг засварлах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэж заасан байдаг. СӨХ аюулгүй байдлыг хангаагүй, буруутай гэж дүгнэж байна. Нийслэлийн зүгээс ашиглалтын хугацаа дууссан 134 лифтийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн урьдчилгаа 15 хувь нийслэлийн төсөвт суусан бөгөөд бусад зардлыг Беларусь улсын тусламжаас гаргах юм” гэж өөрийн болон эрхэм дарга нарынхаа арьсыг хамгаалав.

Нэгэн судалгаанд, 2016 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлд лифтний осол, аваар өдөрт дунджаар 40 орчим гардаг бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэж байна хэмээн дурджээ. “Хөрөнгө мөнгө байхгүй”, “энэ чиглэлээр гадны төсөл хөтөлбөр хэрэгжээгүй”-гээс долоон жилийн өмнөхөөс өөр тоо баримт, судалгаа олдсонгүй бололтой…

Цахим мэдээллийн санд лифтийн осолтой холбоотой хайлт хийхэд “2013 оны нэгдүгээр сарын 15. Эко констракшны баригдаж байсан барилгын лифт унаж зургаан хүн гэмтэв”. “2019 оны 12 дугаар сарын 24. Баянзүрх дүүргийн 4-р хорооны Американ дэнжид баригдаж байгаа барилгын лифтний хонгилд хүн унаж нас барсныг олов. Талийгаач уг хонгилд унаад тав хоносныг хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдаг”. “2021 оны нэгдүгээр сарын 27-нд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд орших Залуус хорооллын 48б байрны 1-р орцны лифт  зургаан давхараас унаж хоёр хүн гэмтэв”… гэх мэтээр арвин их мэдээлэл байх.

Эх сурвалж-1, Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны аравдугаар давхрын цахилгаан шат тухайн давхарт очоогүй атлаа хаалга нь нээлттэй байсныг үл анзаарсан нэгэн залуу нэг давхар руу унаж, хүнд гэмтсэн хэрэг одоогоос дөрвөн жилийн өмнө гарсан. Мөн цахилгаан шат ирээгүй байхад бас л хаалга нь нээгдэж, найман настай охин амиа алдсан гээд цахилгаан шаттай холбоотой осол цөөнгүй бий. Лифтний аюулгүй ажиллагаанаас болж гарч байгаа ослуудад хариуцах эзэн байдаггүй юм байна гэж ойлгосон. Уг нь лифтний аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан буюу лифтчин СӨХ бүрт нэг байх ёстой. Тухайн лифтчин сард нэг удаа цахилгаан шатны аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй байдаг юм гэсэн. Даанч оршин суугчид бидэнд тэр бүр мэдэгдэхгүй юм…

Эх сурвалж-2, Ерөөс сүүлийн үед баригдаж байгаа орон сууцнуудад мэргэжлийн сургалтад хамрагдсан лифтчин байдаггүй. Ихэнх байруудад  орцны жижүүр нэртэй үйлчлэгч нь энэ ажлыг давхар хариуцдаг. Ихэвчлэн хөдөөнөөс ирээд хотод суурьшиж амжаагүй, орон гэргүй шахам хүмүүс л орцны жижүүрээр ажилладаг. Цалин нь 300.000-500.000 байдаг болохоор байрлаж ажиллаж байна гээд тэр хүмүүс ч татгалзахгүй ажилладаг юм билээ. Ийм хүмүүс ямар нэг том асуудалд хариуцлага хүлээнэ гэдэг юу л бол. Нөгөө талаар цахилгаан шатны үйл ажиллагааг хэвийн явуулж байх үүрэгтэй, түүний ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж байдаг байгууллага СӨХ гэхээр бүүр санаа зовдог. СӨХ бол иргэдээс мөнгө нэхэж, хүнд хэцүү байна гээд орцны шал угааж, хог ачуулах л үүрэгтэй харагддаг юм. Ийм арчаагүй хүмүүс хүний амь нас хариуцна гэж юу байх вэ дээ…

Эх сурвалж-3, СӨХ-д cap бүр нэг айл доод тал нь 5000-8000 төгрөг цахилгаан шат ашигласны мөнгө төлдөг ч хэвийн ажиллагааг хангахад зарцуулж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Тиймдээ ч НМХГ, МХЕГ-т лифттэй холбоотой гомдол жилд 300 орчим ирдэг. Хамгийн сүүлийн үеийн жишээ татахад, Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 44 дүгээр байрны лифт гацаад ажиллахгүй, энэ талаар СӨХ-доо хэлэхээр арга хэмжээ огт авахгүй байна гэсэн гомдлыг тухайн байрны оршин суугч гаргасан байна. Мөн Хан-Уул дүүргийн “Хүннү” хорооллын 115 дугаар байрны лифтний хаалга гацдаг, явж байхдаа онгойдог, сэгсрэгддэг гэх гомдол бас ирээд байна…

Эх сурвалж-4, Томоохон хотхонд ч ялгаа алга, лифтний асуудалтай. Байнга шахам эвдэрнэ, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Маршал таун” хотхонд ашиглагдаж байгаа “Тhyssen Krupp” компанийн 15 лифтний нэг нь эвдэрч, ашиглалтаас гарсан. 12 нь тодорхой гэмтэлтэй гэж улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон байгаа. Хамгийн гол нь эдгээр лифтийн эвдэрсэн эд ангийг засахад 16 сая төгрөг шаардлагатай байгаа юм гэсэн. Гэтэл хэрүүл маргаантай байгаа гээд одоо хүртэл ямар ч засвар үйлчилгээ хийхгүй иргэд хохирч байгааг тоож байгаа газар алга. Тухайн лифтийг угсарсан компани СӨХ-нд хүлээлгэн өгөөгүй атлаа гарсан эвдрэл гэмтлийг СӨХ нь хариуцах ёстой гэсэн байр суурьтай байгаагаас иргэд лифтний үйлчилгээ авч чадахгүй хохирч байна.

Эх сурвалж-5, Уг нь цахилгаан шат суурилуулсан компани Барилгын тухай хуульд зааснаар тухайн лифтний аюулгүй ажиллагааг гурван жил хариуцдаг юм байна лээ. Гэтэл  үйлдвэрээс олгодог баталгаа нь нэг жил байдаг учир тэд заасан жилдээ хариуцлагаа үүрдэг гэсэн. Мэдээж хэрэг 1-3 жилийн хугацаанд лифтэнд төдийлөн эвдрэл гэмтэл гарахгүй л. Бас манай улсад лифт импортолдог компаниуд чанартайг нь биш, хямдыг нь харж сонгодог болохоор хуучрах тусмаа аюултай байдал үүсдэгийг мэргэжлийн байгууллагууд анхаарч, хариуцсан байгууллагад нь анхааруулах, арга хэмжээ авах хэрэгтэй байна. Гэтэл өнөө л авлига хахууль нь байдаг юм байлгүй, унадаг, доголдолтой, даац нь заасан хэмжээнээс бага лифтүүд өнөөдөр ч шинээр баригдаж байгаа орон сууцнуудад суурилуулагдсаар байгаа нь хамгийн том аюул. Үүнийг хаанах хянадгийг ёстой мэдэх юм алга.

Эх сурвалж-6, Хуучны байруудын цахилгаан шат хамгийн том асуудал болоод байна. 2005 оноос хуучин байруудын цахилгаан шатыг шинэчилж эхэлсэн. Тухайн үед тендерт ялсан компаниуд тухайн байрны цахилгаан шатыг угсарчихаад л яваад өгдөг.  Гэтэл түүний ашиглалт, үйлчилгээг хариуцах эзэн тодорхойгүй үлдчихдэг. Хуульд зааснаар СӨХ нь лифтний бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой. Гэвч эдгээр лифтийг 20-25 жилийн дараа дахин шинэчлэх шаардлага гарна. Хуульд зааснаар хуучин байруудын лифтийг нэг удаа санхүүжүүлнэ. Сэлбэг материалын үнэ ихэвчлэн ам.доллараар үнэлэгддэг тул СӨХ-д өөрсдөө энэ асуудлыг шийдэж чадахгүй гэж үздэгээс асуудал үүсдэг юм билээ. Үүнийг мэргэжлийн байгууллагууд, эрх мэдэлтэй хүмүүс нь анхаараасай.

Эх сурвалж-7, Өнөөдрийн байдлаар цахилгаан шат угсарч, засварладаг тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй компани МХЕГ-т бүртгэлтэй байдаг. 1981 онд манай улсад Цахилгаан шат засварын алба гэж байгуулагдаж 21 хүн ЗХУ-д сургуульд бэлтгэгдэж ирсэн байдаг. Үүнээс хойш тэдний үр хүүхдүүд дээрх компанийн нь ажлыг өвлөн үргэлжлүүлдэг юм билээ. Гэтэл эдгээр компани Оросын хуучин цахилгаан шатыг засахаас бус, томоохон засвар үйлчилгээ хийх хэмжээний мэдлэг боловсролгүй. Энэ чиглэлийн мэргэшсэн монгол инженер ч байхгүй шахам. Ёстой толгойн өвчин болсон асуудал даа…

Эх сурвалж-8, Сүүлийн үед БНСУ, БНХАУ, Япон, Оросын цахилгаан шатуудыг суурилуулдаг. Гэтэл эдгээрийг эвдрэхэд засах нь битгий хэл, сэлбэг нь маш өндөр үнэтэй учир худалдан авч чаддаггүй. Орон орноос оруулж ирж буй цахилгаан шатны засвар үйлчилгээг нь хийдэг мэргэжлийн хүн, засварын газар хэрэгтэй байна.

Шаардлага хангахгүй 131 лифт бүртгэгдсэн ч ажилласаар л…

Манай улсын сууцуудад үйлчилгээ үзүүлж байгаа цахилгаан шатыг хариуцсан эзэн буюу лифтчин байдаг бөгөөд тэд бүгд мэргэжлийн үнэмлэхтэй байдаг аж. Мэргэжлийн лифтчин болоход 150.000-180.000 төгрөгийн төлбөртэй сургалтад суугаад үнэмлэхтэй болдог. Харин тэр үнэмлэхийг нь Мэргэжлийн хяналтын газраас шалгаж баталгаажуулах учиртай юм байна. Гэтэл өнөөдөр мэргэжлийн үнэмлэхтэй лифтчин байдаг ч Мэргэжлийн хяналтын газраас баталгаажуулсан үнэмлэхтэй нь ховор байдаг аж. Нөгөө талаар нэг лифтчинд ногдох лифтний тоо, тогтсон норм байхгүй бөгөөд зарим СӨХ-д 10-16 лифтний дунд ганцхан лифтчин ажилладаг гэнэ. Иймээс зарим засвар үйлчилгээг үзүүлэгч компаниуд лифтчиний үүргийг гэрээгээр хүлээж ажилладаг гэв. Лифт бол онцгой объект хэдий ч манайд өнөөдрийг хүртэл цахилгаан шатны талаар мөрдөх нарийвчилсан, тодорхой стандарт байдаггүй аж.

МХЕГ-ын барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч Н.Буйдан, 2003 он хүртэл ЗХУ-д үйлдвэрлэсэн 800 орчим лифт, краны угсралт, засвар үйлчилгээний ажлыг мэргэжлийн 5-6 байгууллага гүйцэтгэдэг байсан. Өнөөдөр Монгол улсад 15.485 ширхэг төрөл бүрийн өргөх байгууламж ашиглагдаж, тусгай зөвшөөрөлтэй 200 гаруй байгууллага тэдгээрийн засвар үйлчилгээ, угсралтын ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ нь нэг байгууллагад 70 гаруй өргөх байгууламж оногдож байна гэсэн үг. Бодит амьдрал дээр нэг байгууллага 500-800 өргөх байгууламжийг хариуцан ажиллахад үйл ажиллагаа  нь  хэвийн, найдвартай явагдаж байгаа нь ажиглагддаг. “Моннис” ХХК, “Сима тек” ХХК, “Хьёндэ элеватор Монгол” ХХК, “Оюу толгой” ХХК, “Хөлөг элеватор” ХХК зэрэг байгууллагыг жишээлээд дурдаж болно. Ер нь өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээний ажлын чанар муу байгаагийн нэг үндсэн шалтгаан нь эрх бүхий байгууллагаас  тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгож байгаатай холбоотой. Өргөх байгууламжийн хяналтын чиглэлээр хийсэн 2020 оны хяналт шалгалтаар лифтний зураг төслийн алдаа гаргасан 103 байгууллагын 206 зөрчлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авсан. Ашиглалтын шаардлага хангахгүй, эдэлгээний хугацаа нь дууссан 782 лифтний судалгааг гаргаснаар улсын төсвийн хөрөнгөөр лифт шинэчлэх Засгийн газрын тогтоолыг гаргуулсан. Ингэснээр 2012-2020 онд 564 лифтийг улсын төсвийн хөрөнгөөр шинэчлүүлж, техникийн бүрэн магадлалыг нь хийж, улсын бүртгэлд бүртгэн, ашиглалтад авсан. Хуучин лифтийг шинэчилж баталгаажуулснаар иргэдийн аюулгүй зорчих нөхцөл сайжирч байгаа юм гэсэн.

Орон сууцны зарим цахилгаан шат гэнэт гацдаг, доош унадаг гэх мэт хүний амь  насанд эрсдэлтэй байна – updown.mn

Нийтийн орон сууцны барилгад 25-40 жилийн настай, аюулгүй ажиллагааг хангахгүй, шинэчлэх шаардлагатай болсон 131 лифт хэвийн ажиллаж байгаа нь осол, аваар хэзээ ч гарах болзошгүй эрсдэл бийг сануулаад байгаа юм. Лифт дундын өмч, СӨХ иргэдийг төлөөлсөн эзэмшигч байгууллага гэдгээрээ орон сууцны лифтний ашиглалт, аюулгүй байдлыг холбогдох хуулиуд болон лифтний дүрэмд зааснаар тухайн орон сууцны СӨХ лифтний ашиглалт, аюулгүй байдлыг ханган ажиллах ёстой аж.  Харамсалтай нь өнөөдрийн байдлаар 200 гаруй лифт эвдэрч зогссон, тэдгээрийг засварлахад их хэмжээний буюу 10 хүртэл сая төгрөг шаардлагатай. Мөн жил бүр лифтний угсралт эсвэл ашиглалтаас шалтгаалан 2-3 осол гардаг. Сүүлийн жилүүдэд Сонгинохайрхан дүүргийн “Залуус”, “Баганат хороолол”, “Хишиг арвин” ХХК-ийн ажилчдын болон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооллын 8, 13 байруудад ноцтой осол гарсан нь анхаарлын гадуур өнгөрүүлж болохгүй хэрэг юм.

Сэтгүүлч Х.Аянга

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    Эко констракшин яагаад дандаа байнгын ийм аймшигт байр лифт хийдгийг хүлээж авч буйнуудтаан хамт хүний амь нэхэж бна

+ Leave a Comment