Хөтлөгчөөс захиралд томилогдсон “хөөний эр”


МҮОНРТ-ийн захирал хэмээн босго өндөртөй албаны ерөнхий захирлаар саарал ордноос шадар сайдаар “крандуулж” томилогдсон телевизийн хөтлөгч залууг А.Бүрэнбаатар гэдэг. Алба нь өндөрсөж, суудал нь ахих тутам ахан дүүс, жалга довын татаас илт үйлчилдэг Монголын өнөөгийн улс төрийнхний хувьд МҮОНРТ гэдэг газар бол хамгийн түрүүнд “эзлэх” ёстой “толгод” нь болдог бичигдээгүй хуулийн дагуу намын доторх зодооноор өмнөх захирлыг мөргөн орж ирсэн хөтлөгч залуугийн хувьд “Өвөрхангайнх” гэдэг нь хамгийн том шалгуур хангасан үзүүлэлт байсан нь учир мэдэх олныг гайхуулсан гэхээсээ илүү “мушийхад” хүргэсэн гэдэг.
Харин “хэзээ ч хамаагүй энэ албан тушаалаас бууж мэдэх учир” гэдгээ томилогдож байхдаа л тодорхой ойлгосон залуу захирлын хувьд цөөхөн хэдэн сарын хугацаанд ч гэсэн өөрийн эрх мэдлээ ханатал эдэлсэн түүх нь цаанаа л шорвог. Ёстой л уул үзээгүй хормой шууж, ус үз үзээгүй гутлаа тайлсан нэгний бадарчилсан түүх шиг санагдах нь эмгэнэлтэй. А.Бүрэнбаатарын захирлын МҮОНРТ-д хийсэн худалдан авалт хийгээд мөнгөн гүйлгээний түүхээс харахад залуу захиралд МҮОНРТ-д тулгараад байгаа санхүүгийн хүндрэл, бэрхшээл огт хамаагүй байсан мэт байсан нь аргагүй анхаарал татлаа.


Нэгэн зүйл, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр сарын 5-ны 25 тоот “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа материал худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөх тухай” тогтоолоор “МҮОНРТ-д бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журам”-д нэмэлт өөрчлөлтийг 2021 оны зургадугаар сарын 2-ний өдрийн А/53 тоот тушаалаар оруулахдаа Үндэсний зөвлөлд мэдэгдээгүй байдаг. Засгийн газрын тогтоолд харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 70 сая төгрөг, шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 20 сая төгрөг. Харин А.Бүрэнбаатар МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдонгуутаа үүнийг маш сайн ашигласан нь хийж эхэлсэн мөнгөн гүйлгээнүүдээс нь илт харагдана.
Үүний заримаас дурдахад,

  • Смарт фэн ХХК-д 21.4 сая төгрөгийг харьцуулалтгүйгээр-
  • Медиа проперциональ ХХК-д 22.3 саяар хоёр удаа линк худалдан авахад зориулж харьцуулалтгүйгээр шууд худалдан авалт хийхэд зориулж Асралт баян хайрхан ХХК-д 5,82 сая,
  • Ачмаг наран ХХК-д 8,8 сая
  • Бахдам оргил ХХК-д 8,7 сая төгрөгийг бэлэг дурсгал авахад зориулж гэх мэтээр шилжүүлсэн байх юм.
  • Мөн 280 саяын төсөвтэй “Монгол орон даяар” төсөлд урьдчилгаа гэж 42 сая төгрөг бэлнээр олгож, Швейцарын хөгжлийн агентлагт 23 сая төгрөгийг “нэвтрүүлэг худалдан авсны зардал”-д шилжүүлжээ.
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тайзны зардалд 34 сая төгрөг
  • Согсунг ХХК-д 14 сая төгрөг
  • Монгол хар боржин ХХК-д 16 сая төгрөг
  • Мөнх гэр ХХК-д 10,1 сая төгрөгийг шилжүүлж цонх худалдаж авсан бол Мюзик тех ХХК-руу гадны уран бүтээлчдийн ажлын хөлс хэмээн 16,6 сая төгрөгийг,
  • Таван од оч ХХК-д 12 сая төгрөгийг, “Нүүдэлчин зөн” төслийн хүрээнд Кибер ком ХХК-д 17.8 сая, харин уран бүтээлчдийн ажлын хөлсөөр 20 сая төгрөгийн бэлнээр гаргаж өгсөн бол Залуу судлаачдын дэмжих ТББ-д 6,5 сая төгрөг, Хууль зүйн туслалцаанд 6,5 сая төгрөг /сүүлийн хоёр шилжүүлэг орон тооны бус зөвлөх албан тушаалтай Батзоригтой хамааралтай байгаа бөгөөд хууль зүйн туслалцаанд шилжүүлсэн 6,5 сая төгрөг гэхэд Батзоригийн хувийн хуулийн фирмийн данс руу шилжсэн байдаг/


Нэгэн зүйл, МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний 38 тоот тогтоолоор ажлын хэсэг байгуулан тус байгууллагын санхүү, үйл ажиллагаанд шаардлагатай шалгалтыг хийсэн байна. Шалгалтын явцад 2021 оны төлөвлөгөө, төсөвт тусгагдаагүй шинэ нэвтрүүлэг нэмэлтээр оруулахдаа санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, өндөр үнэтэй ажил төлөвлөж, түүнийгээ Үндэсний зөвлөлд танилцуулаагүй. Уг ажилтай холбогдсон гэрээ байгуулах, дүгнэх, гэрээний дагуу мөнгөн шилжүүлэг хийх зардлыг тасалж шилжүүлэх, хагас жилийн тайланд холбогдох зардлуудыг зөрүүтэй тусгадаг… зэрэг нь тогтоогдсон байдаг.

Хэдийгээр уран бүтээлчдийн санал санаачилгаар нэвтрүүлгүүд хийгдэж, олон нийтэд хүрч буй нь сайн хэрэг байж болох ч 2021 оны төсөвт суугаагүй, ажил үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас Үндэсний зөвлөлд танилцуулах ёстой атлаа энэ ажил огт хийгдээгүй. Энэ нь мэдээж маш өндөр буюу 270-370 сая төгрөгийн төсөв бүхий нэвтрүүлгүүд байгаа нь анхаарал татахаас өөр аргагүй юм. Тухайлбал “Нүүдэлчин зөн” төсөл нэвтрүүлэг. 370 сая төгрөгийн төсөвт өртөгтэй. Уг нэвтрүүлгийн одоогийн гүйцэтгэл 86 сая төгрөг, харин байгууллагаас гарсан зардал нь 60 сая төгрөг. Мөн “Шивээ хиагт” теле дуурийн уран бүтээлийн явц болон уран бүтээлчдийн баг бүрдүүлэх, санхүүжжүүлэгч байгууллагын гэрээ шийдвэр тодорхой бус, Үндэсний зөвлөлд танилцуулж, төлөвлөгөөнөөс гадуурх нэмэлт ажлын зөвшөөрөл, зөвлөмж аваагүй атлаа аль хэдийн 50 гаруй сая төгрөгийг зарцуулсан байгаа юм.

“Орон даяар” хөгжмийн хөтөлбөр нэвтрүүлгийн төсөвт өртөг 270 сая төгрөг. Уг уран бүтээл дээр ажиллаж байсан “Хөгжим цэнгээнт” нэвтрүүлгийн редакцийн нэр бүхий долоон уран бүтээлч Үндэсний зөвлөлд гомдол гаргаснаар маргаан үүсч, ил болсон. Уг төслийг хийх явцад зохиогчийн эрхийн асуудал хөндөгдсөн төдийгүй Үндэсний телевизийн уран бүтээлчдийн баг ажиллаж, техник хэрэгсэл нь ашиглагдаж буй атлаа Оргил медиа ХХК гэдэг студитэй гэрээ байгуулан “гадны студиэр төлбөртэй хийх” шийдвэр гаргаснаар төсөл дээр ажиллаж байсан таван зураглаачийн ажлыг цуцалсан нь маргаан үүсгэж уран бүтээлчид Үндэсний зөвлөлд хандсанаар залуу захирлын бас нэгэн булхай илэрсэн аж.

Нэгэн зүйл, МҮОНРТ том байгууллага. Гэтэл энэ байгууллагын хүний нөөцөд бүтцэд байхгүй орон тоон дээр ажиллаж буй хэд хэдэн албан тушаалтан байгаагаас гадна, удирдах албан тушаал дээр ажиллаж байгаа хүмүүсийн баримт бичгийн бүрдүүлэлт дутууг хэн ч тоохгүй байгаа нь хачирхалтай. Үүнд, Олон нийтийн радиогийн захирлын, Үндэсний телевизийн захирлын, Тамгын газрын даргын баримт бичгийн бүрдэл дутуу. Хэдийгээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ч холбогдох хуульд заасны дагуу байх ёстойг хамгийн сайн мэдэх ёстой МҮОНРТ-ийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Наранбаатар Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, боловсролын байдлыг тодорхойлох бичиг баримт дутуу бол Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, Судалгааны албан дарга, Хууль эрх зүйн албаны дарга, Радио телевизийн сошиал хөгжүүлэлтийн албаны дарга гэх мэтээр бүтэц, орон тоонд тусгагдаагүй албан тушаалд цөөнгүй хүмүүсийг томилсон байдаг. Түүнчлэн эдгээр албан тушаалыг бий болгон нэр бүхий хүмүүсийг томилохдоо Хүний нөөцийн талаарх баримтлах зарчим, аль нэгэн албан тушаалд томилохтой холбогдсон асуудлаар Захирлын зөвлөлийн хурал хийгээгүй. Хурлаас гарсан шийдвэр, тухайн хүний үйл ажиллагааны түүхэнд холбогдох баримт бүрдүүлэлт байхгүй аж.

Үүнээс гадна А.Бүрэнбаатар захирал албан тушаалтныг чөлөөлөх, томилох тушаалын огноог дур мэдэн өөрчлүүлдэг. Үүнээс үүдэн өр үүсдэг байна. Тухайлбал, Б.Мягмарбаатарыг ажлаас чөлөөлөх хугацааг 10 дугаар сарын 1-нээр огноолж хүний нөөцөөс оруулсныг 2021 оны есдүгээр сарын 21-ний өдрөөр гаргаснаар өр үүссэн. Мөн Хууль эрх зүйн албаны дарга Л.Эрдэнэсүрэн хуульд байхгүй заалт буюу Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 36.1.1,36.1.3,36.16 гэсэн заалтаар Д.Баярсайхан, О.Ууганбаяр, С.Цолмонмандах, Л.Сүнжидмаа нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай тушаал гаргаж ерөнхий захирлаар батлуулсан байдаг. Гэтэл энэ тушаалыг боловсруулсан Хууль эрх зүйн албаны дарга ч баталсан ерөнхий захирал ч аль нь ч энэхүү бүдүүлэг алдаагаа олж хараагүй нь мэдлэггүй, хариуцлагагүйн хамгийн харамсалтай жишээ болсон гэсэн үг.

МҮОНРТ-ийн ажилчдын цалин хөлсийг Санхүүгийн албанаас буруу эсвэл дутуу бодож хохироодог байдал маш их болсон байдаг. Үүнд, архивын эрхлэгч Ц.Олзодмаа нь ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд, ХНХ-ийн сайдын 2020 оны хамтарсан тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтанд мэргэжлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-д зааснаар 2017 онд ахлах зэрэг авч, үндсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл сар бүрийн цалинд нэмэгдэж ордгийг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр 2021 оны зургадугаар сарын 30-наас хойш олгоогүй хохироосон. МҮОНРТ-ийн MNB-ийн хүүхдүүд цэцэрлэгийн ажилчдын ур чадварын нэмэгдлийг найм, есөн сард олгоогүй. Ариутгах татуургын засварчин, гагнуурын ажлыг давхар хийдэг ажилчны үндсэн цалин дээр нэмж олгогддог 100 мянган төгрөг /2021 оны долдугаар сарын 26-ны Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр батлагдсан/-ийг дур мэдэн 50 мянган төгрөг болгож бууруулсан атлаа Хууль эрх зүйн албаны дарга гэх бүтцэд байхгүй орон тоон дээр ажилд авсан этгээдийг 650 мянган төгрөгөөр цалинжуулж, ур чадварын нэмэгдлийг сар бүр олгосон нь А.Бүрэнбаатар захирал бол өөртөө ашиггүй гэж үздэг ажилчдын цалинг хасаж, бууруулж, өөртөө ашигтай гэж үзсэн бол Захирлуудын зөвлөл, Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр толгой мэдэн албан тушаал шинээр бий болгон цалинжуулаад зогсохгүй урамшуулал олгож, тойглодог нь дээрх баримтуудаас ил болж байна гэхэд болохоор байна.

Мөн, А.Бүрэнбаатарыг Үндэсний зөвлөлийн 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдааны 18 дугаар тогтоолоор баталснаар МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж буй. Тэрбээр 2021 оны гуравдугаар сарын 10-наас 2021 оны 11 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд ажиллахдаа 71 хүнийг ажлаас халж, 52 хүнийг шинээр ажилд авч, 38 хүний албан тушаалыг нь өөрчлөн томилсон байна. А.Бүрэнбаатар захирал МҮОНРТ-ийн удирдах бүрэлдэхүүнийг 100 хувь шинээр бүрдүүлэхдээ “өнөөг хүртэл бүтэц эцэслэн батлагдаагүй” гэсэн шалтгаанаар эдгээр албан тушаалтнуудын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулаагүй байдаг. Ингэснээр түүний бүрдүүлсэн Удирдах багийн гишүүд бүгд ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧИД аж. Хөгжилтэй байгаа биз… Гэсэн атлаа эдгээр дарга нар бүгд ур чадварын нэмэгдэл гэж 450-650 мянган төгрөг буюу үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдлийг давхар авдаг байх юм. Харин тус байгууллагад ажиллаж байгаа нийт уран бүтээлчдийн хувьд ур чадварын нэмэгдэл ердөө 50 мянган төгрөг.

Түүнчлэн цалингийн сүлжээ, төсөвт тусгагдаагүй мөнгөөр орон тоооны бүтцэд байхгүй ажлын байр бий болгон зарим ажилтныг цалинжуулж хууль зөрчиж байгаа. Үүнд, Хууль эрхзүйн албаны дарга Б.Эрдэнэсүрэн, Судалгааны албаны дарга Б.Цовдондорж, ахлах судлаач Т.Батзориг, номын санч Б.Нарантөгс, Маркетингийн менежер С.Минсел, Радио телевизийн суваг хөгжүүлэлтийн албаны дарга Р.Тулга нарыг батлагдаагүй бүтцэд, байхгүй орон тоонд томилсон байдаг. Мөн МҮОНРТ-д гэрээт ажилтнаар 16 хүнийг ажиллуулж байгаа бөгөөд эдгээрийн 15 нь ерөнхий захирал А.Бүрэнбаатарын ажиллах хугацаанд буюу 2021 оны гуравдугаар сарын 1-нээс 2021 оны 11 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд гэрээ байгуулан ажилласан байдаг.

Тэр ч бүү хэл хууль эрх зүйн орон тоон дээр хүмүүс ажиллаж байгаа атлаа тухайн орон тоон дээр О.Лхагвадорж, А.Доржсүрэн зэрэг хүмүүс гэрээ байгуулан сар бүр 600 мянган төгрөгийн цалин авдаг байх юм. Бас нэгэн анхаарал татсан зүйл бол Анхан шатны шүүхээс ажлаас халсан нь үндэслэлтэй нь тогтоогдож, нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болж, байгууллагад учруулсан гурван сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэгдсэн иргэн Гандиймаа /ММ-ийн захирал/-д холбогдох хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх явцад нэхэмжлэлийг нь бүхэлд нь зөвшөөрч, гурван сая төгрөгийг гаргуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсанаар ажилд нь эргүүлэн томилж, “Гандиймаатай ерөнхий захирал харилцан тохиролцсон” гэдэг үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалинд нь 14 сая төгрөгийг нөхөн олгосон байх юм. Гэтэл энэ талаар ямар нэгэн бичгээр үйлдсэн тохиролцоо хийгдсэн зүйл тодорхой бус байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм…


Сэтгүүлч Х.Ган-Ялалт

Үргэлжлэл бий…

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    Ерөнхий сайдад бэлэг байгууллагын мөнгөөр аваад өгчдөг нинжа бн

+ Leave a Comment