54 мянган иргэний мэдээлэл зөрснөөс болж халамжийн мөнгөний шилжүүлэг түр саатжээ


Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр болон тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгө болох хүүхдийн мөнгө, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ болон тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг энэ сарын 13-наас олгож эхэлсэн. Дийлэнх иргэдийн тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө олгожээ.

Гэсэн хэдий ч 2,4 сая иргэний гүйлгээнээс 54 мянган иргэний шилжүүлэг түр саатсан байна. Энэ нь тухайн дансны мэдээлэл “Монгол банкны CAM” системийн шаардлага хангахгүй байгаатай холбоотой. Банкны системийн цахимжилт явагдаж байгаатай холбогдуулан Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаа аж. Ингэсээр цаашид “нэр данс зөрүүтэй” гэж аливаа гүйлгээ буцаагдахгүй болно гэсэн үг. Дээрх 54 мянган иргэний халамжийн мөнгийг энэ сарын 22-нд шилжүүлнэ.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Бид банкуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хэрэв Та дээрх 54 мянган иргэний нэг бол бид удахгүй Тантай холбогдоно. Эсвэл энэ хугацаанд Та өөрөө дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудсанд засах, харилцагч банктайгаа холбогдож дансны овог нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргах хэрэгтэй шүү” гэлээ.

+ There are no comments

Add yours