“Дээд сургууль төгсөөд нэг сая төгрөгийн цалинтай ажил хийх үү, эсвэл МСҮТ төгсөөд 5-8 сая төгрөгийн цалинтай боловсон хүчин болох уу”

УИХ-ын чуулганаар Мэргэжлийн боловсролын тухай хуульд оруулах өөрчлөлтийг удахгүй хэлэлцэнэ. Энэ хүрээнд БШУЯ, МҮХАҮТ хамтран “Мэргэжлийн боловсрол, сургалт ба ажил олгогчдын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Монголын шилдэг 60 ААН, байгууллага, ажил олгогч, холбоод болон төрийн төлөөлөл оролцсон юм. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд нийцүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгож, төгсөгчдөд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх” зорилгын хүрээнд, 2020 онд “Нийгмийн түншлэл дээр үндэслэн мэргэжлийн боловсрол, сургалтын багшлах боловсон хүчнийг чадваржуулж, дадлагын баазыг өргөжүүлж, суралцагчдын тоог 60 мянгад хүргэх”, 2030 он гэхэд үндэсний ажиллах хүчний хэрэгцээг мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнээр бүрэн хангах зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “Хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсон хүчнийг МСҮТ бэлдэж чадаж байна  уу гэхээр хараахан чадахгүй буюу эрэлт нийлүүлэлт зөрүү гарсан байна. Хэрэв энэхүү зөрүү цаашид улам өсвөл Монгол Улсын ажилгүйдлийн түвшин буурахгүй. Дунджаар 100 мянган ажилгүй иргэд байгаагийн дунд залуус их олон. Тэр дундаа мэргэжлийн дипломтой иргэд хөдөлмөрийн зах зээл дээр шууд гарч чадахгүй байна. Манай 88 их дээд сургуульд 150 мянга орчим оюутан байхад 68 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 40 мянга хүрэхгүй оюутан сурч байна. Их дээд сургууль төгссөн гурван хүүхэд тутмын нэг нь ажлын байртай болж хоёр нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Нөгөө талдаа МСҮТ-ийг жилд төгсөж байгаа 10 мянга орчим хүүхэд бүгд ажлын байртай болохоос гадна цаана нь 20 мянга орчим ажлын байрны эрэлт хэрэгцээ байна. Тиймээс их дээд боловсролын гадна мэргэжлийн боловсролын тогтолцоог ажил олгогчдын хүсэж байгаа мэргэжилтэй ур чадвартнуудыг бэлддэг болох шаардлагатай байна. Нэг хэсэг мэргэжлийн боловсролын тогтолцоонд оюутан сард 200 мянган төгрөг авдаг буюу халамжийн шинж чанартай болсон. Орлого нь гайгүй, эцэг эх нь чадвартай бол дээд боловсролыг сонгоод, амьдралын боломж тааруу нь 200 мянган төгрөгийн төлөө МСҮТ-д суралцах хандлага ажиглагддаг. Гэтэл угтаа хоёул хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээнд шаардлагатай чадварлаг мэргэжилтнүүдийг бэлдэж чадахгүй байгаа нь нууц биш.

Хоёрдугаарт МСҮТ буюу коллеж төгсөөд бакалаврын диплом авах гэхээр кредитээ тооцуулж чаддаггүй.  Өөрөөр хэлбэл 2,5 жил сураад дээд мэргэжилтэй болохын тулд дахиад дөрвөн жил сурдаг гэсэн уян хатан бус тогтолцоотой байгаа учир бид мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тогтолцоог ахлах 9-12 ангид холимог хэлбэрээр, цаашид мэргэжлийн, их дээд сургалт гээд ахисан түвшинд хөрвөж, зах зээлийн эрэлт нийлүүлэлттэйгээ уялдсан зөв тогтолцоо руу шилжүүлэх гээд байгаа юм. Үүнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч нь ажил олгогчид юм. Гэтэл харамсалтай нь ажил олгогчдын оролцоо нь мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт байдаггүй. Өөрөөр хэлбэл тэдний хүсэж байгаа мэргэжилтнийг нийлүүлж өгч чадахгүй байна гэсэн үг. Өнөөдрийн уулзалт нь УИХ-аар удахгүй хэлэлцэх гэж буй Мэргэжлийн боловсролын хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх, цаашид ажлын байраар хангах хүн эрэлт хэрэгцээнд нийцсэн ямар боловсон хүчин шаардлагатайг “захиалдаг”, хөтөлбөрт оролцдог,  үйлдвэр дээрээ дадлага хийлгэж, чадварлаг ажилтан бий болгох шаардлагатай байна.

Сайн жишээ олон бий. Оюутолгой ХК дэргэдээ МСҮТ, коллежид 5 сая төгрөгийн цалинтай гагнуурчин бэлдэж байна. Гэтэл их дээд сургууль төгсөөд нэг сая төгрөгийн цалинтай ажил хийх үү, эсвэл МСҮТ төгсөөд 5-8 сая төгрөгийн цалинтай үндэсний мэргэжлийн боловсон хүчин болох уу гэдэг тогтолцоог бий болгох нийгмийн эрэлт хэрэгцээ үүссэн. Тэгэхээр үүнтэй уялдаж Засгийн газар, МХАҮТ, ажил олгогчид хэрхэн уялдаж ажиллан нийгмийн түншлэлийг оновчтой хийж, олон улсын туршлагыг нэвтрүүлж манай улс ажилгүйдэл, ядуурлыг бууруулах мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоотой улс болох юм” гэв.

+ There are no comments

Add yours