ОБЕГ: Эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна. Гэрийнхэнд нь буцалтгүй тусламж олгоно

Онцгой байдлын албан хаагч амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллага бол Гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангуулах хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг хүлээдэг хариуцлагатай алба.

Бид хуулийн хүрээнд энэ үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт цаг наргүй ажиллаж байна.

Манай албан хаагчдын ажлын онцлог нь, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт албан үүргээ гүйцэтгэхдээ шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу уртасгасан цагаар ажиллах зохицуулалттай.

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн иргэдэд галлагааны эрсдэл үүсэхээс буюу ахуйн гал түймэр, угаарын хийн хордлого зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр үе шаттай нөлөөллийн аяныг хоёр сарын хугацаанд зохион байгуулсан.

Гэвч арванхоёрдугаар сарын 3-ны өдөр уг аяны хүрээнд байрлуулсан Улиастайн эргэдэг уулзварын самбар дээрх сурталчилгааны хэвлэх материалыг буулгах явцдаа манай алба хаагч золгүйгээр амь насаа алдсан харамсалтай явдал боллоо.

Юуны өмнө, Онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талийгаачийн гэргий болон ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна.

Уг явдалтай холбоотойгоор Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын газраас тухайн өдөр хяналт шалгалт явуулсан. Мөн холбогдох зарим албан тушаалтанд цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бид олон нийтэд дэлгэх боломжгүй.

Гэхдээ хариуцлага алдсан зарим албан тушаалтанд захиргааны шугамаар хариуцлага тооцож, үйл ажиллагааг хэвийн явуулах гарцаагүй шаардлага байгаа учраас

  • Тухайн үед үүрэг чиглэл өгсөн БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,
  • НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулсан,
  • Тухайн үед самбар буулгах явцад ажиллаж байсан албан хаагчид цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас шалгалтын эцсийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд албанаас түр хугацаагаар түдгэлзүүлснийг албан ёсоор мэдэгдье.

Талийгаачийн ар гэрийнхэнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 49.9 дэх заалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна” гэлээ.

+ There are no comments

Add yours