Хуулиас дээгүүр алхдаг төрд хувийн хэвшлээ адлаад хожих зүйл байгаа юу?

Аливаа нэг асуудлыг уриа лоозон хэлбэрт оруулж, сүржигнэхдээ сайн болохоос хөрсөнд буулгаж хүнд хэрэгтэй юм хийхдээ шил нь татчихдаг араншин өнөөгийн Монголын эрх баригч намаас хамааралтай дээд албан тушаалтнуудад хэвшил болов. Үнэндээ хувьчлалд өртөж хувийн хэвшилд очсон томоохон үйлдвэрүүд ашигтай ажиллаж эхлэнгүүт аль нэгэн улс төрийн нам хүчнээс хамаарал нөлөөлөл бий болж, эцэс сүүлдээ төрийн мэдэлд эргүүлэн авч байна хэмээн төрийн нэрээр булааж авдаг “төгс дээрэм” эрээгээ алдав.

МАН Монгол Улсын төрийн эрхийг зургаан жилийн хугацаанд дангаар барьсан энэ хугацаанд хуулийн салбарынхны хээл хахуулийн хэргийг илчилж, Эрдэнэтийн 49 хувийг төрд буцаан авч, Оюутолгойн гэрээг сайжруулахаар ажиллаж, төрөөс хүүхдүүдэд өгдөг халамжийн мөнгийг 100 мянга болгон нэмж, тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад Салхитын мөнгөний ордоос орж ирэх хишгээс хувь хүртээв. Гайхалтай, төр сайн ажиллав, хүлээн зөвшөөрч хийсэн ажлыг нь сайшаах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ бүхний араар төр эрх мэдлээрээ далайлган тогтвортой ажиллаж байсан хувийн хэвшлүүдийг булааж авдаг явдал хэрээс хэтрэв, шулуухан хэлэхэд арай л дэндэв. Төр хувийн өмчийг шуудхан булааж аван төрийн гаргасан алдаатай шийдвэрээс болж нийгэмд ямар нөлөөлөл үүсэв. Үүнээс болж эдийн засгийн хямрал ямар түвшинд очив гэдэг өөр өнцөг юм. Учир нь Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр мэдэлдээ буцаан авахаа зарлахад нийгмийн дийлэнх баярласан, сайшаасан.

Харин баялаг бүтээгчид, үйлдвэрлэл эрхлэгчид маш болгоомжтой хандсан. Арга ч үгүй байх, асуудал даамжирсаар яг л ид ачаалалтай үед нь гол нэрийн бүтээгдэхүүн болох цементийн үйлдвэрлэл саарч, дотооддоо цементийн хомсдол нүүрлэх вий хэмээн тэд болгоомжилсон. Бараг л гурван жилийн турш цар тахлын улмаас хил гааль хязгаарлагдаж гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол зугуухан нэмэгдэж байсан учир хавар, зун, намар гэсэн гурван улиралд үйл ажиллагаагаа эрчимжүүлдэг барилга болон энэ төрлийн бусад салбарынхан Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр эргүүлэн авахад үнэхээр болгоомжтой, айдастай хандсан. Тэдний болгоомжлол зөв байсныг өнөөдөр учир мэдэхгүй нэгэн ч хүлээн зөвшөөрөхөд хүрсэн нь бодлогогүй Засгийн газрын явуургүй, цаг үеэ мэдрээгүй шийдвэрээс болж эгэл жирийн иргэд, бизнесээ өөд татах гэж хичээж яваа ААН-үүд хохироод үлдэв. Хамгийн харамсалтай нь энэ бүхэн ингээд зогсохгүй болж байна. Эрх мэдлээ хэтрүүлдэг төрийн харалган бодлогоос болж эдийн засаг дахиад саарч байгаа учир нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Концессын гэрээгээр авсан Кью Эс Си компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төр өөрийн өмчөө эрхэндээ буцаан авах шийдвэрээ зарлангуутаа ажлын хэсгийн шалгалтыг яаравчлан оруулчхав. Гэнэтийн энэ шийдвэрээс болж Кью Эс Си компани болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орчхож. Ингээд Монголын ирээдүйд өгөөжөө томоохон өгөх учиртай төсөл хөтөлбөр зогсонги байдалд орж, Монгол Улсын Засгийн газрыг “сахал” хочит нөхрийн гэх Кью Эс Си компани өнгөрсөн долоо хоногт шүүхэд дуудчихав.

Төрийг харалган шийдвэр гаргуулж, түрхэн зуурын өш хонзонгийн сэдэл ийнхүү Монгол даяараа “сахал” хочоор таних болсон Д.Эрдэнэбилэг гэгч нөхрийн ээлжит тоглоомд хөл алдан уначих нь тэр. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн жамаар өчнөөн алдагдал хүлээж төр шившигт унах нь гарцаагүй. Учир нь Кью Эс Си компани Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн. Тэд гурван шатны шүүхэд ялна гэсэн төгс итгэлтэй байгаа учир энэ хугацаанд үүссэн алдангиа төрөөс нэхэмжлэх нь дамжиггүй. Энэ хохирлыг хэн, хэний мөнгөөр хэрхэн төлөх бол? Монголд төмрийн хүдрийн экспорт буурснаас болж төсөвт орж ирэх мөнгөний урсгал багасаж, энэ нь эргээд нийгэмд сөрөг нөлөө үүсгээд эхэлсэн нь эхнээсээ ажиглагдаад буй. Уриа лоозон, улс төрөөр зэвсэглэсэн өнөө мундаг “төр, хувийн хэвшлийн түншлэл” маань ингээд 2022 оноор төгсгөл болж, хувийн хэвшлийнхэн төрд итгэх итгэлээ бүрэн гээчих байсан гэж үү? Хэдий болтол төр эрх мэдлээрээ далайлгаж, явуургүй шийдвэр гаргадаг байх юм бэ. Хуулиас дээгүүр алхдаг төр нь хувийн хэвшлээ адлаад хожих зүйл байгаа гэж үү? Энэ дашрамд сануулахад Д.Эрдэнэбилэг, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн төсөлд асуудал байсан гэж бодохгүй байна. Цаг үеэ олсон маш сайн төсөл байсан. Монгол Улс бүх цементээ гаднаас авдаг байсан бол энэ төсөл хэрэгжиж эхэлснээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаж эхэлсэн. Энэ үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан гэж байгаа. Гэтэл яг бодит байдал дээрээ 41 тэрбум төгрөгөөр авсан байдаг. Тодруулбал, тус үйлдвэр нь 39 тэрбум төгрөгийн өр, зээлтэй байсан. Харин үлдсэн мөнгийг нь бэлнээр өгч, хувьчлагдсан байдаг юм билээ…Бид олон эх үүсвэрээс хөрөнгө босгож, эл төслөө амжилтад хүргэсэн. Төсөл үр өгөөжтэй ашигтай байсан. Хөгжлийн зээлийг Хөгжлийн банкнаас авахгүй бол өөр хаанаас авах ёстой гэж. Аж үйлдвэрлэлээ дэмжиж байж улс эх орон хөгжинө. Арилжааны зээлээр хөгжлийн зээлийг олгох нь буруу байсан. Хууль шүүхтэй орон байна, дундын хувилбар гарах байх гэж бодож байна гэж Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр буцааж авсан тухайд сэтгүүлчийн асуултад хариулсан.

Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн санхүүгийн баталгааг нь Худалдаа хөгжлийн банк гаргахаар гэрээ байгуулсан байдаг. Хөтөлийн шинэ үйлдвэрийг хуучных нь хажуугийн хогийн цэг дээр шинээр барьсан шиг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч улаан талаас эхэлсэн. Үндэсний компаниуд сайн ажилладаг. Би үүнд итгэдэг. Харин төрийн дэмжлэг л хэрэгтэй. Төсөл сүүлийн шатан дээрээ явж байгаа. Хайлуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр 2-3 жил саатаад байна. Бүх зүйлийг импортоор авахгүйгээр цогцоор нь шийдэхээр л ажиллаж байгаа юм. Энэ бол маш сайн, цаг үеэ олсон, амжилттай хэрэгжиж дуусах төсөл гэж дүгнэж байгаа. Төр нэг шийдвэр гаргачхаад түүнийгээ тодорхой хугацааны дараа цуцлаад байдаг нь сонин юм. Гэхдээ нэг шийдэлд хүрэх байх гэж найдаж байна” гэж өгүүлснийг энд дурдах нь зөв санагдана.

Сэтгүүлч Д.Пүрэв

+ There are no comments

Add yours