Ази эмэгтэйчүүдийг доромжилсон гэрэл зурагчин уучлалт гуйв

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Кристиан Диор”-ын гэрэл зураг ази эмэгтэйчүүдийг доромжиллоо хэмээн багагүй шүүмжлэлд өртсөн.

Тэгвэл энэ зургийг авсан Хятадын загварын гэрэл зурагчин Чен Ман уучлалт гуйжээ. Тэрээр өөрийгөө боловсроогүй, түүхий хэвээр байна хэмээж, ази эмэгтэйчүүдэд хүндэтгэлгүй хандсандаа уучлалт гуйсан байна. 41 настай гэрэл зурагчин эмэгтэй “Энэ нөхцөл байдал Хятадын соёлыг дүрслэхдээ хариуцлагатай хандаж, сайтар бодож хийх ёстойг ойлгууллаа” гэжээ.

Чен Ман Хятадын загварын салбартаа алдартай гэрэл зурагчин бөгөөд нэртэй сэтгүүлүүдийн зургийг авч, дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг байна.

Уг бүтээлийг арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Шанхайд гарсан үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ. Гэвч Хятадын нийгмийн сүлжээнд уг бүтээлд таагүй хандаж, тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч бичих болсон байна.

Beijing Daily сонинд загвар өмсөгчийн царай цонхигор, харгис нүдтэй харагдаж байна гэж бичжээ. Тус нийтлэлд ази эмэгтэйчүүдийг үргэлж жижиг нүдтэй, сэвхтэйгээр дүрсэлдэг гэсэн байна. Удалгүй “Диор”-ын зүгээс хятад эмэгтэйчүүдээс уучлалт хүсэж, уг гэрэл зургийг буулгасан гэжээ. Гэхдээ загварын ордонд энэ нь урлагийн бүтээл болохоос сурталчилгааны зураг биш гэсэн байна.

Эх сурвалж: ВВС

+ There are no comments

Add yours