100 жилийн ойгоор хотын даргад бичсэн захидал…

Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар өнөөдөр Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын өдрийн мэндийг хүргээд Нийслэл хүрээний нийт цагдаагийн алба хаагчдын бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын халдварын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн удаа дараагийн хөл хорионы үеийн тогтоол шийдвэрийн биелэлтийг хангаж, онц байдлын үеийн хэв журмыг сахин хамгаалах амаргүй үйлсэд үүрэг гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгэж буй Та бүхэндээ дахин талархал илэрхийлээд “Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх бодлого”-д тусгагдсан цагдаагийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх замаар албан хаагчдын ахуй хангамжийг сайжруулж, ар гэрийг тань дэмжин ажиллахаа амлаж байна…”  хэмээсэн юм.

Хотын дарга аа, таны амлалт өнөөдрийг хүртэл өдөр өнжихгүй шахам эргүүлд гарч ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад  эгээ л шинийн нэгний өглөө аавдаа золгон үнсүүлж байгаа мэт халуун дотно санагдаж буй нь лавтай. Гэхдээ цагдаагийн алба хаагчдад өнөөдөр мянган дарга эгнэж зогсоод “амласан” ч хамгийн ихээр тулгамддаг нийгмийг асуудлыг нь шийдвэрлэж өгөх нь юу л бол. Үсрээд 10 цагдаад гэр, ганц цагдаад байр… 100 цагдаад жуух бичиг… гэх мэтээр шагнах биз…

Гэтэл энэ шагнал тань яг авч байхад сайхан боловч албаа хаагаад ар гэрээ мартан ажилласан гэр бүлийн эхнэр, нөхөр, үр хүүхдүүдийн сэтгэлд хүрсэн шагнал даанч байдаг нь гачлан. Улаанбаатар хүрээнд алба хааж байгаа цагдаагийн алба хаагчдын амьжиргааны түвшин, амьдралын баталгаа, ар гэр үр хүүхдүүдийнх нь хичээл сурлага, эхнэр нөхрийн ажлын байр, гэр бүлийн нөхцөл байдал … зэрэг асуудал ямар түвшинд байдаг гэж Эрхэм хотын дарга та бодож байна…??

Энэ л утгаараа өнөөдөр хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр тарааж, цагдаагийн алба хаагчдад хүргэсэн баярын мэндчилгээнд тань дурдагдсан “Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх бодлогод тусгагдсан цагдаагийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх замаар албан хаагчдын ахуй хангамжийг сайжруулж, ар гэрийг тань дэмжин ажиллахаа амлаж байна” гэсэн амлалтад тань саналаа хэлэх гэсэн юм.

Цагдаагийн алба хаагчдын цалин хангамж хуульд заагдсан хүрээнд байгаа. Тиймээс хэчнээн хүссэн ч лавтай ойрын жилүүдэд нэмэгдэх нь юу л бол. Харин өнөөдөр тэр дундаа Улаанбаатар хүрээний цагдаагийн алба хаагчид эрс залуу алба хаагчдаар эгнээгээ тэлсэн байгаа. Залуу алба хаагчдад, залуу гэр бүлд тулгамддаг хамгийн чухал асуудал бол ХҮҮХДЭЭ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД ӨСГӨХ, ӨРХИЙН ОРЛОГО НЬ ХЭВИЙН, ХАНГАЛТТАЙ ТҮВШИНД БАЙХ юм.

Тиймээс залуу алба хаагчдын тухайд бодлогоор 24 цаг ээлжгүй шахам ажилладаг цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд зориулсан хөтөлбөр боловсруулж, тэр хөтөлбөртөө насны хязгаараар цэцэрлэг, яслиас хасагдаад байгаа балчир хүүхдүүд, аав ээжийн амралтгүй ажлын улмаас хичээлийн хоцрогдолд ордог бага, дунд ангийн сурагчдын хичээлийн хоцрогдолд анхаарч зөвхөн Цагдаагийн алба хаагчдын хүүхдүүдэд зориулсан ясли, цэцэрлэг, өдөр өнжүүлэх сургалтын төвийг байгуулахад анхаарлаа хандуулж өгнө үү.

Учир нь хүүхдүүдээ цэцэрлэг, ясли, сургуулийн хүүхдээ өдөр өнжүүлэх сургалтын төвд явуулсан гэр бүл “хүүхэд харах” гэсэн нөхцлөөр зайлшгүй байдалд орж гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэг нь зайлшгүй ажил хийх боломжгүй байдаг. Мэдээж өрх гэрийн хоёрын нэг нь ажил хийж байхад өрхийн орлого тааруухан, өмсөж зүүх зутруухан байх нь ойлгомжтой. Харин хүүхдээ ажлын нөхцөл онцлогоос хамаарч ясли, цэцэрлэг, сургалтын төвд хамруулчих юм бол цагдаагийн байгууллагад алба хаадаг хэн нэгний цалинг заавал нэмэх шаардлагагүй болно. Эцэг, эх хоёулаа ажил хийж эхэлбэл өрхийн орлого нэмэгдэнэ, энэ хэрээр амьжиргааны нөхцөл сайжирч, амьдралын чанар дээшилнэ…

Хамгийн гол нь заавал цагдаагийн алба… гэх байдлаар төрөлжсөн цэцэрлэг, ясли, сургалтын төв нээж ажиллуулах нь яагаад тийм чухал байгаа юм бэ, төрийн өмчийн цэцэрлэг, сургалтын төв зөндөө байна хэмээж бодож буй байх. Тэгвэл энэхүү төрөлжсөн цэцэрлэг, сургалтын төв байгуулагдсанаар өдрийн найман цаг болон 24 цагаар ээлжийн ажилтай байдаг гэр бүлийн тухайд яг тэр цагаар алба хаагчдын хүүхдүүд цэцэрлэг, ясли, сургалтын төвдөө сурч боловсрох, аюулгүй нөхцөлд амар тайван хүмүүжих боломж бий болж байгаагаараа давуу талтай. Үр хүүхдээ тухтай орчинд орхисон алба хаагчийн ажлын бүтээмж, ажлын үр дүн илүү нэмэгдэх нь бараг 1000 хувийн  магадлалтай хэмээн бардам өгүүлэх байна. Бодоод үзээрэй, болж өгвөл ажил хэрэг болгоод  хотод хамааралтай олон мянган цагдаагийн алба хаагчдадаа гарт баригдаж нүдэнд харагдах “халамж”-ийг үзүүлээрэй, хотын дарга аа. Алба хаагчийн хамгийн чухал асуудал гэр бүл. Гэр бүлийн хамгийн чухал асуудал үр хүүхдийн сурч хүмүүжих аюулгүй орчин билээ…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours