Зайсанг “залгисан” С.Амарсайхан

Зайсангийн хорих гэж дамжин өнгөрүүлэх хорих ангийг мэдэхгүй, сонсоогүй хүн цөөн биз. Цагтаа алдартай, бүтэлгүй эрчүүдийн зүрхэнд цус хуруулдаг байсан энэ газар одоо сураггүй болсон гэхэд болно. Гишгэх газаргүй шахам шахаж барьсан барилгууд дунд өмнө байсан Хүүхдийн хорих ангийн түүх шороонд шингэх мэт алга болж, шилтгээн шиг байшингууд сүндэрлэсэн газар болсон. Албан тушаалыг авч идэхийн дон мэтээр хүлээн авдаг сувдаг судаг сэтгэлтнүүдийн гараар орсон энэ газарт эдүгээ хэн хүний анхаарал татсан нэгэн эдлэн байдаг нь харин одоогийн Шадар сайд С.Амарсайханых гэж байгаа. Манай Шадар сайд “би цар тахалтай тэмцэж байна, харин надтай тэмцэж байгаа хүмүүс намайг ажил хийлгэхгүй байна…” хэмээн гомдоллодог.

Үнэндээ, нийслэлчүүд, хэвлэлийнхэн, “шударга сэтгүүлчид” Шадар сайд С.Амарсайхантай тэмцэх бүү хэл харин ч хүлцэнгүй ханддаг юм шүү дээ. Даанч манай Шадар сайдын хувьд сэрвийх, сэртийхийг анддаггүй “хобби”-той хүн. Тэр ч утгаараа түүнийг Туулын бургасыг хядаж байхад, Богд уулын ай сав газар компанийн эдлэн газраа тогтоож, Зайсан толгойг эзэгнэж байхад ч чимээгүй байсан. Нийслэлчүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хамтарч зүтгээд ч дийлээгүй орхисон. Харин мөнгө л олж байвал мөр нь хар байх огт хамаагүй мэт аашилдаг энэ хүний хувьд, ах дүүсээрээ эзэмшдэг компани болох Оюуны ундраа групп бол хэмжээлшгүй эрхтэй “дүүхэлзэж” байгаа нь хаана ч булагдахгүй үнэн болоод буй.

Шударга ёс ярьчихаад эсрэг амьдардаг энэ хүний үйлдлийг эхнэрийн нь дэгдээсэн шуугиан жинхэнэ хэн нь хэн бэ гэдгийг баталж өгсөн, монголчуудад. Өнгөөр будаж, өлгөж авч түүнийг хоргоосон юм байхгүй, буруу зүйл нь булавч бултайж даравч дардайж гарч ирээд байгааг сануулахад “надтай тэмцээд байна” хэмээн ойлгодог Шадар сайдын хувьд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ авлага нь 4.4 тэрбум, хадгаламж нь 77 сая, зээл нь 100 сая, 10.7 тэрбумын орон сууц гурав, 12 машины нийлбэр үнэ 202 сая, 225 саяын үнэт эдлэлтэй, өөрийн орлого дангаараа 83 сая, гэр бүлийн орлого 173 сая гэж мэдүүлж. Шадар сайд С.Амарсайхан 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ийн дурдаж, бүртгүүлсэн бөгөөд 2020, 2021 оны ХОМ нь АТГ-ын мэдээллийн санд “арай орж амжаагүй” бололтой, мэдээлэл олдсонгүй.

Манай Шадар сайд хүн бүхний мэдэх Оюуны Ундраа групп ХХК-ний 24 хувь, МСГ ББСБ-ын 100 хувь, Эво велнэс ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг гэнэ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Зайсангийн Скуэр төв гэдэгт байрладаг Оюуны Ундраа групп нь 2008 оны долдугаар сарын 17-нд ашгийг төлөө төрөлтэйгээр гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр байгуулагдаж, 2013 оны долдугаар сарын 8-нд Сайнбуянгийн Ганбатыг захирлаар томилж. 2019 оны зургадугаар сарын 6-нд Сайнбуянгийн Амарсайхан, Сайнбуянгийн Отгонбаяр, Сайнбуянгийн Уламбаяр, Сайнбуянгийн Ганбат нар хувьцаа эзэмшигч, гишүүд хэмээн бүртгүүлсэн байна.

Харин Налайх дүүргийн гуравдугаар хороонд Шадар сайдын 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг Эво велнэс компани нь байдаг аж. 2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд байгуулан эхнэр Ч.Ичинхорлоогоо гүйцэтгэх захирлаар нь томилж, төсөл хөтөлбөр, гоо зүйн түр сургалт, бялдаржуулах төв, гадаад худалдаа, гоо сайхны үйлчилгээ, интэрнэт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн бүртгэлжүүлсэн уг компанийн нэг салбар нь Хан-Уул дүүргийн нутаг Маршалл таун хотхонд байрладаг гэнэ.

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрладаг 2008 оны гуравдугаар сарын 30-нд нөхөрлөлийн хэлбэрээр байгуулсан ашгийн төлөө, хоёр хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан МСГ банк бус санхүүгийн байгууллага нь Ц.Мөнхжаргал, Ш.Цэвэлмаа гэсэн хоёр хүний нэр дээр бүртгэлтэй. Уг банк бус санхүүгийн байгууллагын дарга нь Ц.Мөнхжаргал гэж хүн байх бөгөөд ломбард, ноос ноолууран хувцасны захиалга, засвар үйлчилгээ хийх, гадаад худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй гэнэ. Хэдийгээр Улсын бүртгэлийн санд энэ нэрээр бүртгүүлсэн ч үйл ажиллагаа эрхэлсэн тухай мэдээлэл байхгүй төдийгүй банк бус санхүүгийн байгууллагуудын бүртгэлд лав МСГ гэсэн ломбард ч байхгүй аж. Харин Ц.Мөнхжаргал захирлын нэр дээр ЛОТУСФИНАНС ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани бүртгэлтэй байдаг юм байна.

+ There are no comments

Add yours