Онцгойд шургалсан “онцгой” нөхөрлөл-2

Намтараа худал бичих нь ямар ашиг сонирхолыг агуулдаг юм бол. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4. (Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын албан тушаалд онцгой байдлын албанд 15-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан алба хаагчийг томилно.)-т заасан шаардлагыг хангах гэж.  Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. (Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд даргад цэргийн дээд цол олгож болно.)–т зааснаар генерал цол авахын тулд цэргийн байгууллагад он удаан жил ажилласан болох шаардлагыг хангах гэж ингэж Монгол улсын төрийг хуурах ажил хийгдэж байна.

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн даргаар 1999-2001 онд ажиллаж байсан гэдгийг тодруулбал, Улсын онцгой комиссын 25 жилийн ойгоор 2015 онд гаргасан “Эх орон минь амгалан байг” номны 14, 64, 66-р хуудас, 2017 онд хэвлүүлсэн “Монгол Улсын иргэний хамгаалалтын түүхэн замнал” номын 159, 169-р хуудсанд Ж.Чүлтэмсүрэнгийн ямар цолтой байсан, уг албан тушаалыг ямар хугацаанд хашсан нь тодорхой  байгаа бөгөөд түүхийн үнэнийг яалтай билээ?

Уг албан тушаалд 1996-2000 онд ажиллаж байсан МУ-ын Үйлчилгээний гавъяат ажилтан хурандаа П.Дамдин, 2000-2004 онд ажиллаж байсан, 2001 оны 1-р сарын 14-ны Увс аймгийн Малчин суманд болсон Ми-8 нисдэг тэрэгний ослоос амьд үлдэгсэдийн нэг хурандаа Ч.Тогоо нарын ажилласан жил, амь насаа дүйн байж зүтгэсэн зүтгэлийг баллуурдах нь хүн чанаргүй үйлдэл болох биз ээ.

Ийм намтраар өнөөдөр Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргын албан тушаалд томилогдон 2017 онд Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдан бүтцийн өөрчлөлт нэрээр шинэ шинэ албан тушаал гаргах, зарим албан тушаалын зэрэглэлийг дээшлүүлэх байдлаар өөрийн хүмүүсийг шургалуулан өндөр цол хэргэм, цалин хангамж эдлүүлэн мэргэжлийн чадварлаг олон дарга, албан хаагчдыг шахан тэтгэвэр чөлөөнд гаргах, хөдөө орон нутагт албан тушаал бууруулан томилох зэрэг ажлуудыг  хийж генерал цол горилон сууж байна.

Тухайлбал: нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байхдаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан Ж.Төмөрмандах гэгчийг 2017 оны 11 дүгээр сард шууд ахмад цолтой мэргэжилтнээр томилуулан бүтэц шинэчлэх нэрээр Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдлийн удирдлагын тасаг байгуулж, даргаар нь 2021 оны 2 дугаар сард шинэ бүтэц хийж тус тасгийг хэлтэс болгон даргаар нь томилон албан тушаалын зэрэглэлийг нь ТТ-13-аас ТТ-15 болгон, цолны зэрэглэлийг ахмадаас хурандаа болтол дээшлүүлээд байна.

Ж.Төмөрмандах нь 1997 онд Цэргийн их сургууль төгссөн бөгөөд Өвөрхангай аймаг дахь цэргийн ангид 1 жил хэртэй ажиллаад мөн л ажлаа хаяж яван тус албанд орж иртлээ Төрийн өмчийн хороо, нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт энгийнээр ажиллаж байсаныг архивын лавлагааг үндэслэн гэдгээр шууд ахмад цолтойгоор томилон хоёр жилийн дотор хошууч цол олгон, одоо дэд хурандаа цол олгохоор тодорхойлолтыг гаргуулаад байгаа бөгөөд удахгүй хурандаа болгохоор зэхэж байна.

Ж.Төмөрмандахын хэлтэс нь 3 хүнтэй бөгөөд өмнө нь энэ ажлыг нэг мэргэжилтэн л хийдэг байсан бөгөөд нийслэлийн хэмжээнд гарч болзошгүй гамшгийн эрсдлийн үнэлгээг хийж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хяналт хийж, алдаа дутагдалыг засаж арга зүйн зөвлөмж өгөх мэргэжлийн хүн маань зөвхөн сахилгын зөрчил гаргасан хүнийг мөрддөг шалгадаг, шийтгэдэг, цаг бүртгэдэг, даргад таалагдаагүй зайлуулах ёстой хүнийг шалгаж, ажлын дутагдал илрүүлэх үүрэгтэй болж хувирсан төдийгүй хөндлөнгийн хяналт тавих ёстой атал өөрөө тус газрын Тендерийн үнэлгээний хорооны дарга болж тендер зарлан, сантехникийн засвар үйлчилгээ, угсралтын компанийг хурлын тоног төхөөрөмжийн тендерт шалгаруулж ганц суурин микрофоныг, видео хурлын жижигхэн камерын хамт 1.255 сая төгрөгөөр худалдан авч дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэст нийлүүлэх ажил хийж суух юм.

Нийлүүлсэн камер нь:     ийм тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ:

Үүний зэрэгцээ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 50 гарсан (цэргийн тэтгэврийн нас нь хэтэрсэн) эмэгтэйг ахлагч цол олгон томилж, нийслэлийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалыг ТТ-14 зэрэглэл буюу ОБЕГ-ын ахлах мэргэжилтэнтэй адил болгон хаана ч байдаггүй жишгийг анх удаа тогтоогоод байна. Нийслэл, орон нутгийн ахлах мэргэжилтэн дээд тал нь ТТ-13 зэрэглэлтэй байдаг юм билээ.

Мөн өөрийн хамаатны хүүхэд болох жолоочоор ажилладаг байсан дүүгээ ОХУ-д иргэний хамгаалалтын академид сурган төгсөөд ирэнгүүт нь шууд ахлах мэргэжилтнээр томилон төрийн тусгай алба болох Онцгой байдлын албыг төрийн байгууллага гэхэд хэцүү болгож сууна.

Мөн л 2021 оны 4 дүгээр сард дахин бүтцийн өөрчлөлт хийж албан тушаалд томилогдож, зэрэг дэвээ дээшлүүлж чадаагүй нөхдийнхөө гомдолыг тайлахаар зэхэж сууна.

Коронавирус цар тахал, мөн Хөвсгөл аймагт газар хөдлөлт болж иргэд яах учраа олохгүй суухад мэргэжлийн байгууллага болох Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар албан тушаалын наймаа, зэрэг дэвээ дээшлүүлэх талаар санаа зовж сууна.

Уг зүй нь Онцгой комиссын хурлын хэлэлцэх асуудал гарах шийдвэрийн төслийг бэлтгэж, Ерөнхий сайд, Шадар сайд, Засаг дарга нарыг нөхцөл байдлын үнэлгээгээр байнга хангаж, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, Онцгой комиссын орлогч даргын хувьд Шуурхай штабуудыг ахлаж, Онцгой байдлын албаны ажилтнуудыг эргүүлд гаргах биш Шуурхай штабын ажлын албанд ажиллуулж, цагийн байдлын мэдээ цуглуулах, дундын хянагчаар ажиллуулах, албад мэргэжлийн ангиудад мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд ашиглах ёстой байтал Цагдаагийн мэдэлд өгчихсөн эргүүлд гаргахаас өөр чадамжгүй болгож, Онцгой байдлын албаны хэлтсийн дарга хурандаа хүн цагдаагийн хэсгийн байцаагч ахмад цолтой хүнээс утсаар үүрэг авч цагаа бүртгүүлээд эргүүлд гарч, өөрийн хийх хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа хүнээр заалгаад байж байгаа нь даанч харамсалтай.

Орон нутгийн Онцгой байдлын албыг ч чадамжгүй болгож мэргэжлийн бус хүмүүс томилон ажиллуулж байна.

Тухайлбал Өмнөговь аймгийн ОБГ-ын даргаар нийслэлийн Иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн даргаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатарыг томилон ажиллуулж байна.

Г.Хүрэлбаатар нь 2015 онд шинээр байгуулж байсан тус Төвийн даргаар томилогдохдоо 10 хүрэхгүй хүний орон тоотой нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүнд дарга нь Аврах ангийн захирагчийн орлогч бөгөөд төвийн дарга гэсэн бүтэц хийгдэж байсныг 30 гаруй хүний орон тоотой болгон ТТ-13 зэрэглэлтэй албан тушаалыг ТТ-15 болгон өөрчлүүлж орон тоог нэмүүлэн энгийнээс (хувийн цэцэрлэг ажиллуулдаг байсан) шууд дэд хурандаа цолтойгоор томилогдсон бөгөөд 2017 онд хурандаа цол олгогдож, Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан цол тэмдэг, Цэргийн гавъяаны одонгоор тус тус шагнуулсан “Онцгой гавъяатай” хүн юм.

Өмнөговь аймгийн ОБГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа Л.Баярсайхан мөн л У.Хүрэлсүхийг Шадар сайд болонгуут тус газрын даргаар шууд хурандаа цолтойгоор томилогдон ажиллаж байгаад анд найз Ж.Чүлтэмсүрэнгээ ОБЕГ-ын тэргүүн дэд дарга болонгуут оронд нь нийслэлийн ОБГ-ын даргаар томилогдон ажилласан боловч мэдлэг ур чадвар нь хүрэхгүй нийслэлийн удирдлагуудад гологдсон учир ажлаас чөлөөлөгдөн 2021 оны 2 дугаар сард хийсэн шинэ бүтцээр түүнд зориулж шинээр хангалтын анги гэгчийг байгуулж захирагчаар нь томилогдоод байгаа бөгөөд ойрын хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга болохоор яригдаж байна.

Тэрээр тус албанд орохын өмнө “Тамбовын химичид” Төрийн бус байгууллага ажиллуулж химийн хортой бодис булшлах нэрээр өндөр төсөвтэй төсөл хийж тухайн үеийн Онцгой байдлын албаны дарга нарын дэмжлэг авч чадахгүй байсан бөгөөд Багахангайд булшлана гэж асуудал үүсгэн орон нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэл, бухимдал үүсгэж явсан нэгэн юм.

Бригадын генерал Г.Ариунбуян 2015 онд тус албанд мөн л энгийнээс шууд хурандаа  (У.Хүрэлсүхийн “андууд” хамтлагт аргил гитар тоглодог найзууд юм) цолтой ОБЕГ-ын дэд даргаар томилогдон 2017 оны 2 дугаар сард тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар томилогдон 3 дугаар сард нь бригадын генерал болж 2020 онд ОБЕГ-ын даргаар томилогдоод ажиллаж байна.

ОБЕГ-ын дэд дарга болсон хурандаа Ганзориг нь 2011 онд тус албанд дэслэгч цолтой мэргэжилтнээр томилогдож байсан бөгөөд 2015 он гэхэд хурандаа цолтой ОБЕГ-ын дэд дарга болсон “Онц гарамгай” нэгэн юм.

Дээрхээс харахад Онцгой байдлын албанд 20-иод жил зүтгэж хүрдэг цол, албан тушаалд 2-4 жилд л хүрдэг үнэхээрийн гайхамшигтай, тасархай авъяаслаг дарга жанжингууд томилогдон ирж ажилладаг юм уу гэж харахаар.

Гэвч найз нөхөд, ах дүү амраг садан, ашиг сонирхолын нэгдэлд тулгуурлан албыг алба биш болтол уландаа гишгэсээр өдий хүрлээ.

Төрийн цэргийн байгууллага болох Онцгой байдлын ерөнхий газарт мэргэжлийн бус дарга нар томилогдон цэргийн цолыг ингэж үнэгүйдүүлэн хурандаа, генерал цол авдаг газар болгон ашиглаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч анхааралдаа авна биз ээ.

Онцгой байдлын албыг ямар ч мэргэжлийн хүн толгойлоод ажиллуулж болно гэж байгуулагдсан цагаас нь хойш үе үеийн Засгийн газар хандаж ирсэн. Гэхдээ өнөөдөр арай хэтэрч байна. Ж.Чүлтэмсүрэн хаан мэт загнаж мэргэжлийн чадварлаг дарга нарыг маш нарийн зохион байгуулалтай хор найруулан холдуулж, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж ирсэн мэргжилтнүүдийг зайлуулна шүү, хална шүү гэж хурал бүр дээр сүрдүүлэн дураараа нааш цааш шилжүүлэх халах ажил хийж байна.

Улс төрийн сонгуульд сурталчилгаанд нь гүйж байсан янз бүрийн хүмүүсээ гуйлт хүсэлтээр нь ажилтай болгохдоо заавал дарга болгож төрийн ажил самарч байх хэрэг байдаг юм уу? Өөрийнх нь хэрд таарсан ажилд томилуулж болдоггүй юм уу?

Хурандаа болон генерал цол хүртэхийн тулд цэргийн зохих шатны сургууль, академи төгссөн байх, бүх цолуудыг шат дараалан авч, зохих шатны албан тушаалуудад бүгдэд нь ажилласан байх шаардлагатай бөгөөд сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллагаас төрсөн генерал, хурандаа цолтонгууд бараг бүгд дээрх шаардлагыг хангахгүй байгааг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Зэвсэгт хүчний жанжин штаб анхаарч, эрхэм дарга нар дээрх шаардлагыг хангахын тулд намтараа хуурамчаар үйлдэж, албан тушаал, ашиг сонирхолын зөрчил гаргаж байгааг хууль хяналтын байгууллага шалгаж үзэхэд илүүдэхгүй юм.

Ж.Чүлтэмсүрэн нь нислэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байхдаа үйл хэргийг үргэлжлүүлэн албан хаагчдыг орон сууцжуулах нь бүү хэл  харин ч албаны орон сууцаас хүчээр хөөж гудамжинд гарган байрыг нь оффис, зочид буудал болгожээ.

Одоо Ж.Чүлтэмсүрэн нь Онцгой байдлын ерөнхий газрын дарга болон генерал цолыг мөрөөдөн найз У.Хүрэлсүхийнхээ Ерөнхийлөгчийн сонгуулийн пиарыг хийх гэж нуухыг авах гээд нүдийг нь сохлов гэгчээр Онцгой байдлын албаны алба хаагчдыг дургүйцлийг төрүүлсэн хууль бус, ашиг сонирхолын зөрчилтэй үйлдлүүд хийж сууна. Тухайлбал:  У.Хүрэлсүхийн зургийг хэвлэж (хэвлэлийн зардал хаанаас гарч байгаа нь сонирхолтой) албан ажлын өрөөнд заавал хадах лүндэн буулган тарааж байгаа бөгөөд зарим газар хоёр зураг өгөгдсөн учир албан хаагчид нь тушаалыг яаж биелүүлэх вэ гэж аргаа барж, Ленин, Сталин, Чойбалсангийн хөрөг шиг гэрийнхээ хананд хадах нь холгүй сууна.

+ There are no comments

Add yours