Ил амбиц нь Ерөнхийлөгч, далд ар нь МАНАН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ зарласан хоёр намын төлөөлөл олны анхаарлын төвд орж, багагүй шуугиан дэгдээв. Арга ч үгүй байх. Хэдийгээр хэн, хаана, хэрхэн нэр дэвших нь хуулиар баталгаажсан эрх чөлөөт нийгмийн бүтээгдэхүүн Монгол Улсын иргэд тэдний хувьд энэхүү зорьмог саналыг нь хүндэтгэж байгаа хэдий ч аливаа зүйл савнаасаа халихын чандад арай өөр зүйл утаа мэт суунаглаж байдгийг харагдаж байгаа нь хамгийн том эмзэглэл юм. Монголын улс төрд бичигдээгүй дүрэм мэт нэгэн зүйл байдаг нь үе нь өнгөрч, жийгдэн одсон ч өөрөө явахгүй эргэж бухсаар байдаг улс төрч нэртэй бүлэглэлийн толгой нар байдаг. Ийм нэг биш толгойнуудын ард хүзүү болсон хоёр эрхэм өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүч үзнэ ээ хэмээн зарлаж байгаа нь мөн чанартаа эрх мэдлийн төлөө М.Энхболд, Ц.Элбэгдорж гэгч хоёр хүний хүч тамир хэзээ ч зогсохгүй гэдгийг яруу тодоор харуулсан хэрэг болов.

Сү.Батболд гэж хэн бэ?

Эдийн засгийн, гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтнээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн түүнийг тус яамны “Монгол импекс” нэгдэлд экспорт фирмийн дарга болгосон түүх цаасан дээр үлдэж. 1992 онд хувийн бизнесээ эхлүүлж, “Алтай трейдинг” ХХК-ийг байгуулан ерөнхий захирлаар ажилласан. Есөн жил хувийн хэвшилд ажиллаж, бизнесээ баттай босгож аваад 2000 онд улс төрд орж ирсэн тэрбээр өнөөдрийг хүртэл монголын нөлөөтэй улс төрч болж чадсан бөгөөд 2008 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргоос улиран сонгогдсон.

УИХ-ын 2008 оны есдүгээр сарын 19-ний нэгдсэн чуулганы хуралдаанаар С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байгаад Ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, 2009 оны 10  дугаар сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байв. Ингээд УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн дэмжлэгээр 2009 онд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. Түүний хувьд худалдаа, үйлчилгээний чиглэлийн бизнест амжилт арвин. Энэ утгаараа Чингис зочид буудал, Э-март сүлжээ дэлгүүр нь хамгийн том орлогын үүд нь. Эхнэрийн дүү нь Гаалийн ерөнхий газрын дарга учир хил гаалийн асуудал ногоон гэрлээр шийдэгддэг учир ямар хүнд үед ч тэдний гэр бүлийн бизнест асуудал үгүй. Ёстой л унтаж байхад мөнгө урсаж байдаг хэтэвчтэй түүний хамгийн том амбиц Монгол Улсын Ерөнхийлөгч.

Панамын баримтад С.Батболдыг оффшор данстай, “Бату майнинг” ХХК-д хувьцаа эзэмшдэг тухай мэдээлэл гарсанаар монголчууд Сү.Батболд, Д.Цогтбаатар нар “Бату майнинг” ХХК-д  2003 онд хувьцаа эзэмшээд 2005 онд буцааж зарсан тухай анх мэдэж байв.  2005 онд Сү.Батболд Гадаад хэргийн сайд, Д.Цогтбаатар нь тухайн үед Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Хэдийгээр, Сү.Батболд “…Бидний оролцсон энэ ажил хуулийн хүрээнд хийгдсэн бизнес. “Бату Майнинг” нь Монгол Улсад бүртгэлтэй гадаадын компани. Тус компанийн 11.9 хувийг 2013 онд худалдаж авсан. Тухайн үед Капитрон банкны данснаар ил тод, хуулийн дагуу худалдаж авсан хувьцаа. Би хувьцаа худалдаж аваад зараад явсан. Монголын бизнесмэнүүдийн нэгэн адил зарчмаар л явсан юм. Оффшор компани өөрөө байгуулаад тэнд данс эзэмшээд байгаа зүйл байхгүй. Оффшор дансанд Д.Цогтбаатар бид хоёрын нэр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн өөрийгөө өмөөрч мэдээлэл хийж байв. Харин Монгол Улсаас гадаадын улсад оффшор данстай 49 хүний дотор түүний төрсөн ах Сү.Бат-Очир бас байв. Энэ талаар, “Манай ах 25 жил бизнес хийж байгаа хүн. Бизнесийн хүн бизнесээ хийгээд явж байгаа бол хууль ёсны асуудал. Мэдээж улс төрчийн ах учраас мөнгө татвартай холбоотой асуудлаа шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй гэж хэлсэн” гэснээрээ өөрийн оффшор дансаа хүлээн зөвшөөрөөгүй ч Сү. Бат-Очирыг “миний ах мөн” хэмээн хүлээн зөвшөөрсөн нь өнөөдөр хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн байдаг.

Бас нэгэн зүйлийг хэлэхэд Сү.Батболд бол улс төрд М.Энхболдын багийн хүн. Эрх баригч нам МАН өнөөдөр хэдэнтээ хуваагдсаны хамгийн хүчтэй хоёр бүлэглэл бол Миеэ, Хүүк… хэмээгдсэн энэ цаг үед тэрбээр М.Энхболдын фракциас хүч түрэн өндийж, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нь могой гурав тасравч гүрвэлийн чинээ … гэдэг монгол хэлц үгийг нэгэн цагт Ми-г нулимстай нь хаяж одсон намын нөхдөд нь хатуухан сануулсан “сургамж” болж байгаа юм. Тэр бол Ми зүгээс цохилсон “хонх” юм. Хоёрхон жилийн дотор журмын нөхөд, хайртай дүү нартаа хонгодуулж, харамсалтайгаар хөөгдөн бууж байсан хорсол тэр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүчтэйгээр эргэж ирэхэд хүргэсэний илрэл энэ бүлгээ…

Ц.Оюунгэрэл гэж хэн бэ?

 УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2020 оны нэгдүгээр сарын 2-нд хийсэн мэдэгдэл намын гишүүд төдийгүй, нийт монголчуудын анхаарлыг өөрийн эрхгүй татсан. Нам гүмхэн байсан хоёр намын сошиал троллууд санд мэнд ажилд орж, үгийн мууг сонгож, хэлэх “үйлтэй” ажилд зүтгэхэд хүргэсэн түүний мэдэгдэлийн ард үнэндээ Ц.Элбэгдорж инээмсэглэн сууж байсан нь хамгийн хоржоонтой үзэгдэл байв. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө нам дотроо өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн түүний хувьд өрсөлдөгчид нь хэн ч байсан ялгаагүй, өөрийн зүгээс өрсөлдөөнд бэлэн гэдгээ хэлж буй анхны эмэгтэй улстөрч болсон нь онцгой үзэгдэл.

Өмнө нь нэг удаа МАХН-аас Н.Удвал гэдэг эмэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан ч тэр нь өөрийнх нь шийдвэр байгаагүй, тухай үед улс төрийн хэт хүчтэй лидерүүдийн нэг байсан Н.Энхбаярын сонголт байсан. Харин энэ “тавилан” өнөөдөр ийнхүү давтагдсан нь үнэндээ улс төрд ямар ч хүчтэй хүнд “өөрийн сонирхол” гэж байдаггүйг харуулсан, нотолсон зүйл болсон юм.

Хэдийгээр Ц.Оюунгэрэл, “өөрийн сонирхлоор, өөрийн хүсэл эрмэлзлэлээр Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж буй” хэмээж буй ч зөвхөн энэ үндэслэлээр улс төрд өрсөлдөөний цоо шинэ жишгийг авчирлаа гэж үзэгсэд бий болгохыг зорьж байгаа ч хэдэл хэзээ ч баригддагийн жишгээр, хуурамч хөшиг хууларч үнэн гарч ирэхэд Ц.Элбэгдорж хэмээн нөхөр ард нь түлхүүр атгасан сууж байгааг монголын ард түмэн шууд ойлгож, харсан нь гайхамшиг байв. Ямар хүчтэй хүн ч массын дэмжлэг, бүлэглэлийн татаас үгүй бол улс төрд явдаггүйг хэн бүхэн мэднэ.

Магадгүй, АН дотооддоо хагаралтай, намын дарга нар тамга, тэмдгээ булаалдан зодолдож буй энэ үед улс төрд “цагаан морьтой ханхүү”-гийн дүрээр орж ирэхийг хүсэгч Ц.Элбэгдоржид “боломж” харагдсан учир шатрын өрөг дээрээ Ц.Оюунгэрэл гэх аятайхан имижтэй эмэгтэйг сонгож түлхсэн нь нэг талаараа цагаа олсон. Учир нь АН-ын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн аль алин дотор нь нэр цохогдоод орж ирсэн цор ганц эмэгтэй тохиолдол бол Ц.Оюунгэрэл юм. Энэ утгаараа “хүчтэй өрсөлдөгч” мэтээр ард түмэнд харагдана гэж Ц.Элбэгдоржийн тооцсон нь ч бас буруугүй юм.

Тэр сайн тоглогч, тэр утгаараа ч “Монгол хүний суурь эрхийн дархлаа, эдийн засаг хоёр маань ямар сул байгааг бид ковидтой өнгөрүүлсэн нэг  жилийн хугацаанд олж харлаа. Шинэ ондоо шинжлэх ухааны вакцинаар эрүүл мэндээ хамгаалж, шинэ өрсөлдөөний вакцинаар хүний эрхээ хамгаалж, эдийн засгаа хөл дээр нь босгох цаг ирлээ” хэмээсэн. МАН эрх барьсан сүүлийн таван жилд, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шударга шүүхээр шүүлгэх гэх мэт эрх чөлөөний асуудал өндөр эрсдэлд орсон энэ үед цагаа олсон  “вакцин” мөн хэдий ч олон жил “цэцэн” улс төрчдөд хулхидуулж хаширсан монголчуудын сэтгэлийн хөдөлгөх биш бухимдлын цэгийг олж дарчихсан нь өнгөрсөн хугацаанд цахим орчинд “Ц.Оюунгэрэл” гэдэг хүнийг нүдсэн үйлдлээс харж болохоор байгаа юм.

Ц.Оюунгэрэлийн хувьд “Эмнэсти интернэшнл” гэх олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллаж, шүүх, хуулийн байгууллагуудад үүсч байсан хүний эрхийн зөрчлийг арилгах, гэрч, хохирогчийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэн “Эрх чөлөө төв” ТББ-ыг байгуулан ажилласан. Сүүлийн үеийн улстөрчдийн дотроос хүний эрхийн мэдрэмж  өндөртэй, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэж, иргэдийнхээ оролцоог хангахад анхаарах гарц гаргалгааг гаргаж ирэх боломж бий. Гэхдээ улс төрд сонголт хийдэг ард түмний буюу массын дэмжлэг түүнд байдаггүй, дутагдалтай. Энэ ч утгаараа төрсөн нутаг Хөвсөлдөө УИХ-ын сонгуульд хоёронтоо үзэж, унаж байсан түүнд өөрөөр хэлбэл тойргийн сонгуулиас гарч ирж чаддаггүй түүнд орон даяар явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч байна гэж харахад учир дутагдалтай.  Нийт сонгогчдын 50-иас илүү хувь нь эмэгтэй сонгогчид хэдий ч хүйсээ дэмждэггүй масстай монголд Ц.Оюунгэрэлд давуу тал гэж бараг байхгүй нь хамгийн үнэн юм.

+ There are no comments

Add yours