Хүмүүний амьдрал буй төрхөөрөө … C’est la vie

(УДЭТ-т тавьсан гүн ухаан-сэтгэл зүйн эмгэнэлт драм “Анна Каренина”)

С.Дулам /Монгол Улсын Ардын багш/, Г.Нандинбилиг /Проф./

Анна … Тив дэлхийн түг түмэн Анна. Тэрний дунд нэг л Анна тив дэлхийд алдаршжээ. Тэр нь Каренин сайдын үзэсгэлэнт гэргий Анна Каренина. Түүнийг алдаршуулсан нь Оросын суут зохиолч Лев Николаевич Толстой. Мартсанаас Лев Толстойг би хэдийнээс сонирхож эхэлсэн сэн билээ. 1971 онд МУИС-ийн оюутан байхдаа Оюутны барилгын отряд (ССО) гэдэгт багтаж, амьдралдаа анх удаа хилийн дээс  давж, Братскийн Усан Цахилгаан Станцын дэргэд зуны нэг сар ажиллахдаа Братск хотын номын дэлгүүрээс “Лев Толстойн захидлууд” гэсэн зузаан боть ном чирч ирээд хэдэн сар унших гэж оролдсон минь билээ. Дараа нь 1984 онд тэр цагийн ЗХУ-ын уран зохиолын судлал, шүүмжлэлийн гол хэвлэл “Вопросы литературы”  хэмээх сэтгүүлийн эрхлэгч Дмитрий Урновын урилгаар дугуй ширээний ярианд оролцохоор очихдоо Тула хот руу аялж, агуу Лев Толстойн “Ясная поляна” эдлэнд нэг өдөр өнжсөн юм. Сонгодог Оросын помещик хүний хувийн эдлэнд түүний зохиол бүтээлээ, тэр дундаа “Дайн ба Энх”, “Анна Каренина” зохиолоо туурвиж байсан хоёр давхарлагт байшин, бичгийн ширээ, сандалд сууж үзэж, нэг өдрийнх нь ажил үйл, зугаалдаг ой шугуйнх нь дундуур алхалж, нэг ногоовтор гишүү олзуурхан хадгалж авчирснаа их л дээдлэн тахиж байснаа сүүлийн үед олохоо больчихлоо. Хаашаа орчихов доо. Одоо эргээд бодож байхнаа энд өнжсөнөөс “Анна Каренина” зохиолын нэгэн гол баатар Константин Дмитрич Левиний (С.Болд-Эрдэнэ)  амьдрал санаанд минь цавхийтэл буучихлаа. Ер нь тэгээд зарим судлаач энэ хүний эх дүр нь Толстой өөрөө гэж хэлдэг хүн ч буй агаад миний хувьд Левин гэдэг овгийн нэр нь түүний Лев гэдэг нэрнээс үүтгэлтэй ч юм бил үү хэмээн бодож үзлээ. Найруулагч  Наранбаатарын хэлснээр “Толстой яг өөрийгөө биш ч гэсэн дотоод сэтгэлдээ байгаа хүсэмжит өөрийгөө энэ дүрээр илэрхийлсэн нь” үнэн байх. Энэ дүр бол 1812 оны их дайнд суут Напеолоныг ялгуулсан сүр дуулианы дараах Оросын дээдсийн хүрээлэнгийн их найр цэнгэл, хоосон нэр сүр хөөцөлдсөн, хов жив базсан амьдралын дундах цөөхөн ажилсаг, шинийг сэдэн бүтээгч нэгэн бөгөөд жүжигчин С.Болд-Эрдэнэ түүний ичимхий зан, Кититэй учирсан анхны гайхамшигт учрал, сайхан хайрын эрхэнд хэрхэн аз жаргал нь гийснийг чадварлаг бүтээсэн гэж болно.

Гол үйл явдал дүрүүд лүүгээ ягуухан орох цаг болж байна. Жүжиг эхлэх үеийн цас хялмаалсан орой галт тэрэгний дохио гуугачих нь ямар нэгэн өөр эрин цагийн дуудлага шиг, тэнд төмөр замын нэгэн ажилчны эндэж осолдон олныг цочроосон нь үзэсгэлэнт хатагтай Анна Каренинагийн ирээдүйн үхлийг зөгнөсөн муу ёр дуудах мэт мэдрэмж төрүүлсэн нь найруулагч Н.Наранбаатар, ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр нарын онож бодож олсон “ховс” байсан байх аа. Учир нь жүжгийн туршид энэ муу ёр шиг дуудлага байн байн чихэнд хангинаж, сэтгэл жихүүцүүлсэн билээ. Эх зохиолдоо ч бас Анна энэ мэдээг сонсоод “Муу ёр байна даа” гэж хэлсэн санагдах юм.  Яахав, дэвшил хөгжлийн утгаар бол хүн төрөлхтөн хүнд аж үйлдвэрлэлийн эрин үе рүү хуйлран орж, Чарли Чаплин шиг хүрд араа, урсдаг дамжуурга дээгүүр өөрийн мэдрэлгүй  “хуниулах” цаг нь ирсэн хэрэг. Манай Богдын лүндэнд гардагаар бол “төмөр могой дэлхийг ороож” эхэлсэн нь тэр байлаа. Энэхүү төмөржин эриний эхний золиосуудын нэг нь Анна болсон хэрэг. Тэрбээр Цагаан Хаант Оросын   дээдсийн хүрээлэнгийн нэн эрхэмсэг ноён Каренины гэргий, хүн бүхэн магтдаг, өнгөлөг жавхаалаг, уян налархай “Grande Dame” (Их язгууртан хатагтай) гэгдэж, ордны найр цэнгээний од болж, Серёжа хүүгээ төрүүлэн гоо үзэсгэлэнгээрээ шагшигдан шаавайхан явж байсан цаг буй. Каренин бол бараг л хэлэх өөгүй хүн, түүнд нэр алдар, эд баялаг, өндөр албан тушаал, сайхан гэргий, франц маягийн боловсон харьцаа бүх л юм бий боловч дотоод сэтгэл нь энэ бүхэндээ далдуур идэгдээд нэг л хямсгар, жаварлаг, яхир болчихсон хүн, түүнийгээ бас чадамгай далдалдаг болохыг туршлагатай жүжигчин Б.Жаргалсайхан харуулав. Ер нь иймэрхүү жавартай яхир хүнд хайр дурлал зохихгүй гээд хэлчихвэл яадаг юм бол? Гагц орос жүжигчдийн тоглолтоос үүдээд миний үгүйлсэн нэгэн зүйл бол “Анна” нэрийг дуудахдаа энэ зэвүүн яхир жавар нь үе үе цухалздаг сан билээ л …

Вронский бол хэзээнээсээ гэр бүлийн амьдрал гэдгийг огт мэддэггүй, залуу хүүхнийг хань ижил болгох санаагүйгээр эргүүлэх гэдэг (тэр дундаа Кити-г), өөр шиг нь сайхан залууст ийм зүйл зохисгүйд тооцогддогийг ч мэдэхгүй, ийнхүү цэнгэл эдлэх аргыг өөрөө нээчихсэн юм шиг санагдан түүнийгээ ашиглан жаргадаг нэгэн байв. Түүнд гэрлэх гэдэг зүйл боломжгүй юм шиг, өөрт нь нэг л гаж харш, гол нь инээдтэй санагддаг нэгэн (Орчуулагч Ш.Очирбат УБ., 2009) билээ. Энэ нь манай өнөөгийн чинээлэг амьдралтай залуусын төрхтэй тун төстэй. Тэр бага байхдаа усанд живж байсан бүсгүйн амийг аварсан баатар, ослоор үрэгдсэн ажилчны бэлэвсэн гэргийд газар дээр нь 200 рубль гарган өгсөн өгөөмөр юм шиг нэгэн боловч дотроо их өвөрмөц зөрчилтэй бодгаль юм. Наад зах нь гаднаас нь харахад ээжийгээ ихэд хүндлэн асрамжлах атлаа дотроо түүнд их дургүй, иймэрхүү зөрчилтэй. Залуу жүжигчин Т.Сэргэлэн энэ зөрчилт чанарыг нь олж харсан болов уу!? Жүжгийн танилцуулгад тэр өгүүлэхдээ “Дүр болгон өөрийн гэсэн зан чанартай. Тэр дүр дотор байгаа өөртөө итгэлтэй, бардам, оргилуун дэврүүн, бас ээжийнхээ үгэнд ордог” гээд Вронскийд байгаа олон шинж чанаруудыг аль болох өөрөөсөө гаргах гэж хичээн тоглож байна” гэжээ. Тоглолтын үеэр түүний хичээж байгаа нь илт байлаа. Гагцхүү хэт хичээгээгүй байгаа!? Ямар ч байсан өсөх ирээдүйтэй жүжигчин. Түүний замын хүзүү хол байна даа. Ер нь судлаачид Лермонтовын Печориныг Пушкины Онегины “төрсөн дүү” гэж цоллодог бол би Вронскийг энэ хоёрын “хойд дүр” л гэж хэлэх гээд байна. Иймд Вронскийд тоглох хүнд Лермонтовын “Манай үеийн баатар”, Пушкины “Евгений Онегин” хоёрыг уншихад тун гэмгүй гэж зөвлөх байна.

Толстойн бичиж урласнаар бүх зүйл нь төгс үзэсгэлэнтэй Аннагийн амьдрал, сэтгэлийн гүнд байгаа нарийн нууцыг Долли, Кити хоёр л олж ажсан нь гайхалтай. Китид мэдрэгдсэнээр “тэр бүх гоо сайханд ямар нэгэн аймаар, хатуу догшин юм байх ажээ” гэх буюу тэр нэгэн үдэшлэгийн олон бүжгийн дараа Аннатай уулзахдаа “нээрээ, ямар нэгэн гаж буруу, ад шулмын, дур булаам юм түүнд байна” (Орчуулагч Ш.Очирбат УБ., 2009) гэж боддог нь сүүлдээ улам үнэн болж таардаг билээ. Үүнийг би Егор Корсунскийн дэглэсэн ордны их найр цэнгээн дээр Анна Китигийн хүссэнээр ягаан өнгийн даашинз өмсөлгүй, хав хар хамба хилэн даашинз өмссөнтэй нь уялдуулан түүний гоо үзэсгэлэн, цоглог жавхаалаг байдлын цаана ямар ч эрсдэлээс үл буцах догшин хар ирвэс нуугддаг байх гэж хэлмээр санагдлаа. Жүжигчин Н.Баярмаа танилцуулгад өгүүлэхдээ “Эмэгтэй хүнд байдаг бараг бүх араншин Аннад бий… Анна хүчирхэг атлаа нууцлагдмал, цаг үеэсээ түрүүлчихсэн эмэгтэй. Түүнийг нөхрөөсөө өөр хүнд хайртай болсныг олноороо шүүмжилж буруутган хэлэлцдэг ч амьдрал дээр Анна бол гайхамшигтай ёс журамтай бүсгүй… Хүн болгон Анна шиг хайрандаа үнэнч бүсгүйтэй учирдаггүй ч байж мэднэ. Мөн түүн шиг гал халуунаар дурласан нь ч хэд бол …” гэхчлэн өгүүлснээс үзэхэд өөрийн гол дүрээ сайн ойлгосон бололтой бөгөөд тэр хэрээрээ ертөнцийн нэгэн эмгэнэлт Аннаг, тэгэхдээ “монгол маягийн” Аннаг бүтээсэн гэж болно. Энэ удаагийн тоглолтоос Баярмаагийн бүтээсэн нууц амрагийн дүрүүдтэй харьцуулбал, жүжигчний хувьд хүний сэтгэл санааны элдэв үезлэлийг илэрхийлэх талаараа суга өссөн гэж хэлж болно. “Аннагийн дотор аймшигтай зүйл болж байхад бусад хүмүүс түүнийг нь хов жив болгон яриад л сууж байдаг л хамгаас эмгэнэлтэй” гэсэн үгс бол гол баатрынхаа “сэтгэлийн диалектикийг” бие сэтгэлээрээ мэдэрч чадсаны шинж. Энэ нь угаасаа хүмүүний мөн чанарт байдаг ад чөтгөрийн гэмээр үг үйлдэл бөгөөд хэн хүнийг ямар шаналан бэрхшээлийн дундуур гарч явааг огтхон ч гадарлахгүй мөртлөө өөрсдийнхөө дүнз толгойгоор шүүн хэлэлцэж, ялын тогтоол уншицгааж байдаг билээ. Үүнийг монгол зүйр цэцэн үгэнд “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэж юутай мэргэн айлдсан юм бэ!? Үнэхээр орон цагаас үл хамааран ийм илжигнүүд газар болгонд, цаг үе болгонд байсаар ирсэн бөгөөд тэр дундаа өнөөгийн бидний дунд ч зарим хүний сэтгэцийн эмгэгийн хэмжээнд тулаад байгаа юм. Нийгмийн сэтгэл зүйн энэ гаж эмгэг нь олон сайхан хүнийг булингарт давлагаандаа хуйлж егүүтгэсэн байж мэднэ. Өнөө үг хэлэх эрх чөлөө гэдгийг хатангиршсан тархиныхаа бах тав хангах хэрэгсэл болгодог нь юутай эмгэнэлтэй билээ. Гэтэл тэд бол өөрсдөө бусдыг “төхөөрч байгаа” шигээ тийм цэвэр ариун амьтад байх нь бараг үгүй атлаа “хүнийг хэлэхдээ хүрэн эрээн могой” болцгоодог юм. “Аливаа хар, цагаан хэл ам үсний тонгорогоос хурц” гэдэг  монгол үгийн чанад үнэн ч энд оршино буй заа. Энэ хурц тонгорогт нэгэн гал халуун дурлал, үнэн хайр тас хяргуулжээ. Найруулагч Наранбаатар нэгэн гайхалтай зүйлийг олж харсан нь “Аннагийн үеийн фэйсбүүк нь хүлээн авалтууд л байж. Тэр ингэж гэнэ, энэ ингэж гэнэ” гээд л хов ярьсаар байгаад нэгэн бүсгүйг егүүтгэчихсэн. Ер нь Анна хэнд дурлах, салах сарних нь тийм чухал уу, Орос оронд” Амьдралын гашуун үнэн гэвэл яг энэ л байна. Ер нь сүүлийн үед найруулагч Наранбаатар нийгмийн элдэв дуулиан, хов живийн асуудлыг уран бүтээлдээ удаа дараа тусган үзүүлж ирсэн нэлээн туршлагатай бөгөөд “Бүсгүйн зурвас” бүтээлийнхээ туршицыг “Анна Каренина”-д иймэрхүү зүйлийг уран сайхны хувьд  дээд цэгт нь тултал харуулжээ.  Түүний уран бүтээлийн онцлог нь театрын урлагт хоор дуунаас эхэлсэн нийгмийн оролцоо, хам олны хяналтыг орчин үеийн  атлаа уран сайхнаар бүтээж харуулах талдаа үнэхээр мэргэшиж байна.  Жүжигчин Н.Баярмааг кинонд үзээд сайн мэдээгүй байсан нэгэн зүйл бол түүний дуу хоолой тайзан дээрээс үг хэллэг нь тод,   үзэгчдэд хүртээмжтэй байлаа. Энэ бол тайзны жүжигчин хүнд байх дутагдаж болшгүй чанар мөн байх аа. Дараагийн тоглолтууддаа дүрийн сэтгэл хөдлөлийн олон өнгө аясыг илэрхийлж, улам туршлагажих буй заа.  Ийнхүү зохиол эхлэхэд дуудсан өнөөх бух тэрэгний муу ёрын дуудлага амилан биелж, нэгэн энхрий уяхан бие сэтгэлийг төмөржин хүрдэндээ хуйлжээ. Гэхдээ найруулагч монгол уран бүтээлчийнхээ хувьд эх зохиолд гардаг шиг “өөртэйгөө зэрэгцэж ирсэн вагоны дугуйнд унах” гэсэн аймшигт бодолд умбуулсангүй, түүнийг заавал галт тэрэгний хүрдэнд тасчуулсангүй, харин үзэгчдэд Аннагийн доторх хоёр хүний зөрчилдөөнийг үзүүлэх Анна-Хувь заяа хэмээх цоо шинэ дүрийг ургуулан гаргаж, монгол түмний хайртай жүжигчин Н.Сувдын нухацтай яриан бодролоор илэрхийлсэн нь сайшаалтай байна. Эндээс үзэгчид хувь хувийнхаа мэдрэмж ухаарлыг цэгцлэх, дүгнэж цэгнэх бололцоотой болох юм.

Жүжиг үзэж суухад хэдий хоёрдугаар зэргийн дүр боловч дурламхай, залирхуу гүн Облонскийд (Стива) тоглосон Л.Дэмидбаатарын уран чадвар гайхалтай байсан бол Щербацкий вангийн эрх танхил охин Кити-д тоглосон Д.Хулан сэргэлэн цовоо, ойж буусан хөдөлгөөнтэй, гутарч гуних үедээ ч   өхөөрдөм болдог, үзэгчдийн хамгийн дур булаам тоглолттой бүсгүй байлаа. Бас драмын театрын залуу жүжигчдийн авьяас чадварын өсөлтийг илтгэн харуулж буй нэгэн жишээ нь Бетсийн дүрд тоглосон М.Тогтохжаргалын авьяас чадвар содон харагдаж байна. Магадгүй дараагийн нэгэн сонгодог жүжгийн гол дүрийн баатарт түүний тоглохыг найруулагч Н.Наранбаатарын тайзан дээр хүлээхэд ойрхон байна. Гол дүрд тоглосон залуу жүжигчнээ тод товойлгож харагдуулахын тулд бүх л туслах дүрийн жүжигчид хичээн ажилласны дотор гүнгийн хатагтай Варя Вронскаягийн дүрд тоглосон Ардын жүжигчин С.Сарантуяа дээдсийн хүрээлэнгийн эмэгтэйчүүдийн дүрийг эрхэмсэг атлаа үнэн төрхөөр нь илчлэн харуулжээ. Үүний тулд манай энэ цагийн аварга жүжигчид өөрсдийгөө дарсхийж ажиллаж чаддаг нь тэдний ур чадварын нэгэн илэрхийлэл болно. Эл бүхий хичээнгүйллийн үр дүнд манай театрын тайзан дээр шинэ залуу жүжигчид маань тодрон гарч, ахмад нь залуусаа өсгөн бойжуулж байгаа нь харагдлаа.

Бүтээлийг амилуулахад ерөнхий зураач, Т.Ганхуягийн нүсэр гоёл чимэглэл, солонгорсон өнгө будаггүй, зарим айл гэрийн амьдралыг “жаазлан” харуулсан минимал шийдэл нь үзэгчид жүжгийнхээ үйл өрнөл, сэтгэл зүйн драм луу төвлөрөх бололцоо олгосон, цаанадаж аялан тоглох болбол хүнд ачаа бараа болж түүртэхээргүй харагдав. Мөн түүнчлэн найман дэвтэр туульс романыг тайзанд буулгаж зохиол болгон бичсэн орчуулагч Н.Пүрэвдагвын онч цэгцийг онцлон тэмлэглэхийг хүсч байна.

Зохиолын төгсгөл хэрд “… бид бүгд зовлон эдлэхийн тулд төрсөн, бид цөм үүнийг мэддэг, тэгээд өөрсдийгөө хуурах арга л зохиож байдаг” гэхчлэн Аннагийн санаанд орж ирж байгаа бодол бол бурханы шашинтны “дөрвөн үнэний” сургаалын анхдагч үнэн буюу төвөдөөр “дуналжи дэнба”, монголоор  “зовлонгийн үнэн” гэдэг мөн билээ. Тэгэхлээр Театрын уран сайхны удирдагч Н.Ганхуягийн хэлсэн “Аннагийн дүрийг, ер нь бусад дүрийг үйлийн үр хэмээх дорнын философи ямагт дагалдана” гэсэн үг, найруулагч Н.Наранбаатарын хэлсэн “Л.Н.Толстойн философи манай буддизмтай их ойрхон нь миний сэтгэлийг татсан” гэсэн үгс уг жүжгийг монгол тайзнаа амилуулан бүтээх томоохон сэдэл болсон  углуургатай үгс болой.

Хувь жүжигчин болгон өөр өөрсдийн дүрдээ орох аргыг эрэлхийлж, зам замаа хөөдөг бол тэдний ааш араншин, зан чанарыг эвсүүлж, нэгэн утгад зангидах, түүнийг хөгжим, бүжиг, тайз засал, хувцас хунар бүхий л зүйлийн, нарийн ширхэгт нь хүртэл анхаарах их хөдөлмөр, урлаг ухаан, томоохон шийдэл найруулагчид оногддог. Найруулагч Н.Наранбаатар газар сайгүй тоглоод, найруулагч болгон урлаад байдаггүй дэлхийн энэхүү аварга сонгодог бүтээлийг зориглон барьж аваад, найруулагчийн авьяас чадвараа сорьж, олон шугамт сэтгэл зүйн драмыг амилуулан, Монголын тайзны урлаг, түүний урын алтан санд орохоор бүтээл туурвиж, олон шинэ жүжигчдийн алсын харгуйг нээснээрээ, манай театрын урлагийн “хярд гарч” ирлээ. Дэлхий дахин титэмт хоруугийн өмнө сөхөрч, урлаг мантай байгаа энэ цаг үед Монгол Улсын драмын эрдмийн театрын тайзан дээр дэлхийн сонгодог шинээр амилж, үзэгчдээ цэнгүүлж байгаа нь үнэхээр бахархууштай үйлс билээ.

“Амьдрал баян” гэж бид цэцэрхэх дуртай боловч Лев Толстой өөрөө өтөл насандаа дурлалаас болж нууранд живэхийг оролдсон, агуу их Гете бас өвгөн насандаа арван долоотой охинд дурлаад сүйдэн майдан болж явсныг сонсоод бас юу гэж айлдацгаах юм бол доо, “Зүрхэнд үрчлээ суудаггүй”.  Гэтэл эдгээр өтгөсийн хэнд, хэрхэн дурлаж явсан нь биш, цагт хамаардаггүй мөнхийн сонгодог (a timeless classic)  бүтээлүүд нь л түүхэнд үлдсэн байдаг.  Ер нь тэгээд энэ бүтээлд гарч буй сэтгэл санааны урвал, хөрвөл, үелзэл долгион, хүн бүхнийг шаналган зовоож, шаагиулан жаргааж чаджээ.   Хүмүүний Амьдрал буй төрхөөрөө байгаа нь л энэ. C’est la vie.

+ There are no comments

Add yours