Д.Оюунчимэг: Хорин хэдтэй шүлэг бичиж байхдаа би гарч болох өндөрлөгтөө хүрчихсэн

Кино үзэх гээд явж байтал зохиолч Дашийн Оюунчимэгтэй эгчтэй таарлаа. Шинэ гурамсан бүтээлийн эхнийх болох “Усгал: Намайг хэн хайна вэ?” номоо хэвлэх үйлдвэрээс аваад явж байв. Гарын үсэгтэй нь бэлгэнд авчихлаа.

Киногоо үзмээр байдаг, цүнхэн дотроос ном төөнөөд байдаг. “За хоёрхон нүүр уншчихъя” гэж эхлүүлсэн номоо ухаан сөхөөгүй уншсаар дуусгав. “Тэнгис” кино театрын хүлээлгийн сандал дээр дөрвөн цаг хадагджээ. Кино ч яамай. Юу болох нь энэ вэ?
Хоёрдугаар курсийн оюутан би номын дэлгүүрт эргэцэж эргэцэж тоосонд дарагдсан “Очирт уулын бичиглэл” шүлгийн түүврийг авчихсан нь амьдралдаа хийсэн цөөхөн, маш ухаалаг худалдаа байв. Ингэж л анх Дашийн Оюунчимэгтэй танилцсан юм. Даруй арван жил өнгөрчээ. Түүний “Тэнгэрийн цаг болоогүй”, “Оройн ганц мод”, “Тунгалаг хөх асар”, “Норгой” номууд цөм уншигч миний  итгэл эвдсэнгүй, дурлалд сэв суулгасангүй.
Номоо уншиж дуусуутаа шууд зохиолч руу “Маргааш уулзъя” хэмээн бичвэл зөвшөөрлөө.  Уулзалтын үр дүнг одоо та унших гэж байна. Үнэнч (тийм ээ, би өөрийгөө энэ удаад ингэж нэрлэе!) шүтэн бишрэгч хүний л зохиогчоо таних гэсэн, таньсан дээрээ зохиолыг нь гөрдөж унших гэсэн зорилго бүхий асуултууд тул уучлах ажааму.

-Таны номд хайр дурлал огт гараагүй атал би яагаад сэнсэртэл, босгосон амьдралаа түйвээтэл галзуу ганц дурлая гэж бодож сэрэв ээ?

-Чиний сэтгэлийн утсыг хөндсөн юм болов уу? Бидэнд байгаа сэтгэлийн баялгууд дотроос хамгийн том нь хайр дурлал. Сэтгэлийн баялаг гэж би хэлэх дуртай. Бусдыг хайрлах, энэрэх, ачлах чадвар бол бидэнд буй сэтгэлийн баялаг. Нөгөө талаас гоо сайхан юм, эзэмшил нутаг минь юм. Түүнийг сэрээчихсэн байж тун магадгүй юм.

Өмнө нь шүлэгтээ бичиж байсан даа. “Бүхий л ертөнцийг ес дэх давалгаа бүтээжээ” гэж. Хайр бол эрэгтэй, эмэгтэй хүний биеэ хүсэмжлээд буй сэтгэл төдийхөн биш, энэ ертөнцийг бүтээдэг ес дэх давалгаа байж магадгүй гэж би боддог. Ес дэх давалгаа бол хамгийн хүчирхэн энерги. Хүн бүрэлдэн буй болно гэдгээс өөр, дээш гарах зүйл байна уу? Энэ гайхамшиг. Шинэ амьдрал бий болгоно гэдэг оргил цэг. Энэ оргил цэгийн биеэ гэж таталцсан хайр мянган жил улирсан ч хэвээрээ, чулуунд дотор хоригдол болоод орчихсон байхад ч хэвээрээ байж болно. (“Усгал: Намайг хэн хайна вэ?” номын хэсгээс  дурдав.)

Энэ цагт хоёр хүн хайрлаж дурлах, жаргаж зовох нь өнөө цагийн явдал ч биш байж магад, цаанаасаа учиртай тавил байж магад. Гэхдээ би бурхан дээр залраад хүний тавиланг зураад сууж байдаг гэж үзэлд дургүй. “Бүх юмны эзэн чи өөрөө” гэж бурхан багшийн үзлийг дөвийлгөгч хүн. Магадгүй олон олон төрөлдөө үйлдсэн үйлийн хариу, үр байж магад л гэж бодох болоод байна.

-Таны хэлснээр зүгээр ч нэг учраагүй, мянган жилийн учигтай хайр, хүн гэж бодохоор их л уужим харах хэрэг гарах нь ээ. Мянган жилийн учигтай учрал, тийм он удаан үргэжилсэн хэлхээний нэг нь л гэж бодоход нэгнээ ядах нь ээ л аар саархан үгээр хэмлэмгүй л юм даа.

-Зөвхөн хайр ч биш, ер хэн маань ч хэнтэй ч учирсан байж хэдэн мянган жилийн учир холбоос байж магад. Үүний төлөө л талархаж, бахдан биширч болно. Ингэж бодвол өөдөө зовхитой байх учиг олдоно.

-Таны сэтгэлийн баялгийг бид “Очирт уулын бичиглэл” номоор дамжуулж мөн ч их олборлосон доо. Одоо ч уншихаар таны төдийгүй миний залуу нас, дурлал дурсагддаг. Ингэхэд хүнийг ингэтэл дэнслүүлсэн та гэгч өөрөө хэдэн удаа хүчтэй дурласан бэ?

-Анх есдүгээр ангидаа нөгөө ангийнхаа бандид дурлав аа. Дөрөв, таван жил нөгөөхөөсөө өөр хэнийг ч боддоггүй, тэгсэн хэрнээ нэг ч удаа ярилцаж үзээгүй, танилцаагүй, тэр чигтээ үлдсэн дээ. Дараа нь ганц, хоёр дурласан дурласан.

Гэхдээ дурласан учраас л хайрын шүлэг бичдэг юм биш. Залуу байхад, шүлэг бичихэд юм бүрийг гоо сайхны нүдээр харах эрмэлзэл бий. Миний гоо сайхныг эрэлхийлсэн эрэлхийлэл л хайр дурлалын шүлэг, дурлалт залуугийн хэлбэрээр илэрч байх нь бий. Эргээд харахад олон хайрын шүлэг бичсэн байна билээ. Миний шүлгийн нөгөө хар нөмрөгт, бараан морьтонгууд магадгүй автобусанд таарсан залуугаас сэдэл авсан ч байж магад, он удаан хайрласан хүнээсээ  ч сэдэл авсан байж магад.

-За, хоёулаа “Усгал” руугаа оръё. Яагаад бичихээр шийдэв?

-Би анхнаасаа улаач хүүгийн тухай биччихнэ гэж бодоогүй л дээ. “Тэнгэр бэхи” гэж төв дээр монгол уламжлалт ойлголт, тэнгэр, лус савдгийн амьдрал гэж юу юм, тэд нарын “тэнгэр” гэж ойлголт ер нь юу болох талаар судлах явцдаа очсон юм. Тэдний төвийн толгой онгодыг буух үед онгод “миний улаач хүүгийн тухай бичээч” гэсэн юм. Тэгж хэлэх агшинд би “За, ёстой яршиг даа” гэж бодсон. Гэтэл дараа нь тэр онгодын улаачтай таарахад 23 настай залуухан хүн байлаа. Түүний амьдралыг сонсож, хэд хэд ярилцаад бичихээр шийдсэн дээ.

Миний ойлголтоор зэргэд ертөнцийн сүнсийг биедээ буулгаж буй хэлбэр бол бөө. Хэтийдүүлэн итгэж, мухар сүсэгт автах нь тэнэг хэдий ч хүмүүс зөвхөн  тэнэгтээ л бөөд итгээд байгаа хэрэг бас биш. XX зууны сүүл, XXI зууны эхэн үеэс дэлхийн нийтийн оюун санаа “дотоод ертөнц” гэдэг зүйлд анхаарах боллоо. Маш олон бясалгалын урсгал бий боллоо, цөм хүний дотоод чанад руу гүн нэвтрэхээр оролдох боллоо. Дотоод чанад руу нэвтрэхийн хэрээр гадаад физик ертөнц буюу гурван хэмжээст ертөнцийн ойлголтоос хальж эхэлж байна. Буддын ухаанд нармид тамын ёроолоос сансрын үзүүр хүртэл 66 ертөнц зэрэгцэн оршино гэж үздэг байх жишээний. Бидний ойлгож дадсан хэмжээсээс хальж байна гэсэн үг.

Бөө гэхэд зөвхөн манайд  ч байгаа юм биш, олон үндэстэнд байдаг нийтлэг ойлголт. Якут, тува бөө нар газар усны эзэд, лус савдгийг, Африкт модны эздийг, манайд хүний сүнс буюу онгодыг биедээ буулгадаг гэлцдэг. Бут болгон бурхантай, дов болгон эзэнтэй гэх манай ойлголт ч байдаг.

-“Усгал” бодит явдлаас сэдэвлэсэн гэх, тэгсэн хэрнээ уран сэтгэмжит төрөлд ойр юм. Хэдэн хувь нь бодит, хэдэн хувь нь таны зохиосон зүйл  юм бэ?  

-“Уран сэтгэмжит зохиолыг бодит явдлаас сэдэвлэн бичив” гэх нь л өөрөө маш том фантази, бас тэнэглэл мөн байх. /инээв/ Гэхдээ яалт ч үгүй надад ийм учир явдал тохиолдсон учраас өөр аргагүй.
Зохиолын тал нь бодит явдал. Тал нь зохиол. Гэхдээ зохиох, зохиолч гэх нэршилд би дургүй. Зохиолч хүн гэж  хов хоосноос ургуулж зохиогоод байдаггүй л дээ. Цөм амьдрал л явж буй.

-Гол дүр Одхүү яг бодит хүн үү? Нөгөө таны уулзсан 23 настай бөө залуу юм уу?

-Бодит хүн. Өөрийнх нь нэрийг өөрчилж, онгодынх нь нэрийг зөвшөөрөл авч үнэнээр өгсөн.

-Та тэгвэл Одхүүг яаж жинхэнэ бөө гэж итгэсэн юм? Итгэж байж л түүний туулсан амьдралыг бодит гэж үнэлж бичнэ ээ дээ? Одоо үед хуурамч бөө, жинхэнэ бөө гэж маргалддаг. Та арай хуурамч бөөд итгэчихсэн юм биш биз дээ?

-Хэдэн жилийн өмнөөс энэ сэдвийг сонирхон судалж байна л даа. Хэний ч сонирхлыг үл татах, жижигхэн орны улс төрийн сонгууль болж байхад, эсвэл улс орны том шийдвэр гарах бүрийд дээр хар, цагаан хүчний тэмцэл болж байдаг, аль хүч нь ялж буйгаас хамаарч энд үр дүн өөр байна гэх яриаг би сонсож байлаа. Ингэж ярихаар эрүүл, саруул ойлголт биш байх. Уран сэтгэмжит ном бичсэн хүн гэдэг үүднээс намайг харж үзэж, хэлтрүүлээрэй.  Гэхдээ энэ ярианд эш үндэс байгаа юм биш биз дээ? Ташаа ойлголт биш юм биз дээ?

Жинхэнэ бөө, хуурамч бөө гэж ярьж байна. Хуурамч биш юм. Харин хэнийг өөртөө оршоож байна вэ? гэдэг тухай юм. Би, чи ч сүнс болно гэж ярьцгааж байна, энэ төрлөөс халилаа гээд бүх зүйл дуусчихгүй юм байна, зэргэлдээ ертөнцөд хэдэн мянгаараа сүнс язганаж байна. Тэднээс юуны, хэний сүнсийг өөртөө оршоов, тэр сүнс, харын хүчнийх үү, цагааных уу? гэдгээрээ ялгагдаж байж магад.

-“Усгал”-ын санаа руу оръё. Бөө, тэнгэр онгодоор дамжуулж “монголчуудын байгаль хамгаалах” тухайг  хөндсөн санагдсан?

-Одоо харахад би  “Хөх морьтой савдаг ууланд хальжээ. Хөөрхий тэр харууслаа даасангүй гэнэ.” гээд 1993 онд бичиж байж. Бид энэ сайхан байгалийн элгэн дээр найралдан зохицож амьдарч ирсэн ард түмэн. Байгаль хамгаалах сэдэв бол монголчуудын үе үеийн турш нандигнаж ирсэн онцгой сэдэв. Оддын дор, задгай хөх тэнгэрийн дор, хаашаа ч харсан нүд алдам эх байгалийн дунд, хэн нэгний татсан хашаа, хязгааргүй талд амьдарч ирсэн энэ ард түмэн байгалиа хамгаалах үндсэн өгөгдөлтэй. Үүнийгээ бид өнөө цагт алдсан байна. Гэвч хойч үе маань илүү итгэл үнэмшилтэй хандаасай, ганц мод  хугалсан ч, газар эхээ онгичихдоо цаана нь амь амьдрал буйг бодоосой! гэж бичлээ.

Шигтээ.
ХҮҮХЭЛДЭЙН ЗАХ
Эрхэмсэг ноёд оо,
Энд хүүхэлдэйн зах нээгджээ.
Тал саран хаа нэгтээ
Хоног төөрүүлсэн гуйлгачин шиг бэдрэхэд
Түүнийг хэн ч үгүйлэхгүй хүүхэлдэйн хотхонд
Харанхуйн цэнгээн үүсгэжээ.
Хачин их дуу шуу, газар доргих нь
Хүлгийн төвөргөөн, эсвэл цахилгаан станц биш
Сайхь хотын хүндэт дарга хүүхэлдэйд
Сайшаал үзүүлж, хундага өргөх ёслол аж.
Хүүхэлдэйн хотхон суу алдарт шатжээ.
Халамцуу, халамцуу, намгийн мэлхий шиг…
Хөөрцөглөж зарим нь хөлөө хугална.
Хэний, юуны төлөө юм бүү мэд
Хачин их сүр дуулианыг үзүүлнэ.
Хөдөөгийн буйдад эмгэн үнэг уйлна.
Харуй өтгөртөл ууль гашуунаар инээнэ.
Хөх морьтой савдаг ууланд хальжээ.
Хөөрхий тэр харууслаа даасангүй гэнэ.
Харанхуй улам зузаарахад
Хүүхэлдэйн хотод найр хавтгайрчээ.
Хүмүүс шиг хуйвалдаж, хүмүүс шиг наймаалцаж,
Хамгийг хурааж, хамгийг хуу хамж,
Алтан хоргон дотор хүмүүсээс дутахгүй баярхана.
Хүүхэлдэйн тэмцээнд хүүхэлдэй түрүүлсний төлөө
Тавин жилийн найр зарлаж, тасралтгүй ууна.
Тэнгэр минь, дэлхийн суут сармагчин хүүхэлдэй
Тэндээс бас төрсөн гэнэ.
Аварга, шилдэг
Хамгийн, хамгийн…
Аз болж дэлхийд ганцхан
Хүүхэлдэйн зах нээгджээ, энд.

Одхүүгийн зүүднүүд таны уран сэтгэмж үү? “Усгал”-ын бодит амьдрал, зүүд хоёр нэг нэгнийхээ үргэлжлэл, магадгүй тайлал болоод байх шиг? Хоорондоо сүлрээд зүүд нь үнэн, бодит амьдрал ердөө тэр зүүдний зүүд ч юм шиг байхаар ёстой л таны энэ зохиолдоо бичсэн “Энэ амьдрал жинхэнэ үү? Жинхэнэ юм бол би өөрөө жинхэнэ үү?” гэх хэсэг бодогдоод байна.

-“Усгал”-ын нэгдүгээр дэвтрийг гаргасных уншигчдад нэг нууц дэлгэе дээ. Би зохиолч Оскар Уайльдийн хэд хэдэн бүтээлийг орчуулсан. Түүнээс хойш  “энэ анзааны хэдэн үлгэр биччих юмсан” гэж бодох болсон. Нэлээн хэдэн үлгэр бичсэнээ ийшээ шингээсэн, дараагийн ботиудад ч орно. Энэ үлгэрүүд бол миний номны хадаас нь. (инээв).

-Таны амьдралд хувьсгал тохиов уу? Амьдралын зарчим, уран бүтээлийн чиглэлийг тань өөрчлөхөөр, эсвэл уран бүтээл хийлгэхээр тийм том хувьсгал. Хувь хүнд тийм бүгдийг орвонгоор нь эргүүлдэг хувьсгал тохиодог юм болов уу?

-Эргээд бодоход хүн том бөгөөд тэнэг алдаа олон гаргасан байдаг, тухайн үедээ тэрнийгээ зөв гэж боддог. Надад ч бас тийм алдаа бий. Би тэр алдаандаа амьдралынхаа 10 жилийг алдсан байна. Яах гэж тухайн үедээ түүнийг зөв гэж бодсон юм бол оо? Хүмүүс ч хэлж байсан, Дарамын Батбаяр гуай л гэхэд айхтар загнаж байлаа. Тэр алдаа юу вэ  гэхээр би 10 жил орчуулга хийж, маш олон хүүхдийн зохиол орчуулжээ. Зүй нь, уран бүтээлчийн үүднээс хандахад би тийм зүйл хийхгүйгээр зөвхөн уран бүтээлдээ төвлөрсөн бол илүүг бүтээсэн байх магадлалтай. Миний илт алдаа бол энэ. Залуу зандан, эрч хүчтэй байх үеийнхээ 10 жилийг үүнд зориулсан. Тэглээ гээд алдар нэр, мөнгө төгрөг юу ч олоогүй, олъё эсвэл олно ч гэж огт бодоогүй, үндсэндээ нийгмийн сайн дурын субботник хийсэн.

Гэхдээ… “Би ёстой алдсан шүү” гээд гаслахад харин хүнийг алдаа нь хүртэл бүтээдэг. Тэр 10 жил надад ивээлээ өгсөн юм шиг, ийм хэцүү шатаар авирч байж орчноо арай илүү харах ёстой байсан ч юм шиг, энэ бүхэнгүйгээр өнөөдрийн би бүтэхгүй байсан ч юм шиг санагддаг. Үүний дараа чиний асуугаад буй хувьсгал болсон. Гэхдээ энэ бол миний 10 жил зугуухан бэлтгэгдэж хийсэн хувьсгал. Гэхдээ энэ хоёр дахь хувьсгал.

Анхны хувьсгал бол… “Муу шүлэг бичих үе байдаг, тэр нь яг улаан бурхан шиг” гэж Цветаева хэлсэн байдаг, түүн шиг л усан шүлэгтэй байлаа. Харин С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд ороод жаал жуулхан мэддэг орос хэлээрээ уран зохиолтой танилцсан. Аавын хэлдгээр толгой руугаа модоор цохиулсан мэт л, бүх зүйл цэлсхийтэл тодроод би нэг зүйлийн нөгөө талд гарчихсан. Одоо харахад ердөө аравхан хоногийн дотор болсон огцом эргэлт. Учрыг ойлгоод бичиж эхэлсэн шүлгүүдээрээ “Очирт уулын бичиглэл”-ийг гаргасан даа. Ингэхээр эхний хувьсгал цэлсхийсэн гэнэтийн хувьсгал, дараах нь бол 10 жил бэлтгэгдэж хийсэн.

-Хоёр дахь хувьсгалын дараа гарсан анхны зохиол тань “Оройн ганц мод” уу?

-Тийм. Гэхдээ өнөөх алдааны 10 жилээ буруутгаж болохгүй шалтгаан байна. Ажил хэрэгч өнөөдрийн өнцгөөс харвал дэмий өнгөрөөсөн он жилүүд мэт боловч түүний ачаар,  тэр хөрс сууриараа би романуудаа бичсэн. “Норгой” романыхаа санааг аль 2000-аад онд олж, хоёр удаа бичих гэж оролдсон ч болж өгөөгүй. Харин өнөөх 10 жилийн дараа, мөнөөх хувьсгалын дараа л сая нэг бичсэн дээ.

-Ер нь яагаад орчуулга руу орчихсон юм бэ?

-2001 онд “Тэнгэрийн цаг болоогүй” гэж анхны туужаа биччихээд роман бичих цараа дутаж буйгаа мэдэрсэн. Ингээд романыг ойлгохын тулд орчуулга руу ороод, тэрнээсээ хальчихсан хэрэг л дээ.

-Та хийж бүтээх, бичиж туурвих уулынхаа альхан хавьд явна вэ? Оргилдоо хүрсэн үү? Би таниас өмнөхөөс ч илүү зохиол хүлээж болох уу?

-Оргил гэж томруулаад ч юүхэв. Хорин хэдтэй шүлэг бичиж байхдаа би гарч болох өндөрлөгтөө хүрсэн. Тэрнээс дээш гарахдаа итгэлгүй байна. Харин тэр хүрсэн зүйлээ салбарлуулж, хүүрнэл зохиол бичиж явна. Миний хийж буй бүх зүйл “Очирт уулын бичиглэл”-ийн салаанууд.

-“Очирт уулын бичиглэл” тань их залуугийнх шүү дээ. Тийм залуудаа өндөрлөгтөө хүрчихээр, тэр хүрсэн өндөрлөг чинь цензур болоод илүүг бичихээс айх юм биш үү?

-Би яагаад “Очирт уулын бичиглэл”-ийг өндөрлөг гэж хэлээд байна гэхээр уран бүтээлч хүний өөрөөс хамаарах бүх зүйлээ шавхаж бичсэн учраас. Тэр шүлгүүд чинь 1993-аас 1996 оных. 1996 оны сүүл гэхэд би хоосорсон. Ахиад шүлэг бичих утгагүй санагдаж эхэлсэн. Цаашдаа энэ ритмээрээ үргэлжлэх боломжгүй гэдгээ ойлгож, “одоо зогсох хэрэгтэй” гэсэн дотоод дуу хоолой сонсогдсон.
Хоосон гээд байгаа боловч нөгөө талаараа би дүүрсэн. Би шүлгэнд ханасан, цадсан. Тэр дүүрэн л хоосорч мэдрэгдсэн хэрэг л дээ.

-Тэгэхээр таниас хүлээх зүйл их байгаа байх нь ээ? Цаашдаа юу бичих вэ?

-“Усгал”-ын дараагийн ботиуд, өөр хэд хэдэн зохиол, хүүхдийн тууж байна аа.

-Таны номуудаас та мэдрэгддэг. Жишээ нь, энэ “Усгал” өмнөх номуудаас тань ер нь өөр юм. Гэсэн ч таны аль ч шүлэг, ямар ч номыг би өмнө уншиж үзээгүй байсан чиг л уншаад шууд таных гэж танина. Энэ яг юу юм бэ?

-Энэ бол миний ур чадварын ухаанд суралцсан байдал, үүнийг оросоор мастерство́ гэдэг. Урлахуйн чадварыг дадуулж буй л хэрэг. Үүнийг хэрхэн дадуулсан нь уран бүтээлчийн амьдралын зам мөрөөр илэрнэ. Жишээлбэл, би огт удамшдаггүй мэргэжил бол зохиолч гэдгийг анзаарсан. Сайн зохиолчийн хүүхэд сайн зохиолч болсон гэж лав дуулаагүй. Миний хүүхэд надаас авьяас өвлөж болно, гэхдээ яг над шиг зохиолч болохгүй. Яагаад гэхээр зохиолч хүн амьдралыг танин мэдэж,  өөрийн үзэл санаа суусан байдаг. Уран бүтээлчийн ур чадвар яаж дадаж, ямар хэмжээнд тогтдогийг судалж гаргадаг бол их тодорхой. Жишээ нь, Достоевский гэхэд л хоёр удаа цаазын ял сонссон, үхэл, амьдралын зааг дээр байж үзсэн, тийм хэмжээний амьдрал туулсан хүн шүү дээ. Зохиолтой нь одоо харьцуулаад бод доо! Тэгэхээр миний мастерство миний туулсан амьдралаас бүрэлдэн тогтжээ.

-Тэгвэл таны туулсан амьдрал яг юу вэ? Та юу үзэж туулсан учраас ийм зохиолч болов?

-Нэгдүгээрт, би маш их хөдөлмөрлөж, хичээж зүтгэсэн. Мэдээж уран бүтээлч болгон хичээл зүтгэл гаргадаг, минийх юугаараа илүү  юм, юугаараа өөр юм? Үлгэр сонсож өссөн учраас надад монгол хүний ертөнцийг үзэх үзэл суусан. Үүний хажуугаар би муу, сайн ч гэсэн орос хэл сурсан, орос хэлээр дамжуулж дэлхийн утга зохиолтой танилцсан. Энэ суурин дээрээ тулгуурлаж би маш их хөдөлмөрлөсөн. Олон ч ном орчууллаа. Ингэж энэ бүхэн бий болсон. Нэг л өдөр зохиолч болчихоогүй, маш их бэлтгэл хийсэн юм. Нөгөөтээгүүр “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэж Ш.Гаадамба багш минь хэлж байлаа. Чи өөрийнхөө хэр хэмжээг мэдэх, чи хэн юм, юу хийж чадах юм бэ? гэдгээ мэдэх хэрэгтэй, би мэднэ.

-Биеэ мэдвэл хүн гэж байна. Өнөөгийн ид явж буй “Хүн бай” гэх уриалга тэгвэл “биеэ мэд” гэсэн утгатай юм уу?

-Хоёр хөлтэй, хохимой толгойтой болгоныг хүн гэх биш, өөрөө өөрийгөө төдийгүй ер  нь юмсын учрыг ухаарч таньсан нэгнийг л хүн гэж хэлнэ байх.  Чи буян нүглийг олж тань. Ялгаа, заагийг хар. Юу хийж болох, болохгүйг мэд. Мэдчихсэн цагт дотоод хүч чинь чамайг тогтоож, хазаарлана.  Хүн байхаас гадна ахиад “монгол хүн байх” тухай ч бас бодох ёстой.

-Та зохиолоо яаж бичдэг вэ? Шууд л санаанд тань үйл явдал, дүрийн амьдрал ар, араасаа хөвөрдөг үү? Эсвэл бүгдийг төлөвлөж тэр дагуу бичдэг үү? Жишээ нь, та энэ “Усгал”-ыг яаж төгсгөхөө мэдэж байгаа юу?

-Очирбатын Дашбалбар багш бидэнд хичээл ордог байлаа. Багш биднийг Монголын аль л гайгүй гэх  хүмүүстэй уулзуулах гэж оролддог байв. Тэдний нэг болох зохиолч Сэнгийн Эрдэнэ гуай “өгүүллэг бичихэд эхлүүлэх л хэцүү. Эхэлчихсэн байхад үйл явдал аандаа хөтлөөд явна” гэж хэлсэн юм. Үүнийг би ч мэдэрсэн. Гэхдээ надад эхлүүлэх нь биш, тухайн зүйлийг бичих сэдэл авах л хэцүү.  Бичиж эхэлсэн хойно харин хэн нэгэн хүн, дэргэд зогсоод дуудаж өгч байгаа мэт л хөвөрнө. Ер нь өгүүллэг ийм л байдаг. Үүнийг бид заримдаа онгод ч гэж нэрлэдэг. Онгод гэдэг маань юу вэ гэхээр бидний бүтээж буй энэ зохиол бол амьтай, эрчимтэй, сүнстэй гэдгийг л илтгэдэг. Амьтай учраас эргээд эзэндээ нөлөөлж ч магад. Чи алаан, тулаан бичээд байвал тийм амьдрал туулж ч магадгүй.  Маш олон зохиолчдын намтраас үүнийг олж харж болно. Орчин үеийн хэлээр бол энергийн урсгал маягтай, үүнийгээ алдалгүй барьж л авах хэрэгтэй.

Харин роман бол өөр, хүнд даваа. Ямар ч байсан урьдчилан төлөвлөгөө гаргах ёстой, төлөвлөгөө их чухал шүү, ядаж бүлгээ төлөвлөхгүй бол холион бантан болно. Гэхдээ төлөвлөгөө гаргасан ч зохиол надад захирагдахгүй үе бий. Дотроосоо ургаж, төлжиж дүр бүр өөр өөрийн тавилангаараа амьдарна. Жишээ нь, “Оройн ганц мод”-ын Ийяа гэж дүрээ би “Тунгалаг хөх асар”-таа хайр дурлалтай нь учруулаад, амар сайханд нь жаргуулахыг маш их хүссэн боловч болоогүй. Нээрэн маш их хүссэн шүү. Даанч Ийяа өөрөө гарч ирээгүй.

-“Өөрийн гэсэн өрөө” гэх ойлголтын талаар? Тийм чухал эд үү?

-Миний хувьд ус, агаар мэт чухал. Өөрийгөө сонсох боломжтой орон зай хамгийн гол нь. Хэрэв өөрийн гэсэн өрөөгөөр үргэлж хангагдаж байсан бол илүү ихийг бичих байсан байх. 2015 оноос байр түрээслэж зохиолоо бичиж байна. Одоо ч хотоос гадна байр түрээслээд л байж байна.

-Яг ажиллах, зохиолоо бичих үедээ ямар дэглэм барьдаг вэ? Хэмнэл тань?

-Би бор шувууны төрлийн хүн. Миний идэвхтэй цаг бол өдрийн цаг.  Тийм ч учраас орчин их хайдаг. Хэрвээ би шөнө бичдэг буюу шар шувууны төрлийн хүн байсан бол заавал ингэж өөрийн өрөө гэхгүй, гэрийнхнээ унтсан хойно ажиллаад, өдөр нь унтаад өгч болох байсан биз.
Бичихээрээ төвлөрөх гэж чармайна аа. Залбирна, багш нарынхаа зааж өгсөн хэдэн уншлагыг ая дангаар нь уншина, чадвал сунаж мөргөнө, бие халаалт маягийн зүйл их хийдэг. Зохиол бичихдээ их хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Манай нутагт тууль хайлахдаа биеэ их бэлдэж, жишээ нь амаа усаар зайлдаг. Би үүнийг ихэд ойшоож дагаж мөрддөг.

-Монгол хүнээс ингэж асуухаар сонин л байх. Гэхдээ хоёулаа “Монгол” гэх сэдэв рүү яалт ч үгүй л шилжээд байна л даа. Бид монгол хэлээ, тэр дундаа монгол үг яаж сурах вэ? Таны монгол хэл, ялангуяа үгсийн сан маш баялаг байдаг? Та монгол хэл яаж сурсан юм?

-Нэгдүгээрт, би 1970-аад оны хүүхэд. Тэр үеийн хөгшчүүл монгол уламжлалаа хадгалж байж. Би тэднээсээ үлгэр сонсож, бүүр жинхнээсээ үлгэрт итгэж өссөн. Үлгэр сонссоноор монгол хүний ертөнцийг үзэх үзэлд шууд надад бүрэлдэн тогтсон. Энэ уул амьтай, тэр мод шүншигтэй буюу юмсыг амьдчилж ойлгож эхэлсэн. Ингээд эхлэхээр цэцэг таслахаас ч эмээдэг монгол хүн бүрэлдэнэ. Хоёрдугаарт, би баруун монгол хүн. Бидний хэл маш баялаг. Саяхан ах, эгч нартайгаа ярихад манай аялгад “загнах” гэж утгыг илэрхийлэх багадаа долоон найман үг байна. Утгыг нь ойлгодог хүнд маш амттай.

Ер нь бид яаж хэл сурах ёстой вэ? Надад аз тохиогоод уламжлалт аргаар монгол хэл сурсан байна. Харин ийм аз тохиогоогүй бол санаа зоволтгүй, уран зохиолын ном л унш. Өөр арга байхгүй. Монгол хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан уран зохиолд л бий. Ийм учраас манай зохиолчид ард түмнийхээ өмнө, уншигчдынхаа өмнө хариуцлага хүлээх ёстой. Нэгэнт чи бичиж байгаа бол уншигчийн, ард түмний оюун санаа руу юу өгөх юм, ямар санаа, ямар үг өгөх юм гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Энэ бол маш том хариуцлага. Юм бүр учиртай. Магадгүй зохиолчид  хэлээр үйлдэх дөрвөн нүглийн нэг рүү ч уншигчийг унагаж байж мэднэ. Олон түмний оюун санаа руу юу хийх вэ гэдэг чинь хэлээр нүгэл үйлдүүлэх, эс үйлдүүлэх тухай ч байж магад. Аймшигтай хариуцлага шүү дээ. Бодох хэрэгтэй.

-Зохиолч уншигчийн оюунд санаа, бас үг өгнө гэлээ? Тодруулбал?

-Зохиолчид чөдрийн морь шиг таван үгэн дотроо эргэлдээд байвал уншигчид тэрнээс цааш гарахгүй. Санаа өгнө гэдэг бол жишээ татвал саяхан болтол хятад, монгол хүнийг хооронд нь гэрлэхийг хориглодог байлаа, гэтэл монгол зохиолчид зохиолдоо хооронд нь гэрлүүлж бичээд байж болохгүй биз дээ? Энэ мэтийг ер нь мэдэхгүй бол та битгий зохиол бичээч ээ!

-Одоо үед зохиолч байна гэдэг таван үг найруулаад бичих чадварыг дан ганц хэлэхгүй байх шиг. Сайн гэгдээд буй бүх зохиолд, за наад зах нь Нобелийн шагналт зохиолчдын бүтээл уншихад ерөөсөө зохиолчийн үзэл, санаа л нэвт байх юм. Буруу ойлгож байж ч мэднэ. Та ч бас сая “санаа өгөх” тухай ярилаа. Ингэхэд Дашийн Оюунчимэг гэдэг зохиолчийн үзэл санаа ер нь юу юм бэ?

-Роман гэдэг бол ердөө л үзэл санаа. Өөр юм байхгүй. Хэр үнэт санаа шингээснээрээ зохиолын үнэ цэн тодорно. Мэдээж хэрэг уран сайхны найруулга, дүр дүрслэл, бичлэгийн ур чадвар хамаарна, гэхдээ романы гол амин сүнс нь үзэл санаа. Нобелийн шагнал авсан хятадын зохиолчийн номыг уншихад хятад ахуй л байна, хятад ахуйгаа л брэнд болгож, ийм учраас Нобелийн шагналын хороо тоож байна. Дэлхий нийтийн оюуны сан хөмрөгт Хятадын салаа урсгалыг оруулж ирж. Үүнийг англи, орос хүн бичихгүй, хятад хүн л бичнэ биз дээ.

Миний үзэл санаа монгол хүн гэж хэн юм бэ?, бидэнд ямар онцлог байгаа юм, бидний олон зуун жил тээж ирсэн нүүдлийн соёл иргэншил, тэнгэр газартай харьцаж сурсан тэр чанар яг юу юм? гэдэг асуултад хариулах. Би мэдээж гүйцэт олоогүй. Гэхдээ олж чадвал тэр л миний үзэл санаа. Гагц миний ч биш монгол зохиолчийн брэнд. Зуун жилийн өмнө монголчууд ямар байсныг олж мэдэх гэж би их эрэл хайгуул, сураг ажиг, судалгаа хийж байж хоёр холбоо романаа бичлээ. (Ч.Б: “Оройн ганц мод”, “Тунгалаг хөх асар” романаа хэлж байна.)

Миний багадаа анзаарсан нэг зүйл бий. Сургууль болоод багш нарын зааж буй зүйл нэг өөр, миний багаас нутгийн хөгшдөөс, үлгэр домгоос, монгол ёс заншлаас олж мэдэж, хүлээж авсан зүйл бас нэг өөр. Энэ нэг ялгаа багаас мэдрэгдсэн. Явж явж, 2000-аад оныг гаталж, улмаар хайгуул хийж байх явцад харин “Өө миний нөгөө багадаа дөнгөж сургийг нь дуулж, захаас нь хүртсэн зүйл чинь яг бидний төрөлх амин чанар, хамаг үнэ цэн” байж гэж ойлгож байна.

-Тэр чинь гэхдээ яг юу юм бэ? Монгол, монгол чанар л гэнэ. Яг юуг хэлээд байгаа юм бэ?

-Би бүрэн олж чадаагүй байна гэж хэлсэн дээ. Олж мэдсэн хэрээрээ романуудаа бичсэн. Монголчууд бид тэнгэр гаралтай гээд хэлэхэд зарим нь өнөөх чинь солиорч байна л гэнэ, би ч залуудаа хэлж л явлаа, гэвч судлах хэрээр, ойлгох хэрээр монголчуудад ер бусын нэг онцлог байна гэж хүлээн зөвшөөрч эхэлнэ.
Монголчууд тэнд ч, энд ч очсон амжилт үзүүлж байна, олон зуун жилийн түүхтэй дуурийн урлагт хөгжөөд ганц зуун жил ч хүрээгүй монгол дуучид цойлж байна. Ийм мэт жишээ маш олон. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз дээ! Тэр нь юу юм бэ? Бид хайх л хэрэгтэй. Чи хэн юм бэ? Чи сэрээч ээ! Чамд өөрт чинь байгаа тэр зүйлийг олооч ээ! гэмээр л байна.

-Ахиад л тодруулж асууя. Та монгол, би ч монгол. Гэхдээ Дашийн Оюунчимэг гэж хүн “Би монгол хүн” гэж хэлэхдээ цаанаа юу агуулж хэлдэг юм? Юу таныг монгол хүн болгож буй юм?

-Монгол хүн гэдэг нь монголоо алдах гэдгийн эсрэг амьдарч ирсэн хүнийг хэлнэ байх. Миний ээж хөөтэй, халуун тогоогоо зүлгэн дээр тавьж тэвчдэггүй хүн байсан. Тэр чанар надад бий. Миний аав “ярихаасаа өмнө хий” гэж сургадаг байв. Тэр сургаал надад суусан. Миний багш Лхамсүрэнгийн Хүрэлбаатар “мянган тэнэгт магтуулахаас нэг  ухаантнаас үг сонс” гэдэг байсан. Би энэ зарчмыг баримталдаг. Миний ээж, аав, эрдэмтэн багш нарын надад сургасныг би мөрдлөгө болгодог. Ахиад жишээ татвал, хувийн эрх ашгийн төлөө улсаа самардаг, өөртөө л ашиг нааж байвал ямар ч авир гаргах хамаагүй гэх өнөө цагийн өнгөнөөс би эсрэг байдаг. Монгол хүнд өөрийн гэсэн ёс суртахууны эрэмбэ байсан, өнөөдөр тэрийг сонгуулиас сонгуулийн хооронд үгүй болгож, нийгэм тэр чигтээ ёолкны чимэглэлд л дурлах боллоо. Гялгар чимэглэл гялалзаж байхдаа гоёхон ч доторх нь хоосон. Монголчууд “хоосон торх өнхрөхдөө их чимээтэй” гэж хэлдэг. Би чимээгүй байхыг эрхэмлэдэг. Эд бүгд миний монгол чанар, үүгээрээ би монгол хүн.

-Шал өөр юм асууя. Хүүхэдтэй хүний үүднээс, таныг маш олон хүүхдийн зохиол орчуулсан, өөрөө ч бас бичсэн болохоор асууж байна. Ямар хүүхдийн зохиолыг сайн гэдэг юм? Ямар шалгуураар сонгож хүүхдэдээ уншуулах вэ?

-Хүүхдийн сонгодог зохиол уншуул. Ямар зохиол сонгодог болдог вэ? гэхээр “хүн байхуйн учир”-ыг бичсэн нь л болдог. Тухайлбал, Жюль Верний “Дэлхийг 80 хоногт тойрсон нь” зохиолыг сонгодог гэдэг, түүний дэлхийг тойрно уу, хэд хоногт тойрно уу, түй ч хамаа байхгүй. Хамгийн гол нь “чи ам өгсөн бол амандаа хүр, чи ямар эрсдэл үүрсэн ч хамаагүй тэрэндээ хүр, гэхдээ замдаа хүн авар” гэдгийг л харуулсанд учир буй. Аль ч орны, ямар ч үндэстний хүүхдийн зохиол ердөө ийм л байдаг.

-Сүүлийн асуулт. Ойрын хэдэн жил таны бяр амтагдаад байна уу? Романуудаас тань зохиолчийнх нь  бяр мэдрэгдээд байна л даа.

-Тэр ёстой худлаа юм. Надад нэг хүрсэн өндөрлөг бий, багагүй туршлага, чадвар суусан гэж бодлоо ч би бичих болгондоо айдаг. Хамгийн сайнаараа бичих гэж хичээдэг минь анхан шүлэг бичиж эхлэх үеийнхээрээ, хэвээрээ байна. Магадгүй миний тэр чармайлт эгээ л нэгдүгээр ангийн хүүхдийнх шиг байх. Эхлэн суралцагч шиг л хичээж, одоо бичих зүйл минь анхных мэт, гэхдээ магадгүй хамгийн сүүлд бичих зүйл юм шиг  хамгаа зориулж, аль сайнаараа чармайдаг.  Миний барьдаг шугам бол хамгийн сайнаараа зүтгэх. Хүнд “санасандаа хүртэл чармайх” гэж гоё чанар байдаг. Надад хэзээ ч “би чадна, чадаж байна” гэх ааг, омог байгаагүй. Би хамгийн сайнаараа хичээж бичлээ, унших хүн байвал сайн хэрэг, уншихгүй бол одоо яая гэхэв дээ, миний хэр хэмжээ тэр л байж.

-Та чадлаараа хичээжээ. Гэхдээ таны чадлын хэр хэмжээ Монголын уран зохиолын хаахна байгаа юм бол оо?

-Бичсэн зохиолоо Монголын хаахна явна, хэний урд, хойно яваа бол гэж боддоггүй. Гэхдээ надад өөрийгөө “үл голох” нэг шалтгаан бий. Сонгодог зохиолоос нэлээдийг уншсан, орчуулсан учраас багцаа бий. Номоо гаргаад тавихад аль ч улсын дунджаас дээш уншигчид уншина л гэж боддог.

-Ингэхэд таныг “үзэгддэггүй, олдоггүй зохиолч” гэж уншигчид тань шүүмжилдэг. Ядаж сошиал хаяг ч алга. Тантай гэнэт тааръя гэвэл хаагуур явах юм бэ? Гэрээсээ гардаг юм байгаа биз дээ?

-Миний хувийн зан урд талын эгнээнд зогсох дургүй, болж өгвөл араар шургачих дуртай, ер нь хулгасхийгээд байдаг талтай. Тэрнээс болдог байх. Гэрээсээ гаралгүй яах вэ дээ, хүнсээ цуглуулаад Нарантуул, Баялаг-Ундраа хавьд, номоо тушаагаад Багшийн дээд орчмоор л явж байдаг шүү дээ. Миний хийдэг ажил л зохиолч болохоос ердийнөөс ердийн, энгийнээс энгийн, бусадтай л адил амьдарч яваа хүн.

-Яг сүүлийн асуулт, та Монголын одоо цагт, ирээдүй цагт итгэдэг үү? Итгэдэг бол итгэл тань ямар эш үндэстэй вэ?

-Итгэдэг, итгэл байгаа учраас амьд явж байна. Монголын хувь заяа, тусгаар тогтнол хутганы ир мөрийн хэмжээнд шийдэгдэж ирсэн үе бий.  Одоо ч байдал сайнгүй байна. Үүнийг их ч ярьж, бичиж, явсан. Ноднинхон гэхэд шантарч байлаа. Гэхдээ одоо бол би хашхирсан, хашхираагүй өөрчлөгдөх цаг ирнэ, нэг үеэ бодвол монголчууд сэрж эхэлж байна, залуу үе гарч ирж байна гэх итгэлээр Монголын ирээдүйд итгэж байна.

+ There are no comments

Add yours