Б.Жавхлан:13 их наядаас 10 их наяд нь тэтгэвэр тэтгэмж, халамжинд зарцуулагддаг

-32 их наядын бүртгэлийн бланстай төрийн өмчит аж ахуйн нэгжүүд маань нийлээд 2021 онд төсөвт тушаах мөнгө нь 180-хан тэрбум буюу 0.6-хан хувийн ашигтай ажиллаж байна-

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсөвт, татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих, төрийн өмчит 117 аж ахуйн нэгжийн 62 хувь нь ашиггүй ажиллаж байгааг цэгцэлж, компаниудыг ашигтай ажиллуулах, үйл ажиллагааг сайжруулах чиглэлд ихээхэн анхаарч ажиллахыг чухалчилж байгаа. Энэ талаар болон 2021 оны Монгол Улсын төсвийн асуудлаар Улсын их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлантай ярилцсанаа хүргэе.

Ирэх жилийн төсвийг нэмэгдүүлж оруулж ирж байгааг шүүмжлэх хүмүүс олон байх шиг. Мөн онцгой нөхцөлд онцгой үе гэж байх ёстойг өнгөрсөн хугацаанд халдварт цар тахлаас хангалттай харлаа, тиймээс төсөл нэмэгдүүлж оруулж ирэх нь зөв гэсэн хүмүүс ч байна?

-Сүүлийн үеийн буюу 2-3 жилийн хугацааны эдийн засгийг гурван хэсэгт хувааж харахгүй бол болохгүй байна. Ковидын өмнөх эдийн засаг, ковидын үеийн эдийн засаг, ковидын дараагийн эдийн засаг гэж. 2020 он бүхэлдээ ковидын үеийн эдийн засагтай явж ирлээ. 2021 оныг бид өөдрөгөөр төсөөлөхөд, жилийн эхний хагас жил ковидоос гарах, сүүлийн хагас жилд энэ хүндрэлээс бүрэн гараад эргээд 2018-2019 оны эдийн засгийн нөхцөл байдал дээрээ очих гэсэн зорилготой төсөв, төлөвлөлт орж ирж байна гэсэн үг.  Мөн аж ахуй нэгжүүдээ дэмжих, ажлын байрыг нь хадгалах, ирэх оны орлого ашгийг нь нэмэгдүүлэх гэсэн ийм зорилготой төсөв орж ирж байгаа. 2020 оны орлого өмнөх онуудаас буурч ирж байгаа. Төсвийн тодотголоор арван их наяд гэж орлогоо төлөвлөсөн бол 2021 онд 13 их наяд буюу нийтдээ 2.4 их наядаар орлогоо нэмж төсөвлөсөн байна. Орлого нэмэгдэж төсөвлөсөн ч ямар нэг татвар нэмэгдүүлээгүй, харин татварын бааз сууриа тэлэх, техник технологийн шинэчлэлүүдийг хийх… зэргээр өөр бусад зарчмаар татварынхаа орлогыг нэмэгдүүлэх зорилгуудтай орж ирсэн байна.

            –Түүхий нүүрсний экспортоос олох орлогыг өсгөж баталсан шалтгаан нь юу байсан бэ?

-Нүүрсний экспортын орлогыг 42 сая тонн гэж хэвээр нь баталсан. Энэ жилийнхтэй харьцуулахад нилээн амбицтой зорилго боловч бид том зорилго тавьж байж тэрнийхээ төлөө ажиллах ёстой. Наймдугаар сараас хойш өдөрт хоёр мянгаас дээш тоннд хэлбэлзэж байна. Энэ нь гурав, дөрвөн жилийн өмнөх нүүрс экспортын оргил үетэй тэнцэх хэмжээний гэсэн үг. Тэгэхлээр энэ боломжоор ажиллаж чадвал одоо амбицтай харагдаж байгаа 42 сая тоннын эспортдоо нилээн дөхөж очих бүрэн боломжтой гэж харж байгаа.

-Ирэх жилийн төсөв 13 их наяд гэж төсөвлөгдсөн. Энэ төсвийн хэдэн хувь нь халамжинд зарцуулагдахаар төсөөлөл гарсан байгаа вэ?

-Манай улс 13 их наяд төгрөгийн зарлага төсөвлөдөг. Үүний хоёр их наяд нь хөрөнгө оруулалт, гадаад зээлийн төлбөрт зарцуулагддаг. Харин  арван их наяд нь урсгал зардал буюу тэтгэвэр тэтгэмж, халамжинд зарцуулагддаг. Тэтгэвэр, тэтгэмжийн хувьд 2000 оноос ийм буруу тогтолцоонд шилжчихсэн. Өнөөдөр бидний төлж байгаа тэтгэврийг Засгийн газар зээлж аваад төсвийн урсгал зардалдаа хэрэглэчихсэн. Түүнээс хойш өрнөөсөө гарч чадаагүй байдалд орчихсон байна. Жил бүр нийгмийн даатгалын зөрүүг төсвөөс гаргадаг.

 Тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тоо нь тэтгэвэр авагчдынхаа тоог гүйцэхгүй байгаа болохоор төсөв ойрын хэдэн жилдээ энэ өрнөөсөө салж чадахгүй болчихсон. Мөн тэтгэврийн шинэчлэлийг ярьж, нэмээд халамжийг улам тэлж байна. Манайд нийтдээ 72 нэр төрлийн халамжийн зардал байдаг. Нийт төсвийн 1.4 их наяд буюу 17 орчим хувь нь зөвхөн халамжид зарцуулагддаг. Энэ жил хүүхдийн мөнгө нэмэгдээд 800 тэрбум нь дангаараа орж ирж байна. Хүүхдийн мөнгөний нэмэгдэл нь байнгын халамжийн төрөл биш ковидын үеэр гарч байгаа ийм зардал. Бусад халамж нь 500 орчим тэрбум төгрөг. Үүн дээр ойрын хугацаанд реформ хийж шинэчлэхгүй бол төсөв маань даахгүй байдалд орчихоод байна.

-Халамжийн шинэчилсэн бодлого гэж их ярьдаг. Харин тараагдаж байгаа халамжинд тавих хяналт гэж бараг яригдахгүй нь халамж гэдэг цоорхойг улам нэмэгдэх суурь болж байгаа юм болов уу?

-Нийт 72 нэр төрлийн халамжаас дөрөв нь хасагдаад халамж нэг бүр дээр хэн хэн халамж авч байна, тэр нь яаж давхардаж байна гэдэг дээр ажиллаж байна. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 18 нас хүртлээ халамж авна, дээрээс нь 18 нас хүртэл нь асарч байгаа гэр бүл, ээж цалин авна. Мөн ээж нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол халамж авна. Бас хүүхдийн мөнгө гэж хэдэн төрлөөр нь халамж авна. Үүнийг хянах ажлыг эхлүүлсэн. Халамжийг зогсоохгүй, харин халамжид хамрагдаж байгаа үйл ажиллагаан дээр хяналт тавина гэсэн үг.  Тиймээс энэ удаагийн төсөв дээр халамжийн шинэчлэлийг эхлүүлнэ. Нэг удаагийн төсөв дээр хийгдээд өнгөрөх биш магадгүй хоёр, гурван жил үргэлжлэх шинэчлэлийн ажил болно гэж харж байгаа. Нөгөө талаар нэгэнт халамжид дасчихсан байгаа хэсгийг аажмаар шинэчлэх шаардлагатай. Тиймээс аль аль талын блансыг харж шинэчлэлийг энэ жилд заавал эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Төсвийн байгууллагуудын дунд хөндөж болохгүй зардал маш их байдаг. Энэ жил бүр илүү байгаа байх?

-Энэ жилийн ковидын үеийн эдийн засаг учраас бид өөрсдөө хөндөж чадахгүй хэдэн тоонууд байна. Орлого, төсвийн байгууллагуудын тогтмол зардлыг хүчтэй хөндөж чадахгүй, гарах ёстой зардлууд гарна. Цаанаа хөрөнгө оруулалтын дүн нь эрс багасч ирж байгаа. 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн байснаас тодотголоор 850 тэрбум төгрөгийг хассан. Ингэснээр 1.2 их наяд төгрөг үлдсэн.

-Маш их төсөв танагдана гэсэн үг үү?

-Төсвийн хуулийн дагуу зураг төсөл, дэд бүтэц нь бэлэн, гарцаагүй шаардлагатай эрэмбийн түвшиндээ л байгаа хөрөнгө оруулалтыг л үргэлжлүүлнэ гэсэн үг.

-Ингэхэд, 2021 оны төсвийн онцлог юу байсан бэ?

– Энэ жилийн төсөв хэлэлцэж байгаа онцлог бол хоёр том хайчин дунд ажиллаж байна. Нэгдүгээрт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр их хурал энэ төсөвтэй маш дэгтэй ажилладаг болсон. Хоёрдугаарт, ковидын үеийн эдийн засгийн дарамт дунд төсөвтэй ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ нэгэнт орж ирсэн төсөв дээр зөвхөн орлого нэмэх, эсвэл зардлыг нь бууруулна. Ингэснээр төсвийн алдагдлыг бууруулж, бүтээлч байдлаар ажиллах чиглэл үүсч байгаа юм.

-Төрийн өмчит компаниудыг цэгцлэх асуудал хөндөгдөх болсон. Магадгүй үрэлгэн төсвийг хянах нэг алхам эндээс эхлэх гэж байгаа юм болов уу гэсэн бодол төрсөн?

-Зөвхөн төрийн өмчийн хорооны хяналтандаа байлгадаг аж ахуйн нэгжүүд 117 байгаа. Тэгвэл яам, дэд бүтцийн яамдууд дор дороо төрийн өмчийн үйлдвэрүүд, улсын өмчийн газруудтай. Дээрээс нь орон нутгийн өмчит компаниуд байна. Эд нар нийлээд 500 орчим аж ахуйн нэгж болно.  32 их наядын бүртгэлийн бланстай төрийн өмчит аж ахуйн нэгжүүд маань нийлээд 2021 онд төсөвт тушаах мөнгө нь 180-хан тэрбум буюу 0.6-хан хувийн ашигтай ажиллаж байна. Нийтдээ энэ компаниуд хэд байдаг юм бэ гэхээр нийлсэн тийм статистик хаана ч байхгүй байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтаас гадуур ийм том эдийн засаг, төрийн өмчийн компаниудын  нэгдсэн бланс дотор замбараагүй, хяналтгүй, мэддэггүй,  УИХ ч өөрөө хянадаггүй том эдийн засаг цаана нь эргэлдэж байна. Нэгдсэн байдлаар төрийн бодлого зохицуулалтын газар тэр тоо нь байхгүй. Дэд бүтцийн яамдууд өөрсдийнхөө доор тавьчихсан байдаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалын газрын хяналтад байдаг 117 компаниудаас төсвийн шинэчлэл эндээс л эхлэх ёстой. Төрийн өмчийн компаниуд нэгдсэн эзэнгүй, нэгдсэн хяналтгүй ийм системээр сүүлийн 30 жил явж, энийг бүтээсэн байна. Үүнийг цэгцлэх ажлыг эхлүүлнэ. Ингэснээр тэвчиж болох хөрөнгө оруулалтыг тэвчээд төсөв дээрээ нэмж блансаа сайжруулъя гэсэн үг.

-Бүх асуудал хоёр талтай. Энэ цар тахал өвчин бас оло зүйлийг ил гаргаж ирээд байна уу даа гэсэн бодол төрүүлэх болсон. Энэ байдал ч улсын төсөв дээр анзаарагдаад байгаа?

-Ковидын энэ цаг үе бидэнд 30 жил хаагуур яаж, явж ирэв гэдгийг харах боломж олгож байна гэж харсан. 30 жилийн хугацаанд бид дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувьтай тэнцэх, өөрсдөө удирддаггүй эдийн засгийг бий болгочихжээ. Энийгээ эргэж харахгүй бол болохгүй юм байна. Өнөөдрийн бидний ярьж байгаа 10 их наядын төсвөөс гурав дахин том бланс явж байна тэнд. Гэтэл Улсын их хурал, манай улсын хамгийн том байгууллага нь өөрөө энийгээ хянадаггүй, мэддэггүй ийм л том эдийн засгийг бий болгочихсон байна. Үүнийг ковидын үеийн эдийн засаг бидэнд харуулж, ойлгууллаа. Нөгөө талаараа том цохилт ирж байна, гэхдээ энэ бол хямрал биш. Энэ цаг хугацааг ашиглаад төсөв тойрсон хөрөнгө оруулалтын бодлого, мөнгөний бодлого гэх эдгээр зүйлсүүд дээр бид дунд, урт хугацаанд юуг нь шинэчлэх ёстой, бидний алдаа юу вэ гэдэг дээрээ сайн харах, засаж янзлах боломж юм гэж харж байгаа.

C.Баяр

+ There are no comments

Add yours