Өнгөрсөн долоо хоногийн тойм

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМАА ӨРГӨН ОЛНООРОО ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

image

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг “COVID-19” цар тахлын үед болж байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт дэргэдээ үзэгчгүйгээр хийсэн гэдгээрээ онцлог байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлэв.

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ: “Эрийн гурван наадам бол монгол угсаатны мянганаас мянганд улбаалсан нүүдэлчин соёлын цөм, түүх шастир, сүсэг бишрэл, ёс заншил, үндэсний сэтгэхүйн цогц, Монгол төрийн оршин тогтнохуйн оюун санааны дархлааны онцгой чухал хэсэг нь билээ. Дэлхий даяар бэрх цагийг туулж, түүнээс шалтгаалсан хүндрэл бэрхшээлийг даван гарах хүндхэн сорилттой нүүр тулцгаалаа. Тусгаар тогтносон, эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсын төр засаг ард олныхоо амь нас, ахуй амьдрал, эдийн засгийн тусгаар тогтнолыг хамгаалж, бэхжүүлэх тууштай бодлого хэрэгжүүлэн баталгаажуулахад цаг алдах ёсгүйг дэлхий нийтийн өнөөгийн төлөв байдал нотолж байна. Монгол төрийн алтан босгыг давсан мөчөөс хувийн болоод харийн эрх ашиг, зуурдын санаархал өчүүхэн төдий ч байх ёсгүй. Үүнийг умартаж, хөсөрдүүлвээс төрийн хууль цааз, түмний итгэл найдвар, өнгөрсөн ба ирээдүй үе биднийг хэрхэвч өршөөхгүй. Монгол төрийн их баяр цэнгэл наадамдаа эрэмгий хүчит бөхчүүдийн маань бяр мэх нь даацтай байж, эгэлгүй хийморьт хүлгийн хурд шандас нь эрчтэй байж, эрхий мэргэн харваачдын цэц мэргэ нь ончтой байх болтугай.

Мөнх тэнгэрийнхээ хүчин дор Монгол төр мөнхөд оршиж, монгол түмний маань хийморь заяаг ивээг” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР П.БҮРЭНТӨГСӨД “УЛСЫН АВАРГА” ЦОЛ ОЛГОЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд “Улсын аварга” цол олголоо.

Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цол, долоо давж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРИЛГААР ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГОВ

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

ДЭД САЙДУУДЫГ ТОМИЛОВ

image

Засгийн газар өнгөрч буй долоо хоногт ээлжит бус хуралдаан зарлаж, яамдын дэд сайдуудыг томилж, Соёлын яамны бүтцийг батлав.

зураг

  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр
  • Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр
  • Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
  • Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
  • Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зульфикар
  • Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо
  • Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
  • Соёлын дэд сайд М.Батбаяр
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь
  • Эрчим хүчний дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай
  • Эрүүл мэндийн дэд сайдаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нарыг тус тус дэд сайдаар томилов.

Үүний зэрэгцээ Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нь БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсон тул түүний оронд ОБЕГ-ын даргын албан тушаалд Г.Ариунбуянг Засгийн газрын хуралдаанаар томиллоо.

С.БАЯРЦОГТОД 10, Д.ГАНБОЛД, Б.БЯМБАСАЙХАН НАРТ ТУС БҮР ДӨРВӨН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

image

Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 6 өдөр үргэлжилж, 2020 оны 07 дугаар сарын 17-ны орой шүүхээс шийдвэрээ гаргалаа.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт 4 жил, Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял оноосон юм.

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан байдаг. Шүүх хуралдаан долдугаар сарын 6-нд эхэлсэн өдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарт авсан хорих шийдвэрийг хүчингүй болгон, батлан даалтад гаргасан юм.

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт шүүх хурлын явцын талаар мэдээлэл өгөх үеэрээ “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энэ хуралд оролцуулахгүйгээр хамжигч гэж хэдэн хүн авчраад шүүх хурал хийх нь учир дутагдалтай байна. Миний үйлчлүүлэгч Б.Бямбасайхан УИХ, Засгийн газраар дэмжиж, батлагдсан гэрээг биелүүлж, ажлаа хийсэн хүн” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

”ЖИ ТАЙМ” СҮЛЖЭЭНИЙ Э.ОЮУНЧИМЭГТ 5 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

11 мянга 389 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан Жи тайм сүлжээний бизнестэй холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 17-нд болж, тус хэрэгт холбоотой Э.Оюунчимэгт таван жилийн ял оноов. Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи тайм” гэх нэртэй сүлжээ 2017 онд Монгол Улсад дэлгэрч, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийг хохироож өдийг хүртэл залилуулсан иргэд мөнгөө авч чадаагүй байгаа юм.

АФГАНИСТАН УЛСААС ЭХ ОРОНДОО ИРСЭН 25 ЭНХИЙГ САХИУЛАГЧААС КОРОНАВИРУС ИЛРЭВ

Афганистан улсаас өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн 25 энхийг сахиулагчаас коронавирус илэрсэн талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Үүний өмнө 28 энхийг сахиулагчаас короновирус илэрч, эмчилгээнд хамруулсан. Ингэснэээр Афганистан улсаас ирсэн нийт 113 энхийг сахиулагчийн 53-т нь коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 287 болов.

Мөн энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 182 иргэн, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 28 хүн, нутаг буцаж буй БНХАУ-ын 240 иргэнээс коронавирус илрээгүй. Мөн идэвхтэй тандалтын зорилгоор Дорноговь аймаг, Баянгол дүүргийн 9 иргэн, Сэлэнгэ аймагт аймагт тусгаарлагдсан 2 хүн, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 23 жолоочийн шинжилгээ халдваргүй гарчээ.

ГОВЬ-АЛТАЙ, ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХАЛ ИЛРЭЭГҮЙГ НОТЛОВ

image

Тарваган тахлаар халдварласан байж болзошгүй хоёр хүний сорьцыг шинжлэхэд тахлын вирус илрээгүй тухай мэдээлэл өгөв. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд энэ сарын 16-нд 16 настай хүү тарваганы мах идсэний дараа өндөр халуурсан гэх дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу мэргэжлийн баг ажиллаж, сорьцыг шинжлэхэд тарваган тахал илрээгүй. Түүнчлэн Ховд аймгийн Үенч суманд 6 настай хүүхэд үхсэн тарвагааар тоглосныхоо дараа халуурсан гэх дуудлага ирсэн. Хүүгийн бие дэх цэврүүний шүүдэстээс шинжилгээ авахад сөрөг хариу гарсан буюу халдвар илрээгүй аж.

Тарваган тахлын үед тарвага агнах, үхсэн тарвага, сэг зэм оролдох, тарваганы доштой ойртох, хот суурин газар руу тарвага зөөвөрлөхгүй байхыг анхаарууллаа.

+ There are no comments

Add yours