Өлгий хотыг тойрон гарах 18.8 километр зам, гүүрийн ажил эхэлжээ

Баян-Өлгий аймгийн төвийг тойрон гарах 18.8 километр зам, гүүрийн барилгын ажлын нээлт болжээ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Өлгий сумыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлыг гурван багц гэрээгээр гүйцэтгэх аж. Гэрээ ёсоор 6.76 км авто зам, 201.08 у/м төмөрбетон гүүр, 260 м зам, 11.8 км авто замыг барьж 2020 онд дуусгахаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн гол авто зам нь БНХАУ-тай хил залгаа Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэл 745.8 км урттай. Баян өлгий аймгийн төв Өлгийг тойрон гарах энэхүү авто зам нь Ховд, Баян-өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаан бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн коридор 4 “а” чиглэлийн нэг хэсэг гэдгээрээ чухал ач холбогдолтой аж.

+ There are no comments

Add yours