Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар С.Дэлгэрмаа нарын 11 иргэний нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдох хэргийг шийдвэрлэжээ. Дээрх маргаан нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртэй холбоотой бөгөөд Дээд шүүх нэхэмжлэлийн 3 шаардлагаас нэгийг хэрэгсэхгүй болгож, 2-ыг нь хангасан байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 06 дугаар “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолын 4.5-д заасан холбогдох хэсгээс “хоёр хүртэлх удаагийн” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж, хангалгүй орхижээ.
Харин элэгний В, Д вирусэд хэрэглэгдэх нэрлэн заасан эм болон шинжилгээний зардлыг 100 хувь хөнгөлөх эсэхийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй, тухайлбал, нэхэмжлэлд нэрлэн заасан тодорхой нэрийн эм болон шинжилгээ нь үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөлд хамаарах эсэхийг шийдээгүй, яагаад хөнгөлөх боломжгүй байгаа тухай үндэслэл бүхий хариуг өгөөгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзжээ. Шүүхээс хариуцагчид хуульд нийцүүлэн нэхэмжлэлд зааж буй эм болон шинжилгээнд үнийн хөнгөлөлт олгох эсэхийг шийдэхийг, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд нэрлэн заасан эм болон шинжилгээ нь өвчтөнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмчилгээний төрөл мөн эсэх, ялангуяа эмчилгээний өндөр үр дүнтэй, өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эм, шинжилгээг яагаад хөнгөлөх боломжгүй талаар үндэслэл бүхий хариу өгөхийг даалгасан байна.
Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал төлбөр гүйцэтгэх журам”-ын 2.5.1 дэх хэсгийн “төрийн өмчийн” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулийн дээрх заалтыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага ачаалал ихтэй, зарим шаардлагатай оношилгоо, шинжилгээний төхөөрөмж дутуу, хэрэгцээт цаг хугацаанд шаардлагад нийцсэн тусламж үйлчилгээг хүртээж чадахгүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Эрүүл мэндийн хуульд гэрээ байгуулсан л бол эрүүл мэндийн үйлчилгээг даатгалын хөнгөлөлт эдэлж авч болохоор хуульчилсан болохоос “төрийн” эмнэлгийн байгууллага гэж хязгаарлаагүй, журмын дээрх заалт нь эрүүл мэндийн даатгалаар оношилгоо, шинжилгээ хийлгэх хүсэлтэй иргэдийн эрхийг хязгаарласан байна гэж шүүх үзжээ. Гэхдээ “хувийн” эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй оношилгоо, шинжилгээг хийхийн тулд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэр гарч, гэрээ байгуулж хэрэгжих учир хариуцагч энэ талаар судалж зохих шийдвэр гаргатал шүүх журмын холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
