Монгол Улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал юм. Өнөөдөр нийт нялхсын дөнгөж 50 хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. Цаашлаад 2 хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46 хувь нь эхийн сүүгээр хооллож байна. Ийнхүү буурах болсон нь олон шалтгаантай. Тухайлбал, гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхчүүдийг төрсний дараа даруй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд оруулж байна. Гэтэл эхийн сүү нь хүүхдийн эрүүл амьдралын гараа болдог. Эхийн сүү хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, бүр эндэгдлээс хүртэл хамгаалах анхны дархлаажуулалт болдог.

Эхийн сүү нь дэлхий дахинд бага насны хүүхдийн хатгалгаа, суулгалтаас шалтгаалах эндэгдлээс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс шалтгаалах эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж чаддаг. Жил бүрийн 8 дугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь зөвхөн ээж хүний ажил биш. Тэдэнд аав нар, гэр бүл, эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, цаашлаад ажил олгогч, хууль тогтоогчдын дэмжлэг туслалцаа хэрэгтэй. Ээж, аав хоёуланд нь цалинтай чөлөө олгох, чанартай эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, хүүхдээ эхийн сүүгээр хооллох завсарлага, тусгай өрөөг ажлын байранд бий болгох зэрэг гэр бүлд ээлтэй бодлогыг төр болон ажил олгогчдын зүгээс хэрэгжүүлснээр эх, хүүхэд хоёрт төрсний дараа биеэ тэнхрүүлэх, эх, хүүхдийн нандин холбоог бий болгох, хүүхдийн хөгжлийн чухал үед эхийн сүүгээр таслахгүй байх зэрэг чухал ач холбогдолтой. Иймд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран аавуудад болон ажил олгогч нарт хандан хөхүүл эхчүүдийг дэмжих, хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг бий болгохыг уриалж байгаа юм. Ажлын байранд эхчүүдийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлснээр бүх талууд үр өгөөжийг хүртэнэ. Тухайлбал: Эхчүүд, хүүхэд багачууд эрүүл, аз жаргалтай, тав тухтай, сэтгэл тайван амьдарч, тэдний эрүүл мэнд сайжирна. Гэр бүлд эмэгтэйчүүд нярай хүүхэдтэйгээ хамт байж, бие тэнхэрч, ажлын байр, цалин орлогын баталгаат байдал, эрүүл мэндийн дэмжлэгээр хангагдана. Эцэг ба эрэгтэйчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэх болон нялх хүүхдээ асрахаар ажлаас чөлөө авах тэгш байдал хангагдана. Эхийн стресс буурч, гэр бүл аз жаргалаар дүүрэн байна. Ажил олгогчид: Эхийн сүүгээр хооллож байгаа нярай хүүхдүүд өвчлөх нь бага байдаг тул, хөдөлмөр эрхэлдэг эхчүүд ажлаас чөлөө авах түвшин буурна. Эмэгтэй ажиллагчдын хүүхдээ эхийн сүүгээр хооллох нөхцлийг хангасан ажлын байранд эмэгтэйчүүд ажлаас гарах тохиолдол бага байдаг тул, ажил олгогчдын ажилчид сонгон шалгаруулах, сургах зардлыг хэмнэх ач тустай. Улс орон нярай ба бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч эрүүл мэндийн зардал багасна: “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих хөтөлбөрийн хөрөнгө оруулалт ба өгөөж 1:3 харьцаатай”. Нийгэмд эмэгтэй ажиллах хүчин болон эхчүүдийн эрхийг хамгаалснаар нийгэм улам хүмүүнлэг болж, хүмүүн капитал, материаллаг баялаг, нийгмийн аж байдал сайжирна.

More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
