Америк сайхан орон гэвч…

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО АМЕРИКТАЙ ХАРЬЦУУЛАШГҮЙ САЙН

Америк сайхан орон. Гэхдээ эрүүл мэндийн тогтолцооны хувьд Монгол Улс хамаагүй илүү. Энд өвдвөл маш их төлбөрийг эрүүл мэнддээ төлнө. Энэ нь нийгмийн дундаж, жирийн давхаргад том ачаа болдог. Амьдарч буй мужийн хууль тогтоомж, иргэдийн дундаж орлого, холбооны болон мужийн татвар, даатгалын хувилбар өөр өөр. Оюутан болоод амьжиргааны түвшин доогуур иргэдэд хөнгөлөлттэй байдаг ч дундаж орлоготой, бүтэн цагийн ажилтай, татвар төлдөг цалингаас цалингийн хооронд амьдардаг нийт массын хувьд хаана ч амьдарсан эрүүл мэндийн үйлчилгээ авах санхүүгийн хувьд том дарамт.

Саяхан танил Америк найз маань мөрөө эвгүй болгоод түргэн тусламжийн өрөөнд очоод үйлчилгээ авчээ. Тэгээд мөр, цээжний MRI, цусны шинжилгээ, зүрхний бичлэг гээд шаардлагатай шинжилгээнүүдийг өгөөд гарахад $50,000 төлбөрт унасан байна. Уг нь сайн даатгалтай, боломжийн ажилтай хүн. Тэгсэн ч гэсэн энэ бол Америк хүндээ ч их өндөр өртөг. Шууд май гээд төлж дийлэхгүй учир, зээл авахаас өөр аргагүйд л хүрч байх шиг байна. Өмнөөс нь бүр санаа зовсон. Хаусны лизинг, их сургуулийн төлбөрийн зээлийн ачаан дээрээ ийм том өрөнд орчихлоо гээд л халаглаад, хэлэх үгээ олохгүй, өвдсөндөө өөрийгөө буруутгаад сууж байна.

Энд жил бүр хийлгэдэг үзлэгүүдээ хийлгэх гэхэд төрөл бүрийн үзлэг болгонд дунджаар 1 сар орчим хүлээхээр цаг өгдөг. Тэгээд нэг дор олон үзлэгт хамруулж өгнө гэж байхгүй. Аль болох олон удаа ирүүлэх системтэй. Учир нь очих тоолонд үзлэгийн мөнгө гэж авна. Маш их сунжирсан. За, тэр нь дүүрч, үзлэгээ л хийлгэе гэхэд тэнгэрт хадсан. Ходоодны өнгөт дуранг Монголд хувийн эмнэлэгт $100-р хийлгэдэг бол энд бүтэн ходоодыг харахад $10,000 орчим болно. Эсвэл хэсэгчилж харна, тэр нь $3000 болно. Даалгалтай бол дунджаар 50%-ийг төлнө. Миний хувьд Калифорниа мужид амьдардаг, гэр бүлээрээ эрүүл мэндийн даатгалд сар бүр $1400 төлдөг (уг нь premium хувилбарын хамгийн сайн нь гэж сонгосон даатгал). Маммограмын зураг авхуулж, хөхний эхонд харуулах гэж 4 сарын эхээр цаг авахад 5 сарын сүүлээр үзүүлэх цаг олдсон (олон газар руу залгаж, олдсон хамгийн эхний цаг). Тэгээд очоод даатгалтай хэрнээ л $960 өөрийн халааснаас гаргалаа.

Монголд жилд 2 удаа хийлгэдэг эмэгтэйчүүдийн тольтой үзлэг, өнгөт дуран, эсийн шинжилгээ манайд бол 100 мянган төгрөг болдог бол энд нийлээд $1500. Тэр үзлэгийг хийлгэх гэж эмчийн тодорхойлолт бичиг авна, сар гаран хүлээнэ.

Энэ өндөр өртөг Америкчууд өндөр цалин авдаг учраас түүндээ дүйцсэн өртөг биш, угаасаа л эндэхийн хүмүүсдээ ч хэтийдсэн өртөг. Америк гэр бүлийн жилийн дундаж орлого $60,000. Өөрөөр хэлбэл нэг сарын орлого $5000. Эндээсээ татвар төлнө, муж болгон өөр, дунджаар 20% буюу $1000; залуу хүмүүс ихэвчлэн түрээсийн байранд амьдарна (хаустай бол моргаж төлнө), дунджаар $1000; машины лизинг, их сургуульд төрийн зээлээр сурсан бол сар бүрийн төлбөр төлнө, багадаа $500; тэгээд хэдэн ам бүлтэйгээсээ шалтгаалаад амьдрах зардал $1500; цаана нь аар саар зүйлд зарцуулах $1000 үлдэнэ. Энэ бол үнэхээр өөдрөг хүний тооцоолол. Хувцас хунар, сүмд явдаг бол сүмдээ өгдөг тогтмол хандив, гадуур заримдаа хооллоно гээд л үлдсэн хэдээс чинь явж өгнө. Монголд хүмүүс амьдралдаа сарын орлогоо хүргэх гэж яаж тооцоо хийж, зүтгэдэг, энд мөн л адил. Харин ч энд ядарлаа гээд гүйгээд очиход аав ээж, ах дүү нар нь тэр бүр хүлээж авахгүй. Тэгэхээр нөгөө ходоодоо дурандуулахад төлөх $10,000 бол эндэхийн гайгүй амьдралтай нэг өрхийн бүтэн 2 сарын орлого (нэг хүний цалин биш, өрхийн орлого). Та хадгаламжгүй бол тэгээд л зээл авна гэсэн үг.

Монголд хийлгэдэг жил тутмын нарийн үзлэг бол энд хийгдэхгүй. Эндэхийн жил тутмын үзлэг нь маш ерөнхий, цус, шээсний шилжилгээнээс тэр бүр хэтрэхгүй.

Монголд бол түргэн дуудахад төлбөр төлөхгүй учир хүссэн үедээ л үйлчилгээ авна. Энд бол түргэн дуудвал тэгээд бөөн төлбөрт унана. Хамт жүдод явдаг байсан найз охин маань эрхий хуруугаа хугалаад, хуруу нь арагшаа эргэчихсэн санжигнаад түргэн дуудалгүй түргэний өрөө рүү өөрөө явж очиход аав нь заавал түргэнд очих хэрэг байна уу гээд загнаж байсан. Түргэний өрөөнд 2, 3 цаг хүлээнэ. Хүлээлгийн өрөөнд хүлээсээр байгаад нас барах тохиолдлууд бас гардаг.

Монголд маань хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж яг энд байдагтай ижил брэнд бас орчин үеийнх. Тэгээд өртөг нь хамаагүй бага. Энд бол тэр ижил тоног төхөөрөмжийг ажиллуулсан хөлс 40, 50 дахин өндөр өртөгтэй байна.

Харамсалтай нь ихэнх Америкчууд энэ эрүүл мэндийн тогтолцоогоо дэлхийн хаана ч ийм л байдаг гэсэн буруу ойлголттой. Харин Монголд ийм байдаг гэж хэлбэл бүр гайхаад, танай улсад түргэн дуудахад төлбөр авдаггүй юм уу, танайд ходоодны өнгөт дуран $100 байдаг юм уу гээд нүд нь орой дээр гарна. Монголд ажиллаж байсан хэд хэдэн найз маань Монголд буцаж ирж иж бүрэн шинжилгээ хийлгээд, шинжилгээний дүн болон зургаа аваад явж байсныг сайн санаж байна. Гэтэл манайхан бол гадагшаа үзүүлбэл дээр л гэдэг. Монгол эмч нарын чадварын тал дээр би муу гэж огт хэлэхгүй. Ялангуяа одоо улам л сайжирч байгаа. Дээрээс нь ардын уламжлалт анагаах ухаан, бариа засал, тан эмчилгээний хувилбар бас Монголд сайн хөгжсөн байдаг нь том давуу тал.

Эцэст нь дүгнэхэд эрүүл мэндийн системийн хүртээмж, түргэн шуурхай байдлын хувьд Монгол хамаагүй сайн гэдгийг энд ам бардам хэлнэ.

ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЦГААЯ!

Ц.Солонго

2019.06.05
Калифорниа муж

+ There are no comments

Add yours