КАПИТАЛ банкны харилцагчдын хадгаламжийн нөхөн төлбөрийг ХААН банкаар дамжуулан олгоно

Өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасан.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гарсан байдаг.

Тус банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэжээ.

Банк татан буугдсан тохиолдолд хадгаламж эзэмшигч, харилцагчдад хадгалсан мөнгө яах бол гэдэг асуулт хамгийн түрүүнд тулгардаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 14 арилжааны банк бүгд хадгаламжийн даатгалд хамрагдсан байдаг аж. Өөрөөр хэлбэл, аль ч банкинд байгаа таны эзэмшдэг 20 сая хүртэл төгрөгийн

-Бүх төрлийн хугацаатай, хугацаагүй хадгаламжийн данс

-Бүх төрлийн харилцах данс /цалин, тэтгэвэр, карт гэх мэт/

-Бүх төрлийн гадаад валютын данс

-хадгаламжийн даатгалаар хамгаалагдсан гэсэн үг юм.

Банк татан буугдсан тохиолдолд:

Банк татан буугдаж, даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулсан. Сонгосон банкаар дамжуулан татан буугдсан банкин дахь хадгаламжийн даатгалд даатгагдсан харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгогдоно. Нөхөн төлбөр олгох хугацаа 3 жил байна. Даатгалын тохиолдол гэдэг нь,

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3.1.6-д зааснаар банк татан буугдсанаар даатгалын тохиолдол үүснэ. Даатгалын тохиолдол үүссэнээр татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдэд Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

Даатгагдсан, даатгагдаагүй хадгаламжийн ялгаа:

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг болон валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө. Даатгагдаагүй буюу 20 сая төгрөгөөс давсан дүнтэй харилцах, хадгаламжийг банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дарааллын дагуу зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтаас хувь тэнцүүлэн барагдуулна. Хэрэв харилцагч 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламж эзэмшдэг бол тухайн харилцагчийн хадгаламжийн дансны 20 сая төгрөг нь даатгагдсан, үлдсэн хэсэг нь даатгагдаагүй бөгөөд эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана гэсэн үг.

Харилцагчийн мөнгийг хэрхэн эргүүлэн олгох:

20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдаж, алдагдлаас хамгаалагдсан байдаг. Капитал банкны хувьд нийт харилцагчийн 99.5 хувь нь 20 сая төгрөгөөс доош хэмжээний төгрөг болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд тэдгээрийн харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгоно.

Дансанд Хаан банкны хүү, шимтгэлийн нөхцөл үйлчилнэ. Харилцах, хадгаламж эзэмшигчид харилцах, хадгаламжаа шилжүүлэн авч буй банкинд үргэлжлүүлэн эзэмших, хадгаламжаа цуцалж, мөнгөө бэлнээр авах, эсвэл сонгосон банкиндаа бэлэн бусаар шилжүүлэх зэргээр өөртөө хэрэгтэй аль ч сонголтыг хийж болно. Харилцагчид Хаан банкны сонгосон салбараар үйлчлүүлэх боломжтой.

Дансаа шалгахыг хүсвэл:

-Иргэний үнэмлэх,

-гадаадын иргэн бол гадаад паспорт,

-эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэхээр үйлчлүүлнэ.

Харин хуулийн этгээд бол:

-Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хувь,

-Хуулийн этгээдийг төлөөлөгчийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх,

-Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх,

-Дансан дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл,

-Эсхүл тушаал, шийдвэрийг авчирна.

ОРИН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ДҮНТЭЙ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА

Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдсан 20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламжийг Хаан банкинд таны нэр дээр шилжүүлсэн. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигчдийн 20 сая төгрөгөөс давсан мөнгийг банкны эрх хүлээн авагч Капитал банкны зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтын орлогоос Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.

+ There are no comments

Add yours