Европоор аяласан тэмдэглэл

Европын аялалынхаа талаар тэмдэглэл, зөвлөгөө бичих гэсээр зав гарахгүй олон хүмүүст амласнаа биелүүлэхгүй яваа юм шиг санагдан бодоод л яваад байлаа. Тэгээд цаг гарган бичие гэж бодлоо.
2018 оны намар 3 хэсгээс бүрдсэн Европын аялалд гарж, нийт 10 улс 15 хотоор сар гарны турш аяласан билээ. Ингэхдээ ямар ч аялалын компаниар зуучлуулаагүй бөгөөд аялалын эхний хэсэг Итали улсын аялалыг JCI капиталын хамт олонтой явсан тул зохион байгуулж буй хүмүүс байрны захиалга хийн, 2-р хэсэг нь Cruise Trip буюу хөлөг онгоцон дээрээ 11 хоногийн турш байрлаж далай дээр аялан, боомт хотуудаар зочилон явдаг аялал байсан юм, 3-р хэсэг болох Франц, Швейцарь Грек болон Герман улсын аялалыг үеэлтэйгээ хамтран интернэтээр онгоцны тийз болон байрны захиалгаа урьдчилан хийсэн. Ихэнхи хүмүүс сайн мэдэх байх гэхдээ мэдэхгүй хүмүүст зориулан зөвлөгөө бичие. Хувиараа захиалга хийж буй тохиолдолд анхаарах хэд хэдэн зүйлс бий. Доор чухал гэснээс дурьдая:

?1. Cheapflights.comagoda.comskyscanner.net гэх мэт олон тийз захиалгын сайтууд байдаг 2-3 сайтын үнийг харьцуулж хайлт хийгээд нэмэлт ачааны зөвшөөрөгдсөн хэмжээг шалгаж шаардлагатай бол анхнаасаа нэмэлт ачаагаа check-in хийх хэрэгтэй. Ихэнхи Европын дотоодын нислэг 10-15кг ачааг л үнэгүй зөвшөөрдөг бөгөөд түүнээс илүү ачааны мөнгө төлөх шаардлагатай болно. Зарим тохиолдолд эртнээс илүү ачаагаа check-in хийснээр 50% ч илүү хямд төлөх боломжтой байдаг тул нислэгийнхээ өмнөх өдөр нислэгийн компаний app-г татаж self check-in хийж barcode аван онгоцны буудал дээр очоод цаг үрэлгүйгээр түүнийгээ уншуулан шууд орох боломжтой байдаг.

?2. Байрлах газрынхаа захиалгыг booking.com гэх мэт сайтууд болон airbnb-р захиалвал тохиромжтой. Booking.com нь hotel, hostel түлхүү байршсан байх бөгөөд мэдээж одны үнэлгээ мөн бодит хэрэглэгчдийн сэтгэгдлийг сайтар уншиж байж захиалга хийх хэрэгтэй. Богино хугацаанд аялаж байгаа аялагчдад яалт ч үгүй байршил маш чухал. Аль болох үзэх зүйлстэйгээ ойр байрлалд буухыг хичээгээрэй. Харин ганц хоёр хоноод явах газарт айхтар их үнэ төлж, гоё тансаг газар буудаллаад ч шөнөдөө орж унтаад л таарах тул байрлал, аюулгүй байдлыг л чухалчилах нь илүү байх. Airbnb нь хувь хүмүүс өөрсдийн байр, өрөөг түрээслүүлдэг үйлчилгээ бөгөөд эндээс байр сонгохдоо түрээслэгчийн найдвартай байдал, өмнө нь хэр их хүн байрласан байна, ямар үнэлгээ өгсөн мөн цаг тулсан байхад цуцалсан тохиолдол байна уу гээд сайн нягталсны эцэст захиалгаа өгөөрэй.

?3. Байрлах газраасаа онгоцны буудалруу очих цагаа сайн тооцоолоорой. Мөн гудамжинд зогсон үзвэрүүдийн билетийг илүү хямдаар зарна гэсэн хүмүүсээс аль болох бүү худалдан аваарай. Таксинд суугаад тоолуурыг ажиллуулж, тэглэхийг шаардаарай. Энэ мэт жижиг заль мэх гаргах тохиолдлууд байдаг. Ялангуяа Итали улсад залилан болон халаасны хулгай элбэг. Түүнээс гадна ресторанд ороод элдэв нэмэлт зүйлсийг үнэгүй нэмэлтээр өгөх гэж байгаа мэт асуух боловч бүгд нэмэлт үнэтэй байдгийг анхаараарай.

?4. Ариун цэврийн өрөөний асуудал бүх Европ даяар жоохон хэцүү, хуучин барилгууд бохир байх нь элбэг. Мөн ихэвчилэн төлбөртэй байх бөгөөд төлбөртэй нойл олдохгүй тохиолдолд ресторанууд 1€ аваад үйлчилнэ.

? Нэн түрүүнд хүмүүсийн хамгийн их сонирхож асуусан Cruise trip-н талаар танилцуулая. Cruise trip-н маш олон компаниуд байдаг бөгөөд явах чиглэлүүд нь ч маш олон. Cruise-н туршид хөлөг онгоцон дээрээ байрлан, хөлөг онгоцон дээрээ хооллож, боомт хотуудаар аялдаг аялал юм. Тухайн компанитайгаа гэрээ байгуулан бүх төлбөрөө урьдчилан төлөх бөгөөд үүнд таны байр, хоол, мөн нэмэлт үйлчилгээнүүд багтсан байдаг. Хэр томоосоо шалтгаалах боловч ихэнхи том Cruise хөлөг онгоцууд дотроо маш тансаг, байхгүй зүйл байдаггүй гэдэг шиг дэлгүүр, казино, бар, лаунж, ресторан, усан сан, жакуззи, хөл бөмбөг, сагс, теннис, биллярд, боулинг, автомат тоглоом, усан парк гээд бүх зүйлийг багтаасан дээр нь broadway театрт нь тоглох мүзикал, жүжиг, опера ихэнхи нь үнэгүй байдаг. Алкохол болон ус ундаа гээд уух зүйлны багцыг урьдчилан болон очоод худалдан авах боломжтой. Бидний сонгосон компани нь MSC cruises- хэмээх Америк компани байсан бөгөөд Скандинавын 5 улсыг 12 хоногт аялах аялал байсан юм. Энэхүү хөлөг онгоц нь үнэхээр гайхалтай тансаг, үлгэрийн орон шиг л санагдах орчинг бүрдүүлсэн байх бөгөөд хоол, амттан, хийх зүйлс гээд барагдашгүй. Хөлөг онгоцон дээр байхад хоёр удаа гала үдэшлэг болох бөгөөд үлгэр дээр гардаг шиг л сиси даашинз, костюмтай хүмүүс оргилуун дарс шимэн баярлана. Cruise аялалд явж байгаа бусад орны хүмүүсийн дийлэнхи нь тэтгэвэрт гарсан завтай, мөнгөтэй настай хүмүүс байх нь элбэг. Мөн далай дээр бүтэн 1,2 хоног явах тохиолдол ч байх тул жоохон илүү үнэтэй ч цонхтой өрөө авахыг зөвлөж байна. Түүнээс гадна улсын боомт дээр зогсоод тухайн газрыг үзэх хугацаа хязгаарлагдмал тул хөлөг онгоцон дээрээ очингуутаа Excursions буюу хөтөчтэй аялалаас нь захиалчихвал зүгээр санагдсан. Тодорхой үнийн агуулгын ялгаатай сонголтуудтай. Хэрвээ өөрөө дугуй унаад хотоор аялахыг хүсвэл дугуй түрээсийн үйлчилгээ ч байсан. Бидний хувьд нэг хүний үндсэн төлбөр 1700$ хавьцаа болж байсан. Энэ нь 11 шөнө 12 өдрийн байр, хоол, хөлөг онгоцоор аялах аялалыг багтаасан төлбөр юм.
Доорхи сайтаар орж дэлгэрэнгүйг судлаарай: https://m.msccruisesusa.com/en-us/Mobile/Homepage.aspx

Аялалын бусад хэсгээ улс, улсаар нь ангилан товч тэмдэглэл бичье гэж бодлоо. Нэн түрүүнд Cruise trip-р аялсан Скандинавын улсууд-
??Norway- Oslo
?? Sweden- Stockholm
?? Finland- Helsinki
?? Estonia- Tallinn
Эдгээр улсууд нь бусад Европын улсуудаасаа хамгийн амжиргааны түвшин дээгүүрт ордог бөгөөд нэг талаараа “баян” улсууд гэгддэг. Мөн нэн эртний түүхтэй, гэр бүлээрээ оршин суухад хамгийн тохиромжтой амар тайван улсууд юм. Хүмүүсийн хамгийн их сонирхож очдог шалтгаан нь хүмүүс эдгээр улсуудад юунд тэгтлээ татагдаж, тэнд амьдрахыг тэмүүлээд байгааг мэдэхийг хүсдэг. Очиж үзсэний дараа анзаарсан нийтлэг зүйл бол яалт ч үгүй инээмсэглэн алхах, нарлан суух жаргалтай оршин суугчид нь юм. Эдгээр улсууд happiness index буюу аз жаргалын түвшингээрээ дэлхийд хамгийн дээгүүрт ордог. Түүний шалтгаан нь оршин суугчидын ярьж буйгаар маш сайн нийгмийн болон эрүүл мэндийн халамж бөгөөд жишээ нь Хэлсинк хотын иргэд жилд эмнэлэгт очихдоо 300$ хүртэл өөрсдөө төлөөд л түүнээс илүү гарсан зардалыг өндөр зардалтай хорт хавдарын мэс засал ч байсан бүгдийг улсаас даадаг, бүрэн дээд боловсрол ихэнхи хувь нь үнэ төлбөргүй олгодог, хотод дийлэнх хувь нь эко хайбрид машин явах бөгөөд газ бэнзин ашигладаг машинууд өндөр татвар төлдөг гээд иргэдээ бодсон маш сайн боловсруулсан системтэй байх аж. Мөн төрсөнөөс хойш ээжүүд 2 жил хүртэл ажил огт хийхгүй байсан ч сар бүр нийт цалингийн 80%-г авдаг байна. Тэгэхээр иргэд нь аз жаргалтай байхаас ч өөр яах билээ.
?? Russia- St. Petersburg – Санкт Петербургийг тусад нь бичихээс аргагүй нь агуа Орос улс, Европ хэв маягийн төгс хослол юм. Петер хааны зуны, өвлийн ордон нь яалтчгүй очиж үзэх ёстой газруудын нэг бөгөөд зуны ордон нь Петер хааныг жинхэнэ диваажинг өөртөө бүрдүүлэн амьдарч байсныг илэрхийлэм үзэсгэлэнтэй асар том ордон, олон арван цэцэрлэгээс бүтсэн цогцолбор юм. Эрмитаж хэмээх түүхийн алтан өв болсон музэйг үзэхэд бүтэн өдөр ч багадах бөгөөд цагаа мөн үзэх зүйлсээ эртнээс төлөвлөх нь зүйтэй.

?? Italy- Rome & Venice
Романтик, түүх өгүүлсэн, амьдрал буцалсан.
Итали улсын Ром болон Венец хотоор аялалынхаа эхний хэсэгт аялсан бөгөөд Ром хотод анх шөнө буун зочид буудалдаа очиход гэрлээр чимсэн ширээнүүд дээр гадаа дарс шимэн инээлдэн суух хүмүүс үнэхээр жаргалтай харагдаж билээ. Барилга байшин, зам нь хүртэл түүх өгүүлэх шиг, бүх газрууд нь гайхалтай боловч хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн нь агуа ватиканы музэй болон гудамжны худалдаачны бэлэглэсэн сарнайг үсэндээ хатган дарс шимэн суунгаа Ромын романтик үдшийг мэдэрсэн тэр мэдрэмж юм. Миний бодлоор үзэх ёстой гэсэн бүх зүйлийг үзэж яаран гүйхээс илүү тухайн хотыг ажин мэдрэн суусан хормууд илүү тод дурсамж болон үлддэг мэт.
Венец хот- Тэр чигээрээ усан дээр тогтох үлгэрийн хотод буун хурдны усан таксигаар эртний барилгууд дундуур зам татуулан явах гайхалтай мэдрэмжээр угтсан юм. Нэгэн усан автобусны буудал дээр буун зочид буудалруугаа явах замд харагдах нарийн гудамж, гүүр, түгжрэн холхилдох орон орны хүмүүс яг л нэгэн содон цуглуулаг мэт. Энд уугуул Венецийн оршин суугчид ховор бөгөөд тэр чигээрээ аялал жуулчлалын хотхон юм. Гондоло хэмээх завинд суун усан тусгалд тусан ихэрлэн харагдах Венец хотын үдшээр аялан явахад ер бусын мэдрэмж төрж байлаа. Энд гэхдээ жуулчдад зориулсан амт тааруухан үнэ өндөр ресторанууд олон тул сайн судалж байгаад хооллох газраа сонговол зүгээр санагдсан мөн цаг гарвал ойрхон байрлах жижиг Венец хэмээгддэг арай хүн багатай Бурано аралруу бас нэг очоод үзвэл сонирхолтой байх боловуу.

?? France- Paris
Франц улс, Парис хот- барилга байшингийн загвар, зарим гудамжны өнгө төрхөөрөө Ром хоттой төстэй сэтгэгдэл төрүүлэх боловч хүмүүс нь илүү ганган, цаанаа донжтой мэт харагдана. Эйфелийн цамхагийг ширтэнгээ уусан өглөөний цай, тэнд суун ажилдаа яаран сүлжилдэх хүмүүс, мопидуудыг ажиглан суусан өглөө сэтгэлд хамгийн тод үлджээ. Эйфелийн цамхаг нь цамхаг гэхээсээ илүү үзэж өссөн кино, дуу гэх мэтээс авсан Парисын талаархи төсөөлөлийн бэлэг тэмдэг болсон тийм нэг зураглал мэт. Чанх доор нь очоод дээш харахад харагдах тэр дүр зураг хамгийн сонирхолтой санагдсан. Луверийн музэйд очихоосоо өмнө өөрийн үзмээр байгаа хэсгийг тоочиглон очих нь цаг хэмнэх бөгөөд мона лизаг ойроос харах нь гол зорилго бол өөрөө их жижиг хэмжээтэй зураг үзэх гэсэн хүний цуваа харин хэдэн арван эгнээ гэдгийг санахыг хүсье. Тиймээс хүн багатай сар, өдөр, цагийг судлан очоорой. Мөн мягмар гаригт амардаг болохыг төлөвлөгөөндөө оруулахаа мартуузай. Луверийн музэйн бэлэг тэмдэг болсон шилэн пирамид нь нар жаргах агшинд хамгийн үзэсгэлэнтэй харагддаг. Шөнийн Парис цаанаасаа романтик мэдрэмж төрүүлэх бөгөөд энэхүү мэдрэмжийг гадаа ширээнд дарс шимэн суунгаа мэдэрвэл мартагдахгүй дурсамж болно бизээ.
France- Mont Sant Marco- хэмээх Парисаас 2 цаг явж хүрэх жижиг вант улс нь үлгэр дээр гардаг цамхаг сүндэрлэх нэгэн арал юм. Анх ариун номын сүм хэмээн барьж байсан энэхүү цайзын эргэн тойронд юу ч байхгүй эзгүй тал бөгөөд тэр дундаас сүндэрлэн харагдах нь улам сүрийг нэмнэ. Энэ бол дахин давтагдахгүй газар юм хэмээн дурсагдан үлджээ.

?? Switzerland-
Швейцар улс- Цурик хот, Луцерн хот- энэхүү жижиг, тайван хотууд нь энд л амьдрах юмсан гэмээр тайвшрал, баяр баясалыг төрүүлнэ. Боомт дагуу суун хунгуудыг хооллож, зайрмаг идэн алхах, шөнө нь усны долгионыг ширтэн суух гээд мартагдашгүй сайхан мэдрэмжүүдийг үлдээсэн байна. Эдгээр хотуудад очоод энд очиж энийг нь үзнэ гэж гүйлгүй яг л Европын тайван, жаргалтай амьдралын хэв маягийг мэдрэн амран суухад тохиромжтой. Мэдээж Швейцар улс нь бусад Европын улсуудаас бүх зүйл нь харьцангуй өндөр үнэтэй байх бөгөөд өмнө нь миний очиж үзэж байснаас Токио хэрийн өртөг өндөр санагдсан. Германд 1€ гэж байсан тараг 2€10цент гэх мэт зөрүү харагдаж байлаа. Луцерн хотод дэлхийн хамгийн огцом өндөр галт тэрэгний зам байдаг бөгөөд энэхүү галт тэргэнд суун Pilatus хэмээх оргилд хүрдэг. Энд ирэхэд үүлний дээр гараад диваажинд ирсэн мэт гайхалтай мэдрэмж төрж уулын орой дээр нь суугаад л баймаар санагдаж байсан юм. Швейцар улсын хэд хэдэн хотоор аялах бол Swiss Pass хэмээх нэг худалдан аваад 3 хоногийн турш автобус, метро, усан завь, галт тэрэг гээт бүх нийтийн тээврээр үнэгүй зорчих тасалбарыг авчихбал хэмнэлттэй санагдсан.
Switzerland, Lauterbrunnen & Wengen- Эдгээр газрууд бол аялсан бүх газруудын маань highlight буюу оргил цэг нь байсан юм. Жинхэнэ утгаараа газар дээрхи диваажин гэж энийг л хэлдэг байх гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Олон орны аялагчид эдгээр газруудын байгалийн тогтоцыг биширдэг бөгөөд “Хэрвээ диваажин гэж байдаггүй болж таарвал намайг энд авчираад хаячихаарай” гэх мэтээр бичин үлдээсэн байдаг. Эгц өндөр хавцлаас урсах хүрхрээнүүд залган харагдах мөнх цаст Алпийн нуруунууд, нов ногоон тал, төгс зохицон орших модон бор байшингууд гээд үнэхээр үгээр илэрхийлэмгүй. Бүтэн уулыг нэвт цоолон орж буй мэт төмөр зам байх бөгөөд тэрхүү зам нь явсаар Европын оргил цэг Jungfrau-д хүрнэ. Галт тэрэгнээс буун гадагш гарахад хэдхэн хормын өмнө зуны халуунд алхаж явсан ч, цасаар хучигдсан талд алхах нь бас нэг сонин мэдрэмж юм. Дээшээ гарч доошоо буухад нийт 3 цаг зарцуулдаг гэдгийг тооцон юмаа төлөвлөөрэй. Мөн тэнд тоотой хэдхэн л зочид буудал байх тул захиалгаа эртнээс хийхээ мартуузай. Үүнээс гадна тийм гайхалтай байгаль дээгүүр дүүлэн нисэх paragliding-г туршин үзвэл мартагдашгүй дурсамж болохоор санагдсан. Үнэ жоохон өндөр боловч олон тохиох боломж биш тул туршаад үзээрэй.

?? Greece- Santorini- Аялсан бүхий л газраас маань энэ нэгэн газар маш гүн сэтгэгдэл үлдээж, түүний үзэсгэлэн гоо, хүн ардынх нь найрсаг аз жаргалтай байдал, амттай хоол, хадан хавцал уулс дээр далайгаар хүрээлүүлэн орших өвөрмөц тогтоц гээд бүгд сэтгэлд хоногшин үлджээ. Наран жаргах агшин нь гайхалтай үзэсгэлэнтэй бөгөөд шөнийн Санторини бас нэгэн үлгэрийн мэдрэмж. Европын нэгэн улс атлаа тэс өөр мэдрэмж төрүүлэх өвөрмөц амьдралын хэв маяг, ганган хээнцэр жуулчидын төв хэсгээс гадна ядуу тарчигхан бусад хэсгүүд нь сонирхол татна. Хүмүүсийн бал сараа тэмдэглэх тансаг чамин газар гэсэн төсөөллөөс хол зөрөх зүйлс олон..бүдүүн баараг, зохион байгуулалтгүй дэд бүтэц, цаг барина гэж мэдэхгүй тааваараа ажилаа хийх хөдөөний гэмээр жолооч ах нар, үнэ ханш өсгөнө буулгана гэж ярих тохиролцоо гээд төсөөлснөөс өөр сонин содон юм олон. Гэхдээ энэ нэг л цаанаа тайван, жаргалтай, тэр өөр нэгэн мэдрэмжийг нь авсан хүн Санторинид дурлах нь гарцаагүй юм. Юмных нь үнэ бусад Европын улсаас бага зэрэг өндөр боловч Швейцараас бол хямд тусах учир хэтэвчинд тэгтлээ их халтай биш юм. Тэр үзэсгэлэн гоо, тансаг мэдрэмжтэй зүйрлэхэд тохирох үнэ гэж санагдсан юм.

?? Germany- Frankfurt, Koln, Hamburg, Berlin- Аялсан бүх улс мэдээж бүгд өөр өөр сэтгэгдэл үлдээсэн, Герман улс миний хувьд амьдрахад хамгийн тохиромжтой, таатай улс мэт санагдсан юм. Нэн түрүүнд бусад бүх улсаас ихэнхи зүйл нь хамгийн боломжийн үнэтэй байсан бөгөөд хүмүүс нь эелдэг, шулуун шудрага, хот төлөвлөлт нь ойлгомжтой, цэвэрхэн гээд ер нь л бүх зүйлээрээ их давгүй. Дээрхи дурьдсан бүх улсаас shopping хийхэд хамгийн тохиромжтой, сонголт ихтэй мөн хямд үнэтэй байсан юм.

Ингээд нэг сарын турш аялан найрсаг сайхан хүмүүстэй учиран, хоол амттаны сайхныг идэж, сайхан гэсэн бүхнийг үзэж харан явсан энэ цаг хугацаа хэзээ ч мартагдахгүй бизээ. Хүнд эргээд дурсахад тэр мөнгийг ийм юм авж сайхан үрсэн шүү, тэгэж сайхан хураасан шүү гэхээс тэдгээр дурсамжуудыг үлдээж, тэр сайхан мөчүүдэд тийм сайхан хүмүүстэй оршиж байжээ гэсэн мэдрэмж л үлддэг. Чадах чинээгээрээ хөдөлмөрлөж, тэр хэмжээгээрээ аялаж, эргээд дурсахад сэтгэл дүүргэх дурсамжуудаар дүүрэн амьдралыг бүтээгээрэй. Энэ амьдрал бол тэр чигээрээ аз жаргалын төлөөх аялал юм.

+ There are no comments

Add yours